Зураг
Зураг
Индэр    
2023 оны 3 сарын 20
Зураг
iKon.mn Сэтгүүлч

"Автомашины амортизатор сайн байлаа ч Дундговийн зам дээр аврал алга"

Зураг

Улсын хэмжээнд 2022 онд 101,233 зам тээврийн осол бүртгэгдсэний 95,409 нь Улаанбаатар хотод, 5,824 нь орон нутгийн замд гарчээ.

Үүнээс Дундговь аймгийн нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх улсын чанартай 252.2 км авто зам дээр зам тээврийн 140 осол бүртгэгдсэн байна. Ослын улмаас гурван хүн эндэж, 12 хүн гэмтжээ. 

Дундговь аймгийн нутаг дэвсгэрт А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 98.2 км, А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн 154 км зам хамаардаг. 

Тэгвэл энэхүү замаар зорчдог иргэдийн "шүдний өвчин" болоод удаж буй асуудал нь энхэл донхол, эвдэрч сүйдсэн зам. Тус зам дээгүүр зорчиж явахад "Хонгоны мах чангардаг" гэж хатуухан шүүмжилдэг иргэн олон. Гэвч олон жил яригддаг энэ асуудал өнөөдөр ч шийдэгдээгүй хэвээр.   

Дундговь аймгаас хойш орших Дэлгэрцогт сум, урагшаа байх Луус, Хулдын зам олон машины эд ангийг эвдсэн гэдгийг нутгийн иргэд болоод зорчигчид хэлдэг. 

"ЭНЭ ЗАМААР ГЭЛДРЭЭД ЯВСАН Ч МАШИН ЭВДЭРДЭГ"

Сар шинийн баярын амралтын өдрүүдэд, хотоос хөдөөг, хөдөөгөөс хотыг зорих шинэлээчдийн цуваа үргэлжилж байлаа. Энэ хэрээр машин тэрэг нь саатсан, дугуй нь хагарсан зэрэг асуудал гарсан машинууд замын хажууд аваарын гэрлээ асаан зогсох аж.

Улаанбаатараас Дундговь орох замд "Тоёото Приус" маркийн тээврийн хэрэгсэл саатсан байхтай тааралдаж, автомашинд нь ямар асуудал гарсныг лавлав. Жолооч нь хэлэхдээ "Хэдийгээр амортизатор сайн боловч Дундговийг дайран өнгөрөх зам дээр аврал алга. Замын эвдэрсэн нүх харагдаагүй учраас түүн дээгүүр харайлгаж, нэг дугуйгаа хагалчихлаа. Мөн под керлан хагарсан. Ямартай ч дугуйгаа сольж тавиад, под керланаа торгоогоод хөдөлнө" гэсэн юм. 

Энэ гэр бүл Өмнөговийн айл бөгөөд сардаа нэг удаа хот ордог ажилтай. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж, замдаа гардаг ч явах болгонд энэ зам дээр тээврийн хэрэгсэл нь эвдэрдэг. Хойшоо Төв аймаг руу, урагшаа Өмнөговийн замд ороход ингэж их эвдрээгүй байдаг тухай бидэнд учирлав. 

Жолоочийн эхнэр Б.Г /нэрээ нууцлахыг хүсэв/ "Дундговийнхон замаа засдаггүй учир бид гэлдрээд явдаг. Гэлдэрсэн ч машин эвдэрдэггүй юмаа гэхэд эд ангид дуу орчихно. Замаа засаад өгөөч гээд аймгийнх нь зарын групп дээр хэд хэдэн удаа бичсэн. Тоодог, мэддэг хүн байдаггүй бололтой харагддаг" гэлээ. 

Одоогоор машин тэрэг эвдэрч эдийн засгаараа хохирч, цаг хугацаа алддаг ч энэ хэвээр байгаад байвал хэдэн хүний алтан амь энд эрстэхийг би таашгүй гэдгийг ч гэргий нь хэлж байв.  

Дэлхийн хэмжээнд 100,000 хүн тутмын 17 нь зам тээврийн ослоор нас барж байна. Гэтэл Монгол Улсад энэ тоо 21 буюу бүс нутгийн хэмжээнд энэ төрлийн нас баралтаар дээгүүр бичигдэж байгааг Үндэсний Статистикийн Хороо танилцуулсан.  

Манай улсын хүн амын нас баралтын зонхилох шалтгааны гуравдугаарт гадны шалтгаант эмгэгүүд ордог бөгөөд үүний нэг нь зам тээврийн осол юм. 

Тэгвэл хуулийн хүрээнд улсын чанартай авто замын арчлалт, засварыг санхүүжүүлэх зориулалт бүхий "Авто замын сан"-тай. Сангийн үндсэн орлого нь улсын чанартай авто замын төлбөр авах цэгүүд бөгөөд орлогыг улсын төсөвт 100 хувь төвлөрүүлдэг байна.

Авто замын тухай хуулийн 25.1-д зааснаар

  • Импортоор оруулж байгаа автомашины онцгой албан татварын 20-оос доошгүй хувь;
  • Гадаадын зээл, тусламж, хандивын хөрөнгө;
  • Улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө;
  • Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам ашигласны төлбөр;
  • Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гаргасан, авто замын талаарх хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд ногдуулсан торгууль;
  • Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх олон улсын тээврийн хэрэгслээс авах төлбөр, хураамж;
  • Авто замын зурвас газарт холбогдох зөвшөөрлийн дагуу үйлчилгээ эрхэлсний төлбөр болон бусад гэсэн эх үүсвэрээс хөрөнгөө бүрдүүлдэг. 

Хуульд заасанчлан замын арчлалт, засварыг тухайн орон нутгийн удирдлага бус улсын төсвийн хөрөнгө болон Авто замын сангаас санхүүжүүлэх ёстой. 

Х.БАЯРТОГТОХ: Төсөв мөнгө хүрэлцдэггүй учир онгорхой байлгаснаас гээд шавар хийдэг

Тэгвэл тус замын засварын ажлыг 2021 оноос хойш хариуцаж буй "Дундговь авто зам” ХХК-ийн захирал Х.Баяртогтохтой холбогдож нөхцөл байдлын талаар тодрууллаа. 

Тэрбээр "Тухайн жилийн улсын төсөвт хэдэн төгрөг тусгагдсан байна түүгээр нь эвдэрч сүйдсэн замаа засдаг. Дундговийн авто замын 70 хувь ашиглалтын шаардлага хангахгүй байна гэдэг дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд нь 2021 онд гаргасан.  

Төсөв мөнгө хүрэлцдэггүй учир онгорхой байлгаснаас гээд шар шавар хийгээд явж байна" гэсэн тайлбар өгөв.

Хэдийгээр онгорхой том нүхнүүдийг шавраар бөглөж, дүүргэсэн нь энэ боловч аргацаах төдий зүйл. Хүн даацын ачаа, тээврийн хэрэгслийн дугуй эргэлтэд шар шавар нь талын нэг тарж орхидог. Хоёр, гурав хоногоос өнөөх шавраар бөглөсөн нүх нь хуучин шигээ болсон байдаг.

Дундговь авто зам” ХХК-ийн зүгээс 2023 онд эвдрэл гэмтэлтэй байгаа авто замыг засварлахад 60 орчим тэрбум төгрөг зайлшгүй шаардлагатай гэдгийг төсвийн төсөөлөлд илгээжээ.

Гэвч хэсэгчилсэн их засварын ажилд А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн замд 7.1 тэрбум төгрөг, А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн замд 3.4 тэрбум төгрөг төсөвлөсөн.

"Авто замын санд цугларсан мөнгө нь улсын хэмжээнд нийт зам засвар арчлалтад шаардлагатай хөрөнгөний 10 хувь хүрэхгүй төсвийг бүрдүүлдэг. Манай байгууллага болон орон нутгийн зүгээс зам засахад шаардагдах мөнгийг нэмэгдүүлэх хүсэлтээ байнга хүргүүлдэг. Гэсэн ч шийдэгдсэн зүйл алга" гэдгийг Х.Баяртогтох нэмж хэллээ.

Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч, жолооч, тээвэрчидтэй гуравдугаар сарын 14-нд уулзжээ.

Энэ үеэр жолооч нар “Дундговь, Дорнод аймгийн чиглэлийн замуудад үүссэн эвдрэл осол аваар гарах үндсэн шалтгаан болж байна” хэмээн учирласан байна.

Орон нутгийн зам нь "хорхойд идэгдсэн шүд" шиг болсон байхад хөдөөгийн хөгжлийг хурдасгана гэж ярихад учир дутагдалтай. Саалиа бэлдэхээс саваа бэлд гэдэг. Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр 2022 онд Дорноговь аймаг тэргүүлж, Дундговь аймаг сүүл мушгисан.  

Аливаа улс орны дэд бүтэц, тэр дундаа эрчим хүч, зам тээврийн салбарын хөгжил эдийн засгийн хөгжлийн тулгуур, цаашлаад бусад улс оронтой өрсөлдөх чадварын хэмжигдэхүүн болдог.

Үргэлж чихнээс "хонх уядаг" энэ замын засвар, арчлалтад сүүлийн таван жилийн хугацаанд нийт 8.6 тэрбум төгрөг зарцуулсан байна.

"Даац хэтрэлтийг хянаж, стандартын дагуу тээвэрлэлтийг явуулах шаардлагатай байна"

Тиймээс Зам, тээврийн хөгжлийн яамны АЗБХЗГ-ын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Ч.Сугармаагаас тодрууллаа.

-2021 онд энэхүү замын 70 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй байна гэх дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд нь гаргажээ. Үүнийг шийдвэрлэхэд ямар арга хэмжээ авав?  

-Дүгнэлтийг үндэслэн замын эвдрэлтэй хэсгүүдийг засварлахаар 2022 онд “Эм Ай Эл” ХХК-аар их засварын хэсэгчилсэн нийт 90 км авто замын зураг төслийг боловсруулсан. Батлагдсан зураг төслийн дагуу засварлахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай байгаа.

-Зам ашигласны төлбөрийг аймгийн пост дээр хураадаг бөгөөд Авто замын санд орлого нь төвлөрдөг юм байна. Хураасан төлбөрийг аймгийнхаа зам засварт ашиглах боломж бий юу?

-Улсын чанартай авто зам ашигласны хураамж нь Улсын авто замын сангийн хөрөнгө тул зөвхөн улсын чанартай авто замын засвар арчлалтад зориулах ёстой.

-Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс ашиглалтын шаардлага хангахгүй байгаа авто замыг засварлахад ямар дорвитой алхам хийх ёстой гэж харж байна?

-Замын засвар арчлалтад шинээр зам барихаас илүү анхаарах ёстой байдаг. Замын эвдрэл, хагаралд даац хэтрэлт хамгийн их үр нөлөө үзүүлдэг. Яамны зүгээс нэмж эвдрэл гаргахгүй байхад түлхүү анхаарч ажиллана.

Үүний тулд даац хэтрэлтийг хянаж, стандартын дагуу тээвэрлэлтийг явуулах шаардлагатай байна. Мөн урсгал засвар арчлалтаа тогтмол чанартай гүйцэтгүүлэх шаардлагатай байна. 

зураг
 

Ч.Сугармаа өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар мидлингийн тээвэр, экспортын нүүрсний тээвэр, орон нутаг болон уул уурхайд шаардлагатай шатахуун түлшний тээвэрлэлтийг даац хэтрүүлэн хийж байгаагаас авто замын хучилтад эвдрэл их хэмжээгээр гарч байгаа нь үнэн" гэжээ. 

Хэдийгээр даац хэтрүүлснээс болж зам эвдэрч байгаа ч нөгөө талдаа түүнийг засварлах, арчлахад гол анхаарлаа хандуулах шаардлагатай байна.

Энд онд улсын хэмжээнд 550 км хатуу хучилттай авто зам барихаар болсныг салбарын сайд нь онцолжээ. 

Авто зам шинээр барих нь зөв зүйтэй ажил мөн. Гэхдээ үүний зэрэгцээ байгаа замаа арчилж, тордох нь чухал байгааг энд онцолъё.

ФОТО:

Дундговь аймгийн нутаг дэвсгэрт хамаарах авто замын нөхцөл байдал