Зураг
Зураг
Индэр    
2023 оны 5 сарын 25
Зураг
iKon.mn Сэтгүүлч

Өмсөхөө больсон хувцсаа зарах уу, шатаах уу...

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Багадсан, томдсон болон өмсдөггүй, хаядаггүй хувцас хүн бүрийн шүүгээний мухарт аль эсвэл харанхуй өрөөнд байсаар. Гэвч үүнийг хэрхэх вэ гэдгээ бид төдийлөн мэддэггүй. 

Theworldcounts.com сайтад "Бидний худалдаж авсан бараа бүтээгдэхүүний 99 хувь нь зургаан сарын дотор хог болдог. Жил бүр хүн төрөлхтөн 2.12 тэрбум тонн хог хаягдал үүсгэдэг" гэдгийг онцолсон.

Харин "Дундаж америк хүн жилд 37 кг хувцас хаядаг. 2030 он гэхэд бид жилдээ 134 сая тонн нэхмэл эдлэлийг байгальд нь хаях төлөвтэй байна" гэдгийг BBC агентлагаас мэдээлсэн юм. 

Манай улсад хуучин хувцасны зах зээл, байгаль орчинд нөлөөлж буй хор хохирол зэргийг тодорхойлсон тооцоо, судалгаа байдаггүй. Үүнээс шалтгаалан хуучин хувцсаа цуглуулж байгаад шатаах нь энгийн үзэгдэл. 

Дэлхийн нөөцийн хүрээлэнгийн мэдээлснээр нэг даавуун цамц үйлдвэрлэхэд 2,700 орчим литр ус зарцуулдаг. Тэгвэл нэг цамцыг байгальд ил хаяхад бүрэн задрахын тулд 200 жил шаардлагатай аж.

Нэхмэл эдлэлүүд задрах явцад хүлэмжийн метан хий үүсгэж, химийн хорт бодис, будагч бодисыг гүний ус болон хөрсөнд уусгаж, бохирдуулдаг.

Тэгэхээр хуучин хувцсаа ил задгай хаях нь хамгийн буруу сонголт болж таарах нь. Тэгвэл бид хуучин хувцсаа яах вэ гэдэг асуудал гарч ирэх нь зүйн хэрэг.

Иймд энэ удаагийн нийтлэлээрээ дамжуулан өмсдөггүй, томдсон, багадсан хувцсаа шүүгээнээс чөлөөлөх аргуудыг танд санал болгож байна. 

Хуучин хувцасны экосистемийг бүрдүүлэгч "ШКАF" дэлгүүр

Олон жилийн өмнө комиссын хувцас өмслөө гэж нэгнээ шоолдог байсан монголчууд өнөөдөр өөр түвшинд очжээ. Байгаль дэлхийдээ ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй Thrift shop, Secondbranding гэх агуулгыг соёл болгож хэдийн чаджээ. 

Тухайлбал, хуучин хувцасны экосистемийг тасралтгүй хөгжүүлж байгаа "ШКАF" дэлгүүр нийгэмдээ танигдаж, 24,000 орчим дагагчтай үйл ажиллагаа явуулж байна. 

Дэлгүүрийн зүгээс хувцсанд бөөгнөрч урагдаагүй, сунаж толбо үүсээгүй мөн угаасан байхыг шалгуур үзүүлэлт болгодог аж. Хамгийн гол нь тухайн улиралд таарсан хувцсаа та зарах боломжтой. Тэд долоо хоног бүрийн Лхагва, Бямба гарагт хуучин хувцас хүлээж авдаг байна.

Энэхүү дэлгүүр хуучин хувцсыг тус бүрээр нь үнэлж бус жинлэж авдгаараа онцлогтой. Тухайлбал, нэг килограмм хувцсыг 5,000 төгрөгөөр авч, хуучин хувцасны экосистемийг бүтээдэг аж.

Үйлчлүүлэгч өөрийн хайрлаж эдэлсэн хувцсаа жинлүүлээд нийт үнийн дүндээ тааруулж уг дэлгүүрээс өөрт хэрэгтэй зүйлээс худалдан авч болно. 

Өмсөхгүй хувцсаа шатаадаг явдал хэвийн үзэгдэл мэт. Эдний хамт олон хувцас шатааж, байгаль орчноо бохирдуулах нь хамгийн ээлгүй шийдэл гэж үздэг. Иймд иргэд хуучин хувцсаа хандивлаж болох юм байна. 

"ШКАF"-ынхан үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа хойш 6,000 килограмм хувцсанд амьдрал бэлэглэж, гурван тонн хувцсыг монголчуудаас татан төвлөрүүлжээ. 

"Toirog" дэлгүүрийг үүсгэн байгуулагч Агнууш "Залууст хуучин хувцасны хэрэглээг соёл болгож таниулах бодлогоор дэлгүүрээ 2020 оны наймдугаар сард нээж байсан. Бидний үйл ажиллагаа явуулж байгаа нь хоёр болон гуравдагч зорилго. Дэлгүүр нээгдсэн цагаас хойш иргэдээс маш их хувцас ирсэн. Тиймээс хуучин хувцасны дэлгүүр болох "ШКАF"-аа 2021 онд тусад нь ажиллуулж эхэлсэн.

Зөвхөн Монгол хүний хайрлаж, эдэлж байсан хувцсыг татан төвлөрүүлээд зах зээлээс хямд үнээр худалдаалдаг. Судалгаанаас үзэхэд иргэдийн 60 хувь хуучин хувцсаа шатаадаг, 30 хувь нь хаядаг байна. Монголчууд хувцсанд хүний энерги шингэдэг гэж үздэг учраас зөвхөн хувцсаа шатаахын тулд төмөр хогийн сав ашигладаг айл ч байдаг. Энэ соёлыг өөрчлөх, тойрог эдийн засгийн бүтээх зорилгоор ажиллаж байна" гэв.  

Дэлгүүрийн хаяг: PEACE MALL дэлгүүрийн баруун талаар хойшоо явах замд

Ажиллах цагийн хуваарь: 12:00-21:00 цаг

Холбогдох утас: 80597839, 80109420

"Second Brand Things" дэлгүүрийнхэн таны өмнөөс хувцсыг нь зарна

Та гэрээсээ хуучин хувцасныхаа зургийг авч, дэлгүүр рүү илгээснээр цагаа ч хэмнэх боломжтой. Энэ төрлийн үйлчилгээг "Second Brand Things" дэлгүүрийн хамт олон танд санал болгож буй. Тус дэлгүүрийнхэн таны хуучин хувцсыг зөвхөн зарж өгөх үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг. 

Ингэхдээ иргэд эхний ээлжид заруулахыг хүссэн хувцасныхаа зураг болон үнийн мэдээллийг дэлгүүрийн сошиал хаяг руу явуулах нь. Таны явуулсан хувцасны үнэ, эдэлгээ, чанарыг харгалзан үзээд ямар хувцсыг дэлгүүрт зарах боломжтойг худалдагч нь хэлдэг юм байна. Үүний дараа үйлчлүүлэгч заруулах бараагаа дэлгүүрт хүргэж өгч болно. Харин дэлгүүрийн зүгээс таны хувцасны зургийг авч, инстаграм болон фэйсбүүк хуудсандаа зар оруулах зарчмаар ажилладаг.

Хэрэв хувцсаа гэрээсээ зарах бол 1-2 хувцасны зургийг 5,000 төгрөгөөр байршуулах боломжтой. Харин дэлгүүрт хүргэж, заруулах нэг хувцасны үнэ 2,000 төгрөг байдаг аж. 

Хувцсанд тавигдах шалгуур үзүүлэлт:

  1. Шинэ эсвэл, цөөн удаа өмссөн байх 
  2. Зах зээлээс боломжийн үнэтэй байх
  3. Загвар хуучраагүй байх 
  4. Улирал таарсан байх шаардлагатай. 

Таны бараа зарагдсан тохиолдолд тодорхой хэмжээний шимтгэлийг дэлгүүрийн зүгээс авдаг байна. Тухайлбал: 

  • 50,000 төгрөгөөс бага үнийн дүнтэй бол 5,000 төгрөг 
  • 50,000-100,000 төгрөгийн үнэтэй бол 10,000 төгрөг 
  • 100,000 төгрөгөөс дээш үнэтэй бол 10 хувийн шимтгэл авдаг аж. 

"Second Brand Things" дэлгүүрийг үүсгэн байгуулагч Б.Хандсүрэн "2020 онд дэлгүүрээ онлайн хэлбэрээр нээгээд үйлчлүүлэгч их байсан учир зургаан сарын дараа үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бид үйлчлүүлэгчийн барааг 14 хоногийн хугацаанд дэлгүүр дээрээ байршуулж зардаг. Учир нь дэлгүүрийн зай талбай бага боловч, хэрэглэгчид олон хувцас авчирдаг.

Дэлгүүрийн үйл ажиллагаагаа цүнх, хүүхдийн хувцас, тавилга гэх мэтчилэн төрөлжүүлсэн. Ингэснээр худалдан авагч болон үйлчлүүлэгчид илүү ойлгомжтой хялбар болж байгаа. 30,000 дагагчтай инстаграм хаягаа хоёр дахь удаа алдлаа. Одоо сэргээлгэх гээд ажиллаж байгаа" хэмээв. 

Дэлгүүрийн хаяг: Нарны хороолол 35А байр 

Ажиллах цагийн хуваарь: Мягмар-Ням гараг хүртэл 12:00-18:00 цаг, Даваа гарагт амарна.

Холбогдох утас: 99293749

Зориулалтын газар хувцас, хэрэглэлээ устгуулах боломжтой 

Загвар чиг хандлага нь хуучирсан, дахиж өмсөхгүй хувцсаа заруулах боломжгүй бол нааш анхаарлаа хандуулаарай. Хуучин хувцас, цүнх, гутал, хүүхдийн тоглоом шатаадаг үйлчилгээ үзүүлдэг "Түмэн эгшиг" ХХК-ийг танилцуулъя.

Үйлдвэрийнхэн 2018 оноос хойш аюултай хог хаягдал устгах, хадгалах, дахин боловсруулах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд энэ оны хоёрдугаар сараас хуучин хувцас, тоглоом устгалд оруулдаг болжээ. Ингэхдээ байгаль орчин, хүний эрүүл мэндэд хоргүй арга технологийн тусгай зориулалтын зууханд хийж шатаадаг байна.

Нэг шуудайтай хуучин хувцас, хүүхдийн тоглоом зэргийг 20,000 төгрөгөөр устгадаг аж.

Иргэд Налайх дүүрэгт байрлах үйлдвэрт болон Баянзүрх дүүрэг дэх агуулахад шуудайтай хувцсаа хүргэж өгөх боломжтой. 

"Одоогийн байдлаар 320 айл өрхийн нэг тонн орчим хувцас шатаасан байна. Үйлчлүүлэгчид маань агаар салхинд гарах үедээ үйлдвэр дээр хуучин хувцсаа авчрах сонирхолтой байдаг. Тиймээс хотоос үйлдвэр хүрэх замыг бичлэг болгож, пэйж хуудсандаа удахгүй байршуулна. Цаашид хот дотор хуучин хувцсыг нь очоод авах боломжтой үйлчилгээ нэвтрүүлэхийг зорьж байгаа" хэмээн Тус компанийн менежер Э.Одбаяр хэлж байв.

Үйлдвэрийн хаяг: Налайх дүүргийн дөрөвдүгээр зөрлөгийн зам дагуу 

Улаанбаатарт хүлээн авах цэг: Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, ХӨСҮТ-ийн зүүн талд 

Ажиллах цагийн хуваарь: 10:00-20:00 цаг

Холбогдох утас: 88990428

  • Хэрэв та өөрийн хувцсаа хэн нэгэнд хэрэгтэй гэж үзвэл Unegui.mn зарын сайтын "Үнэгүй өгнө" гэсэн хэсэгт хувцасны зургаа байршуулах боломжтой. 
  • Мөн бараа бүтээгдэхүүний нэгдсэн сайт болох zary.mn-д нэвтэрч, хуучин болон шинэ хувцасны үнэ, зураг хаанаас үзэж болох зэрэг мэдээллийг байршуулж, хувцсаа бусдад худалдаалж болох нь.