Оюутолгойн яриа хэлэлцээ өчигдөр эхэллээ.
Оюутолгойн гэрээний нөхцөлүүдийг сайжруулах УИХ-ын 92-р тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдсанаас хойших анхны нүүр тулсан уулзалт нь энэ юм.
Өнгөрсөн хугацаанд гэрээнүүдтэй холбоотой ямархуу зөрчил үүсээд байгааг Монголын тал нээлттэй мэдээлж байсан бол хөрөнгө оруулагч тал чимээгүй л байв. Эцэст нь “Рио Тинто”-ийн Зэсийн группийн захирал Б.Болд Монголд ирсэн даруйдаа хэвлэлүүдэд ярицлага өгсөн юм.
Нэг талаасаа энэ нь зарим маргаантай асуудлаарх хөрөнгө оруулагч талын байр суурийг харуулсан мэт боловч нөгөө талаараа хэлэлцээний тактик ч байж болох юм. Ямартай ч “Bloomberg TV Mongolia”, “MNB”, “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаас нь анхаарал татсан байр сууриудыг тоймлоё.
2051 он гэхэд Монголын ЗГ 22 тэрбум ам.долларын өртэй болох тухай тооцоололд:
Ирээдүйн төсөөлөл бодит байдал 2 өөр. Монгол Улс 2021 оны төсвөө өмнөх жилийн сүүлчээр баталсан ч үнэ, ханшийн өөрчлөлт, хямралаас болж дахиад өөрчлөхөөр болчихоод байна. Үүнтэй адил уул уурхайн эдийн засгийн тооцоолол ч бас төсөөлөл юм. Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн авсан хөрөнгө оруулалтын зээл 2 тэрбум ам.долларт хүрээд байна. Үүнийг жилийн 7 орчим хувийн хүүтэй, 30 жилээр үржүүлэхэд 22 тэрбум ам.доллар болно. Гэхдээ энэ бол математик тооцоолол. Зэсийн үнэ, түлш, ханш ямар байхыг бид мэдэхгүй. Хүүгийн түвшинг бууруулах санал гарч байгаа. Бид ширээний ард суугаад болохгүйгээс нь болох хүртэл ярина. Мэдээж зардлын хэтрэлт гараад Монгол Улсад ногдох ашиг хойшилсонтой холбоотойгоор Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн өрийн асуудал сэтгэл дундуур байдал үүсгэж байгааг бид хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хөрөнгө оруулагч тал өөрөө ч бас 11 тэрбум ам.долларын хөрөнгө оруулчихаад ашиг аваагүй явна.
Монголын тал “Рио Тинто”-д 2010 оноос 2020 он дуустал нийт 1.2 тэрбум ам.долларыг менежментийн төлбөрт төлсөн. Цаашид энэхүү төлбөрийг бууруулах, гүйцэтгэлтэй уялдуулах санал тавьж байгаа. Үүнд:
Менежментийн төлбөр бол Рио Тинтод ногдож байгаа ашиг биш. Дэлхийн хэмжээний стандартыг оруулж ирж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахаас гадна санхүүжилтийг шийдэх гэх мэт цогцоор нь шийдэж байгаа үйл ажиллагааны менежментийн төлбөр. Засгийн газар зардал хэтэрсэнтэй холбоотойгоор энэ төлбөрийг төлөх эсэх дээр санал тавьсан. Бид хүлээж аваад ярилцаж байна.
Дубайн гэрээг цуцлах саналд:
Дубайн гэрээний ачаар Оюутолгойн гүний уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэн. Энэ гэрээнд сайжруулах зүйлс бий. Зардал хэтэрсэн тохиолдолд хэн ямар хариуцлага үүрэх ёстойг тодорхой болгоё. Зардал хэтэрвэл ийм менежментийн төлбөр төлөх ёстой юу гэдгээ ярилцъя. Энэ гэрээг шинэчлэн найруулж, гүний уурхайн олборлолт удахгүй эхлэх гэж байгаатай холбогдуулан ШИНЭ ҮЕИЙН ГЭРЭЭГЭЭ байгуулах цаг үе ирж байна. Энэхүү гэрээ нь олон улсын 20 гаруй банк, санхүүгийн байгууллагаас босгосон санхүүжилттэй холбоотой үндсэн бичиг баримтуудын нэг. Тиймээс энэ гэрээнд өөрчлөлт орвол бид мөнгө зээлсэн банк, санхүүгийн байгууллагуудаасаа асууах шаардлагатай болно. “Рио Тинто”, Монголын Засгийн газар хамтарч очоод ярилцах юм бол үр дүнд хүрнэ гэж бодож байна.
Монголын тал Оюутолгойн 34%-иасаа татгалзах эсэх асуудалд:
Энэ бол “Рио Тинто”-гийн шийдэх асуудал биш. Монголын тал өөрөө ямар шийдвэр гаргах вэ гэдгээс хамаарна. Хувь хүнийхээ хувьд харахад 34%-ийг зарах, эсвэл өөр төрлийн төлбөрөөр солих эсэхийг маш ул суурьтай, тооцоо судалгаатай шийдэх нь зүйтэй.
Гүний уурхайн зардал, хугацаа хэтэрсэн тухайд:
Гүний уурхайн зардал хэтэрсний 20-оод хувь нь Монгол Улсад орж байгаа шууд татвар. Анхны тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацаа 22 сараар хойшилно гэдэг төслийн ажил төдий хугацаагаар удаан үргэлжилж, 12,000 хүн төдий хэмжээгээр удаан ажиллана гэсэн үг. Нэмэлтээр шаардагдаж байгаа хөрөнгө оруулалтын 85%-ийг хөрөнгө оруулагч тал гаргана. Монголоос гарахгүй. Хувьцаа эзэмшигч хоорондын зээлийн үнийн дүнгээр 130-аад сая ам.доллар Монголын талын тооцоололд нэмэгдэж очих байх. Түүн дээр сэтгэл ханамжтай байх уу үгүй юу гэдэг байна.
Монгол Улс, “Рио Тинто” цаашид хэрхэн хамтрах вэ?
Монголын тал Оюутолгой төсөлтэй холбоотой ажлын байр, татвар, ханган нийлүүлэгч гэсэн 3 зүйлийг онцолж шаардлага тавьж байгаа. Үүн дээр нэмэгдээд 4 дэх нь ногдол ашиг. Гэхдээ 4 дэх дээрээ маргаж байгаад эхний гурваа унагачих вий. Мэдээж 3, 4 жилийн улс төрийн цикльтэйгээр хэлэлцээ хийх биш, бизнесийн орчныг хамтран сайжруулах асуудлыг үргэлж ярих нь зүйтэй юм. Цаашид Эрдэнэс Оюу Толгой ХХК-тай хамтрах хэд хэдэн чиглэл байна. Үүнд Монгол Улсад геологи, хайгуулд хөрөнгө оруулах шаардлагатай бол ийм саналыг бид хүлээж авна. Мөн гүний уурхайн техник, эдийн засгийн мэдлэгийг сайжруулъя гэвэл бид бусад уурхай дээр туршлагаа хуваалцаж болно.
Харин төр бол бодлогын хэмжээнд бизнесийн орчинг аль болох тогтвортой байлгах нь чухал байна. Ингэвэл гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж ажлын байр бий болгоно. Засгийн газрын нэг номерын зорилго бол ажлын байр бий болгох. Түүнээс биш 2 уул уурхайн компаниас татвар хурааж аваад нийтээр нь халамж тараах бол биш.