“Би угийн дуугүй хүн” гэдэг үгийг эрэгтэйчүүдийн амнаас сонсох нь олонтаа. 10 жил, их сургуулийн үеүдэд аливаа нөхцөл байдалд өөрийгөө илэрхийлэх бус, чимээгүй байх сонголтыг хийсээр ажил хөдөлмөрийн талбарт гарч, гэр бүл зохиосон байх нь эрэгтэй хүмүүсийн хувьд түгээмэл байдаг.
НЭГ. Та төрөлхийн Дотогшоо төрлийн хүн (Introvert) байж болно
Танд ганцаараа байх нь илүү амар тайван байдлыг мэдрүүлдэг бол та төрөлхийн дотогшоо хүн байх талтай. Олон нийтийн 25-40% нь дотогшоо төрлийн хүмүүс байдаг. Хүүхэд байхаасаа олон нийттэй харилцах нь хичээл зүтгэл шаардсан ажил байсан бол та багаасаа ганцаараа байх, чимээгүй байх орон зайг эрэлхийлдэг байсан байж болох юм.
ХОЁР. Та багаасаа түгшүүр өндөртэй байсан. Хэрвээ та түгшүүр айдсын мэдрэмж өндөртэй байсан бол өөрийгөө илэрхийлэх нь таны хамгийн айдастай үйлдэл байж болох юм. Хамгийн айдаг зүйлээсээ зугтаах нь биднээс гарах шууд хариу үйлдэл байдаг. Түгшүүр өндөртэй үед харилцааны ур чадварыг хөгжүүлэх боломжуудыг бага ашигласан байх талтай.
ГУРАВ. Та дуугүй байх нь шаардлагыг бага наснаасаа сонссон
Өөрийн талаар нээлттэй ярих нь өөрийгөө таньж мэдэх хамгийн суурь нөхцөл болдог. Гэтэл насанд хүрсэн хүмүүс бага насны хүүхдүүд, өсвөр насны хүүхдүүдэд "чимээгүй байх" үүрэг даалгавар өгөх, бага ярих шаардлага тавьсаар ирсэн. Энэ нь хүүхдүүд өөртэйгөө танилцах, өөрийн онцлогийг ойлгох, өөрийн үзэл бодлыг хөгжүүлэх, өөрийн хүсэл сонирхлыг илэрхийлэх, санал зөрөлдсөн зүйлс дээр нээлттэй ярилцлага өрнүүлэх зэрэг харилцааны олон ур чадваруудыг хөгжих боломжийг хаадаг. Үр дүнд нь насанд хүрсэн үедээ эрэгтэй хүн өөрийгөө хэрхэн өөрчлөгдөж байгаагаа мэдэх боломж буурна. Нөгөөтэйгүүр харилцааны явцад чимээгүй байх сонголтыг автоматаар хийгээд сурсан байх талтай юм.
ДӨРӨВ. Таны эцэг эхийн “хүүхэд хүмүүжлийн загвар” нөлөөлсөн байх талтай
Хүүхэд хүмүүжлийн 4 үндсэн загвар бий. Нөлөөтэй, Захиргаадалтын, Хүлцэнгүй, Хайхрамжгүй зэрэг хүмүүжлийн загвараас дараах 2 хүмүүжлийн загвар нь биднийг чимээгүй болоход хүчтэй нөлөөлдөг.
Захиргаадалтын эцэг эхийн хүүхэд бол байнгын өндөр шаардлагад өссөн, ууртай чимээгүй зан төлөвтэй болсон байх талтай. Хамгийн эхэнд илэрдэг сэтгэлийн хөдөлгөөн нь уур бухимдал бөгөөд өөрт юу таалагдахгүй байгааг сайн мэддэг ч илэрхийлж чадахгүй байхыг хэлнэ. Эдгээр эцэг эхчүүд нь хүүхдүүдээ өөрсдийн үгээр өсгөдөг тул хүүхэд эцэг эхээсээ айх, өөрөөсөө илүү эрх мэдэлтэй хүмүүсээс айх, өөрийн гэсэн шийдвэр гаргах чадвар султай өсөх талтай. Насанд хүрсэн харилцааны үед чимээгүй байх, уураа илэрхийлж чадахгүй байх, өөрийгөө илэрхийлбэл бусдыг гомдоох вий гэсэн айдастай болсон байх нь элбэг.
Хайхрамжгүй эцэг эхийн хүүхэд бол та сэтгэлийн хөдөлгөөн маш тогтвортой байх бөгөөд худлаа ярих, асуудлыг аргалах, зугтах, буруугаа хүлээхгүй байх зэргээр аль болох анхаарлын төвөөс хол байхыг оролддог. Таны харилцааны үндсэн сэтгэлийн хөдөлгөөн айдас, түгшүүр бөгөөд ойлгомжгүй нөхцөл байдал үүсэхэд өөр төрлийн асуудал үүсгэж тухайн нөхцөл байдлаас гарах оролдлого хийдэг байх талтай. Эдгээр эцэг эхчүүд нь хүүхдийнхээ амьдралд оролцоогүй өсгөсөн байдаг. Тиймээс хүүхдүүд эцэг эхээс дэмжлэг ирнэ гэж хүлээдэггүй, хөндий болон өссөн байдаг нь өөрийгөө илэрхийлэхгүй байх шалтгаан болдог.
ТАВ. Хэрвээ та их хэмжээний санхүүгийн асуудалтай байгаа бол
Санхүүгийн тогтвортой байдал нь бидний сэтгэл санааны тогтвортой байдалд ихээхэн нөлөөтэй. Санхүүгийн хувьд тогтворгүй болох, орлого буурах, зардал нэмэгдэх, цаашлаад өрөнд орох нь сэтгэл санаа тогтворгүй болох бодит шалтгаанууд юм. Санхүүгийн хүндрэл нь өөртөө итгэх итгэлийг бууруулна, уламжлалт соёлын хувьд гэр бүлээ тэтгэх үүргийг гүйцэтгэхгүй байгаа мэт санагдана, бусадтай харьцуулагдана, амжилтын мэдрэмж буурна, цаашлаад ирээдүйн төсөөлөл өөрчлөгдөж эхэлдэг. Өөрийгөө илэрхийлэх хүсэл сонирхол буурч эхэлнэ. Үүн дээр мөрийтэй тоглох, хүнд мөнгө зээлээд эргүүлэн авч чадахгүй байх, их хэмжээний өрөнд орох зэрэг нь урт хугацаанд санхүүгийн хувьд илэн далангүй харилцааг үгүй хийдэг тул санхүүгийн тогтвортой байдлыг урт хугацаанд төлөвлөх хэрэгтэй юм.
ЗУРГАА. Хэрвээ та гэр бүлийн хүчирхийлэлд амьдардаг бол таны өөрийгөө илэрхийлэх ур чадвар алдагдсан байх талтай
Гэр бүлийн хүчирхийлэл нь хүйс хамаарахгүй, нас хамаарахгүй, нийгмийн статус хамаарахгүй, санхүүгийн нөхцөл хамаарахгүй, боловсрол хамаарахгүй, шашин шүтлэг хамаарахгүй үйлдэгдэх боломжтой үйлдэл юм. Гэр бүлийн хүчирхийлэлд байгаа эрэгтэй хүнд дараах шинж тэмдгүүд үүссэн байдаг:
ДОЛОО. Хэрвээ та согтууруулах зүйлсийг хэтрүүлэн хэрэглэдэг бол:
Энэ тохиолдолд таны асуудлыг шийдвэрлэх үндсэн арга нь согтуурах болсон байх эрсдэлтэй. Согтууруулах шингэн зүйлс нь хүний тархины үйл ажиллагааны олон хэсгийг хүчтэй гэмтээдэг. Эдгээрийн дотор бодит нөхцөл байдлыг ойлгох, өөрийгөө өөрчлөх, ирээдүйн төсөөллийг бий болгох, өөдрөг байх, бусдыг ойлгох, аливаа нөхцөл байдалд дасан зохицох зэрэг чадварууд буурахаас гадна өөрийгөө илэрхийлэх ур чадвар урт хугацаандаа байхгүй болох юм.
НАЙМ. Хэрвээ та сэтгэл гутралын үеүдээр дамжин өнгөрч байгаа бол
Хэрвээ таны сэтгэл гутарч байгаа бол өөрийгөө илэрхийлэх нь хүнд хүчир даалгавар болж хувирдаг. Сэтгэл гутралын үеүдэд ирээдүйн төсөөлөл тодорхой бус байдаг тул дотны хүмүүстэй ирээдүйн талаар ярилцах нь хамгийн айдастай үйлдэл болж хувирдаг. Энэ үед бусдын асуултад хариулахад үргэлж хүндрэлтэй санагддаг. Тиймээс эхлээд сэтгэл санаагаа тогтвортой байлгах, гутралаас гарахын тулд өөрийгөө илэрхийлэх нь эмчилгээ болдгийг санах хэрэгтэй. Өөрийгөө хаах, чимээгүй байх нь танд илүү хялбар байх ч, өөрийгөө эмчлэхийн тулд өөрийгөө илэрхийлэх хичээл зүтгэл гаргах хэрэгтэй.
ЕС. Таныг сонсох хүн байдаггүй бол
Эрэгтэй хүн өөрт нь асуудал тулгарсан үед хэнд хандаж ярилцах хэрэгтэй гэдгээ мэдэхгүй өнгөрөх нь элбэг. Өсвөр насны ганцаардлын мэдрэмж, их сургуулийн айдас түгшүүр, ажлын байран дээрх дарамттай харилцаа, гэр бүлийн харилцааны үл ойлголцол зэргийг хоорондоо ярилцаж бусдаас дэмжлэг авах бус, өөртөө хадгалж өнгөрөөсөн байх нь түгээмэл байдаг. Тиймээс эрэгтэй хүмүүс асуудал тулгарсан эрэгтэй хүмүүсийг сонсож чаддаг байх нь тэдэнд тусалж байгаа хамгийн том тус гэдгийг санах хэрэгтэй.
Чимээгүй байх нь сонголт хийсэн цаг хугацаа бүр нь "өөрийгөө илэрхийлж - өөртэйгөө танилцах" боломжийг алдаж буй цаг хугацаа юм. Энэ амьдралдаа өөртэйгөө танилцахгүйгээр амьдрах нь хүндрэлтэй байх талтай. Учир нь тантай хамтран амьдарч байгаа хүн, тантай хамтран ажиллаж байгаа хүмүүсийн хувьд таны үзэл бодол, хүсэл тэмүүлэл, ирээдүйн зорилго үргэлж чухал байх болно. Өөртэйгөө болон бусадтай харилцах харилцаагаа илүү хялбар байлгахыг хүсэж байвал өөрийгөө илэрхийлэх ур чадварт суралцах эхлэхийг санал болгож байна. Таны амьдралд олон сайхан үр дүнг авчрах болно.