Индэр    
2023 оны 8 сарын 16
Зураг
Сэтгүүлч, шинжээч

“Гүюг хаан тээр жил Ромын Папыг дуудсан, одоо л ирж байна”

Зураг

Энэ бол Ромын Пап Францис Монголд айлчлахтай холбогдуулан твиттерт бичсэн нэгэн жиргээчийн хошигнол юм.

Монгол, Ватиканы харилцаа эртнээс эхтэй. Монголчуудын эзлэн түрэмгийллээс болгоомжилсон Ватиканы Пап лам IV Иннокент Гүюг хаанд хандан Христийн шашинтнуудын нутагт халдахгүй байхыг, эв найрамдалтайгаар оршиж болохыг сануулсан захидал бичиж илгээжээ.

Түүний захидлыг өвөртөлсөн Итали гаралтай санваартан Плано Карпини Францаас гарч жил хагас явсны эцэст 1245 онд Хархорум хотод ирж Гүюг хаанд гардуулж өгсөн гэдэг. Гүюг хаан түүнийг найрсгаар хүлээн авчээ. Гэхдээ захидлын хариуд Ромын Папыг өөрт нь дагаар орж, өөрийн биеэр алба гувчуур төлөхөөр Монгол нутагт ирэхийг шаардсан агуулгатай захидал бичиж явуулжээ. Монгол, Араб, Латин хэлээр бичигдсэн энэхүү захидлын эх хувь нь өдгөө Ватиканы нууц архивт хадгалагддаг. Монголын эзэнт гүрний үеийн дипломат харилцааны хамгийн хуучны баримт бичигт тооцогддог.

Харин Плано Карпини аяллынхаа тухай бичсэн “Монголын түүх” нэртэй тэмдэглэл нь католик шашинтнуудад Монголын тухай мэдээлэл өгсөн анхны эх сурвалж болжээ. Түүний араас Францын IV Луис хааны зарлигаар Монголд ирсэн өөр нэгэн католик санваартан Рубурак гэх хүн тэмдэглэлдээ “Хархорумд Буддын шашны олон сүм хийд байдгаас гадна Исламын шашны хоёр моск, Христийн шашны шүтээний газар байв” гэж бичиж үлдээжээ. Эдгээр нь Марко Пологоос өмнөх Монголчуудын тухай Баруун Европт гарсан анхны түүхэн сурвалжууд юм.

Ийнхүү Монгол, Ватикан 800 гаруй жилийн дипломат харилцаатай болж таарав. Мөн олон шашин энх тайвнаар зэрэгцэн оршиж байсан тэр уламжлал орчин цагийн Монголд хадгалагдан үлдсэнийг илэрхийлж байна. Үүнтэй холбоотой ярианууд Ромын Папын айлчлалын үеэр олон дурдагдах биз ээ.

Монголчуудын шашин шүтлэгийн байдал

  • 38.6% Шүтдэггүй
  • 61.4% Шүтдэг

Шашин шүтдэг монголчууд:

Эх сурвалж: ҮСХ

Монгол Улс дахь Христийн шашны урсгалууд

  • Католик
  • Ортодокс
  • Протестант

Орчин цагийн Монгол, Ватиканы дипломат харилцаа 1992 онд эхэлж, Монголд католик сүмүүд байгуулагджээ. 1995 онд 14 хүн шүтлэгтэн байсан бол 2023 он гэхэд 1500 шахам болсон. Одоо 29 номлогч байдгаас 2 нь монгол хүн гэнэ.

2020 онд Ромын Пап Монголын католик шашинтнуудын тэргүүнээр Итали гаралтай номлогч Жиоржио Маренгог тодруулсан. Тэрбээр 2003 онд Монголд ирж суурьшсан бөгөөд энд байх ихэнх хугацаандаа Өвөрхангайд амьдарчээ. Монголын Эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурь байдаг Өвөрхангай аймгийн Хархорин хотод шашин хоорондын харилцааны төв “Найрамдлын өргөө” нэртэй газрыг байгуулж байж. Монгол хэлээр цэвэрхэн ярьдаг Маренго хамба 2022 онд 47 насандаа Ромын Папын кардиналаар сонгогдсон. Католик шашны дараагийн тэргүүнийг сонгох эрхтэй, тэр эрхээ 80 нас хүртлээ хадгалдаг кардиналаар сонгогдсон хамгийн залуу хүн болжээ.

Ромын Папын кардинал сонгох шалгуур жил ирэх бүр илүү даяаршиж байгаа гэж хэлж болно. 2020 онд амиа алдсан Жорж Флойдын хэрэгтэй холбоотойгоор Америк даяар өнгөт арьстнуудын эрх ашгийг хамгаалсан “Black Lives Matter” хөдөлгөөн өрнөсөн. Тэгвэл үүний дараахан мөн ондоо Пап Францис анхны африк, америк гаралтай кардинал тодруулсан юм. Мөн сүүлийн жилүүдэд Ойрх Дорнод, Африк, Азийн орнуудаас кардиналаа тодруулах хандлага ч илэрхий нэмэгджээ. Энэ нь католик шашны цар хүрээг уламжлалт бус шинэ орнуудад тэлэх бодлоготой ч холбоотой байж болох.

Хамгийн сүүлд энэ онд тодруулсан хүмүүс дундаас хоёр нь барууны хэвлэлийнхний анхаарлыг татсан. Нэг нь хавчлага гадуурхалтад ихээхэн өртдөг Израилын католик шашинтнууд дундаас тодорсон Йерусалемын 58 настай католик хамба байв. Харин нөгөөх нь Хонконгоос сонгогдсон кардинал байлаа.

Ватикан, Хятадын харилцаа нарийн төвөгтэй байсаар ирсэн. Хятадад ойролцоогоор 10-12 сая хүн католик шашин шүтдэг гэсэн тоо байдаг. Тэдний тэргүүнийг Ромын Пап сонгох учиртай. Гэвч Хятадын эрх баригчид үүнийг дэмждэггүй. Уг нь энэ асуудлаар Хятад, Ватикан 2018 онд хэлэлцээ байгуулсан. Түүнээс хойш хоёр ч удаа шинэчилжээ. Гэсэн хэдий ч энэ онд Хятадын Коммунист нам өөрийн Тэргүүн хамбаа Францис Папаар адислуулалгүй томилж, Шанхайд суурьшуулсан юм. Ватикан үүнийг хүчтэй шүүмжилж байсан ч өнгөрсөн 7-р сард сая хүлээн зөвшөөрч, мөнөөх хамбыг адислажээ.

Эдгээр  нөхцөл байдлыг харгалзан үзвэл Ромын Пап Францис Монголд айлчилж буй нь геополитикийн зорилготой гэсэн таамаг ч мэр сэр гарч байна. Мөн түүний Монголоос сонгосон кардинал Маренго хамба алсдаа Ази, Европын католик шашинтнуудыг холбосон чухал төлөөлөгч болох ч боломжтой юм.

Өнгөрсөн онд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тэргүүтэй төлөөлөгчид Ватиканд очиж Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгыг Ромын Пап Францист гардуулан өгсөн. Энэ үеэр Францис “Өөр оронд хийх айлчлалын далимаар биш, харин ач холбогдолтой газрын хувиар чухалчлан зочилж очно” гэж хэлсэн тухай Ерөнхийлөгч асан “Register”-т өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн Засгийн газар 2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай энэ айлчлал давхцаж буйг тодотгосон юм.

Пап Францис Монголд ирэх үеэрээ Төрийн өндөрлөгүүдтэй уулзана. Мөн Монголд байгаа олон улсын дипломат төлөөлөгчид болон шашны төлөөлөлтэй уулзахаас гадна “Steppe Arena” цогцолборт “Масс” буюу олон нийтийг хамарсан мөргөл үйлдэх юм. Энэхүү мөргөлд оролцохоор олон мянган католик шашинтнууд ойр орчмын улс орнуудаас ирж магадгүй. Тэрбээр саяхан Португалд айлчлах үеэр болсон масс мөргөлд 1.5 сая хүн оролцсон байдаг.

Ромын Папын айлчлалын үеэр хэрхэн масс мөргөл явуулах талаар, мөн масс гэж юу болох талаар айлчлалыг зохион байгуулах албаны төлөөлөгч нар эхэндээ ямар ч ойлголтгүй байсан тухай Монголд байдаг католик шашны нэгэн пастор хэвлэлийнхэнд ярьсан нь тун содон харагдаж байв. Өөрөөр хэлбэл, Монголын төр Пап Францисийг шашны тэргүүн бус, харин Ватиканы төрийн тэргүүний хувиар урьсан бололтой. Гэхдээ энэ айлчлал католик шашны тухай ойлголтыг түгээхэд чухал үүрэгтэй гэж тэд үзэж байна.

Өдгөө 86 настай Ромын Пап Францис дэлхий даяарх 1.3 тэрбум католик шашинтнуудыг тэргүүлдэг. Түүний Монголд хийж буй энэ айлчлал ямартай ч Азийн зүрхэнд орших ардчилсан Монгол Улс элдэв шашин хоорондын мөргөлдөөнгүй, он удаан жилийн түүхтэйгээр оршин байгааг эргэн нэг сануулсан том үйл явдал болох нь дамжиггүй юм.