Манай улсын газар зүйн байршлаас шалтгаалан ихэнх гол мөрөн хил давж урсдаг. Иймд БОАЖЯ-наас гадаргын усыг хуримтлуулан ашиглах "Хөх морь" төслийг хэрэгжүүлэх боломжийн талаар танилцуулж байсан. Газрын доорх усны хомсдол нүүрлэхэд ойрхон байхад уг төсөл одоо ямар шатандаа явж байгаа нь олны анхаарлыг татах нь гарцаагүй.
Уг төсөл "Шинэ сэргэлтийн бодлого"-ын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 20 томоохон төсөлд багтсан. Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Усны газрын Ус ашиглалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Мягмаржавтай ярилцлаа.
- Манай улсын гол мөрний өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлагаа эхлүүлье?
- Гадаргын усны тоо бүртгэлийн мэдээллээр 2021 онд 97 гол горхи ширгэж, 98 гол горхи сэргэсэн байна. Харин өнгөрсөн оны байдлаар 83 гол горхи ширгэсэн бол 52 гол горхи сэргэсэн байгаа юм. Монгол орны усны нөөцийн хувьд нийтдээ 564.8 километр куб байгаа. Үүнээс мөнх цас 19.4 километр куб, мөсөн хуримтлал 34.6 километр куб, газрын доорх ус 10.8 километр куб, нуур тойром 500 километр куб-ийг тус тус эзэлж байна.
Ташрамд дурдахад, 2022 онд Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлого 50.9 тэрбум төгрөг болсон. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн хувь, хэмжээг зааж өгсөн байдаг.
- Монгол орны гол мөрний урсцыг гурван ай сав савд ангилж үздэг. Үүнээс хэдэн хувь нь гадагш урсгалгүй гол, мөрөн байдаг вэ?
- Маш чухал асуулт байна. Энэ талаар иргэд олон нийт төдийлөн мэддэггүй. Манай улсын голын усны нөөцийн 16.9 километр куб буюу 49 хувь нь Хойд мөсөн далайн ай савд хамаарна. Харин 3.8 километр куб буюу 11 хувь Номхон далайн ай сав руу урсацтай байдаг. Үлдсэн 13.9 километр куб буюу 40 хувь нь Төв Азийн гадагш урсацгүй ай савыг эзэлдэг.
Тодруулбал, манай улсын ихэнх гол, мөрний усны нөөцийн 68 хувь нь гадагш урсацтай. Түүнчлэн Монгол орны жилийн дундаж хур тунадас 47-250 мм байгаа юм. Бидний ярилцаж буй “Хөх морь” төсөлд гадагш урсацтай болон Төв Азийн гадагш урсацгүй ай савд багтах голууд аль аль нь багтсан гэдгийг хэлье.
- "Хөх морь" төслийн хувьд олон нийтийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа. Төслийн талаар манай уншигчдад танилцуулна уу?
- Анх БОАЖЯ-ны захиалгаар монголын томоохон голууд дээр гадаргын усны хуримтлал бий болгох, усан сан, усан цогцолбор байгуулах боломжтой 33 байршлыг тодорхойлж байв. Хэрэв энэхүү 33 байршилд усан сан үүсгэх юм бол нийт 52 тэрбум куб метр ус хуримтлуулах боломжтой гэдэг техникийн урьдчилсан тооцоолол хийсэн.
Энэхүү судалгааг 2019 онд хийсэн бөгөөд, манай агентлаг байгуулагдсан цагаасаа эхлэн "Хөх морь" төслийг эрчимжүүлэх, хэрэгжүүлэх ажлын хүрээнд эхний ээлжид техникийн нөхцөл, судлагдсан байдал, нарийвчилсан үнэлгээг харгалзан үзэж 10 байршлыг сонгосон юм.
- Тухайн 10 байршилд одоо ямар, ямар ажлууд хийгдэж байгаа вэ?
- Уг 10 байршилд усан сан байгуулах юм бол 3.6 тэрбум куб метр усны хуримтлал үүсгэх боломжтой гэж үзсэн. Үүнээс эхний ээлжид БОАЖЯ, Усны газраас хэрэгжүүлж байгаа төсөл нь "Хэрлэн-Тоонот", "Орхон-Онги" байгаа юм. Одоогийн байдлаар "Орхон-Онги" төслийг "Онги-Цагаанбургастай" гэсэн нэршлээр үргэлжлүүлэхээр болсон.
Эрчим Хүчний яамны харьяанд хэрэгжиж байгаа төсөлд "Эгийн гол", "Байдраг" болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц хамаарна.
"Байдраг"-ийн усан цахилгаан станцын ТЭЗҮ хийгдэж байгаа бол Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих газрын иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил үе шаттай үргэлжилж байна. "Эгийн гол"-ын хувьд биологийн олон янз байдлын судалгаа хийгээд түүнийгээ Дэлхийн өвийн төвд энэ оны хоёрдугаар сарын 10-нд хүргүүлээд байна.
- Усны газраас хэрэгжүүлэх “Хэрлэн-Тоонот”, “Орхон-Онги” төслийн гол ач холбогдол нь говийн бүс рүү ус дамжуулах боломжтой учир анхаарал татлаа?
- "Хэрлэн-Тоонот" төслийг анх 2014 онд ТЭЗҮ-ийн урьдчилсан тооцооллыг хийсэн байдаг. Уг төслийн хувьд Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгийг хамарсан. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Тооно уулын дэргэд 2,400 метрийн урттай, 40 метрийн өндөр бүхий шороон боомт байгуулна.
Мөн 6-7 мегаваттын хүчин чадал бүхий усан цахилгаан станц барина. Усан сангийн хувьд 1.6 тэрбум метр кубын багтаамжтай байхаар төлөвлөсөн. Энэхүү боомтоос Сайншанд хүртэл 235 км зайд ус дамжуулах далд шугам барих юм.
"Орхон-Онги" төслийн ТЭЗҮ 2020 онд хийгдсэн бөгөөд уг төслийг цогцоор нь хэрэгжүүлье гэхээр их хөрөнгө оруулалт шаардлагатай болсон. Тиймээс төслүүдээ хэсэгчлэн хийх нь зөв гэдэг шийдэлд хүрээд “Онги-Цагаанбургастай” гэх экологийн төслөө үргэлжлүүлэхээр тогтсон.
Уг төслийг хэрэгжүүлснээр усны хуримтлал бий болох, говийн бүс рүү усыг шилжүүлж говийн бүс дэх усны хэрэгцээг гадаргын усаар хангах боломж бүрдэх юм. "Онги-Цагаанбургастай" төслийн ажлын зураг, байгаль орчны үнэлгээний хийхэд 3.9 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн хүсэлтээ Эдийн Засгийн Хөгжлийн яаманд хүргүүлээд байна.
- Говийн аймгууд руу ус дамжуулах боломжтой төслүүдийн ТЭЗҮ-д тодотгол хийх, ажлын зураг гаргах үе шатандаа яваа юм байна. Хэдийгээр энэ төсөл дуусаж, үр шимээ өгнө гэж харж байгаа вэ?
- Цэвэр усны нөөцийг бий болгох гадаргын усны хуримтлал үүсгэж, дахин ашиглах зайлшгүй шаардлага тулгараад байна. Эдгээр төсөлд олон хэлбэрээр хөрөнгө оруулалт хийж болно.
Тухайлбал, "Хэрлэн-Тоонот төслийн" ТЭЗҮ-д тодотгол хийх шаардлагатай учир "Оюутолгой" компаниас тус ТЭЗҮ-д тодотгол хийх шаардлагатай зардлыг шийдсэн. Ойрын хугацаанд буюу 3-5 жилийн дотор төслүүдээ эрчимжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
- Эдгээр төсөл хэрэгжсэнээр улс орны эдийн засаг, орон нутгийн иргэдэд ямар ямар бодитой үр нөлөө үзүүлэх боломжтой гэж тооцоолов?
- "Хэрлэн-Тоонот" төслийг хэрэгжүүлснээр гадаргын усны хуримтлал бий болох, хүлэмжийн хий буурах, Хэрлэн гол дагуу орших суурин газруудыг үерээс хамгаалах, говийн бүсийн хэтийн усны хэрэгцээг хангах, ус дамжуулах шугам хоолойн дагуу орших суурин газруудыг цэвэр усаар хангах, мөн хөдөө аж ахуйн ус хангамжийг сайжруулах зэрэг олон ач холбогдолтой.
Мөн Сайншандын аж үйлдвэрийн парк, аймгуудын сумдын төвийн хүн ам, уул уурхайн усны хэрэгцээг хангах боломж бүрдэнэ гэсэн үг. Ингэснээр усан сан орчим агаарын чийгшил нэмэгдэж, экосистемийн таатай орчин бүрдэх, цөлжилтийн явцыг сааруулах нөлөөг тодорхой хэмжээнд үзүүлнэ.
Харин "Орхон-Онги" төслийн хүрээнд Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн зарим сумыг хамрах юм. Уг төслийг хэрэгжүүлэхээр экологийн болон эдийн засгийн төсөл хэмээн хоёр хуваасан.
"Онги-Цагаанбургастай"-д боомтоо барьж, Мандал-Овоо сум хүртэл 236 км ус дамжуулах шугам татан говийн бүс рүү ус шилжүүлэх боломжтой хэмээн тооцоолсон.
- Монгол орны өнөөгийн усны нөөц, хомстож байгааг албаныхан сануулсаар байна. Дээрх төслүүд хэрэгжсэнээр энэ аюулаас сэргийлэх таатай нөхцөл бүрдэх нь?
- Тийм ээ. Манай улсын ус ашиглалтын байдлыг унд ахуй, үйлдвэр, ахуйн үйлчилгээ, мал аж ахуй, усалгаатай тариалан, эрчим хүч, дулаан, уул уурхайд салбараар нь жил бүр тооцон гаргадаг. Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд нийт 606.2 сая куб метр ус ашигласан байна. Тодруулбал:
Газрын доорх усыг мал аж ахуй, газар тариалан, уул уурхайд ашиглах хэрэгцээ жил бүр өсөн нэмэгдэж байгааг дээрх тооцооллоос харж болно. Тэгэхээр уул уурхайд газрын доорх ус ашигладаг байдлыг үе шаттайгаар хязгаарлах шаардлагатай байна.
Говийн бүс дэх газрын доорх ус нь тэжээмжийн хувьд нэн бага, нөхөн сэргэх хугацаа маш урт байдаг. Гэвч, говийн бүсийн усны хэрэгцээ 2-3 дахин нэмэгдэх хэтийн төлөвтэй байна. Иймд Монгол орны нэн жигд бус тархсан усны нөөцийг нутаг дэвсгэрийн хувьд хуваарилах шаардлага үүсээд буй.
Жишээлбэл, гадаргын усны нөөц харьцангуй их хангайн бүсээс усны алдагдал багатай шугам хоолойгоор усыг говийн бүсэд шилжүүлэн ашиглах ихээхэн боломж бий.
- Одоо “Хөх морь”-ийг цааш давхиулахад ямар асуудал тулгарч байна. Үүнийг түргэн хугацаанд шийдэх гарц нь юу байх вэ?
- Санхүүжилтээ шийдвэрлэх, төслийн нэгж байгуулах, ажлын зураг төсөл боловсруулах зэрэг чухал асуудал тулгарч байгаа. Тиймээс концессын жагсаалтад оруулах, төслөө хурдан хугацаанд явуулахын тулд хөнгөлөлттэй зээл тусламжаар төслөө хэрэгжүүлээд эргэн төлөх, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтрах, гаднын хөрөнгө оруулалт татах шаардлагатай байна.
- Бидний ярилцсан төслөөс гадна гадаргын усыг хуримтлуулж дотооддоо ашиглах боломж, бололцоо бий юу?
- Гадаргын усаа хуримтлуулж, ашиглах боломжийг бий болгосон томоохон жишээ бол "Тайшир-Алтай" төсөл юм. Тайширын усан цахилгаан станц нь "Гэгээн” нэртэй хиймэл нуураас ус татаж, Говь-Алтай аймгийн төвийг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангаж байгаа төсөл гэдгийг онцлох хэрэгтэй.
Үүнээс гадна одоогийн байдлаар ширгэсэн нуур, гол горхи, булаг, шандыг нөхөн сэргээх, хиймэл нуур, цөөрөм хийх ажлууд хийгдэж байгаа. Мөн гол горхи, бороо, цасны ус, мөстлийн хайлалтаас бий болох усны нөөцийг хуримтлуулах хөв, усан сан байгуулах ажлыг өргөжүүлэн усны нөөцийг хуримтлуулах, хамгаалах, хүн амын унд ахуйгаас бусад хэрэглээнд ашиглах ажлыг хийж байна.
Жишээлбэл, Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын нутагт орших 30 сая.м3 орчим эзлэхүүнтэй байсан ч 1970-аад оны үеэс хатаж ширгэсэн Цойцон нуурыг нөхөн сэргээх төслийн хүрээнд усны барилга байгууламжийн зураг төсөл боловсруулан, барьж байгуулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Ингээд өнгөрсөн оны есдүгээр сараас нуурын ус нөхөн сэргэж эхлээд байна.
- Ярилцсанд баярлалаа.