Зураг
Зураг
Индэр    
2023 оны 4 сарын 27
Зураг
iKon.mn Сэтгүүлч

НИТХ-ын төлөөлөгчдийн 27 нь нийслэлийн, 15 нь орон нутгийн ерөнхий боловсролын сургуульд суралцжээ

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байна гэж Үндсэн хуульд заасан байдаг. Тэд хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй.

Өөрөөр хэлбэл, нийслэлийн оршин суугчдын хувь заяаг шийддэг гэж хэлж болохуйц эрх үүрэгтэй ажилладаг томоохон төлөөллийн байгууллага нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(НИТХ) юм. 

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол Улсын хүн амын 49 хувь нь буюу 1,691,766 иргэн Улаанбаатарт амьдарч байгаа. Тэдний амьдарч буй нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг 45 төлөөлөгч бие дааж шийдвэрлэдэг. 

2020 сонгуулиар НИТХ-д 45 төлөөлөгч сонгогдсон. Тэдгээрээс 23 нь буюу 50 хувь нь өөрийн намтартаа одоо эрхэлж буй үндсэн ажлынхаа талаар тусгасан байна. Тухайн 23 төлөөлөгчийн нэг нь АН-аас, нэг нь ХҮН намаас сонгогдсон бол 21 нь МАН-ын төлөөлөл юм. Үүнд: 

Дүүргийн Засаг дарга

  1. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай
  2. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл 
  3. Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх 
  4. Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа 
  5. Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн
  6. Налайх дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар
  7. Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газарт 

  1. Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн 
  2. Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө
  3. Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар 
  4. Нийслэлийн Засаг даргын Технологи, инновац, төсөл хөтөлбөр, хамтын ажиллагаа хариуцсан зөвлөх Б.Мягмар 
  5. Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн 

НЗДТГ-ын харьяа байгууллагад

  1. Нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн 

Захирагчийн Ажлын Албаны харьяа байгууллагад

  1. Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг 
  2. Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү 

Бусад 

  1. НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан
  2. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨҮГ-ын дарга Ү.Оюунзул 
  3. Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа 
  4. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын дарга Ц.Баттөр 
  5. "Улаанбаатар хотын хөгжлийн корпорац" ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг 
  6. НОСК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан 
  7. УИХ-ын гишүүн Т.Доржхандын зөвлөх Д.Гантулга 
  8. МАН-ын Нам байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва
Үүнээс харахад НИТХ-ын төлөөлөгчдийн тал хувь нь нийслэлийн харьяа байгууллага, нийслэлийн өмчит болон нийслэлийн өмчийн оролцоотой компанид ажиллаж байна. 

Таван дүүргийн засаг дарга орон нутагт Ебс төгссөн

Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчийн 34 буюу 75.5% нь Ардын нам, найм буюу 17.7% нь Монгол Ардчилсан Намаас, гурав буюу 6.6 хувь нь ХҮН намаас сонгогджээ. Тэдний намтрыг шүүн үзэхэд гурван төлөөлөгч ерөнхий боловсролын сургуульд хаана суралцсан болохоо тэмдэглээгүй байна.

Харин 42 төлөөлөгч нь бүрэн дунд боловсрол хаана эзэмшсэн болохоо бичсэн байх аж. 

Дүүргийн долоон Засаг дарга НИТХ-д төлөөлөгч бөгөөд үүнээс тав нь Архангай, Баянхонгор, Төв аймаг, Багануур дүүрэгт суурь боловсрол эзэмшжээ. Мөн бусад төлөөлөгчийн төгссөн сургууль, мэргэжил, одоо эрхэлж байгаа ажлыг дараах хүснэгтээс харах боломжтой.
  Төлөөлөгч  Төгссөн ЕБС Мэргэжил  Одоо эрхэлж буй ажил 
1 Ж.Батбаясгалан Эрдмийн ундраа цогцолбор сургууль Эрх зүйч  НИТХ-ын дарга 
2 Ж.Алдаржавхлан  Нийслэлийн 50 дугаар сургууль  Эдийн засагч   
3 Н.Алтаншагай Архангай аймгийн Хүмүүн цогцолбор  Төрийн удирдлага, Улс төр судлал  Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 
4 Л.Ариунтуяа  Нийслэлийн 35 дугаар сургууль  Эрх зүйч, Орчуулагч  Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга
5 Д.Бадарсан Нийслэлийн 1 дүгээр сургууль  Бизнес, санхүүгийн удирдлага   
6 Н.Батсүмбэрэл  Баянхонгор аймгийн 2 дугаар сургууль Түүх нийгмийн ухааны багш, Улс төрийн ухаан  Чингэлтэй дүүргийн Засаг дарга 
7 Ц.Баттөр  Нийслэлийн 40 дүгээр сургууль  Эрх зүйч  Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын дарга
8 Т.Батцогт  Оюуны ундраа цогцолбор сургууль Инженер, Бизнесийн удирдлага   
9 Н.Баярмөнх Төв аймгийн Баянчандмань сумын сургууль  Аялал жуулчлалын менежер, Төрийн удирдлага  Баянзүрх дүүргийн Засаг дарга 
10 Н.Баярчимэг  Нийслэлийн Хүмүүн цогцолбор  Эрх зүйч, Олон улсын бизнес удирдлага  "Улаанбаатар хотын хөгжлийн корпорац" ХК-ийн гүйцэтгэх захирал
11 Х.Болормаа  Нийслэлийн 12 дугаар сургууль  Инженер, Төрийн удирдлага  Сүхбаатар дүүргийн Засаг дарга 
12 Г.Гангамөрөн  Нийслэлийн 1 дүгээр сургууль  Сэтгүүлч, Эрх зүйч  Нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга
13 П.Ганзориг  Хөвсгөл аймгийн 10 жилийн сургууль  Математикч   
14 Д.Гантулга  Увс аймгийн 1 дүгээр сургууль  Математикч  УИХ-ын гишүүн Т.Доржхандын зөвлөх
15 М.Говьсайхан  Орхон аймгийн 4 дүгээр сургууль Хүнсний технологич, Эрх зүйч НОСК-ийн гүйцэтгэх захирал
16 С.Даваасүрэн  Багануур дүүргийн 95 дугаар сургууль  Цахилгааны инженер, Бизнесийн удирдлага  Багануур дүүргийн Засаг дарга 
17 Р.Дагва  Нийслэлийн 17 дугаар сургууль  Эрх зүйч, Төрийн удирдлага   
18 Д.Ихбаяр Эрдмийн өргөө сургууль  Япон орон судлаач, Эрх зүйч   
19 Б.Мөнхбат  Архангай аймгийн Их тамир сумын сургууль  Багш  
20 Б.Мөнхцэцэг Төв аймгийн 2 дугаар сургууль   Инженер механик  Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга
21 Ч.Мэндбаяр  Өвөрхангай аймгийн 1 дүгээр сургууль  Эрх зүйч   
22 Б.Мягмар  Нийслэлийн 20 дугаар сургууль  Сувилахуй зүйч, Хөдөлмөрийн эдийн засагч   Нийслэлийн Засаг даргын Технологи, инновац, төсөл хөтөлбөр, хамтын ажиллагаа хариуцсан зөвлөх
23 П.Наранбаяр  Нийслэлийн 24, 13 дугаар сургууль  Олон улсын харилцаа, Эрх зүйч   
24 Б.Нэргүй  Ховд аймгийн сургууль Эрх зүйч, Төрийн удирдлага   
25 Б.Одсүрэн  Нийслэлийн 23 дугаар сургууль  Мэдээллийн технологи, Бизнесийн удирдлага  Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч
26 Л.Отгонбаатар       
27 Т.Отгонболд Завхан аймгийн Алдархаан сумын сургууль  Банкны эдийн засагч, Төрийн захиргааны менежмент   
28 Ү.Оюунзул  Орхон цогцолбор сургууль  Улс төр судлаач, Төрийн удирдлагын менежмент   “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨҮГ-ын дарга
29 Б.Өнөбат  Нийслэлийн 1 дүгээр сургууль  Эрх зүйч   
30 Д.Пүрэвдаваа  Нийслэлийн 1 дүгээр сургууль  Эдийн засаг, Бизнесийн удирдлага   
31 Б.Пүрэвдагва  Нийслэлийн 45 дугаар сургууль  Улс төр судлал МАН-ын Нам  байгуулалтын газрын дарга
32 Ч.Раднаабазар  Нийслэлийн 34 дүгээр сургууль  Эдийн засагч Налайх дүүргийн Засаг дарга 
33 Ж.Сандагсүрэн  Нийслэлийн 73 дугаар сургууль  Эдийн засагч Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч
34 Ө.Сумъяабаатар  Архангай аймгийн 3 дугаар сургууль  Улс төр судлаач, Төрийн удирдлагын менежмент  Баянгол дүүргийн Засаг дарга 
35 Б.Сүхбаатар    Аялал жуулчлалын удирдлага  Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч
36 Б.Сэргэлэнбаатар  Шавь цогцолбор сургууль  Эрх зүйч, Бизнесийн удирдлага   
37 Г.Төгөлдөр  Нийслэлийн 96, 11, 5  дугаар сургууль  Бизнесийн удирдлага   
38 З.Төмөртөмөө Баянхонгор аймгийн 3 дугаар сургууль Соёл урлагийн удирдлага  Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч
39 Ц.Төрхүү  Нийслэлийн 42 дугаар сургууль  Газар зохион байгуулалтын инженер  Ус сувгийн удирдах газрын дарга
40 М.Тулгат  Нийслэлийн 1 дүгээр сургууль  Эдийн засгийн ухаан   
41 М.Халиунбат  Нийслэлийн 56 дугаар сургууль  Эдийн засагч  
42 Д.Энхбаяр  Нийслэлийн 20 дугаар сургууль  Эрх зүйч   
43 Д.Энхтуяа    Сэтгүүлч, Олон улсын харилцаа, улс төр судлаач   
44 С.Эрдэнэбаяр  Нийслэлийн 12 дугаар сургууль  Худалдааны удирдлага   
45 Б.Эрдэнэсүх  Нийслэлийн 58 дугаар сургууль  Эрх зүйч, Төрийн захиргааны менежмент   

2016-2020 оны иргэдийн хуралд 10 эмэгтэй төлөөлөгч ажиллаж байжээ. Одоогийн Нийслэлийн ИТХ-д найман эмэгтэй төлөөлөгч ажиллаж байгаа нь 17.7%-ийг бүрдүүлдэг бөгөөд өмнөхөөсөө буурсан үзүүлэлт юм. 

Ташрамд дурдахад, өмнөх буюу 2016-2020 оны НИТХ-ын төлөөлөгчдийн 23 нь Улаанбаатарт, 22 нь хөдөө орон нутагт мэндэлсэн талаарх тоон мэдээлэл бий. 

НИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн төсвийг хэлэлцэн баталдаг

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд НИТХ-ын эрх, үүргийг нарийн заасан байдаг. Өөрөөр хэлбэл, НИТХ-ын төлөөлөгчид хуульд заасны хүрээнд дараах ажил, үүргийг хэрэгжүүлэх юм. Тухайлбал: 

  • Эдэлбэр газрын бүсчлэл, бүсчлэлийн дүрмийг тогтооно
  • Нийслэл хотын дүрмийг батална
  • Татварын хууль тогтоомжоор эрх олгож, тогтоосон хязгаарын хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтооно
  • Нийслэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж, түүний хэрэгжилтэд хяналт тавина
  • Нийслэлийн дагуул хотын Захирагчийг томилох, чөлөөлөх
  • Хотын аж ахуйн асуудал хариуцсан газрыг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг шийдвэрлэнэ
  • Нийслэлийг хөгжүүлэх үйл ажиллагаанд хувь нэмэр оруулж, үр дүнд хүрсэн иргэн, хуулийн этгээдийг шалгаруулах, дэмжих, урамшуулах журмыг баталдаг байна. 

2020 онд батлагдсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд мөн НИТХ-ын бүрэн эрхийн асуудлыг тусгасан байна. 

  • Хороог өөрчлөх асуудал
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн саналыг хэлэлцэх, үнэт цаас гаргах асуудал
  • Нийслэлийн өмчийн эзэмшил, ашиглалтыг зохион байгуулж, нийслэлийн өмчийг бусдад эзэмшүүлэх, түрээслэх, худалдах, хувьчлах зэрэг асуудлыг шийдвэрлэдэг аж. 

Төсвийн тухай хуульд:

  • Нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-ны дотор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ 
  • Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны жилийн төсвийн төслийг хэлэлцэн жил бүрийн арванхоёрдугаар сарын 5-ны дотор батлах ёстой гэж заасан нь хэр их эрх мэдэлтэйг илтгэнэ. 

Дээрх бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх ажил нь нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, эдийн засгийн таатай нөхцөлийг бүрдүүлэх гэж харагдаж байгаа. Гэхдээ бодит байдалд үүнээс ч том нөлөөтэй төлөөллийн байгууллага билээ.