Зураг
Зураг
Индэр    
2022 оны 12 сарын 22
Зураг
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ

"Орон сууц зээлээр худалдах-худалдан авах" гэрээ хийчхээд давхар байраа бусдад худалдан Эрүүгийн хуулиар шүүгдэгч нэг жил хорих ял авсан нь

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.М-г 2015 оны арвахоёрдугаар сарын 20-ны өдөр “Орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан иргэн Д.З-д 50,000,000 төгрөгөөр урьдчилгаа 20,000,000 төгрөг авч худалдсан боловч гэрээний дагуу иргэн Д.З нь үлдэгдэл төлбөрөө төлсөөр байгааг мэдсээр байж уг орон сууцыг 2016 оны 12 сарын 22-ны өдөр бусдад барьцаалан зээл авч, зээлийн төлбөрт дээрх орон сууцыг зээлдүүлэгч Ц.Г-н нэр дээр 2018 оны 12 сарын 28-ны өдөр шилжүүлэн Д.З-г хуурч 42,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ:

Би 2014 онд ............ констракшнд компанид будаг нийлүүлж, 87,000,000 төгрөгийн төлбөрт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд баригдсан байрнаас 3 өрөө байрыг бартерт тооцож авсан. Уг байраа Д.З-д  50,000,000 төгрөгөөр зарахаар тохирч, урьдчилгаа 20,000,000 төгрөгийг бэлнээр, үлдсэн 30,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаанд хүүгүй зарахаар тохирч гэрээ байгуулсан.

Миний будаг оруулж ирдэг бизнес муу болж, жижиг дунд үйлдвэрлэлийн санд ₮2 тэрбумын зээлийн хүсэлт өгсөн боловч хүлээгдээд, шийдэгдэхгүй байсан. Би 2016 оноос жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл хүссэн учир бүтчих байх гэж бодоод “Эко капитал” банк бус санхүүгийн байгууллагаас 60 сая төгрөгийн зээл авсан байсан. Энэ хооронд миний санхүүгийн асуудал улам хүндэрч, банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл нэхэгдсэн.

Тухайн үеэс хувь лизинг өгдөг хүмүүс байдаг гэдгийг мэдсэн. Ингээд Д.З д худалдсан орон сууцыг Ц.Г гэх хүнд барьцаалж, 80,000,000 төгрөгийн зээл авсан. Энэ хугацаанд жижиг дунд үйлдвэрийн сангаас хүссэн зээл бүтнэ гэж бодож явсан боловч бүтээгүй, надад зээл өгсөн Ц.Г гэдэг хүн 80,000,000 төгрөгийн зээлийг нэхэмжилж шүүхэд хандсан. Бид эвлэрүүлэн зуучлахаар орж, би зээл, зээлийн хүүд 123,000,000 төгрөг төлөхөөр тохирч, шүүхийн шийдвэр гарч, Д.З д худалдсан байсан орон сууцыг Ц.Г-н нэр дээр 2018 оны 12 сарын 21-ний өдөр шилжүүлж өгсөн. Гэрээний дагуу бол 2016 оны 12 сарын 31-ний өдөр дуусах байсан, Д.З-д худалдсан байр гэдгээ мэдэж байсан боловч 2016 оны 12 сарын 21-ний өдөр Ц.Г-д барьцаалж зээл авсан нь үнэн. Тус орон сууцыг Ц.Г-н төлбөрт шилжүүлснийг Д.З-д хэлээгүй. Би хохирлыг төлөхөө илэрхийлж байна. Хохирлыг нь төлөх гээд төлж чадахгүй байна.

Хохирогч Д.З мэдүүлэхдээ:

2015 оны 12 сарын 20-ны өдөр unegui.mn сайтад орон сууц худалдана гэсэн зарын дагуу ярьж, уулзсан. Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо 32-64 тоот 53.4 мкв бүхий 3 өрөө орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдан авах гэрээг Б.М тай байгуулж, гэрээндээ урьдчилгаа 20,000,000 төгрөгийг өгөөд, үлдэх 30,000,000 төгрөгийн төлбөрийг нэг жилийн хугацаанд сар болгоны 28-ны өдөр 2,500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Ингээд 2016 оны 01 сараас эхлэн 2016 оны 12 сар хүртэл сар бүр төлбөрөө төлсөн. 2016 оны 12 сарын 26-ны өдрийг хэтрүүлэхгүй, бушуухан төлье гээд төлж яваад үлдэгдэл 7,500,000 төгрөг үлдэхээр нь 2016 оны 9 сард Б.М тай уулзсан.

7,500,000 төгрөгийг төлөөд байраа нэр дээрээ авъя гэсэн. Тэгэхэд Б.М “Би “Жайка”-ийн төсөл хэрэгжүүлж байгаа, миний нэр дээр үл хөдлөх хөрөнгийн бүртгэл байх хэрэгтэй байна, эгч нь 2016 оны 12 сард буюу хугацаандаа өгье, байрыг чинь шилжүүлж өгье” гэхээр нь зөвшөөрсөн. Ингээд 2016 оны 12 сард Б.М руу ярьж орон сууцны үлдэх төлбөрийг төлөөд, байрны бичиг баримтыг өөрөө дээрээ авъя гэхэд тэр “түр хүлээж байгаач, эгчийнх нь ажил болохгүй байна” гэхээр нь хүлээсэн. Улмаар Б.М утсаа авахаа больж, алга болсон. Ажлын газар дээр нь яваад очтол компани нь татан буугдсан гэсэн. Дараа нь би гэрийн хаягаар нь хайж Гандангийн цагаан байранд нь очиход Б.М-ийн ээж нь байсан. Намайг юун хүн бэ гэхээр нь “Б.М-аас би байр худалдан авсан юм, байрны гэрчилгээгээ авах гэсэн юм, та нэг хэлээд өгөөч, эсхүл цагдаад хандана гэж” хэлсэн. Тэгтэл орой нь Б.М над руу утсаар яриад  миний ажил болохгүй байна, одоо 2-3 сар хүлээж байгаач гэхээр нь би хүлээсэн. Хүлээсээр 3-4 сар өнгөрч байна. Би одоо 42,500,000 төгрөг нэхэмжилнэ. Эсхүл байрны гэрчилгээгээ авах хүсэлтэй байна гэв.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.М-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн Шүүгдэгч Б.М нь хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүхээс шүүгдэгч Б.М-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, анх  удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг нь харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

(Энэхүү шүүхийн шийдвэрийн агуулгыг товчлон бичсэн болно)

Эх сурвалж: shuukh.mn

зураг