Зураг
Зураг
Индэр    
2023 оны 1 сарын 3
Зураг
Олон улс судлаач, эдийн засагч

БНСУ-ын Энэтхэг-Номхон далайн стратеги

Зураг

2022 оны арванхоёрдугаар сарын 28-нд БНСУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар "Эрх чөлөө, энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Энэтхэг-Номхон далайн стратеги"-ийн эцсийн хувилбарыг албан ёсоор нийтлэв.

Энэ нь Өмнөд Солонгосын Засгийн газар бүс нутгийн дипломат стратегийг бие даан боловсруулсан анхны тохиолдол бөгөөд "нийтлэг үнэт зүйлсийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх" талаар гадаад стратегидаа тодорхой тусгасан анхны тохиолдол юм.

БНСУ нь Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг эрх чөлөөтэй, энх тайван, цэцэглэн хөгжих үзэл санаагаа хэрэгжүүлэх хамтын ажиллагааны оролцоог хангасан, харилцан итгэлцсэн, харилцан ашигтай байх гурван зарчим, есөн үндсэн зорилтыг тодорхойлсон стратеги боловсруулсан байна. Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг стратегийн зорилтот бүс нутаг гэж тодорхойлж, тус бүс нутагтай иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тусгав.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар мэдэгдэхдээ, БНСУ-ын анхны иж бүрэн стратеги бөгөөд тус улс дипломат орон зайгаа өргөжүүлж, өөрийн өндөр статус, олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлттэй уялдуулан тус бүс нутагт оруулах үүрэг, хувь нэмрийг нэмэгдүүлэх амлалтыг тодорхойлсон гэсэн бөгөөд эндээс харахад, консерватив намаас гаралтай Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ерөнхийлөгч Юн Сок Ёл, түүний гадаад бодлогод томоохон өөрчлөлтүүд орсон гэж үзэж болохоор байна.

БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ким Сон Хан арванхоёрдугаар сарын 28-ны өдөр мэдээлэл хийхдээ, тавдугаар сард болсон БНСУ-ын Америкийн ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалтын дараа БНСУ-ын засгийн газар "Энэтхэг Номхон далайн стратеги"-г боловсруулж эхэлсэн байна.

Арваннэгдүгээр сард БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл БНСУ-АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтад оролцохтой холбогдуулан "Энэтхэг-Номхон далайн стратеги"-г "эрх чөлөө, энх тайван, хөгжил цэцэглэлт" гэсэн гурван том алсын хараа бүхий хамтын ажиллагаанд "оролцоог хангасан(Inclusiveness, 포용, 包容), харилцан итгэлцсэн(Trust, 신뢰, 互信), харилцан ойлголцсон(Reciprocity, 호혜, 互惠) байх" гурван зарчим дэвшүүлж байгаагаа албан ёсоор танилцуулав.

БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ким Сон Хан хэлэхдээ, БНСУ-ын "Энэтхэг Номхон далайн стратеги" нь Ерөнхийлөгч Юн Сок Ёл-ийн дэвшүүлсэн "эрх чөлөө, эв нэгдэл"-ийн үнэ цэнэ, "Энэтхэг Номхон далайн" бүс нутгийн талаарх засгийн газрын үзэл санааг нарийвчлан тусгасан, түүнчлэн "Энэтхэг Номхон далайн стратеги"-ийн хамтын ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх, БНСУ-ын үндэсний ашиг сонирхлыг дээд зэргээр хангах талаар дэлгэрэнгүй оруулсан. Өмнөх засгийн газруудын бүс нутгийн хамтын ажиллагааны үзэл баримтлалаас ялгаатай нь энэхүү стратеги зөвхөн Солонгосын хойг, Зүүн хойд Азийн асуудал, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаар хязгаарлагдахгүй, хоёр тал, бүс нутаг, глобал асуудлаар идэвхтэй түншлэл хамтын ажиллагаа өрнүүлэхээр тусгасан байна.

Мөн өнгөрсөн жилүүдэд ДХБ, НҮБ-ын салбар агентлагуудад БНСУ хөгжиж буй орны статусгүй больж хөгжингүй орны статустай болсноор тус улс илүү бүс нутгийн болон глобал асуудалд анхаарал тавьж, үүрэг хариуцлага хүлээх, бусад улс орнуудтай хөгжлийн хамтын ажиллагааг өрнүүлэхээр ажиллаж байна гэж үзэж байна. Ерөнхийлөгч Юн Сок Ёл БНСУ-г глобал түшиц улс(Англиар Global Pivotal State, Солонгосоор 글로벌 중추국가) болгох, улсын нэр хүндээ өсгөх зорилт тавьсан ч мөн хөгжингүй орны статустай болсонтой холбоотой гэж харж болохоор байна.

37 хуудас бүхий "Эрх чөлөө, энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Энэтхэг-Номхон далайн стратеги" энэхүү баримт бичигт БНСУ-ын тал нэг талаас Хятад улстай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэж, нөгөө талаас "нийтлэг үнэт зүйл" бүхий улс орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэжээ.

зураг
 

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин Сөүл дэх ГХЯ-ны байранд Энэтхэг Номхон далайн стратегийн талаар мэдээлэл хийж, үндсэн илтгэлдээ Энэтхэг-Номхон далайн стратегийн есөн тэргүүлэх чиглэлийг дараах байдлаар тодорхойлсон.

Нэгдүгээрт, бүс нутагт хууль дүрэм олон улсын эрх зүйд суурилсан дэг журмыг бий болгох: үүнд БНСУ улс орнуудтай дэлхийн өргөн хүрээний асуудлаар иж бүрэн хамтын ажиллагаанд орно. Ингэснээр БНСУ Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны глобал түшиц улс(Англиар Global Pivotal State, Солонгосоор 글로벌 중추국가) болох зорилготой.

Хоёрдугаарт, хууль дээдлэх ёс ба хүний эрхийг дэмжих: Солонгосын ардчилал, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд эдгээр үнэт зүйлсийг бүс нутагтаа түгээн дэлгэрүүлэхийн төлөө тууштай байна.

Гуравдугаарт, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, терроризмын эсрэг хүчин чармайлтыг бэхжүүлэх: НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэхийг баталгаажуулж, бүс нутагт цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх хэм хэмжээг бэхжүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулахад голлон анхаарлаа хандуулна.

Дөрөвдүгээрт, аюулгүй байдлын иж бүрэн хамтын ажиллагааг өргөжүүлэх: далайн аюулгүй байдал, түүнчлэн кибер, эрүүл мэнд болон бусад уламжлалт бус салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх нь энэхүү хүчин чармайлтын гол цөм байх болно.

Тавдугаарт, эдийн засгийн аюулгүй байдлын сүлжээг бий болгох: зорилго нь Энэтхэг-Номхон далайн бүс нутагт чөлөөт худалдаа, олон улсын эрх зүй дүрэмд суурилсан эдийн засгийн дэг журмыг дэмжихийн зэрэгцээ тогтвортой, уян хатан нийлүүлэлтийн гинжин хэлхээний менежментийг хангах явдал юм.

Зургаадугаарт, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг бэхжүүлж, дижитал хөгжлийн зөрүүг арилгах: Солонгос хагас дамжуулагч, хиймэл оюун ухаан, квант шинжлэх ухаан, дэвшилтэт биологи, дараагийн үеийн харилцаа холбоо, сансар огторгуй зэрэг салбарт бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжинэ.

Долдугаарт, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдлын чиглэлээр хамтын ажиллагааг манлайлах: Үүнд нүүрстөрөгчийг ангижруулах, устөрөгчийн эдийн засгийг бий болгохын тулд цэвэр эрчим хүчний хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутгийн эрчим хүчний зах зээлийг тогтворжуулах хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг орно.

Наймдугаарт, тусгайлан боловсруулсан хөгжлийн түншлэлийг бий болгох: Зөвхөн түнш засгийн газруудтай төдийгүй олон улсын байгууллага, бизнес, эрдэм шинжилгээ, иргэний нийгэм болон бусад хувийн хэвшлийн түншүүдтэй хамтран ажиллах болно.

Есдүгээрт, харилцан ойлголцол, солилцоог дэмжих: Энэ нь эрүүл, төлөвшсөн харилцааны үндэс болсон хойч үедээ хамаатай. Соёлын солилцоогоор дамжуулан бид хүүхэд залуучуудыг илүү сайн холбож, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт түүхийн нийтлэг ойлголтыг хөгжүүлэх болно.

Монгол ба Энэтхэг - Номхон далайн стратеги

АНУ-ын “Энэтхэг Номхон далайн стратеги” дахь Монгол Улсын эзлэх байр суурь талаас харвал, 2019 оны зургаадугаар сард АНУ Батлан хамгаалах яамны нэрээр "Энэтхэг-Номхон далайн стратеги" баримт бичгийг анх удаа гаргасан. "Түншлэл" бүлэгт Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь холбоотнууд болон түнш орнуудын харилцааг нэг нэгээр нь тайлбарласан байдаг. Эдгээрийн дотроос "Монгол Улс(Mongolia)" гэдэг түлхүүр үгээр хайхад энэхүү баримт бичигт 17 удаа гарч байгаа бөгөөд холбогдох агуулгыг гурван зүйлд нэгтгэн дүгнэж харж болохоор байна.

Нэгдүгээрт, АНУ-ын Монгол Улстай харилцах харилцаа нь "дэлхий даяар эрх чөлөө, ардчилал, хүний эрх, эдийн засгийн нээлттэй байдлыг дэмжих, хамгаалах нийтлэг үнэт зүйл, стратегийн ашиг сонирхолд суурилсан";

Хоёрдугаарт, Монгол Улс НҮБ-ын Африк дахь энхийг сахиулах үйл ажиллагаа, Афганистанд эвслийн хүчинд дэмжлэг үзүүлэн зэвсэгт хүчнээ илгээсэн зэргээс харвал “энхийг сахиулах түнш улс” гэж хэлж болно.

Гуравдугаарт, БНАСАУ-ын цөмийн асуудал, пуужингийн хөтөлбөртэй холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс тавьсан хориг арга хэмжээг Монгол Улс тасралтгүй хэрэгжүүлж, бүс нутгийн хамтын ажиллагаа, олон талт механизмыг дэмжиж байгаа нь “бүс нутгийн тогтвортой байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг”.

Үүний үндсэн дээр АНУ-ын “Энэтхэг Номхон далайн стратеги”-д Монгол Улсын байр суурийг нийтлэг үнэт зүйлсийн холбоотон, энхийг сахиулах үйлс дэх түншүүд, бүс нутгийн аюулгүй байдлыг хамтран бүтээгчид гэсэн гурван талаас нь авч үзэж болохоор байгаа юм. Мөн 2022 оны хоёрдугаар сард АНУ-ын Цагаан ордон АНУ-ын Энэтхэг-Номхон далайн стратегийг зарласан. Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн стратегийн анхны баримт бичигт АНУ бүс нутгийн томоохон түншүүдтэйгээ харилцаагаа үргэлжлүүлэн бэхжүүлнэ гэж мэдэгдсэн бөгөөд Монгол Улс баримт бичигт дурдсан улсуудын эгнээнд багтсан.

2021 оны есдүгээр сард, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй дээд түвшний цахим уулзалт хийж, хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэхээр тохиролцсон байдаг. Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалд

  1. улс төр, аюулгүй байдал;
  2. худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг;
  3. боловсрол, шинжлэх ухаан технологи, байгаль орчин, эрүүл мэнд;
  4. соёл, аялал жуулчлал, иргэдийн харилцаа;
  5. бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа гэсэн 5 тулгуур чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэхээр тогтов.

Зүүн хойд Азийн аюулгүй байдал, энх тайвны төлөөх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг БНСУ стратегийн түншлэлийн мэдэгдэлд дэмжихээ мөн илэрхийлсэн байдаг.

БНСУ-ын Энэтхэг Номхон Далайн стратегийн баримт бичигт, “Стратегийн түнш Монгол Улстай Зүүн хойд Азийн эрх чөлөө, энх тайван, хөгжил цэцэглэлтийг хэрэгжүүлэхэд ашигт малтмалын нөөц, хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлээр цаашид ч харилцан ашигтай хамтран ажиллахаар төлөвлөж байна” гэжээ. Эндээс харвал, хоёр орны стратегийн харилцаа хөгжүүлснийг онцолж байгаа бөгөөд хамтарч ажиллаж болох уул уурхай, олборлолтын чиглэлээр болон хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлээр харилцаа ирэх жилүүдэд гүнзгийрүүлэхээр байна. 2022 оны наймдугаар сард Монгол Улсад айлчлах үеэр БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин “Монгол Улс нь Зүүн Хойд Азийн стратегийн түшиц төдийгүй ардчилсан үнэт зүйлс, хүний эрх зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий орон юм” гэж үнэлж байсан нь тус баримт бичигт туссан бололтой.

2022 оны арванхоёрдугаар сард бүс нутгийн орнуудын дараалан гаргасан стратегийн баримт бичгүүдэд, Япон улсын баримт бичгүүдэд Монгол Улстай батлан хамгаалах, аюулгүй байдал стратегийн чиглэлд хамтын ажиллагаа эрчимжүүлэхээр тусгасан бол БНСУ харин ялгаатай нь Монгол Улстай стратеги түншлэл, худалдаа эдийн засаг уул уурхай болон хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлээр харилцааг хөгжүүлэхээр тусгажээ.

Япон, Хятад, Америк болон бусад

Тус баримт бичигт “Бид хамгийн ойрын хөрш Япон улстай хамтын ашиг сонирхол, үнэт зүйлд нийцсэн ирээдүйд чиглэсэн хамтын ажиллагааны харилцааг баримтална. Япон улстай харилцаагаа сайжруулах нь бүх нийтийн үнэт зүйлсийг хуваалцдаг бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаа, эв нэгдлийн чухал элемент бөгөөд харилцан итгэлцлийг сэргээж, харилцааг хөгжүүлэхийн тулд дипломат хүчин чармайлт гаргаж байна” гэв.

Мөн хамгийн сүүлд 2019 онд болсон Өмнөд Солонгос, Япон, Хятад гурван улсын дээд хэмжээний уулзалтыг дахин эхлүүлэхийг уриалсан байна. Энэ нь Ерөнхийлөгч Юн Сок Ёл албан тушаалдаа очихоосоо өмнө хөршүүдтэйгээ харилцаагаа сайжруулахыг эрмэлзэж байсан гэсэн санааг илэрхийлжээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард гарсан Японы Аюулгүй Байдлын Стратеги дээр хоёр талын маргаантай арлуудын талаар орсон нь энэ хоёр орны харилцааг хүйтрүүлж буй хэдий ч Америк оролцсон гурван талт уулзалтууд дээр талууд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэхээ мэдэгдсэн.

зураг
 

Мөн “Хятад улс Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хөгжил цэцэглэлт, энх тайвныг тогтоох хамтын ажиллагааны томоохон орон болохын зэрэгцээ олон улсын хэм хэмжээ, олон улсын эрх зүй хууль дүрэм журмын дагуу харилцан хүндэтгэж, харилцан ашигтай байх үндсэн дээр хамтын ашиг сонирхлыг баримталж, Солонгос Хятадын харилцаа илүү эрүүл, төлөвшсөн байх болно” гэжээ. Тус баримт бичигт Хятадыг бараг дурдаагүй бөгөөд зарим талаар илүү болгоомжилсон байдлаар Хятадтай харилцах харилцааг бичсэн байна.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин арванхоёрдугаар сарын 28-ны өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр БНСУ-ын Энэтхэг Номхон далайн стратегийн тайланд хариулахдаа, "Бид Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр холбогдох мэдээллүүдийг анзаарсан. Бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил, хөгжил цэцэглэлтийг сахин хамгаалахын тулд улс орнууд нэгдэж, гадуурхсан “жижиг бүлэг хүрээлэл” үүсгэхийн эсрэг тэмцэх ёстой гэж Хятад улс үзэж байна. Энэ нь бүс нутгийн орнуудын нийтлэг ашиг сонирхолд нийцэж байгаа юм. БНСУ, БНХАУ хоёр орны харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил, хөгжил цэцэглэлтэд хамтдаа хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" гэв.

Эндээс харвал, Бээжин "жижиг бүлэг хүрээлэл" гэж нэрлээд байгаа зүйлийнхээ талаар сөрөг байр суурьтай байгаагаа дахин нотолсон бөгөөд энэ нь АНУ, Япон, Австрали, Энэтхэгийг хамарсан QUAD(Дөрвөн талт аюулгүй байдлын яриа хэлэлцээ), БНСУ, АНУ, Японы аюулгүй байдлын түншлэлийг тодорхойлохдоо байнга ашигладаг илэрхийлэл юм. Сөүл Энэтхэг-Номхон далайн стратегидаа Бээжингийн үзэж буйгаар тус бүс нутаг дахь өөрийн нөлөөг эсэргүүцэх зорилготой гэж үзсэн QUAD(Дөрвөн талт аюулгүй байдлын яриа хэлэлцээ) дэмжихээ тодорхой илэрхийлсэн байна.

АНУ мөн стратегийн тайланг сайшаан хүлээн авчээ. АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан арванхоёрдугаар сарын 28-ны өдөр мэдэгдэл хийж, "Энэ нь олон улсын энх тайван, аюулгүй байдал, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх үйлсийг дэмжих бидний хамтын чадварыг бэхжүүлэх болно" гэжээ.

БНСУ-ын Энэтхэг-Номхон далайн стратегийн агуулга, ач холбогдол

Өмнөд Солонгосын Энэтхэг-Номхон далайн стратеги нь ирээдүйд Ерөнхийлөгч Ерөнхийлөгч Юн Сок Ёл-ийн засаг захиргааны гадаад бодлогын өнгө аясыг, ялангуяа Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны бодлогын үндсийг тодорхойлох бөгөөд энэ нь маш чухал ач холбогдолтой юм. Стратегийн үр дагавар дараах байдалтай байна гэж харж байна.

Бүс нутгийн иж бүрэн стратегийг урагшлуулан хөгжүүлэх

Ерөнхийлөгч Юн Сок Ёл стратегийн алсын хараа нь БНСУ дэлхийн эдийн засгийн хамгийн эрч хүчтэй, өндөр өсөлттэй Энэтхэг Номхон далайн бүс нутагт бүхэлд нь чиглэсэн "бүс нутгийн стратеги"-ийг урагшлуулан хөгжүүлэх бөгөөд Өмнөд Солонгосын гадаад бодлого стратегид гарсан хамгийн том чухал өөрчлөлт нь энэ юм. Энэтхэг Номхон далайн стратегийн бүс нутгийн иж бүрэн стратегийн хувьд хоёр утга агуулгатай.

Нэгдүгээрт, Өмнөд Солонгосын бүс нутгийн хамтын ажиллагааны газарзүйн цар хүрээг Энэтхэг-Номхон далайн бүс нутаг болгон өргөжүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, БНСУ өнгөрсөн хугацаанд Зүүн өмнөд Ази эсвэл АСЕАН-ы бодлогод анхаарлаа хандуулдаг байсан бол энэ удаад илүү томоор Энэтхэг Номхон далайн бүс нутгийн томоохон орнууд болон бүс нутгийн гол түнш орнуудтай хамтын ажиллагаа өрнүүлэхээр өөрчлөгдсөн байна.

Хоёрдугаарт, бүс нутгийн иж бүрэн стратеги нь хамтын ажиллагааны чиглэл салбарыг өргөжүүлэхийг багтаасан бөгөөд өмнө нь байсан эдийн засаг, худалдаа төвтэй хамтын ажиллагаа дээр нэмээд далайн аюулгүй байдал, бүс нутгийн дэг журмыг өөрчлөх болон бусад аюулгүй байдал, стратегийн салбарт өргөжин хөгжүүлэхээр болов.

Олон улсын эрх зүй хууль дүрэмд суурилсан дэг журмыг тодорхой болгох

Энэтхэг-Номхон далайн стратегийн үндсэн агуулгын хамгийн чухал хэсэг нь Өмнөд Солонгос цаашид Энэтхэг-Номхон далайн бүс нутагт "нийтлэг үнэт зүйлд суурилсан олон улсын эрх зүй хууль дүрэмд суурилсан дэг журам"-ыг бэхжүүлэхээр болов.

Нэгдүгээрт, БНСУ олон улсын хамтын нийгэмлэгээс хүсэж буй бүс нутгийн дэг журамтай алсын харааг тодорхой илэрхийлсэн.

Хоёрдугаарт, нийтлэг үнэт зүйлс, дүрэм журам, дэг журмыг бэхжүүлэх нь Энэтхэг-Номхон далайн стратегийн гол өнгө аяс болгон БНСУ-ын олон улсын хамтын нийгэмлэг дэх байр суурь, гадаад бодлогын онцлогийг тодорхой болгов.

Гуравдугаарт, Ерөнхийлөгч Юн Сок Ёлын засаг захиргаа нийтлэг үнэт зүйлс, стратегийн ашиг сонирхлыг хуваалцдаг хууль дүрэм, дэг журамтай улс орнууд, өөрөөр хэлбэл үзэл бодол ойролцоо, найрсаг улс орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэдгээ тодорхой илэрхийлэв.

Дөрөвдүгээрт, Ерөнхийлөгч Юн Сок Ёлын зарласан Энэтхэг-Номхон далайн стратегийн өөр нэг чухал зүйл бол Өмнөд Солонгос шинэ тутам "дэлхийн хөгжингүй оронд олон улсын өмнө хүлээх үүрэг хариуцлага, хувь нэмрийн дипломат харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгч байна.

АСЕАН-ыг чухалчлан үзсэний үндсэн дээр аюулгүй байдлын хамтын ажиллагаа, стратегийн зохицуулалтыг бэхжүүлэх

БНСУ Энэтхэг-Номхон далайн стратегийн солонгос хувилбараар дамжуулан Өмнөд Солонгосын АСЕАН-ы талаар баримтлах бодлого илүү тодорхой боллоо.

Нэгдүгээрт, Ирээдүйд Өмнөд Солонгосын АСЕАН-ы бодлого нь Энэтхэг Номхон далайн стратегийн (дэд хэсэг) нэг хэсэг байх бөгөөд "Солонгос-АСЕАН эв санааны нэгдлийн санаачлага, солонгосоор 한·아세안 연대구상'(KASI)"-аар дамжуулан АСЕАН-ы талаархи үндсэн бодлогыг үргэлжлүүлэн чухалчилна.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгч Юн Сок Ёлын засаг захиргааны "Солонгос-АСЕАН эв санааны нэгдлийн санаачилга, солонгосоор 한·아세안 연대구상'(KASI)" нь АСЕАН-тай стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлж, Мүүн болон бусад өмнөх засгийн газраасаа илүү АСЕАН-тай бодлогоо нягт уялдуулахаар болов.

Гуравт, Өмнөд Солонгосын АСЕАН-ы стратегийн ойлголт өөрчлөгдсөнтэй холбогдуулан Өмнөд Солонгос болон АСЕАН-ы аюулгүй байдлын болон стратегийн хамтын ажиллагаа нь ирээдүйд Өмнөд Солонгосын АСЕАН-ы бодлогын шинэ гол салбар болох төлөвтэй байна.

Төгсгөлд нь,

БНСУ-ын бие даасан гадаад стратегийн хувьд, Энэтхэг Номхон далайн стратегийг гаргасан нь Өмнөд Солонгос бүс нутгийн иж бүрэн стратегийн төлөвлөгөөг боловсруулж, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Юн Сок Ёл-ын засгийн газрын дэвшүүлсэн "глобал түшиц улс(Англиар Global Pivotal State, Солонгосоор 글로벌 중추국가)" гэсэн стратегийн алсын харааг хэрэгжүүлж байгаагийн нэг илрэл гэж харагдав.

Өмнөд Солонгос Энэтхэг Номхон далайн стратегийг урагшлуулан хөгжүүлэхэд эрсдэл, сорилтуудтай тулгарах болно. Эдгээр сорилт, эрсдэлийг хэрхэн даван туулах нь Энэтхэг Номхон далайн стратеги амжилттай хэрэгжих эсэхэд чухал юм.

Нэгдүгээрт, Хятадтай харилцаагаа хэрхэн зохицуулах, хөгжүүлэх нь Өмнөд Солонгосын хувьд Энэтхэг-Номхон далайн стратегийг урагшлуулан хөгжүүлэхэд хамгийн том стратегийн сорилт болж магадгүй юм. Геополитикийн орчныг харгалзан үзвэл Хятад улс Өмнөд Солонгосын Энэтхэг-Номхон далайн стратегийг “АНУ руу хазайсан” гэж үзэж магадгүй. Тиймээс цаашдаа Хятадын нөлөөгөөр Хятад, БНСУ харилцаа муудах хандлагатай байна. БНСУ засгийн газар Хятадтай худалдаа эдийн засгийн нягт харилцаатай ба дипломат харилцаагаа зохицуулах нь Өмнөд Солонгосын Энэтхэг-Номхон далайн стратегийн хамгийн том сорилт байх болно.

Хоёрдугаарт, БНСУ-ын засгийн газар Энэтхэг Номхон далайн стратегийг үр дүнтэй урагшлуулан хөгжүүлж, холбогдох бодлогын хүрээнд АНУ-тай үр дүнтэй хамтран ажиллах. Энэтхэг Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн аюулгүй байдал, уламжлалт аюулгүй байдлын салбарт Өмнөд Солонгос илүү их үүрэг хариуцлагаа хуваалцаж чадна гэж АНУ найдаж байна. АНУ-ын хүлээлтийг хэрхэн хангах нь бас чухал асуудал юм.

Гуравдугаарт, Энэтхэг-Номхон далайн стратегийн үүднээс Өмнөд Солонгос бүс нутгийн хамтын ажиллагаа нь илүү өргөн хүрээнд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн боловч бүс нутгийн зарим эмзэг асуудлаар ямар тодорхой байр суурь, бодлого баримтлах нь шинэ тутам “Глобал түшиц улс” болох “амбиц”-тай БНСУ-ын хувьд шинэ сорилт болохоор харагдаж байна.

Дөрөвдүгээрт, Монгол Улс БНСУ-ын Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн өөрсдийн стратегийн баримт бичиг гаргаснаас суралцаж өөрсдийн бие даасан Энэтхэг Номхон далайн стратеги, АСЕАН-тай тухайлсан бүс нутгийн стратегийн бодлогын баримт бичиг боловсруулахад ашиглах бололцоотой. Ялангуяа ардчилал, хүний эрх гэх мэт хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг тусгаж стратеги хөгжлийн хамтын ажиллагааг иж бүрнээр өрнүүлэн хөгжүүлэх, дипломат болон аюулгүй байдлын орчноо өргөжүүлэн тэлэх, үндэсний эрх ашгаа дээд зэргээр хангах талаар тус стратегид тусгасан нь илүү ач холбогдолтой, үнэ цэнтэй болсон байна.