Зураг
Зураг
Индэр    
2023 оны 8 сарын 25
Зураг
Олон улс судлаач, эдийн засагч

Монгол Улс ирээдүйд дэлхийн шашны аялал жуулчлалын онцгой нэг газар болж чадах уу?

Зураг
REUTERS/Guglielmo Mangiapane

Пап ламын Монголд хийх анхны түүхэн айлчлалын үеэр дипломат харилцаанд төдийлөн өндөр хүлээгдсэн үр дүн гарахгүй. Харин Монгол Улс дэлхийн шашны аялал жуулчлалын онцгой бүс нутаг болох боломж эрс нэмэгдэхээр байна.

Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга, Тэргүүн хамба Пол Ричард Галлагерыг зургаадугаар сарын эхээр Монголд айлчлах үед хоёр талын албан ёсны хэвлэлийн алба Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монголд хийх айлчлалын цагийг зарласан. Айлчлалынхаа үеэр тэрбээр Гадаад хэргийн сайд хатагтай Б.Батцэцэг, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Монголын эрх баригчидтай хэд хэдэн уулзалт хийв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхсан.

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис 86 настай түүний зочилсон хамгийн алслагдсан орнуудын нэг, ердөө 1,500 орчим католик шашинтантай Монголд наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний хооронд айлчилна гэж Ватиканы хэвлэлийн албанаас мэдээллээ. Монгол Улс нь Орос, Хятадтай ойр оршдог учраас Ромын католик сүмийн хувьд стратегийн чухал ач холбогдолтой.

Өнгөрсөн жилийн чуулганы үеэр Жиоржио Маренго Пап Францис түүнийг Гэгээн Жиуда Таддэо Апостоло хэмээх цол олгон Кардиналаа хүлээн авах үеэр Ромын Пап Францис-г Монголд айлчлахыг урьсан юм. Монголын Засгийн газрын цөөн тооны төлөөлөгчид Пап ламтай Ватиканд ганцаарчлан уулзаж, айлчлал хийх албан ёсны урилгыг гардуулав.

Ромын Пап Францис өнгөрсөн хоёрдугаар сард Африк руу аялж буцаж ирэхдээ папын онгоцоор сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө Монголд айлчлах боломжийн талаар анх цухуйлгасан. Ватиканы хэвлэлийн агентлагийн мэдээлснээр Монгол Улсын 3.3 сая орчим хүн амтайгаас 1,500 орчим нь баптисм хүртсэн католик шашинтан байдаг. Ватикан одоогоор Орос, Хятадтай хурцадмал харилцаатай байгаа юм. Ромын Пап Францис өнгөрсөн дөрөвдүгээр сард Шанхайн шинэ хамба ламыг дангаар томилох тухай Бээжингийн шийдвэрт бууж өгснөөр томилгоог албан ёсоор баталгаажуулсан. Харин Ватикан Орос болон Украинтай дипломат тэнцвэртэй энх тайвныг хүссэн харилцаа болгохыг хичээж байна.

Цөөн тооны католик шашинтнуудтай бүс нутагт зочлох нь Ромын Пап Францисын анхаарал хандуулж буй дэлхийн гадуурхагдсан бүс нутгийн нийгэм, хүмүүс, асуудалд анхаарлаа хандуулах бодлогын нэг хэсэг юм. Ромын Пап Францис 1.3 тэрбум итгэгчдийн шашны тэргүүнээр ажилладаг тэрбээр өнгөрсөн арван жилийн хугацаанд Баруун Европын ихэнх нийслэлд очоогүй хэвээр байгаа бөгөөд Монголд айлчилж буй нь ач холбогдол өгч буй илрэл юм..

Хамгийн сүүлд 2020 онд хийсэн улсын тооллогоор Монгол Улсын нийт хүн амын 60 орчим хувь нь шашин шүтлэгтэй, үлдсэн хэсэг нь ямар ч шашин шүтдэггүй гэж гарсан. Шашны үзлээ илэрхийлсэн хүмүүсийн 87.1% нь Буддын шашинд, 5.4% нь Исламын шашинд, 4.2% нь бөө мөргөлд, 2.2% нь Христийн шашинд, 1.1% нь бусад шашинд итгэдэг.

Ромын Пап Францис Монголд айлчилж байгаа нь дэлхийн олон сая сүсэгтэн олны анхаарлыг татаж, ойр орчмын орнуудаас олон мянган католик шашинтан итгэгч нар Монголд зочилж, түүхэн айлчлалын гэрч болж байна. Ромын Пап Францисын түүхэн айлчлал нь Монгол Улс аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай давхцаж байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх нь эдийн засгийг төрөлжүүлэх хамгийн боломжит салбаруудын нэг гэж судлаачид үздэг. Монголын аялал жуулчлалын агентлаг, зочид буудлуудын мэдээлснээр Хонконг болон Азийн бусад бүс нутаг, улс орнуудын католик шашны аяллын бүлгүүд тухайлбал Макао, Тайвань, Өмнөд Солонгос, Филиппин, Вьетнам, Япон зэрэг орнуудаас шашны итгэгчид айлчлахаар төлөвлөж байна. Хонконгийн кардинал Стивен Чоу тэргүүтэй итгэгчид айлчлах талаар мэдээлэл гарсан.

Шашин хоорондын уулзалт

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монголын улс төр, дипломат албаныхан, Төвөдийн буддын шашны төлөөлөгчид Ватикан дахь Ромын Пап Францис-д ойр ойрхон айлчилсан. Тэдний дунд өнөөгийн Монгол дахь Төвдийн Буддын шашны хамгийн нөлөө бүхий сүм хийдийн хамба нар болон Монгол Улсын Ерөнхийлөгч асан Энхбаяр багтжээ. Төвөдийн буддизм нь Монголын албан ёсны шашин биш боловч Монголын хувьд "түүхэн, өвөрмөц онцлогтой, онцгой ач холбогдолтой" гэж үздэг. Монголын түүхэнд, ялангуяа 1990-ээд оноос хойших Төвөдийн буддизм онцлогт чухал үүрэг гүйцэтгэсэн. Сүүлийн гучин жилийн хугацаанд Монголын төр ерөнхийдөө "сүм хийдийн хэрэг"-ийг үл тоомсорлож ирсэн. Харин Ромын Пап Францис Монголд хийх айлчлалтай холбоотой сонирхолтой үйл явдлууд өрнөж байгааг энд дурдъя.

Юутай ч бид пап ламын Монгол дахь айлчлалын гол зорилгыг эхлээд авч үзэх ёстой. Хоёр сарын өмнө Ватикан Ромын Пап Францис болон төлөөлөгчдийн Монголд ирэх аяллын хөтөлбөрийг нийтэлжээ. Судлаачийн зүгээс, аяллын хөтөлбөртэй танилцаж байхдаа айлчлалын үеэр шашин хоорондын уулзалт болох гэж байгааг анзаарсан. Энэ талаас харахад Ромын Пап Францис хандлага шинэлэг юм. Католик шашинтнуудад шашин хоорондын яриа хэлэлцээ, эв найрамдлыг орон нутаг болон дэлхийн хэмжээнд дэмжихийг уриалж байсан. Ватикан өөрөө энэ тал дээр маш идэвхтэй ажиллаж, 1980-аад онд Пап лам II Иоанн Павелтай Ассизид болсон шашин хоорондын энх тайвны бага хурал зэрэг томоохон арга хэмжээг зохион байгуулж ирсэн.

Энэ оны эхээр Далай лам АНУ-д төрсөн найман настай Монгол хүүг Төвөдийн Буддизмын гурав дахь томоохон удирдагч шинэ Жавзандамба хутагтыг/X Богд/ хэмээн Далай лам танилцуулсан. Тус үйл явдал Ромын Пап Францис айлчлалын үеэр болох шашин хоорондын уулзалттай холбоотой нь дамжиггүй. Тус айлчлалын хүрээнд Монгол Улс, Ватикан улс хоорондын олон улсын улс төрийн ашиг сонирхлын дэмжлэг харилцан үзүүлэх зорилготой байж магадгүй байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс хязгаарлагдмал чадавхынхаа хүрээнд Еврази, тэр дундаа Монгол Улс дахь Ватиканы стратегийн ашиг сонирхол, нөлөөг тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрнө. Харин Төвөдийн Буддизмын гурав дахь томоохон удирдагч Монголын шинэ Жавзандамба хутагтыг/X Богд/ үндэсний болон олон улсад Ватикан хүлээн зөвшөөрнө. Шинэ Жавзандамба хутагт/X Богд/ найман настай хүү ирээдүйд олон улсын хамтын нийгэмлэгт Төвөдийн Буддын шашны шинэ удирдагчийн үүргээ амжилттай гүйцэтгэж чадвал Монгол Улс Энэтхэгийн Дарамсала, БНХАУ Төвөдийн Лхас хотоос гадна олон мянган Төвөдийн буддизмын итгэгчдийн нэг заавал аялах газар болох боломжтой.

Монгол Улс Төвөдийн Буддизмын хувьд өөрийн үндэсний шинэ удирдагч шинэ Жавзандамба хутагттай/X Богд/ болсон нь Орос, Хятадын Монгол үндэстний цөөнхийн бүс нутагт ч нөлөө үзүүлж магадгүй юм. Сүүлийн үеийн үйл явдлуудаас харахад Бээжингээс гадна Москва ч Евразид Төвдийн буддизмыг хөгжүүлэхэд манлайлахыг хүсэж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын Буддын шашны тэргүүн, Хамба лам Дамба Аюшеев-т ихээхэн ач холбогдол өгч, ОХУ-ын алслагдсан хил хязгаарын бүс нутаг Буриад улсын Улаан-Үд хотод болсон Олон улсын буддын шашны анхдугаар чуулга уулзалтад хандан амжилт хүссэн захидал илгээв.

Өөр нэг анхаарууштай нэг зүйл нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр АНУ-ын Төвдийн асуудал хариуцсан Тусгай зохицуулагчаар ажиллаж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч (Иргэний аюулгүй байдал, ардчилал, хүний эрхийн асуудал эрхэлсэн орлогч) Узра Зеятай өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа уулзалт хэлэлцээ хийсэн. Ойлгомжтой харагдах нэг зүйл нь Монгол Улс, АНУ-ын уулзалтаар олон сэдвээр яриа хэлэлцээ өрнөсөн байх бөгөөд АНУ-д төрсөн Монголын Төвөдийн Буддизмын шинэ Жавзандамба хутагт/X Богд/ найман настай хүүгийн тухай сэдвээр ч ярилцсан байхаар байна.

Хөрш орнуудын Ватикантай харилцах харилцааны талаар гэвэл,

Хятад, Ватиканы харилцааны тухайд, Ватикан 1951 оноос хойш Хятадтай ямар ч дипломат харилцаагүй. Одоогоор Хятадад 12 сая католик шашинтан байдгийн тал хувь нь засгийн газрын хяналтад байдаг ил сүмд харьяалагддаг бол нөгөө тал нь Ватиканд үнэнч "далд сүм" гэгддэг. Гэхдээ олон нийтийн ил болон далд сүмүүд хамтдаа арга хэмжээ зохион байгуулах тохиолдол бас байдаг. Хятад, Ватиканы хоорондох хамгийн том маргаан бол Хятад дахь хамба ламыг томилох эрхийн асуудал юм. Дэлхий дээр аль ч хамба ламыг Ромын Пап томилох сонирхолтой байдаг бол Хятадад эрх баригчид өөрсдөө томилдог байв. Хятадын эрх баригчид хамба ламыг томилох эрх мэдлээсээ татгалзаж, уг эрх мэдлийг Ромын Пап-д буцаан өгвөл Бээжингийн улс төрийн хүч нөлөө шашин дээр буурна гэсэн үг. Католик шашинд итгэгчдэд барууныхан ил далдаар нөлөөлчихвий гэдэгт Бээжин бас санаа зовдог.

Түүнчлэн 86 настай Ромын Пап Францис 88 настай Төвөдийн Буддын шашны тэргүүн Далай ламтай сүүлийн жилүүдэд уулзахгүй байгаа бөгөөд уулзалт хийх нь өөрөө Ватикан, Бээжингийн харилцаа сайжрахад саад тотгор учруулж болзошгүй гэж үзэж байгаа. Мөн цаашид ч уулзахгүй байх магадлалтай.

ОХУ-ын Ватикантай харилцах харилцааны тухайд Ромын Пап Францис Оросын Үнэн Алдартны Шашны тэргүүн Москвагийн Патриарх Кириллтэй наймдугаар сарын 31-нд Монгол руу нисэх үед эсвэл есдүгээр сарын 4-нд Монголоос буцахдаа Москвагийн нисэх онгоцны буудалд уулзахыг санал болгов. 2016 онд Гавана нисэх онгоцны буудалд өмнө нь ийм уулзалт болж байсан. Москвагийн Патриарх Кирилл хараахан хариу өгөөгүй байна. Түүнчлэн Украины дайн, Хятад дахь сүмийн асуудлаар дипломат хүчин чармайлтаа үргэлжлүүлж буй Орос, Ватикан хоёрын харилцааг дурдаж болно. Кардинал Маттео Зуппи Орос, Украинтай харилцаагаа үргэлжлүүлж байгаа бөгөөд одоо ирэх есдүгээр сард Бээжинг зорих талаар мэдээлэгдсэн. Киев, Москва, Вашингтонд очсоны дараа төлөөлөгчийн дараагийн очих газар нь Бээжин байна. Ромын Пап Францис өөрөө наймдугаар сарын 4-нд Vida Nueva сэтгүүлд ярилцлага өгөхдөө эдгээр зүйлийн талаар мэдээлсэн.