Индэр    
2023 оны 7 сарын 10
Зураг
Олон улс судлаач, эдийн засагч

Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн зургаан өдрийн айлчлал

Зураг

Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн зургаан өдрийн айлчлал нь Хятад, Монгол хоёр орны харилцаа улам бүр өсөн нэмэгдэж буйг харуулж байна.

Зургаадугаар сарын 26-наас долдугаар сарын 1-ний хооронд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ. Мөн Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын хувиар Хятадын Коммунист намын Гадаад харилцааны газрын дарга сайд Лю Жяньчаотой уулзав.

Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр хоёр тал боомт, эрчим хүч, уул уурхай, технологи, аялал жуулчлал, авлигатай тэмцэх, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, хот төлөвлөлт, залуучууд болон бусад салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэв. Монгол Улс Хятад улстай олон талт үзлийг баримтлан, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалж, цаг уурын өөрчлөлт зэрэг дэлхийн сорилтуудыг хамтран шийдвэрлэхийн зэрэгцээ Хятад, Монголын харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд хэлэв.

Ши Жиньпин мөн адил "Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг илүү өндөр түвшинд хүргэхийг" хоёр талд уриалав.

Хятад улс COVID-19 дэгдэлтийн үеэр авсан хатуу хяналтын арга хэмжээгээ зөөлрүүлснээс хойш Монгол, Хятадын эрх баригч намуудын солилцоо идэвхжиж байна. Өнгөрсөн таван сард Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дарга С.Одонтуяа тэргүүтэй сөрөг хүчний төлөөлөгчид Хятадад айлчилж Хятадын Коммунист намын Гадаад харилцааны газрын дарга сайд Лю Жяньчаотай  мөн уулзав.

Айлчлалын үеэр Л.Оюун-Эрдэнэ мөн Тяньжин хотноо зохиогдсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын (зуны Давосын форум гэгддэг) New Champions 14 дэх удаагийн уулзалтад оролцов. Тэрбээр Дэлхийн эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч, доктор Клаус Шваб болон Бээжин, Тяньжин, Ниньбө хотуудын үндэстэн дамнасан байгууллага, орон нутгийн засаг захиргаа, компаниудын удирдагчидтай уулзав.

Төмөр замууд, хил боомтын асуудлууд

Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр зүүн босоо чиглэлийн төмөр замын 1.8 тэрбум ам долларын гэрээг үзэглэсэн. “Төмөр замын зүүн коридорыг хөгжүүлэх ажлын хүрээнд Эрээнцав(Монгол)-Соловьевск(ОХУ) боомтоос Бичигт (Монгол)-Зүүнхатавч (БНХАУ) боомт хүртэлх төмөр замын шугамыг шинэчлэх, томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байна”, мөн “Үүнтэй холбоотойгоор Монгол-Орос-Хятад улсыг холбосон төмөр замын зүүн коридор бий болж, манай улс Ази, Европыг холбосон хоёр дахь төмөр замын коридортой болох” талаар ЗТХЯ-аас мэдээлсэн.

Монгол Улсын зүүн хязгаарт баригдах төмөр замын хувьд дөрөв дэх том хот Дорнод Чойбалсанг дайран Хөөтийн нүүрсний уурхай дамжин өнгөрч Бичигт өртөө хүртэл нийт 420 километр урттай байхаар төлөвлөжээ.

Саяхан Ляонин мужийн засгийн газрын төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан. Далянь, Жиньжөу зэрэг Ляонин боомтуудыг Монголын шинэ “Тяньжин боомт” болгох хүсэлтэйгээ илэрхийлсэн. Ингэхийн тулд монголын зүүн хэсэгт төмөр зам тавьж, зүүн хойд Хятадтай холбох шаардлагатай.

Тяньжин хот нь Монголын дотоодод бүтээгдэхүүнээ гадаадад тээвэрлэх хамгийн чухал боомт юм. Монгол Улсын томоохон боомт болох Замын-Үүд, Гашуун сухайт, Бичигт боомтоор тээвэрлэж буй ачааны 90 гаруй хувь нь БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжин өнгөрдөг. Анх 2009 онд Тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Тяньжин хотын Ардын засгийн газар БНХАУ-ын Тяньжин хотын Бинхай шинэ дүүргийн “Дунзяны гаалийн баталгаат боомт“ бүсэд 50 жилийн хугацаагаар 10 га газрыг маш таатай нөхцөлөөр Монголд түрээслүүлнэ гэсэн гол агуулга бүхий санамж бичигт байгуулж, далайд гарах гарцтай болохоор болсон.

Засгийн газрын 2019 оны 164 дүгээр тогтоолын дагуу тавдугаар сарын 26-ны өдөр “Монголын төмөр зам” ТӨХК БНХАУ-ын “Тяньжин порт (групп)” ТӨХК-ийн охин компани болох "Тяньжин портын эдийн засаг, техник технологийн хамтын ажиллагаа" ХХК-тай “Хятад-Монголын Олон Улсын Логистикийн Бүс” ХХК-ийг байгуулах хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Хэлэлцээрийн дагуу хоёр тал хоёулаа 100, 100 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, Тяньжин хотод 100 мянган ам метр талбай бүхий Монгол-Тяньжин Дунзян ложистикийн парк байгуулах хамтарсан компани байгуулжээ. Төслийн хүрээнд нийт 233 сая орчим юанийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

Монгол-Тяньжин Дунзян ложистикийн парк ашиглалтад оруулснаар чингэлэг тээврийн гацаа арилж, бараа эргэлт хурдсаж, улмаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний инфляц буурч, дэлхийн 180 гаруй улсын 500 орчим боомттой холбогдох боломж нээгдэнэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус боомт дахь Монголын эзэмшлийн газрыг нэг жилийн хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр хамтран ажиллах саналыг Тяньжин порт группийн удирдлагуудад тавьсан. Монгол Улс Тяньжин боомтод өөрийн гэсэн тээвэр, ложистикийн төвийг яаралтай байгуулах шаардлагатай байгаа бололтой. Тус газрыг ашиглахтай холбоотой гэрээ хэлэлцээ санамж бичиг байгуулсны 15 жилийн ой болох 2024 онд тус төвийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Мөн Хятад, Монголын Ханги-Мандалын төмөр замын боомтын бүтээн байгуулалт, Монгол-Хятадын хилийн хамгийн том хуурай замын боомт болох Замын-Үүд-Эрээн хот боомтыг 24 цагийн турш нээх зэрэг асуудлаар хоёр улсын боомт, гаалийн захиргаа зөвлөлдөв. Сүүлийн үеийн Оросын хэвлэл мэдээллийн мэдээлснээр, Орос, Хятадын хоорондох олон боомтууд ачаа бараанд 24 цагаар гаалийн бүрдүүлэлт нэвтрүүлэх боломжийг бүрдүүлээд байна. Энэ нь сүүлийн үед Орос, Хятадын худалдааны асар их өсөлттэй холбоотой байж магадгүй юм. Уг шалтгаанаар Төв Ази, Монгол зэрэг ОХУ-ын хөрш зэргэлдээ орнууд 24 цагийн гаалийн бүрдүүлэлтийн туршилтыг эхлүүлэхийг шахаж магадгүй юм.

Хоёр талын худалдааны нөөц чадавхыг нэмэгдүүлэхийн тулд Монгол, Хятад хоёр улс 1955 оны Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр зэрэг холбогдох зарим баримт бичгийг шинэчлэн боловсруулж,/эсвэл засварлах шаардлагатай. Үүнийг хэрэгжүүлэхэд Бээжингийн удирдагчид болон ӨМӨЗО чухал үүрэг гүйцэтгэнэ. ӨМӨЗО бол Монгол Хятад хоёр улсын хамгийн урт хилээр холбогддог БНХАУ-ын бүрэлдэхүүн хэсэг. Мэдээллээс харвал, ӨМӨЗО-ны сүүлийн хоёр ХКН-ын нарийн бичгийн дарга (Ши Тайфэн, Сун Шаочэн) сүүлийн жилүүдэд Хятадад суугаа Монгол элчин сайдтай биечилсэн хоёр талын уулзалт хийгээгүй, мөн Хөх хотод суугаа Монгол Улсын Ерөнхий консулд ӨМӨЗО-ы удирдлагуудтай биечлэн уулзах боломж нөхцөл бүрдүүлсэнгүй. Цар тахлын нөхцөл байдал нь хоёр талын уулзалтууд хийгээгүй нэг шалтгаан байж болох ч үр дүн юу байхаас үл хамааран ӨМӨЗО-ы орон нутгийн засаг захиргаа сүүлийн үед Улаанбаатартай харьцах харилцаа холдсон.

Монгол, Хятадын Засгийн газар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хоёр орны “төмөр замын талаарх харилцаа хэвийн” байна гэж мэдэгдэж байсан ч Монголын өмнөд хэсэг говийн бүсээр баригдсан төмөр замууд Өвөр монголтой хэзээ, хэрхэн холбогдох нь тодорхойгүй байна. Монгол, Хятадын улс төр эдийн засгийн ашиг сонирхлын бүлгүүд зөвшилцөлд хүрч, эсвэл эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны холбогдох хоёр талын төлөвлөгөө хараахан боловсруулагдаагүй болов уу гэж таамаглаж байна.

Зээл ба санхүүжилтүүд

БНХАУ-аас Монгол Улсад олгосон хөгжлийн зээлээс харахад Хятад улс 2014 онд нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалтад зориулж олгожээ. Уг төсөл нь 90 мегаватт суурилагдсан хүчин чадалтай, жилд 366 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд энэ нь Монголын баруун бүсийн таван аймгийг эрчим хүчээр хангах юм. Энэ нь Монгол Улсын баруун хэсэгт орших Их нууруудын хотгорт ашигт малтмал, газрын тосны олборлолтыг дэмжих замаар Хятад, ОХУ-аас эрчим хүчний импортын хараат байдлыг бууруулж, эдийн засгийн хөгжлийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Түүнчлэн Монгол Улсын Төв банк БНХАУ-ын Ардын банктай 2011 оноос юань-төгрөгийн своп хэлцэл байгуулж, 2014 онд своп хэлцлийн дүнг 15 тэрбум юаньд хүргэсэн ойролцоогоор 1.8 тэрбум ам.долларын хэлцлийг 2023 онд сунгах шаардлагатай байна. Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан ярилцлага өгөхдөө, Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын нэг үр дүн нь хоёр улсын төв банк хоорондын своп хэлцлийн гэрээг дахин гурван жилээр сунгасан явдал байв гэв. Энэ удаад Монголын талын хүсэлтээр БНХАУ юань-төгрөгийн своп хэлцлийн гэрээг (өмнө гурван удаа сунгасан) сунгахыг “дурамжхан” зөвшөөрч магадгүй. Магадгүй дараагийн удаад тус хэлцэл тийм ч хялбар биш, мөн хэлцлийг эргүүлэн төлөх шаардлага гарах болов уу.

Худалдааны хамтын ажиллагаа

БНХАУ сүүлийн арав гаруй жил Монголын хамгийн том худалдааны түнш байсаар ирсэн. Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр болон бусад ашигт малтмалын дийлэнх хувийг Хятад руу экспортолдог. Хятадын статистик тоон мэдээгээр, 2022 онд Монгол, Хятадын худалдааны хэмжээ 12 тэрбум 200 сая ам.долларт хүрч, хоёр дахь жилдээ 10 тэрбум ам.долларын босгыг давав.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлалын үеэр БНХАУ-тай сайн харилцаатай байж, эдийн засаг, худалдааны түншлэлийн харилцаагаа бэхжүүлж, худалдааны хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө чармайн ажиллахаа амласан.

Сүүлийн жилүүдэд Хятад, Монголын худалдааны хэмжээ түвшин эрс дээшилсэн. Цаашид хоёр тал худалдааны төлбөр тооцооны дэд бүтцийг өргөтгөж, үндэсний мөнгөн тэмдэгтийн своп хэлцлийг өргөжүүлж, хоёр талын худалдааны хөгжлийг цаашид ахиулж, хил дамнасан санхүүгийн үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэх шаардлагатай.

Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Бээжин хотноо "Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа" форум болов. Тус форумд Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд гурван тэрбум юань буюу 414 сая орчим ам.долларын нийт үнийн дүн бүхий 25 орчим хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна. Тус арга хэмжээнд Монгол Улсаас 100 гаруй төлөөлөгч, Хятадаас уул уурхай, барилга, худалдаа, аялал жуулчлал, зам тээвэр, мал аж ахуй болон бусад салбарын 300 гаруй төлөөлөгч оролцов.

Онцлууштай нэг зүйл нь айлчлалын үеэр Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Шинжлэх ухааны академид зочлов. Монгол Улсын Ерөнхий сайд Хятад улстай шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг өргөн, гүнзгийрүүлэн хөгжүүлж, ашигт малтмалын гүн боловсруулах, бохирдлоос сэргийлэх, цөлжилтөөс сэргийлэх, хиймэл оюун ухаан зэрэг салбарт эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг бэхжүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улс шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх харилцааг ахиулна гэдэгт найдаж байгаа талаар нэмж дурдав. Мөн Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн шинжлэх ухаан, технологийн зорилтуудыг хэрэгжүүлэх”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд 38 мянга гаруй инженер технологийн ажилтан шаардлагатай бөгөөд БНХАУ-ын шинжлэх ухааны дэвшил, технологийн чиглэлээр туршлага судалж, хүний нөөц бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлэв.

Монгол Улс ашигт малтмалаар баялаг орны хувьд уран, газрын ховор элементийн асар их нөөцтэй. Газрын ховор элемент нь цахилгаан машин, салхин турбин, зөөврийн электрон төхөөрөмж, боловсронгуй зэр зэвсэг үйлдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай түүхий эдүүдийн нэг юм. Хятад нь одоогоор дэлхийн хамгийн том ховор элемент үйлдвэрлэгч бөгөөд хэзээ ч Европ, АНУ-тай тус салбарт сөргөлдөөн өрсөлдөөнд ороод буй юм. Бусад орны удирдагчид Хятадаас хараат байдлаа бууруулахын тулд алхам хийж байгаа нь Монгол Улсад зарим талаар боломж олгож байж магадгүй юм. Монгол Улс Франц улстай уран олборлох хамтын ажиллагааны чиглэлээр идэвхтэй хамтарч ажиллаж байгаа бөгөөд газрын ховор элементийн олборлолтын асуудлаар Өмнөд Солонгос, АНУ-тай хэлэлцээр хийж байгаа. Монголын удирдагчид Франц, АНУ, Өмнөд Солонгост ирэх саруудад айлчилж, хамтын ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөж байна.

Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Бээжин стратегийн ашигт малтмал нөөц ашиглалт хамтын ажиллагааны талаар тусгайлан дурдаагүй нь анхаарал татаж байна.

Эцэст нь, ирэх онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийсний 10 жил, Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохионо. Айлчлалын үеэр, Улаанбаатар 2024 онд Ши Жиньпинд дахин айлчлуулах хүсэлтийг идэвхтэй тавьсан байх магадлалтай.

Уг нийтлэл The Diplomat вэб сайтад англи хэлээр долдугаар сарын 07-ны өдөр  “Mongolia Aims for ‘New Heights’ in Relations With China” нэрээр нийтлэгдсэн болно. Англи хувилбар