Зураг
Зураг
Индэр    
2023 оны 5 сарын 16
Зураг
iKon.mn Сэтгүүлч

Б.Хонгор: Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүний шошгыг сольж, дахин худалдвал Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг

Зураг

​Сүүлийн үед дэлгүүрийн лангуун дээрх бүтээгдэхүүний хугацаа нь дууссан, хадгалах горим алдагдсан, дотроос нь гадны биет гарсан гэх гомдол тасрахаа больсон.

Энэ талаарх иргэдийн санал гомдлыг хүлээн авдаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг Засгийн газрын тогтоолоор татан буулгасан билээ. 

Харин иргэд хүнсний бараа бүтээгдэхүүний талаарх гомдол мэдээллээ хаана гаргахаа мэдэхгүй болсон. Уг асуудлын хүрээнд Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.Хонгортой ярилцлаа. 

- Мэргэжлийн хяналтын ерөнхий газар татан буугдсан. Энэхүү өөрчлөлттэй холбоотой ямар бүтэц, зохион байгуулалттайгаар ажиллаж байгаа талаар ярилцлагаа эхлүүлье?

- Нэгдсэн тогтолцоотой байх үед Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтэстэй, таван чиглэлээр хяналт хэрэгжүүлдэг байсан.

  1. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ 
  2. Хүнсний худалдаа 
  3. Хүнсний үйлдвэр 
  4. Ургамал хамгаалал, хорио цээр 
  5. Мал эмнэлэг гэсэн чиглэлийн хүрээнд ажилладаг байв. 

Шинэ тогтолцооны хүрээнд яам, агентлагуудад холбогдох салбарын хяналтууд шилжсэн. Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүнсний аюулгүй байдалд дөрвөн чиглэлээр хяналт тавих ажил шилжин ирсэн.  

Манай хяналтын хэлтэс 58 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаагаас 51 нь хүнсний чанар, стандартын чиглэлээр хяналт хэрэгжүүлдэг.  Бид энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн шинэ бүтэц зохион байгуулалттайгаар ажиллаж байна.

Мал эмнэлгийн хяналт хэрэгжүүлж байсан улсын /ахлах/ байцаагч нар Нийслэлийн мал эмнэлгийн газарт шилжсэн. Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт байсан Эрүүл мэндийн хяналтын хэлтэст хүнсний эрүүл ахуйтай холбоотой хяналт хэрэгжүүлдэг байсан байцаагч нар Нийслэлийн эрүүл мэндийн газар руу шилжсэн.

Өөрөөр хэлбэл, нэгдсэн тогтолцоонд байсан зүйл гурав задарч, холбогдох хуулийн хүрээнд хяналт шалгалтыг хийж эхэлсэн гэсэн үг.

- Тэгвэл одоо хүнсний чанар, аюулгүй байдалтай холбоотой гомдол мэдээллийг та бүхэн ямар шугамаар хүлээн авч байгаа вэ?

- Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний зургаан цэг болон Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүнсний чанар, аюулгүй байдалтай холбоотой өргөдлийг бичгээр хүлээн авч байна. Мөн Засгийн газрын 1111 тусгай дугаар, Нийслэлийн өргөдөл гомдол хүлээж авдаг 1800-1200 тусгай дугаар руу холбогдож, утсаар гомдлоо гаргаж болно.

- Он гарсаар хүнсний чанар аюулгүй байдалтай холбоотой хэр их гомдол ирсэн бэ?

- Одоогийн байдлаар энэ төрлийн 41 гомдол мэдээлэл ирсэн байна. Гомдол хүлээж аваад шалгалтын ажиллагаа явуулна. Шалгалтын хүрээнд ямар арга хэмжээ авч ажилласан талаар гомдол гаргасан иргэн аж ахуйн нэгжид албан бичгээр болон утсаар мэдэгдээд явж байна.   

Эдгээр гомдлын дагуу явуулж буй шалгалтын ажиллагаа нь төлөвлөгөөт бус шалгалтад хамаарна. Шалгалтын ажиллагаа явуулахад зөрчил илэрсэн бол Зөрчлийн тухай хуулийн хүрээнд торгох, албадлагын арга хэмжээ авах, хэсэгчлэн үйл ажиллагааг нь зогсоох зэргээр хариуцлага тооцно. Хэрэв хүний эрүүл мэндэд хохирол учруулсан бол нөхөн төлбөр тавих, хохирлыг нь барагдуулах зэрэг зохицуулалттай. 

- Хөндлөнгийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалт жилдээ явуулдаг. Энэ хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?

- Цагаан сар, Эх үрсийн баяр, Үндэсний их баяр наадам, Хичээлийн шинэ жил, Шинэ жил гэсэн таван томоохон тэмдэглэлт баярын тодорхой хугацааны өмнө урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулдаг. Удахгүй хүүхдийн баяр болох гэж байгаатай холбоотой хяналт шалгалтыг тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хийх гэж байна.

Хүүхдийн ууттай бэлэгт хугацаа нь дууссан эсвэл дуусах гэж байгаа бүтээгдэхүүн хийдэг байдал сүүлийн жилүүдэд харьцангуй багассан. Хэрэв шалгалтаар ийм зөрчил илэрвэл газар дээр нь устгуулах арга хэмжээ авдаг. 

Энэ жил бялуу, бялууны төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд тандалт судалгааны ажлыг хийхээр төлөвлөсөн. Тухайн бүтээгдэхүүний орц найрлага, хадгалах горим, стандарт шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоох юм. Цар тахлын үед төлөвлөгөөт хяналт шалгалт тасалдаж, тэр хэрээр зөрчил дутагдал илэрсэн.  

- Төлөвлөгөөт хяналт шалгалтаа хэзээ эхэлнэ гэдгээ зарлачхаар зөрчилтэй байгаа ААН-үүдийг илрүүлж болохгүй юм биш үү? 

- Нийгмийн зүгээс тийм шүүмжлэл ирдэг. Гэхдээ хуулийн хүрээнд хэд хоногийн өмнө урьдчилан мэдэгдэл хүргүүлэх ёстой гэж заасан байгаа. Хэрэв мэдэгдэлгүй хяналт шалгалт хийх гээд очвол байцаагч буруутан болно. 

Өмнө хэлсэнчлэн 58 байцаагчийн 51 нь хоол болон хүнсний үйлдвэрлэл, хүнсний худалдааг хариуцдаг. Тэд нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд хяналт тавьж ажиллана.

Тухайлбал: 

  • Хоолны салбарт 4,000 гаруй
  • Худалдааны салбарт ТҮЦ-тэй нийлээд 8,000 гаруй 
  • Хүнсний үйлдвэрлэлийн 700-800 объектыг хянаж шалгадаг. 

Энэ тоон мэдээллээс харахад нэг байцаагчид хэчнээн газар ногдож байгаа нь харагдана. Тэд нэг бүрчлэн бүх объектод хяналт шалгалт хийх нь цаг хугацааны хувьд боломжгүй. 

- Дотоодын үйлдвэрийн хиаман дотроос үс гараад ирлээ гэж нэгэн иргэн гомдол гаргавал үүнийг ямар зарчмаар шийдвэрлэх вэ? 

- Хохирогч болон холбогдогчоос мэдүүлэг авдаг.  Мөн нотлох баримтуудыг цуглуулах үйл ажиллагаа явуулна. Ингэхдээ, үйлдвэрийн технологи ажиллагаа, хяналтын камерын бичлэг шүүх, ажилтны хувийн ариун цэвэр, ариутгал цэвэрлэгээ, зохистой дадал хэвшүүлсэн байдал, дотоод хяналт зэргийг шалгана.

Үүгээр тогтоогдох юм бол зөрчил гэж үзнэ. Нотлогдохгүй байгаа тохиолдолд гомдол гаргаж байгаа хүний талд шийдэхэд төвөгтэй асуудал. Хэрэв тухайн иргэн худал мэдээллээр гомдол гаргаж, бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлсөн бол эргүүлээд хариуцлага тооцох зохицуулалт бий. Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг ААН, эсвэл хохирогч хүлээн зөвшөөрөхгүй бол шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дараа прокурор болон шүүхийн байгууллагад гомдол гаргах боломжтой.

зураг
 

"Үйлдвэрлэгч нь хүнсний сүлжээнд гарч байгаа бүх асуудлыг өөрөө хариуцах ёстой"

- Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн дэлгүүрийн лангуун дээр байх нь хэвийн юм шиг үзэгдэл болжээ? 

- Хүнсний тухай хуулийн 10.1.1-т Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцна гэж заасан.

Хүнсний үйлдвэрлэгчээс эхлээд сүлжээ дэлгүүр, импортлогч хүртэлх бүхий үйл ажиллагааг хүнсний сүлжээ гэнэ. Өөрөөр хэлбэл, малчны хотноос хэрэглэгчийн гарт хүрэх бүхий л үйл явцыг хүнсний сүлжээ гэж ойлгох хэрэгтэй. 

Аливаа хүнсний бүтээгдэхүүнийг худалдан борлуулж буй тухайн байгууллага дотоод хяналтынхаа хүрээнд асуудлаа шийдвэрлэх ёстой.

Үйлдвэр хугацаа нь дууссан бүтээгдэхүүнээ буцаан татаад устгах уу эсвэл хугацааг нь засаад худалдаанд гаргаж байгаа юу гэдгийг байцаагч, хэрэглэгч, худалдагч ч мэдэхгүй. Хэрэв байцаагч дэлгүүрт шалгалт хийж байх явцад хугацаа нь дууссан бүтээгдэхүүн таарвал акт үйлдэх, устгал хийх, зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцох зэрэг холбогдох арга хэмжээ аваад явдаг.

- Хэр хугацаанд гомдол гаргагчийн хэргийг шалгах ёстой байдаг вэ? 

- Өргөдөл гомдлыг Зөрчлийн хуульд заасан хугацаанд шийдвэрлээд явдаг. Богино хугацаанд шийдээд хариу өгөх боломжтой ажлыг түргэн шуурхай шийдвэрлэхийг зорьдог. Үргэлжлүүлэн шалгах шаардлагатай хэрэг дээр хэргийн хугацаа уртсах тохиолдол байна.

Иргэний гаргасан гомдол мэдээллийг хамгийн уртдаа Зөрчлийн хуулиар ажлын 58 хоногт багтаан шийдвэрлэх зохицуулалттай.

Хуулийн хүрээнд эрх бүхий албан тушаалтан 14 хоногийн дотор хэргийг шалгаж шийдвэрлэдэг. Гэхдээ нэмэлтээр нотлох баримт цуглуулах, холбогдогчоос мэдүүлэг авах зэрэг ажиллагаа явуулах шаардлагатай бол удирдах албан тушаалтны 14 хоног, цаашлаад нарийн шинжилгээ хийлгэсэн түүнд нь хугацаа шаардлагатай бол прокурорын 30 хоног нэмэгдээд явна.

Гэм буруутай эсэхийг тогтоох ажиллагаа байдаг учир зарим зөрчлийг хурдан хугацаанд шийдвэрлэх боломжгүй.

Харин тухайн зөрчил гаргагч өөрийнхөө зөрчлийг сайн дураараа хүлээн зөвшөөрвөл хялбаршуулсан журмаар шийдэх буюу ажлын тав хоногт багтаан шалгаж дуусгадаг.   

- Дэлгүүрийн лангуун дээр худалдаалж байгаа бүтээгдэхүүнээс гадны биет буюу үс, утас, гялгар уут зэрэг асуудал цөөнгүй гардаг. Үйлдвэрийн буруутай үйл ажиллагааны улмаас ийм асуудал гардаг байх? 

- Ямар бүтээгдэхүүн байгаа гэдгээс шалтгаална. Тухайлбал, талх, нарийн боовны уутанд агаар сэлгэлт оруулах зорилготой жижиг нүх байдаг. Лангуун дээр байхад уу эсвэл тээвэрлэлтийн явцад тухайн нүхээр шавж, хорхой орсон уу бүр үйлдвэрлэлийн процесс дунд ийм алдаа гарсан уу гэдгийг шалгалтын ажиллагаагаар тогтооно.

Дэлгүүр үйл ажиллагаандаа зохистой дадал нэвтрүүлсэн эсэх, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үү гээд бүх шатны үйл ажиллагааг нь хянах юм. Шууд үйлдвэрлэгчийг буруутгах боломжгүй. Механик бохирдол орсон гэх гомдлууд ирдэг. Үйлдвэрлэлийн технологийг шалгаж, гадны бохирдол орох эрсдэлтэй юу гэдгийг шалгана.

Нөгөөтээгүүр иргэд хүнсний бүтээгдэхүүнээ гэртээ хэд хоног хадгалсны дараа ямар нэгэн асуудал гарлаа гэдэг. Тиймээс хүнсний сүлжээний бүх үе шатанд шалгалт хийж, энэ асуудал хаана гарсан гэдгийг тогтоох нь чухал юм.

- Хэрэв иргэний гомдол нотлогдоогүй тохиолдолд байгууллагын нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр буруутан болох уу? 

- Тухайн гомдлыг шалгах явцад уг хэрэг нотлогдохгүй бол байцаагч хэргээс татгалзах эрхтэй. Гомдол гаргагч, хэргийн оролцогч буюу үйлдвэрлэгч худалдаалагч зэргээс мэдүүлэг авч, хяналтын байцаагч заавал нотолж байж шийдвэр гаргана.

Нотлогдоогүй буюу нотлох баримтыг материал дутуу байхад байцаагч эцсийн шийдвэр гаргавал түүнээс шалтгаалан гарсан хор уршгийг өөрөө хариуцдаг заалттай.  

Ялангуяа хүнсний аюулгүй байдалтай холбоотой зөрчлийг шалгахад удаан хугацаа шаардлагатай байдгаас үүдэн иргэдийн дунд үйлдвэрлэгчийн талд шийдвэр гаргах гэлээ гэсэн хардлага байдаг. 

"Манай улсын цаг уурын нөхцөлд ил задгай хүнсний бүтээгдэхүүн худалдах, хоол үйлдвэрлэх нь тохиромжгүй"

- Хугацаа нь дууссан хэрчсэн гурилынхаа шошгыг сольж, дахин худалдан борлуулсан гэх хэрэг гарлаа? 

- Үйлдвэрлэгчид хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийхээ шошгыг засаад дахин худалдаанд нийлүүлж байгаа нь санаатай гаргасан үйлдэл. Зөвхөн хүнсний аюулгүй байдал алдагдуулахаас гадна хүний эрүүл мэнд, амь насанд санаатай хохирол учруулж болохуйц гэж үзээд Эрүүгийн хуулиар шийднэ. 

Тухайн үйлдвэрлэгч хүнсний сүлжээнд оролцож байгаагийн хувьд бүх дүрэм журам, стандартаа ханган ажиллах ёстой. Хэрвээ асуудал гарвал өөрөө шийдээд, алдаагаа засах ёстой. 

Манай улсад үйлдвэрлэл эрхлэх харьцангуй нээлттэй байдагтай холбоотой энэ төрлийн зөрчлүүд гарсаар байна. Иргэд үйлдвэр байгуулахдаа хяналтын байгууллагын igov.mn сайтад бүртгүүлээд үйл ажиллагаагаа эхлэх боломжтой болсон. Ингэхдээ дүрэм, журам, зохистой дадлаа нэвтрүүлэхийн зэрэгцээ бүтээгдэхүүнээ итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулсан сорилтын дүнтэй, баталгаажуулалт хийгдсэн хүнсийг хүнсний сүлжээнд нийлүүлэх ёстой. 

Үйлдвэрлэгч нь хүнсний сүлжээн дэх гарч байгаа бүх хариуцлагаа өөрөө хариуцна гээд хуульчилсан. 

- Нөгөөтээгүүр хүнсний бүтээгдэхүүний худалдан авалт хэрэглэгчийн хариуцлагатай холбоотой. Манай улсад хэрэглэгчийн боловсрол гэдэг зүйл аль түвшинд явж байна? 

- Аливаа бүтээгдэхүүний шошгыг уншиж чаддаг байх хэрэгтэй. Зөвхөн он сарыг биш ямар нөхцөлд хадгалах, хэдэн градуст хэр удаан байлгах ёстой вэ гэдгийг таньдаг байх нь чухал. Иргэд тухайн дэлгүүрт шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн зарж байгаа бол хэлж анхааруулах хэрэгтэй. Хэрэв зөрчлийг арилгахгүй бол хөндлөнгийн хяналтын байгууллага буюу салбарын хяналтын газарт хандаж болно. 

Гудамжинд шороо тоостой газар ил худалдаалж байгаа жимс, хүнсний бүтээгдэхүүнийг иргэд өөрсдөө авдаг. Магадгүй тухайн жимснээс хордлого авахыг үгүйсгэхгүй. Учир нь жимсийг нарны гэрэлд бус тодорхой хэмжээний хөргүүртэй газар хадгалах ёстой. Хэрэв жимснээс хордлого авсан гээд нөгөө газартаа очсон ч тухайн газарт байхгүй бол хэнд хариуцлага тооцох уу. Энэ мэт асуудал гарна.  

Тэгэхээр стандарт хангасан худалдааны газраас сонголтоо зөв хийхийг л хэрэглэгчдэдээ зөвлөдөг. 

Хүнсний сав баглаа боодлын MNS:6648 стандарт нь олон улсын жишигт нийцсэн байдаг. Хэрэглэгчийн боловсролыг нэмэгдүүлэхийн тулд хэвлэл мэдээллийн байгууллагаар мэдээлэл түгээх шаардлагатай гэж харж байгаа. 

- Урин дулааны цагт явуулын үйлчилгээтэй түргэн хоол үйлдвэрлэл, ил задгай зайрмаг, жимс жимсгэнэ зарах тохиолдол нэмэгддэг. Стандарт шаардлага хангасан эсэхийг иргэд хэрхэн мэдэж үйлчлүүлэх вэ?  

- Манай улсад энэ төрлийн үйлчилгээ эрхлэх бол олон төрлийн зөвшөөрөл авдаг байсан явдлыг халсан. Мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, өндгөөр хийсэн бүтээгдэхүүн, бага насны буюу цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл эрхлэхдээ л зөвшөөрөл авдаг болсон. 

Хоёрдугаарт, манай улсын байгаль цаг уурын нөхцөлд ил задгай хүнсний бүтээгдэхүүн худалдаалах, хоол үйлдвэрлэх зэрэг нь тохиромжгүй. Нэг салхи салхилахад тухайн бүтээгдэхүүн тоос шороо болох, бохирдох магадлал өндөр. 

Сингапур улсын хувьд 1960 онд одоогийн манай улсынх шиг гудамжны хоол үйлдвэрлэлтэй байсан. Гэтэл өнөөдөр энэ салбар сайн хөгжихийн зэрэгцээ 28,000 гаруй хүн ажиллаж байна. Гудамжны хоол үйлдвэрлэл мэт харагдаж байгаа боловч үйлдвэрлэх процесс нь стандартын шаардлага хангасан эрүүл аюулгүй орчинд явагдаж байдаг. 

Манай байгууллагын зүгээс гадна орчинд хоол үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст зөвлөмж, зөвлөгөө хүргүүлэн ажиллаж байна. Тухайлбал, баталгаатай хүнс хэрэглэх, нэг удаагийн халбага, сэрээ сав баглаа боодол зэргийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, ажилчдаа эрүүл мэндийг урьдчилсан үзлэг шинжилгээнд хамруулах, нэг удаагийн бээлий, амны хаалт, ажлын хувцас зэргийг өмсүүлж, дадуулах хэрэгтэй. 

- Ярилцсанд баярлалаа. 

- Баярлалаа.