Индэр    
2023 оны 9 сарын 25
Зураг
Хүний эрх хамгаалагч

Хүний хувийн мэдээлэл хамгаалал: Хүний эрх, технологийн асуудал

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэхүү нийтлэлийн эхэнд эрхэм уншигч танаас өөрийн ухаалаг төхөөрөмждөө сарын мөчлөг тэмдэглэдэг апп-тай (application), эсвэл таны найз охин, хамтран амьдрагч, хань ижил, хүүхэд апп ашиглаж, хамтдаа шийдвэр гаргадаг уу гэж асууя. Хэрэв “Тийм” хэмээн хариулсан бол үүний цаана хүний эрхийн асуудал хөндөж байгааг үүгээр уламжилж байна. Учир нь технологийн хөгжлийн үрээр олон арван апп хөгжүүлж, сарын мөчлөг, өндгөн эс, үр тогтох магадлалаа хянах боломжийг эмэгтэйчүүдийн гарт атгуулсан ч хүний хувийн мэдээлэл хамгаалалтай холбоотой асуудал улам даамжирч байна.

Австралийн Шинэ Өмнөд Уэльсын Их Сургуулийн Технологи, эрх зүй, инновацийн Алленсын хабын 2023 оны судалгааны тайлангаас харахад үр тогтох магадлал тооцдог апп-уудын нийтлэг хэрэглээнээс дараах эрсдэл байгааг баримтжуулжээ.

Үүнд:

  • Хувийн нууцын талаар эргэлзүүлсэн, эсвэл буруу байдлаар ойлгуулдаг. Хүний мэдээллийг юунд, яаж, хэрхэн цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа нь тодорхойгүй;
  • Эмзэг мэдээлэлд хэзээ тооцох нь тодорхойгүй байдлаар хэрэглэгчийн цахим зан үйлийг маш гүнзгий мөшгөдөг;
  • Бизнесийн сурталчилгаа, судалгааны зорилгоор мөшгөх гэх мэт хэрэглэгчийн өгөгдлийг цааш хэрхэн ашиглах талаар сонголт тэр бүр байхгүй;
  • Оновчгүй байдлаар нэр үл мэдэгдэх болгосон эмзэг өгөгдлийг бусад байгууллагатай хуваалцдаг;
  • Судалгааны ёс зүйн ямарваа нэгэн зөвшөөрөлгүйгээр “судалгаа” нэрэн дор зөвтгөн, хэрэглэгчийн эмзэг мэдээллийг ашигладаг;
  • Хэрэглэгч тухайн аппыг ашиглахаа болсноос хойш удаан хугацаанд эрүүл мэндийн өгөгдлийг хадгалсаар байгаа нь өгөгдөл алдах эрсдэл үүсгэдэг.

Хүснэгт. Идэвхгүй болсны дараа хэрэглэгчийн өгөгдлийг хадгалахаар заасан тусгай хугацаа 

Апп-ын нэр Хэрэглэгч өөрөө санаачлан устгах, эсвэл хууль зүйн үүднээс хадгалах шаардлага байхгүй тохиолдолд хадгалахаар тусгайлан заасан хугацаа Хадгалах хугацаа дууссаны эцэст цуглуулсан өгөгдлөө устгахаа амласан эсэх
Clue “Бид өөрсдийн үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай хугацаанд таны өгөгдлийг хадгалах ба өгөгдлийг хэлбэрийг өөрчилж хадгалдаггүй болно.” ТОДОРХОЙГҮЙ, гэхдээ хэрэглэгч холбогдож, устгахыг хүссэн бол өгөгдөл устана.
Flo Идэвхгүй болсон, эсвэл апп устгаснаас хойш 3 жил ҮГҮЙ. “Боломжит байдлаар таны өгөгдлийн нэр үл мэдэгдэх эсвэл тодорхойлон таних боломжгүй болгоно”.
Glow “хувийн мэдээлэл хадгалах тохиромжтой хугацааг тогтоохын тулд бидний зүгээс хувийн мэдээллийн хэмжээ, мөн чанар, эмзэг байдал, зөвшөөрөлгүй хэрэглэсэн эсвэл ил болгосон тохиолдолд үүсэх боломжит эрсдэл, таны хувийн мэдээллийг боловсруулах бидний зорилго, тэрхүү зорилгодоо хуульд заасан шаардлагын дагуу бусад арга замаар хүрч чадах эсэх зэрэг хүчин зүйлийг харгалзана.” ҮГҮЙ. “Устгах, нэр үл мэдэгдэх болгоно. Эсвэл цаашид дахин боловсруулахгүй тусгаарлах боломжтой”.
My Calendar “хуулиар зөвшөөрсөн нөхцөлд өгөгдлийг гагцхүү хууль ёсны бизнес хийх зорилгоор аль болох удаан хадгална.” ТОДОРХОЙГҮЙ, гэхдээ хэрэглэгч “Бүх өгөгдөл устгах” эсвэл “Данс устгах” үйлдэл ашигласан бол өгөгдөл устана.
Period Calendar Тухайлан заагаагүй ТОДОРХОЙГҮЙ, гэхдээ хэрэглэгч “санал илгээх маягтын дагуу хүсэлт” илгээсэн бол өгөгдөл устана.
Natural Cycles Хэрэглэгч дансаа устгаснаас хойш 3 жил (идэвхгүй болсноос хойш биш) ҮГҮЙ. Өгөгдөл дэх “нэр үл мэдэгдэнэ”.
Ovia Идэвхгүй болсноос хойш 7 жил ТИЙМ. Заасан 7 жилийн дараа “өөрөө устана” гэж амалсан.
Pregnancy+ Идэвхгүй болсноос хойш 3 жил, 3 сар ТИЙМ. Өгөгдөл устана
Pregnancy Tracker Тухайлан заагаагүй ҮГҮЙ. Тухайлан заагаагүй
WomanLog Тухайлан заагаагүй ҮГҮЙ. Тухайлан заагаагүй
What to Expect “Байгууллагын бодлогод заасан зорилготой уялдсан шаардлага байгаа тохиолдолд аль болох удаан үргэлжилнэ” ҮГҮЙ. Өгөгдлийг тодорхойлон таних боломжгүй болгож болно.

Эх сурвалж: Катаринэ Кемп, “Таны бие, бидний мэдээлэл: Сарын мөчлөг хянадаг алдартай апп-уудын шударга бус, аюултай, хувийн нууцтай холбоотой туршлага” 2023 оны 3-р сар, Технологи, эрх зүй, инновацийн Алленсын хаб, Шинэ Өмнөд Уэльсын Их Сургууль  

Ялангуяа бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхтэй холбоотой хувь хүний эмзэг мэдээлэл бол өөрийгөө үнэлэх, эрхэм чанартай байх, хувь хүний бие даасан байхад шууд нөлөөлдөг. Тухайн хүн хүүхэд тээж төрүүлэх баяр хөөртэй дурсамжаас гадна зүрх зүсэм хүнд хэцүү үе туулсан байх боломжтойг ямагт анхаарах ёстой.

"Эмэгтэй хүний өөрийн биеэ мэдэх, хараат бус, бие даасан байх эрхэд халдаж болзошгүй"

АНУ-ын Дээд шүүхээс 50 жилийн өмнөх Рой Вейдийн эсрэг (Roe v. Wade) хэргийг шийдвэрлэснээр АНУ-ын Үндсэн хуульдаа үр хөндөх эрхийг баталгаажуулсан гэж үзжээ. Гэтэл 2022 оны 6 дугаар сард тус шүүхээс энэхүү шүүхийн жишгийг өөрчилснөөр багадаа 26 мужид үр хөндөх, үр зулбуулах эм уух, эмчилгээ хийхийг хориглоход хүрсэн байна. Үүнтэй уялдан, хууль бусаар үр хөндсөн гэж үзвэл шүүхээс прокурорын хүсэлтээр тухайн эмэгтэйн өгөгдлийг татан авч, нотлох баримтад тооцох боломжтой.

Кайзерын гэр бүлийн сангаас АНУ-д хийсэн 2019 оны судалгаанд нийт америк эмэгтэйчүүдийн 1/3 орчим нь дээрх апп хэрэглэдэг байжээ. Өөрөөр хэлбэл олон эмэгтэй апп ашиглаж, өөрийн амьдралыг илүү хялбар, тодорхой байсан ч эмзэг мэдээллийг бизнесийн байгууллагын санд хэзээ устгах нь тодорхойгүй, шударга бус, аюултай нөхцөлд хадгалуулах, үйлчилгээ авах маш эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэх ажээ. Үүний зэрэгцээ хамтран амьдрагч, хань ижлийн дунд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхэд халдах, эмэгтэй хүний өөрийн биеэ мэдэх, хараат бус, бие даасан байх, халдашгүй байх, эрх чөлөөтэй байх эрхэд халдаж болзошгүй. Тодруулбал, хүсээгүй байхад жирэмслэх өндөр магадлалтай өдөр хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орохыг шаардах, хүсээгүй жирэмслүүлэх, мөн урьд өмнө жирэмсэлсэн эсэх, нэг бол хэдэн удаа төрсөн зэрэг эмэгтэй хүний эрүүл мэндийн хувийн мэдээлэлд суурилсан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх.

"Таны мэдээллийн аюулгүй байдлыг хангахгүй гэж үзвэл татгалзаж дадвал зохино"

Манай улсын хувьд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг 2021 онд баталснаар нийгмийн харилцааг нарийвчлан зохицуулах боломж бүрдсэн билээ. Тэр дундаа мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, ялгаварлан гадуурхахгүй байх, мэдээллийг хуульд заасан үндэслэлээр, эсхүл мэдээллийн эзний зөвшөөрлийн дагуу цуглуулах, боловсруулах, ашиглах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх зарчмын дагуу аливаа этгээд ажиллах ёстой.

Хүнд байхгүй, ховор зүйлээ хамгийн үнэ цэнтэй, нандин, эрхэмд үнэлдэг учир хувь хүний өгөгдлийг ийнхүү олборлон авч байгааг сайтар зохицуулан журамлах, аж ахуйн нэгжийн зүгээс хүний эрхийг бизнес эрхлэхдээ хүндэтгэж, зөрчихгүй байх нөхцөл бүрдүүлэх буюу идэвхгүй болсон, дансаа хаасан иргэний хувийн мэдээлэл, өгөгдлийг хадгалахгүй байх, даруй устгах, гуравдагч этгээдэд борлуулахгүй байх үүрэг хүлээх шаардлагатай ажээ. Хэрэглэгчийн зүгээс дээрх зохицуулалтыг тухайн аж ахуйн нэгжээс шаардах, мөн таны өгөгдөлд хэрхэн хандах талаар ерөнхийлсөн заавар, удирдамж, журмаас илүүтэйгээр нарийвчлан заасан зохицуулалт бүхий бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг найдвартай хэмээн сонгох, таны мэдээллийн аюулгүй байдлыг хангахгүй гэж үзвэл татгалзаж дадвал зохино.

 

Хүний эрх хамгаалагч Б.Болорсайхан