Зураг
Зураг
Индэр    
2022 оны 1 сарын 1
Зураг
Гэр бүлийн сэтгэл зүйч

Сэтгэл санааг тогтвортой хадгалахад туслах ТАВАН АРГА

Зураг

2021 он дуусаж, шинэ он эхэллээ.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид өөртэйгөө хамт байж, хүнтэй хамтран амьдрах арга замд суралцсан цаг хугацаа өнгөрсөн байх. Мөн өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулан, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх аргуудыг ч өөрсдийнхөө амьдралд бий болголоо. Эдгээр давуу талуудыг ашиглан Та ирэх онуудад дараах зүйлсийг хийгээсэй гэж хүсэж байна.

Түр зуурын бус насан туршийн үйлдлүүдэд анхаарал хандуулах

Та жилийн хоёр сар дасгал хөдөлгөөн хийдэг ч өдөр бүр урт цагаар суудаг бол дасгал хөдөлгөөн нэмж хийхээс илүүтэй олон цагаар сууж байгаагаа богиносгож болох юм.

Богино хугацаанд хичээж хийдэг үйлдлүүдээс илүүтэй урт хугацаанд амьдралын нэг хэсэг болох үйлдлүүдэд тархи дуртай байдаг.

Асуудал гарч болно, өдөр өдрөөр даван туулахад л хангалттай

Заримдаа бүтэн долоо хоногийг, эсвэл бүтэн сарыг яаж дуусгана даа гэж бодох өдрүүд ирдэг. Энэ үед том зургаар нь бодохын оронд өдөр өдөр хийж болох зүйлсдээ анхаарал хандуулж болно. Хэтэрхий том асуудал хүртэл олон жижиг хэсгүүдээс бүрдсэн байдаг.

Заримдаа тухайн өдөртөө л өөртөө таалагдах, тухайн өдөртөө л мундаг байх нь бидний хийж чадах ганц зөв зүйл байх нь бий.

Бие махбодоо амрааж, завсарлага авч байх

Сайн ажиллаж сурах гэдэг нэгэн төрлийн ур чадвар мөн. Нөгөө талдаа сайн амарч сурах нь мөн нэгэн төрлийн ур чадвар бас мөн билээ. Хэрвээ та амарч, хааяа завсарлага авч сурахгүй бол таны өмнө хийх хэрэгтэй байгаа олон ажлууд дуусашгүй, утга учиргүй, хүнд хэцүү санагдах болно. Тиймээс сайн ажилласан бол сайн амарч эрч хүчтэй болдог байх хэрэгтэй.

Сэтгэлийн хөдөлгөөнөөс айх биш, анзаарч ажиглах

Баярлах, хөөрөх, гуниглах, түгших, тайвшрах, өөртөө итгэх, сэтгэл зовних, харамсах, хүндлэх, бахархах зэрэг олон төрлийн сэтгэлийн хөдөлгөөн бидний бие сэтгэлээр дамжин өнгөрдөг. Заримыг нь бид хэтрүүлэн мэдэрдэг, зарим нь бидний амьдралд огт байхгүй болсон байдаг.

Тиймээс өөрийн сэтгэлийн хөдөлгөөнийг илүү анзаарч, сонсож, өөртэйгөө ярилцаж, заримдаа удирдан өөрчилж байх хэрэгтэй юм.

Та ганцаараа биш, бас олон хүний анхаарлын төв ч биш

“Би л ганцаараа ….. ”, “Хүн бүр л намайг” гэсэн туйлын бодлууд бидэнд төрдөг. Эдгээр бодол хүний сэтгэлийн хөдөлгөөн, үйлдлийг энгийн тогтвортой үеийнхээс өөр болгодог.

Тиймээс эдгээр бодлууд дээр үндэслэн аливаа шийдвэр, үйлдлийг хийхгүй байхыг өөртөө сануулж болох юм. 

Дэлхий даяараа, хүн бүр сэтгэл санааны тогтвортой байдал, амьдралын аз жаргал бэлэглэгч юм. Тиймээс сэтгэлийн амгалан тайвныг мэдэрье гэвэл дээрх алхмуудыг туршаад үзээрэй.

Та бүхэн шинэ ондоо гэр дүүрэн инээд хөөртэй, сэтгэл дүүрэн аз жаргалтай байхыг хүсье!