Индэр    
2021 оны 4 сарын 1
Зураг
Сэтгүүлч, шинжээч

Оюутолгойн хэлэлцээрт хэн, хэн оролцох вэ?

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Оюутолгойн нүүр тулсан яриа хэлэлцээр тун удахгүй эхэлнэ. “Рио Тинто”-ийн Зэсийн группийн Ерөнхийлөгч Б.Болдоор ахлуулсан баг Монголд ирсэн.

Засгийн газрын Ажлын хэсэг ч үндсэндээ бэлтгэлээ базаачихаад байна. Зөвхөн монголчууд төдийгүй дэлхийд уул уурхайн салбарт хоёрдугаарт ордог том компанийн хувьд ч ач холбогдолтой энэхүү төслийн хэлэлцээнд манай талаас ямар хүмүүс оролцох вэ? 

Монголын талаас Засгийн газрын Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж байна. Тэрбээр ажлаа авахаас өмнө нэгдүгээр сард УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байх үед нь уулзаж байлаа. 

Энэ үед “Хөрөнгө оруулагч талд 2015 онд байгуулсан Дубайн гэрээг бүрмөсөн цуцлах, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх шаардлага тавьсан. Энэ шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Хөрөнгө оруулалтын гэрээг цуцлахаа илэрхийлсэн” гэж хэлсэн юм. Монголын тал “Оюу толгой” төсөл оршин тогтнож байгаа үндсэн суурь гэрээг цуцлах тухай хөндөж “сүрдүүлж” байгаагаа анх удаа албан ёсоор илэрхийлсэн нь энэ байлаа

Мөн тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн илэрхийлж байсан байр суурийг ч давтаж байна. Энэ бол “Оюу толгой”-н хөрөнгө оруулагч “Turqouise Hill Resources” компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийг “хань татаж” буй явдал. 

Оюутолгойн баялгийн 80 орчим хувь нь гүний уурхайд агуулагддаг. Өдгөө гүний уурхайн бүтээн байгуулалт ид өрнөж байна. Гэвч чулуулгийн нөхцөл байдлаас болж хүндрэл үүссэн. Төлөвлөснөөсөө илүү их хөрөнгө, цаг хугацаа шаардагдаж байгааг “Рио Тинто” зарласан юм. Тэр хэрээрээ зардал өснө. Энэ нь зөвхөн Монголын Засгийн газар төдийгүй төсөлд оролцож буй “Turquoise Hill Resources” компанийн жижиг хувьцаа эзэмшигч нарыг хямраасан билээ.

Тийм ч учраас тэд АНУ-ын Нью-Йорк мужийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, далд уурхайн зардал хэтэрсэн бодит шалтгааныг “Рио Тинто” нуун дарагдуулсан гэж буруутгаж байна. Зарга үргэлжилж байгаа. Харин Х.Нямбаатар сайд “Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хөрөнгө оруулагчийн алдаатай үйл ажиллагаанаас болж өссөн тохиолдолд хэлэлцээрийн шатанд хариуцлагын асуудлыг хөндөх нөхцөл үүснэ” гэв. Жижиг хувьцаа эзэмшигч нарын маргааныг хэлэлцээрийн ширээнд нэг хөзөр болгон ашиглана гэсэн үг бололтой. 

Монгол Улс “Рио Тинто”-д менежментийн төлбөр өгдөг. “Оюу толгой” төсөл хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2010 оноос 2020 он дуустал нийт 1.2 тэрбум орчим ам.доллар төлжээ. Цаашид энэхүү төлбөрийг бууруулах, гүйцэтгэлтэй нь уялдуулах саналыг Монголын тал эрчтэй тавьж байгаа юм. 

“Оюу толгой”-н хэлэлцээг хийх Засгийн газрын Ажлын хэсгийг Орхон их сургуулийн төгсөгч ахалж байгаа бол бүрэлдэхүүнд нь Харвардын төгсөгч байна. ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо Харвардын хуулийн сургуулийн магистр, Англи, Нью-Йоркийн хуулиар албан ёсны зөвлөгөө өгөх эрхтэй цөөхөн монгол хуульчийн нэг. Олон улсад “Хоган Ловеллс” хуулийн фирмд ажиллаж байсан. 2017 оноос хойш Монголд Авинекс Партнерс хуулийн фирмийг үүсгэн байгуулж ажиллаж байгаад одоогийн албандаа очжээ. 

Мөн өнгөрсөн намар “Оюу Толгой” ХХК-д Монголын талыг төлөөлөх ТУЗ-ийн 3 гишүүний хоёрыг нь анх удаа сонгон шалгаруулж томилсон юм. Энэ хоёр хүний нэг нь Э.Баясгалан. АНУ-д “Номура Секюритийз Интэрнэшнл” компанийн Хөрөнгө оруулалтын банканд Дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсан. Мөн “JP Morgan Securities”-д байхдаа компаниудыг нэгтгэн нийлүүлэх, худалдан авах болон компанийн зээл, хувьцааны арилжаанд гарах хэлцлүүд дээр ажиллаж байсан. 

Монголын тал 2015 онд байгуулсан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээг цуцалж, дахин шинэ гэрээ байгуулах асуудлыг хүчтэй тавьж байгаа билээ. “Бид Дубайн гэрээг өөрчилье гэхгүй, харин цуцалж шинэ гэрээ хийе гэж байгаа шалтгаан нь энэ гэрээ ойлгомжгүй, үл ойлголцол үүсгэхээр байгаагаас гадна хэрэгжилт, засаглалыг Монголын тал яаж хянах нь ойлгомжгүй, сул байдагтай холбоотой” гэж “Оюу Толгой”-н ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан хэлж байлаа. 

Дубайн гэрээг байгуулсны үр дүнд олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас 4.4 тэрбум ам.долларын зээл авч байв. Гэхдээ энэ их хэмжээний зээлийн асуудлаар яамдаас санал аваагүй, УИХ-аар хэлэлцээгүй, Оюутолгойн лиценз, бусад хөрөнгийг барьцаалсан асуудал нь хууль зөрчсөн гэсэн байр суурь хүчтэй гарах болсон юм. Улмаар УИХ-ын Ажлын хэсэг Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгаж, 92-р тогтоолыг баталсан билээ. Өнөөдөр Засгийн газрын Ажлын хэсэг энэхүү 92-р тогтоолд үндэслэн яриа хэлэлцээ хийж байна. 

Дубайн гэрээнд Оюутолгой төсөл хэрэгжих хугацаанд Монгол Улсын Засгийн газар төслийн нийт ашгийн 53 хувийг татвар, АМНАТ, ногдол ашиг хэлбэрээр авахыг цохон тэмдэглэсэн тухай заасан байдаг. Гэвч үүнийгээ авч чадах уу, хэрэгжилтийг нь яаж хянах вэ, цаашид зардал хэтэрвэл яах вэ гэдэг ойлгомжгүй байгаа бололтой. 

“Рио Тинто”-ийн шинэ тооцоололд үндэслэвэл Монгол Улс “Оюу Толгой”-оос хэзээ ч ногдол ашиг авахгүй, 2051 он хүртэл 22 тэрбум ам.долларын өртэй үлдэхээр байна. Татварын орлогын хувьд ч чамлалттай. Ердөө 4-хөн жил ашгийн татвар төлнө. Төслийн нийт хугацаанд ААНОАТ-т нийт 430 орчим сая ам.доллар төлөх ч энэ нь өнөөгийн үнэ цэнээр 70 гаруй сая ам.доллартой тэнцэнэ гэсэн үг. Ямартай ч Засгийн газрын Ажлын хэсэг, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК ингэж тооцож гаргажээ. 
 
22 тэрбум ам.долларын өр үүсэх үндсэн шалтгаан нь “Оюу толгой” төслийн 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшиж буйтай шууд холбоотой. Энэ хувьдаа ногдох хөрөнгө оруулалтыг монголчууд зээл хэлбэрээр авч бүрдүүлсэн. Зээлээс хүү, хүүгээс дахиад хүү тооцогддог. Өнөөдрийн байдлаар үүнтэй холбоотой Монголын талын өр төлбөрийн хэмжээ 2.2 тэрбум ам.долларт хүрчээ. Монгол Улс 22 тэрбум ам.долларын өртэй болно гэж тооцож байгаа энэ үед зөвхөн уг “Оюу толгой” төслийн зардлыг багасгах тухай ярихаас гадна 34 хувийн эзэмшлийн асуудлыг ч хөндөж магадгүй юм. 

“Оюу толгой” бол ирээдүйтэй том төсөл. Одоо Монголын зэсийн баяжмалын экспортын тал орчим хувь нь энэ төсөлд хамаарч байна. Гүний уурхай ашиглалтад орж, төлөвлөснөөрөө явбал 2030 он гэхэд зэсийн олборлолтоороо дэлхийд 4-рт орно. Өнөөдөр энэ төсөл дээр 12 мянга орчим хүн ажиллаж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 90 гаруй хувь мөн л энэ төслийн хүрээнд орж ирдэг. Монголыг сонирхох гадаадын хөрөнгө оруулагчид Оюутолгой яах бол гэж л чих тавьдаг. Монголын тал энэ төслөөс дам хүртэх ашиг ихтэй. Гэхдээ шууд хүртэх үр өгөөж нь анх тооцоолсноос зөрж, бүр нэлээд чамлахаар байгааг Ажлын хэсгийнхэн хэлсээр байна. 

Ямартай ч 2010 оноос хойш өдийг хүртэлх хугацаанд Монголын Засгийн газар болон хөрөнгө оруулагч талын хооронд ойлгомжгүй байдал үүсгэж, хуримтлагдсан олон асуудалд цэг тавьж, шийдэл олох нь энэ удаагийн хэлэлцээнээс хүлээх хамгийн том үр дүн бололтой.