Зураг
Зураг
Индэр    
2019 оны 6 сарын 27
Зураг
Хүний эрх хамгаалагч

БОЛОВСРОЛЫН ЧАНАР, ТҮҮНИЙ ЭРГЭН ТОЙРОНД

Зураг
Гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
БОЛОВСРОЛЫН ЧАНАР, ТҮҮНИЙ ЭРГЭН ТОЙРОНД
Sara, ikon.mn - text to speech

Сурч боловсрох эрх нь зөвхөн хүүхдийг сургуульд хамруулах, боловсролтой болгохоор хязгаарлахгүй чанартай боловсрол эзэмших эрхийг багтааж ойлгодог.

Тэгвэл “чанар” гэдгийг хэрхэн харах ёстой вэ?

Боловсролын салбарт ажилладаг, боловсролын талаар сонирхон судалдаг бүх, ялангуяа эцэг, эх бид юу анхаарах вэ?

Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс боловсролыг чанартай байлгах талаар ямагт анхаарч, олон баримт бичигт тусгайлан зааж, зорилт, хөтөлбөрийн агуулгад тусгасаар ирсэн.

Жишээ нь:

  • Хүний эрхийн түгээмэл тунхаглал,
  • Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт,
  • Хүүхдийн эрхийн тухай конвенц,
  • Боловсролыг бүх нийтэд олгох тухай дэлхийн тунхаглал,
  • Мянганы тунхаглал,
  • Дакарын үйл ажиллагааны төлөвлөгөө,
  • Мянганы хөгжлийн зорилт,
  • Тогтвортой хөгжлийн зорилго зэргийг нэрлэж болно.

Тэр дундаа 1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглалд сурч боловсрох эрх, боловсролын зорилго юу болохыг олон улсын гэрээний хүрээнд анхлан тогтоосноор боловсролын агуулга, багшлах, суралцах үйл явц, материал, суралцах орчин, сургалтын үр дүнг дэвшүүлж заасан нь өдийг хүртэл нөлөөтэй байна.

Мөн Боловсролыг бүх нийтэд олгох тухай 1990 оны Жомтейны тунхаглалд чанар муутай боловсролыг хэрхэн сайжруулах, хүн бүрд хэрхэн хүртээмжтэй болгох, хоорондоо яаж холбоо уялдаатай байдлаар олгох, тэгш боломжоор хүмүүсийг хангах зэрэг нь урьдач нөхцөл болж чанарт хамаарна гэдгийг хүлээн зөвшөөрсөн ажээ. Арван жилийн дараа 2000 онд баталсан Дакарын үйл ажиллагааны төлөвлөгөөнд чанартай боловсролын хүртээмжийг хангах нь хүүхдийн эдэлбэл зохих эрх гэж цохон тэмдэглэсэн бөгөөд “Чанар бол боловсролын зүрх. Энэ нь сурагч юу сурах, хэрхэн сурах, өөрийн боловсролоос тухайн суралцагч ямар үр ашиг хүртэхийг тодорхойлдог” гэж онцолжээ.

Тодруулбал, чанар нь:

  • суралцагчдад байх онцлог шинж чанар (эрүүл, сэдэлжсэн сурагч);
  • үйл явц (сурган хүмүүжүүлэх идэвхтэй арга зүй ашигладаг чадавхтай багш);
  • агуулга (холбоо хамаарал бүхий сургалтын хөтөлбөр);
  • тогтолцоо (сайн засаглал, тэгш боломжийг бүрдүүлэхүйц нөөцийн хуваарилалт) зэргээс бүрдэнэ гэж өргөнөөр тодорхойлсон. 

“Боловсролыг бүх нийтэд: Дэлхийн хяналт үнэлгээний 2005 оны тайлан”-д боловсролын чанарт зарчмын хувьд хоёр тодорхойлолт өгчээ:

  • Боловсролын бүх тогтолцоон дахь хамгийн чухал зорилт нь суралцагчдын танин мэдэхүйн хөгжил болно;
  • Хариуцлагатай иргэний үнэт зүйл, хандлагыг хөхиүлэн дэмжих, бүтээлч болон сэтгэл хөдлөлийн хөгжлийг бүрдүүлэхэд боловсролын гүйцэтгэх үүрэг чухал.   

Үүнээс харвал хүүхэд хэр хэмжээгээр, хэр сайн суралцсан, тухайн хувь хүнд, нийгэмд, хөгжилд ямар үр ашигтай байгаагаар боловсролыг тодорхойлж болох юм.

Багшлах, суралцах үйл явцаас сургалтын хөтөлбөр амьдралд бууж, анги, танхим, суралцах орчинд хүмүүс хэрхэн харилцаж, нэг нэгнээсээ суралцаж байгаагаар суралцах үйл явцын үр дүнг тогтоох боломжтой ажээ.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 26-р зүйл, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 13(1)-р зүйл, Хүүхдийн эрхийн тухай конвенцын 29(1)-р зүйл, мөн тус конвенцын 2001 оны Боловсролын зорилгын талаарх Нэгдүгээр ерөнхий зөвлөмж зэрэг хүний эрхийн олон улсын хэм хэмжээний баримт бичигт тоо тоолол, бичиг үсэг тайлахаас өргөн хүрээтэй буюу хувийн хүний онцлог шинж, авьяас, ур чадвараа бүрэн дүүрэн нээх, хөгжүүлэх, нийгэмдээ сэтгэл хангалуун, дүүрэн амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр боловсролын зорилгыг заажээ.

Сурч боловсрох эрхийг эдлүүлэхдээ төрийн зүгээс “4А схем” (4-As scheme – making education available, accessible, acceptable and adaptable) гэж олноо танигдсан шалгуураар харахын хамт боловсролын тогтолцоог шинэчлэхдээ “6А бүрэлдэхүүн” (assessment; autonomy; accountability; attention to teachers; attention to early childhood development; and attention to culture) -ийг харгалзаж үзэхийг судлаач, шинжээчид зөвлөдөг.

Төр сурч боловсрох эрхийг эдлүүлэх өөрийн үүргээ биелүүлэхийн тулд боловсролыг дараах байдлаар баталгаажуулж, хангана:

  1. ХҮРЭЛЦЭЭТЭЙ – Төсөв хангалттай хуваарилсан байх, сургуулийн насны хүүхдийн тоонд харгалзсан сургуультай байх буюу нэг ангид ялгаатай 20-25 хүүхэд суралцах нөхцөл бүрдүүлэх, багш хангалттай байх (академик эрх чөлөө, мэргэжлийн хариуцлага, боловсролын зэрэг, давтан сургалт, ажилд авах шударга үйл явц, хөдөлмөрлөх эрх, үйлдвэрчний эвлэлийн эрх чөлөөг баталгаажуулсан байх);
     
  2. ХҮРТЭЭМЖТЭЙ – Хууль зүйн, захиргааны шинжтэй ямарваа нэгэн зохиомол саадгүй байх, санхүүгийн хүндрэлээс ангид байх, суралцахад ялгаварлан гадуурхсан шинжтэй саад учрахгүй байх (хэлний болон хөгжлийн бэрхшээл, дэд бүтэц, дотуур байрны орны тоо, хүүхдийн суудал, ангийн даац, “сугалаа” гэх мэт), заавал хамрагдахад саадгүй байх байх (төлбөр, хураамж, газар зүйн байрлал, цагийн хуваарь, ээлж гэх мэт);   
     
  3. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН – Эцэг эх өөрийн хүүхдэдээ сургууль сонгох, наад захын шаардлага хангасан байх (аюулгүй байдал, эрүүл мэнд, орчин, чанар гэх мэт), зааварчилгааны хэл, ялгаатай байдлыг хүндэтгэх,  хүүхдийг эрх агуулагч, хувь хүн гэж харах, чөлөөтэй хөгжих, үгээ хэлэх, өөрийгөө илэрхийлэх боломжийг хүлээн зөвшөөрсөн суралцах орчинтой байх;   
     
  4. ЦАГ ҮЕТЭЙГЭЭ ЗОХИЦСОН БАЙХ – Цөөнх, уугуул, малчин, хөгжлийн бэрхшээлтэй, дүрвэсэн, цагаачилсан, дайжсан, шилжин суурьшсан хүүхдэд хүртэл хүрч ажиллах, тэдний хэрэгцээтэй уялдах, хуульд заасан насанд нь тохирсон агуулгыг хүргэх, хүүхдийг гэрлүүлэх, хөдөлмөрлүүлэх, цэрэг болгохоос ангид байх, хүүхэд нэг бүрийн тусгай хэрэгцээг харгалзах, хангах зэрэг болно.

Боловсролын тогтолцоог шинэчлэхдээ төрийн зүгээс эн тэргүүнд дараах бүрэлдэхүүн хэсгийг анхаарч ажиллавал зохино:

  • ҮНЭЛГЭЭ – Хэмжүүр, түүнд суурилсан үнэлгээг хийснээр боловсролын төлөвлөлт, шинэчлэл хийх сууриа бэлдэнэ. Өнөөгийн боловсролын тогтолцоогоо хаана байгааг хэмжиж, үнэлж чадахгүй тохиолдолд юуг сайжруулахаар зорих нь өрөөсгөл билээ. 
     
  • БИЕ ДААСАН БАЙДАЛ – Сургууль өөрөө чадавхжих нь чанарт эерэг нөлөөтэй. Сургуулиуд өөрийн гэсэн шинж, өөриймсөг байдлаа хамт олон, иргэд нь хадгалсан, нөөцөө дундаасаа бүрдүүлсэн, асуудлын талаар хамтын дуу хоолойтой байх нь эгэх хариуцлагын механизмыг сайжруулах, иргэдийн оролцоонд суурилах, суралцагчдын онцлог хэрэгцээг эн тэргүүнд хангах давуу талтай.  
     
  • ЭГЭХ ХАРИУЦЛАГА – Үүрэг даалгавар, академик амжилтыг заасан хугацаанд гаргах боломж бүрддэг. Шийдвэр гаргах эрх мэдлийг босоо бус, хэвтээ болгож өөрчилснөөр сургуулийн хамт олон, эцэг эх, багш, бусад ажилтан, суралцагчид хамтрах, шинэ чиг үүрэг, хариуцлага хүлээж ажиллах, нөөцөө хуваарилах, үйл ажиллагаа зохион байгуулах хэлбэр илүү үр өгөөжтэй болно. Сургуулийн удирдлага нь шууд эцэг эх, орон нутгийн иргэд, удирдлагын өмнө ажлаа тайлагнаж, үнэлүүлж эхэлнэ. Орон нутгийн удирдлагаас санхүүгийн захиран зарцуулах мэдэл шилжсэнээр суралцах орчин, сургалтын үр дүнд ахиц, дэвшил гарна.
     
  • БАГШИД ТАВИХ АНХААРАЛ – Сайн багшаас суралцах үйл явц шууд нөлөөлөх тул суралцагчдад гарах сургалтын үр дүн шууд хамаарна. Багшийг шилдэг сурган хүмүүжүүлэгч хэвээр хадгалахын тулд ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, зохист хэлбэрээр тэдний хэрэгцээнд нийцүүлэн сургаж байх ёстой.
     
  • БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД АНХААРАЛ – Бага наснаас эхлэн хүүхдэд хөрөнгө оруулснаар боловсролын чанарт үнэтэй хувь нэмэр оруулна. Хүүхдэд зориулсан 1 ам.долларын ашиг тус 7-12 дахин өсөж, үр өгөөжөө өгдөг. Нас биед хүрсэн хойноо биеэ дааж, халамжаас хамааралгүй амьдрах учир төрд дарамт хүндрэл учруулах нь эрс буурна.
     
  • СОЁЛД ТАВИХ АНХААРАЛ – Соёл чухал хэдий ч үл тоож ирсэн. Зааварчилгаанд эх хэл ашиглах, шашны үнэт зүйлсийг хүндэтгэх, угсаатны болон нийгмийн ялгаатай байдалд хүлээцтэй байх, нөөцийг ялгаатай хэрэгцээнд харгалзаж хуваарилах, зарцуулах ёстой.

Ийнхүү боловсролын чанарт нөлөөлдөг бүтэц болон тогтолцооны шинжтэй хүчин зүйлсийг харгалзаж, цогцоор нь бүхэл байдлаар харж шийдвэрлэвэл зохино. Дүгнэлтийн оронд чанарыг харгалзан үзэх шат дамжлагыг дор сийрүүлье.

Слайд,

 

Хүүхэд байхаас нас биед хүрэх хугацаанд боловсролын ямар тогтолцоогоор бид хэрхэн бэлтгэгдсэн бэ гэдгийг харьцуулан үзэж болох юм.

Боловсролын чанарыг дээрх зурган дээрх бүх асуулт эерэг байсан гэж хариулсан тохиолдолд та, бид, таны хүүхэд чанартай боловсрол эзэмшжээ гэж харах нь зүйтэй.