Индэр    
2021 оны 5 сарын 25
Зураг
Сэтгүүлч, шинжээч

Зэсийн үнийн өсөлт дагасан популизм ба ирээдүйн хомсдол

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Зэсийн ханш тонн тутамдаа 10 мянган ам.доллар давлаа. Цаашдаа ч өсөх төлөвтэй. Энэ үед Covid-19-өөс болж хямарсан орнуудад боломжийг ашиглаж уул уурхайгаас авах орлогоо нэмэгдүүлэх тухай эрчтэй хөндөх боллоо. 

Дэлхийн зэсийн гарцын 40 орчим хувийг нийлүүлдэг Латин Америкийн орнуудад зэсийн хайгуул маш идэвхтэй хийгдсээр ирсэн. Сүүлийн 20 орчим жилд зэсийн ордууд эрж хайхад зарцуулсан хөрөнгийн ⅓ нь энэ бүс нутаг руу орсон байдаг. Тэр нь ч үр дүнгээ өгсөн. Энэ хугацаанд шинээр илрүүлсэн зэсийн нөөцийн тал хувь нь Чили, Перу улсаас гарч ирсэн юм. 

Гэхдээ цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал, ядуурал зэрэг нь энэ бүс нутагт улс төрийн эрсдэл үүсгэж эхэлснийг Reuters мэдээлжээ. Covid-19-өөс болж Латин Америкийн орнуудад ядуурал сүүлийн 12 жил, нэн ядуурал сүүлийн 20 жилийн рекордыг эвдсэн байна. Ажилгүйдэл, нийгмийн тэгш бус байдал газар авчээ.

Зэсийн хамгийн том нийлүүлэгч Чилид л гэхэд дундаж давхарга нь сүүлийн 10 жилд өсөж, хүн амынх нь ⅔-ыг эзлэх болсон. Гэтэл цар тахлаас болж шинэхэн “дунджууд” эргээд ядуурлын шугам руугаа оржээ. Улстөрчид нь энэ байдлыг соргогоор ажиглаж, уул уурхайн орлогоо нэмэгдүүлж, нийгмийн халамж руугаа оруулахаар зорьж байна. Августо Пиночетын үеийн Үндсэн хуулиндаа шинэчлэл хийж, уул уурхайн компаниудад ногдуулах роялти татварыг нэмэгдүүлэхээр ид хэлэлцэх боллоо. 

Үүн дээр нэмээд Чилийн Сенат мөсөн голын ойролцоох уул уурхайн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төслийг эрчтэй ярьж байна. Ингэснээр тухайлбал, Codelco компанийн зэсийн гарцын 40 хувь эрсдэлд орж байна гэж компани үзжээ. Codelco бол зэсийн нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг, Чилийн төрийн өмчит компани юм. 

Зэсийн нийлүүлэлтээрээ хоёрдугаарт эрэмбэлэгддэг Перуд ирэх зургаадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болно. Урьдчилсан санал асуулгаар ард иргэдийнхээ дунд рейтинг өндөртэй яваа Педро Кастилло уул уурхайн салбарын ашгийн 70%-ийг эх орондоо үлдээнэ гэж ам гарлаа. Улмаар гадаадын компаниудын “тонуул, дээрэм”-ийг зогсоож, зарим ордоо төрийн өмч болгоно гэж анхааруулжээ.

Ийнхүү цар тахлаас үүдэлтэй ядуурал, хямрал нь эргээд популизмыг өдөөж, байгалийн баялгийг ард түмэнд хуваарилах тухай уриа лоозонг сэргээх болсон юм. 

Сонирхолтой нь зэсийн салбар дахь манай гол өрсөлдөгчид эгзэгтэй байгаа энэ үед бид ч бас ижил замаар алхаж явна. 2030 он гэхэд зэсийн олборлолтоор дэлхийд 4-рт орох тооцоотой Оюутолгой төсөлтэй холбоотой яриа хэлэлцээг Монголын Засгийн газар хөрөнгө оруулагч Рио Тинтотой идэвхтэй хийх болсон. Үүгээр дамжуулж, өр төлбөрөө бууруулах, өсөн нэмэгдэх роялтитай болох, Монголын талын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг хөндөж байгаа. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч намаас өрсөлдөж байгаа нэр дэвшигчийн сонгуулийн уриа үг нь “Баялагтаа эзэн Монгол” гэж байгаа нь санамсаргүй тохиол биш байлтай. 

Зэсийн үнэ цаашид яах вэ? 

Том том шинжээчид өснө өө л гэж байна.

Citigroup ойрын саруудад 12,000 ам.доллар, Goldman Sachs ойрын жилүүдэд 15,000 ам.доллар давна гэжээ. Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашины зах зээл тэлж байгаа цагт зэс эрэлттэй, үнэ өсөлттэй байна гэж гол үйлдвэрлэгч, олборлогчдоос Glencore, арилжааны Trafigura групп мэдэгдэж байх юм. Нийлүүлэлт талд асуудал үүссээр байвал үнэ 20,000 ам.доллар давах боломжтой гэж Bank of America тооцжээ. 

Цахилгаан автомашин нь энгийн уламжлалт автомашинаас 4 дахин их зэс агуулдаг. Хэвийн ажиллуулж, цэнэглэхэд маш их хэмжээний зэс утас шаардагдана. Салхин цахилгаан станцаас төвийн нэгдсэн систем рүү эрчим хүч нийлүүлэхэд ч бас зэс түлхүү хэрэг болно. Үүн дээр нэмээд дэлхий даяар улс орнууд дэд бүтцийн том төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа ээлж дараалан зарлаж байна. Үүнд мөн л зэс хэрэгтэй. 

Гэхдээ гол хэрэглэгч Хятад улс чимээгүй суусангүй. Шаардлагатай бол түүхий эдийн агуулах дахь нөөц, арилжаа зэрэгт хөндлөнгөөс оролцоно гэж Хятадын Ерөнхий сайд Ли Көцян хэлэв. Хамгийн сүүлд баталсан 5 жилийн төлөвлөгөөндөө эрчим хүч, түүхий эдийн агуулах, нөөцлөх системээ сайжруулах тухай тусгаж өгчээ. Энэ нь ханшид нөлөөлөх том оролдлого юм. Өмнөд хөрш сүүлийн 20 орчим жилд дэд бүтцийн асар олон төслүүд хэрэгжүүлсэн. Улмаар дэлхийн зэсийн нийт гарцын тал хувийг дангаараа хэрэглэдэг болоод олон жилийг үдэж байна. 

Зэсийн үнэ өсөх өөр нэг шалтгаан нь урт хугацаандаа нийлүүлэлтийн өсөлт нь эрэлтээ гүйцэхгүй байх явдал юм. Citigroup-ын тооцоогоор 2020-оод оны хоёрдугаарт хагаст зэсийн зах зээлд нийлүүлэлтийн хомсдол үүсэх төлөвтэй байна. 

Зэсийн шинэ уурхай хөгжүүлэх, бүтээн байгуулах зардал өндөр байгаа учир ийшээ чиглэсэн хөрөнгө оруулалт хумигдаж байгааг гадны судлаачид анхааруулжээ. 2022-2023 онд ашиглалтад орох зэсийн уурхайнуудын дийлэнх нь 2017-2018 онд зөвшөөрлөө авсан төслүүд байна. Энэ дунд Чили дэх BHP-ийн Spence уурхай, Anglo American-ийн Перу дэх Quellaveco төсөл, 2015 онд санхүүжилтээ батлуулсан Оюутолгойн далд уурхайн төсөл зэргийг нэрлэж болох юм. 

Гэхдээ эдгээрийг эс тооцвол зэсийн төслүүдэд хийх хөрөнгө оруулалт хангалттай их биш аж. 2021 онд л гэхэд энэ чиглэлд 45 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар байна. Гэхдээ эрэлтээ хангахуйц зэс үйлдвэрлэхийн тулд 2025 он хүртэл жилдээ дор хаяж 60 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх ёстой гэж Bank of America тооцжээ. 

Ямартай ч нийлүүлэлт талаасаа ойрын хугацаанд улс төрийн популизм, урт хугацаандаа зэсийн төслүүдийн хөрөнгө оруулалтын дутмаг байдал эрсдэл болж байна. Харин дэлхий тэр чигээрээ “ногоорч” байгаа энэ үед зэсийн эрэлт тасралтгүй өссөөр байх төлөвийг бүхий л шинжээчид, олборлогчид гаргасаар байгаа билээ.