Зураг
Зураг
Индэр    
2023 оны 3 сарын 31
Зураг
iKon.mn Сэтгүүлч

Г.Анхболд: Харшил дарангуйлах гормон тариулах нь 30 гаруй төрлийн гаж нөлөө үүсгэдэг

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

​Европын харшил судлалын нийгэмлэгийн судалгаагаар 2025 онд дэлхийн нийт хүн амын 50 хувь нь харшилтай болно гэсэн судалгаа гарчээ. 

Нөгөөтээгүүр харшлыг хотжилт дагасан өвчлөл хэмээн нэрлэх тохиолдол бий. Хот суурин газарт амьдарч байгаа иргэд хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэдээс хоёр дахин өртөмтгий байдаг аж.

Харшлын шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн “Уушги,  Харшил Судлалын Төв”-ийн их эмч Г.Анхболдтой ярилцлаа. 

-Харшил юунаас шалтгаалж бий болдог вэ?

-Сүүлийн 30-40 жилийн хугацаанд олон төрлийн шалтгааны улмаас харшлын өвчлөл нэмэгдэж байна.

Нэгдүгээр шалтгаан болох агаар, орчны бохирдол нь амьсгалын замаар дамжих харшилд гол нөлөө үзүүлдэг. Дундаж түвшний улс орнуудын хүн амын 90 орчим хувь нь ДЭМБ-аас гаргасан стандартад нийцсэн агаараар амьсгалж чадахгүй байна.

Ялангуяа хүүхдэд дархлаа тогтолцоо бүрэн хөгжөөгүй, амьсгалын зам маш мэдрэмтгий байдаг учир орчны бохирдол харшлын ринит ба астмад өртөмтгий болдог. Жишээлбэл, дизель түлшний утаа, дутуу шатсан нүүрс зэрэг нь амьсгалын замын салст бүрхэвчийг гэмтээх нь түгээмэл. Салст бүрхэвч нь гэмтэхээр амьсгалын замд IL-4 ялгаралтыг нэмэгдүүлснээр IgE хамааралт харшлын урвал явагдах нөхцөл бүрддэг. 

Хүний буруутай үйл ажиллагаа, химийн бодис, хорт утааны нөлөөгөөр озоны давхарга нимгэрсээр байгаа.

Озоны давхарга цоорсноор нарны хэт ягаан туяа газрын гадаргад шууд хүрч, ургамал ургах, тоосжих хугацааг уртасгаснаар амьсгалын замын харшилтай хүмүүсийн зовуурийг хүндрүүлж байна.

Түүнчлэн озоны давхарга цоорсноор зуны улиралд аадар бороо хүчтэй орох нөхцөлийг бүрдүүлнэ. Улмаар агаарт ургамлын тоос их хэмжээтэй цацагдаж, амьсгалын замын харшилтай, гуурсан хоолойн багтраатай өвчтөний зовуурийг түргэн хугацаанд хүчтэй сэдрээснээр шоконд (asthma attack) орох эрсдэлийг бий болгодог.

Хоёрдугаарт, эрүүл ахуйн онолын хүрээнд энэхүү өвчлөлийг тайлбарлаж болно. Хотжилтын нөлөөгөөр хүмүүс байгаль орчноосоо холдож, хүрээлэн буй орчноос авах ёстой нян бактеритай харилцахаа больсон. Ингэхээр тухайн хүний дархлааны систем өөрчлөгдөж эхэлдэг.

Гадны харшил үүсгэхгүй хүчин зүйлийн эсрэг дархлааны урвал нь ажиллаж харшил үүсгэж байгаа гэсэн үг. Жишээлбэл, хүүхдийг багаас нь гадаа гаргаж тоглуулахгүй байх, байгаль дэлхийгээс хөндий өсгөх нь харшилд өртөмтгий болгох өндөр эрсдэлтэй хэмээн эрдэмтэд үзэж байна. 

-Хаврын улирал эхлэхээр харшил хөдөллөө гэцгээх нь бий. Тэгэхээр улиралтай холбоотой өвчлөл гэж ойлгож болох уу? 

-Харшлыг улирлын болон улирлын бус шалтгаант гэж ангилдаг. Улирал хамаарахгүй харшилд гэрийн тоос тоосонцор, хөгц мөөгөнцөр, амьтан болон хүнсний бүтээгдэхүүнийг хамааруулж болно. 

Хаврын улиралд ургамлын тоосжилт нэмэгддэг. Тухайлбал, 4-5 дугаар сард модлог ургамлын харшил, зургаадугаар сард үет ургамал, долдугаар сард хог ургамлын харшлын тоосжилт явагдаж эмнэл зүйн зовуурь, шинж тэмдгийг нөхцөлдүүлдэг. 

Ургамлын тоосны харшлыг дотор нь ангилбал: 

  • Модлог ургамалд бургас, улиас, хус 
  • Үет ургамал ерхөг биелэг, согоовор, ботууль 
  • Хог ургамалд шарилж, багваахай, лууль зэрэг ургамлууд багтдаг.

Оргил ачааллын үе буюу хавраас зуны туршид өдөрт 40-60 хүн үзүүлдэг бол бусад үед 20-30 хүн амбулаториор тогтмол үзүүлж байна.

Монголын нөхцөл чийглэг биш хуурай уур амьсгалтай учир хөгц мөөгөнцрийн харшил бусад орны иргэдтэй харьцуулахад бага.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Амьтны харшил улирал харгалзахгүй гэж та хэллээ. Энэ талаар? 

-Өмнө хэлсэнчлэн гэртээ амьтан тэжээдэг бол амьтнаас шалтгаалсан харшил жилийн дөрвөн улирал үргэлжилнэ. Цар тахлын үед хүмүүс гэртээ амьтан тэжээх нь элбэг болсон. Ингэхдээ тухайн амьтнаас харшлах магадлалтай эсэх сорил шинжилгээ өгөхгүйгээр буюу сэтгэл хөөрлөөр худалдан авдаг.

Тэжээвэр амьтнаа худалдаж аваад автомашиндаа явж байхдаа харшилтай болохоо мэдсэн тохиолдол гарч байв. Энэ тохиолдолд харшилдаг зүйлээсээ хол байх ёстой. Худалдаж авсан амьтнаа хаях уу, зарах уу, хүнд өгөх үү гэдэг асуудал тухайн хүнд тулгарах юм.

-Харшлын шинж тэмдэг илрэхээс өмнө мэргэжлийн эмчид ханд гэж зөвлөдөг. Үүний ач холбогдол нь юу байдаг вэ?  

Зовуурь, шинж тэмдэг илэрч эхлэхэд эмчдээ хандах нь үр дүнтэй арга. Гэтэл иргэд мэргэжлийн бус хүнээс зөвлөгөө авч, дур мэдэн эм ууж, тариа хийлгэдэг.

Урт хугацаанд буруу эмчилгээ хийлгэх нь астма өвчний суурь болдог. Өөрөөр хэлбэл, амьсгалын дээд замд байгаа үрэвсэл уушги руу орж, насан туршдаа ханиалгах, амьсгаадах, цээж шуугих зэрэг шинж тэмдэгтэй явна. Цаашлаад харшлын шоконд орох, амиа алдах хүртэл эрсдэлтэй. 

Харшил илрэх шинж тэмдэг 

  • найтаах 
  • шингэн нус гарах 
  • нулимс гарах
  • тууралт
  • нүд улайх 
  • хоолой загатнах 

Тэгэхээр өөрт илэрч байгаа шинж тэмдгээ эмчдээ хэлж, тохирох эмчилгээ, үйлчилгээ авснаар нөхцөл байдлыг хүндрүүлэхгүй байх нь ач холбогдолтой. 

-Өөрийгөө ямар нэгэн ургамал, хүнс, амьтнаас харшилгүй гэж боддог хүмүүс бий. Тэгэхээр харшлын сорил өгчихсөн байхад эрсдэлээ урьдчилан харах боломжтой гэсэн үг үү? 

-Тийм ээ. Харшлын сорил тестээр юунаас харшлах магадлалтайгаа мэдэх боломжтой. Ингэснээр аливаа төрлийн харшлыг хүндрүүлэхгүйгээр эмчилж болно. Гэхдээ эхний ээлжид мэргэжлийн эмчээс зөвлөгөө авсны дараа харшлын сорил өгөх шаардлагатай. Шинжилгээний өмнө ямар эм, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж болохгүйг эмч танд хэлнэ. Зарим эм тариаг хэрэглэсэн бол шинжилгээний үр дүн буруу гарах тохиолдол бий.

Харшлын сорилыг хоёр төрлөөр хийдэг. Арьс хатгах сорил болон цусанд аллерген-өвөрмөц иммуноглобулин E эсрэг бие тодорхойлох аргаар шинжилдэг. Аль ч сорил нь мэдрэг бөгөөд өвөрмөц шинж чанартай. Цусанд аллерген өвөрмөц иммуноглобулин E эсрэг бие тодорхойлох арга нь өвчтөнд зовуурь бага, олон төрлийн харшил тодорхойлж болдгоороо давуу талтай.

-Манай улсын иргэдэд зонхилон тохиолдож байгаа харшлын эмгэг нь юу байна? 

-Хамгийн түгээмэл тохиолдох нь амьсгалын замын харшил. Тэр дундаа хог ургамал буюу шарилж, лууль зэргээс ихээхэн харшилдаг. Зөвхөн шарилжийн харшилтай байсан хүн урт хугацаандаа бусад ургамлаас харшлаад эхэлдэг

Манай амбулатори хавраас эхлэн зуны турш уушги, харшил судлалын төв хамгийн их үйлчлүүлэгчтэй болдог. Хэдийгээр улирал хамаарахгүй өвчин боловч ургамал, тоосонцрын дэгдэлтийн үетэй холбоотой.  

Хүүхдүүдийн дунд атопийн дерматит элбэг тохиолдох бол том насанд хүрэгсдийн дунд амьсгалын замын харшил өндөр хувьтай байдаг. 

-Харшил удамшдаг өвчин үү?  

-Удамших хандлагатай өвчин гэж нэрлэгддэг. Эцэг эх, эмээ өвөө нь харшилтай бол хүүхэд нь харшилтай байх магадлалтай. Эцэг, эхийн аль нэг  нь харшилтай бол хүүхэд харшилтай болох магадлал 20-40 хувь байдаг. Харин эцэг эх хоёул харшилтай бол магадлал 60-80 хувь болж нэмэгддэг.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Энэхүү өвчнийг бүрэн эмчлэх боломжтой юу?  

-Харшлыг өдөөгч хүчин зүйл байгаа тохиолдолд энэ өвчлөл арилахгүй. Эмчилгээгээ зөв хийлгэж, харшил төрүүлэгчээсээ хол амьдрах юм бол хэвийн амьдарч байна.

Харшлаас урьдчилан сэргийлэх гурван арга байдаг. Үүнд: 

  1. Анхдагч урьдчилан сэргийлэх-Агаар, орчны бохирдлыг бууруулах, нийгмийн байдлыг өөрчлөх, хүний дархлаа тогтолцооны харшламтгай байдлыг анхнаас судалж мэдэх, 
  2. Хоёр дахь урьдчилан сэргийлэх-Харшил төрүүлэгч болгоноос хол байх 
  3. Гуравдагч урьдчилан сэргийлэх-Харшлыг хүндрүүлэхгүй зөв эмчилгээ хийх нь чухал. 

-Иргэд ямар тохиолдолд харшлаа хүндрүүлээд ирж байна вэ?  

-Ургамал, тоос тоосонцрын харшилтай нэг өвчтөн олон жил өндөр тунтай гормон тариулаад жингийн илүүдэлтэй, ходоод нь шархалсан, яранд баригдчихсан ирсэн. Биед нь гарсан гаж нөлөөнүүдийг нэг өдөр өргөс авсан юм шиг зүгээр болгоно гэж байхгүй. Одоогоор зөв эмчилгээгээ хийлгээд явж байна. 

Түүнчлэн тухайн хүндээ буруу эмчилснээс болоод ийм байдалд хүрчихсэн байна гэдгийг ойлгуулах нь чухал байдаг. Хэт их мэдэмхийрэх гээд байдаг хандлагаас болж буруу эмчилж, хүндрүүлдэг жишээ олон. 

Иргэд харшлыг нам дардаг гэх хятад бичигтэй, улсын эмийн бүртгэлд ороогүй, өндөр тунтай гормон дур мэдэн тариулж байна. Харшил дарангуйлах гормон нь хүний биед 30 гаруй төрлийн гаж нөлөө үүсгэдэг болохыг тогтоосон байдаг. Тухайлбал, таргалах, даралт ихсэх, цусан дахь сахрын хэмжээ ихсэх, ходоодны шархлаа үүсгэх зэрэг гаж нөлөө ихтэй. Олон жил гормон тариулсан хүний биеэр нь яр шарх туурч, эм тариа үйлчлэхээ больдог. 

-Манай улсад харшлаа эхлэхээс өмнө эмчилгээ хийх аргыг түгээмэл ашиглаж байгаа. Тэгвэл дэлхий дахинд хэрэглэж байгаа үр дүнтэй арга юу байна?  

-Олон улсад дархлаа эмчилгээний аргыг түгээмэл ашиглаж байна. Тодруулбал, тухайн харшил үүсгэж байгаа аллергенээс бэлдмэл гарган авч ам, хамрын цацлага, курс тариа болгон хэрэглэж байна. Ингэснээр тухайн хүний хэт мэдрэг чанар буурдаг.

Энэ эмчилгээний үр дүнд урт хугацаанд буюу 10-15 жил хүртэл зовуурь шинж тэмдэг илрэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой. 

Өөрөөр хэлбэл, тухайн хүний биед харшилдаг бодисоор нь дамжуулан санамжийн эс үүсгэж, эмчилдэг гэсэн үг. Энэ төрлийн эмчилгээг албан ёсны эрхтэйгээр стандарт шаардлагыг ханган оруулж ирсэн улсын эмнэлэг байхгүй. Уг эмчилгээний зардал өндөр байдаг.

-Монголчуудын дунд хамгийн түгээмэл тохиолддог ургамал болон тоос, тоосонцрын харшилтай хүнд та ямар зөвлөгөө өгөх вэ?  

Ургамлын харшилд энэ эм, тариаг, тоосонцрын харшилд энэхүү эмийг хэрэглэнэ гэж хэвлэл мэдээллээр зөвлөж болдоггүй. Иргэдийг дур мэдэн эм хэрэглэх сэдэл төрүүлдэг сул талтай. Адил төрлийн харшил байлаа ч хүний биеийн онцлог, шалтгаан нөхцөл нь өөр байдгийг ойлгох нь чухал.

Гадуур явж ирээд үсээ угаах, хувцсаа хол байлгах, өглөө үүрээр цонхоо онгойлгохгүй байх зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй. 

Үсээ угаахгүй бол наалдсан тоосыг нь дэрэндээ шингээдэг. Улмаар хүн хөрвөөх явцдаа дэрэнд наалдсан тоосонцрыг хамартаа хүргэж, нөхцөл байдлыг дордуулдаг.

  • Ургамлын харшилтай бол 

Харшлын сорил тавиулж байгаагүй бол нэн тэргүүнд сорил тавиулах. Өмнө нь сорил тавиулж байсан бол хоёр жилийн хугацаатай байдгийг санах хэрэгтэй. Хамгийн чухал нь сорил тест тавиулахаасаа өмнө эмчдээ хандаж, юу хэрэглэж, хэрэглэж болохгүйг мэдэх нь зүйтэй.

  • Тоос, тоосонцрын харшилтай бол 

Энэ төрлийн харшилтай хүн гэр орны ахуйн ариун цэврийг чанд баримтлах ёстой. Номын сан болон агуулахад ажилладаг хүн тоосноос бус агуулахын хачгаас харшилж байдаг. Энэ тохиолдолд ажлын орчноо солих нь хамгийн зөв арга. 

 

-Ярилцлага өгсөнд баярлалаа.