Монголын говьд нүүрсний давхаргын метан хийн хайгуул, туршилтын ажил үргэлжилж байна.
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй гурван компани 2019 оноос хойш Монгол Улсад метан хийн хайгуул хийж, туршилтын цооног өрөмдөх ажлыг эхлүүлжээ. Ингэснээр манай улсад метан хийн нөөцийг тогтоож, тэрхүү нөөцийг ашиглах боломжийг тодорхой болгох юм.
Дэлхийн улс орнууд метан хийг эрчим хүч, дулаан, химийн салбарт түгээмэл ашиглаж, үр ашгийг нь хүртсээр байна. Хийн түлшийг эрчим хүчнийхээ салбарт хэрэглэснээр томоохон хотууд агаарын бохирдлоосоо салж чадсан түүх бий. Монгол Улс нүүрсний арвин нөөцтэй. Энэ нөөцөө түшиглэн нүүрсний давхаргын метан хий олборлох бүрэн боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Метан хийн цооног өрөмдлөгийн ажлыг Өмнөговь аймгийн сав газрыг түшиглэн нэр бүхий гурван компани гүйцэтгэж байгаа нь "Жи Өү Эйч", "Метан газ ресурс", "Тэлмэн ресурс" аж.
Энэ талаар АМГТГ-ын Газрын тосны хайгуулын хэлтсийн дарга Б. Сүнжидмаа "Хүн төрөлхтөн цар тахалтай нүүр тулсан амаргүй он жилүүдэд дээрх компаниуд Австралийн хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгож, нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажлыг эхлүүлсэн. Энэ жил гурван компани олборлолтын туршилтын цооног өрөмдөх төлөвлөгөөгөө батлуулаад одоогийн байдлаар 4 цооног өрөмдөөд байна. "Олборлолтын туршилт" гэж эдийн засгийн үр ашгийг тогтоох зорилгоор гүйцэтгэх олборлолтыг хэлдэг бөгөөд туршилтын олборлолтын өрөмдлөг нь одоогийн байгаа хийн хэмжээ нь ашиглахад эдийн засгийн ашигтай эсэх, боломжит олборлолтын хүчин чадал, талбайн ашиглалтын үргэлжлэх хугацаа зэргийг мэдэхэд тусална.
Саяхан бид Австралийн Засгийн газрын техникийн туслалцааны хүрээнд Монгол орны нүүрсний давхаргын метан хийн хэтийн төлөвийн судалгааг метан хийн чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадаад дотоодын мэргэжилтнүүдээр хийлгэж, 7.4 триллион метр куб метан хийн баялаг байгааг тогтоосон.
Өнөөдрийн байдлаар зургаан талбайд дөрвөн компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулаад байна. Эдгээр компани 2018 оноос хойш метан хийн хайгуулын ажлыг тасралтгүй гүйцэтгэсээр байна. Туршилтын олборлолтын цооногийн үр дүн 2023 онд гарах ба бид эерэг хүлээлттэй байгаа" хэмээн хэллээ.
Метан хийг олборловол ач холбогдолтой, олборлохгүй бол хортой гэдгийг тэрбээр онцлов.
Метан хийг олборлоогүйгээс үүдэлтэй сөрөг нөлөөг тодруулбал,
Метан хий нь нэг талаас геологи, нөгөө талаас биологийн процессын бүтээгдэхүүн. Нүүрсний давхарга усанд ханасан байх бөгөөд ус нь гидростатик даралтын хүчээр метан хийг тогтоон барьж байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн хийг ус барьж байдаг гэсэн үг. Метан хийг нүүрснээс салгах ердийн арга нь усыг соруулж, даралтыг бууруулах арга. Олборлохын тулд олон 10 метр хөрс хуулах шаардлагагүй, цооног өрөмдөөд соруулж авдаг онцлогтой.
Манай улсын эрчим хүчний шинэ эх үүсвэрийн нэг нь метан хий.
Метан хий нь агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтой...
Монголын метан хийн судалгаа Австрали стандартаар явж байгаа гэж ойлгож болно. Дэлхийн томоохон тоглогчдын нэг Австрали улс манай метаны салбарт орж ирж байна гэдэг бол тэдний бүх техник, тоног төхөөрөмж, судалгаа, ноу-хауг үндэслэж хийх маш том боломж гэдгийг Газрын тосны хайгуулын хэлтсийн дарга Б. Сүнжидмаа онцлон ярив.
Мөн тэрбээр "Эрүүл, аюулгүй орчинд амьдрахын тулд хийн түлшийг эрчим хүчнийхээ салбарт ашиглаж болдгийг дэлхийн томоохон хотуудын жишээнээс харж болно. Европын улсууд яагаад тийм цэвэрхэн бэ гэвэл тэд хий ашиглаж байна.
Үндсэн хуульд хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой хэмээн заасан байдаг. Гэтэл Улаанбаатарын утаа иргэний үндсэн эрхийг зөрчиж, бид агаарын бохирдлын хохирогч болсоор. Энэ асуудлыг шийдэх маш том гарц бий. Тэр нь метан хий" хэмээн хэллээ.
Одоогоор импортын хийгээр бид хэрэглээгээ хангаж байгаа ч ирээдүйд хийн экспортлогч болох боломжийг компаниуд судалсаар...
Монголын говьд нүүрсний давхаргын метан хийн хайгуул, туршилтын ажил гүйцэтгэж байгаа дөрвөн компанийн нэг болох "Тэлмэн ресурс" 2019 оноос хойш метан хийн хайгуул хийж байгаа аж. Энэ жилээс олборлолт, туршилтын үйл ажиллагаа руу орох төлөвлөгөөтэй байгааг "Тэлмэн ресурс" ХХК-ийн захирал В.Ганзориг ярилаа.
Энэ талаар "Манай компани 2019 онд анх АМГТГ-тай гурван жилийн эрлийн гэрээ байгуулж үйл ажиллагаагаа эхэлсэн. Эрлийн гэрээ хийснээр ашиглалтын талбайд үндсэн судалгаа явуулж, цаашдаа метан хий байх боломжтой эсэхийг тодорхойлдог. Улмаар гурван жилийн ажлыг нэг жилийн хугацаанд хийсэн бөгөөд эдийн засгийн потенциал өндөр хувьтай гарсан. Тиймээс хайгуулын шат руу шилжих суурь судалгааны ажлыг хийж баталгаажуулсан.
Бид 2021 оны есдүгээр сард албан ёсоор зөвшөөрлөө авч, энэ оны хоёрдугаар сард Австралийн хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болсон. Манай үндсэн хайгуулын ажиллагаа 2022 оны гуравдугаар сард нийт таван цооног өрөмдсөнөөр эхэлсэн. Энэ сарын эхээр хайгуулын ажлаа дуусгаж, нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тодорхойлох, цаашдаа үйлдвэрлэлийн үе шат руу шилжүүлэх зорилготойгоор таван цооног өрөмдсөн. Төслийн талбай маань Өмнөговь аймгийн Гурван тэс сум, Ноён сумыг хамарч байна.
Аравдугаар сарын сүүлээр хайгуулын ажлаа дүгнүүлээд нөөц гарчихвал дараагийн үе шат буюу олборлолт, туршилтын шат руу шилжинэ. Тиймээс энэ сарын сүүлээр манай төслийн талбайд төдий хэмжээний потенциалтай метан хий байх боломжтой талаарх үр дүн гарна гэсэн үг. Энэ үед үр дүнгийн мэдээллээ боловсруулж, геологийн загварчлал үүсгэх юм.
Олборлолт туршилтын үед гурван цооног гаргахаар төлөвлөсөн. Мэдээж хайгуул хийсэн судалгааныхаа бүс талбай дотроо хамрагдаж байгаа. 2022 онд багтаад гурван цооногоо дуусгаж, ирэх жил барилга байгууламжийн ажлыг тодорхой хэмжээнд хийж, нөөцийг гаргаж авах төлөвлөгөөтэй байгаа" хэмээн ажлын явц, цаашдын төлөвлөгөөг танилцуулав.
Мөн тэрбээр "Олон улсын ордууд ихэвчлэн 6-7 метр куб тонн зузаантай байхад манай нүүрсний үе 11 метр куб хэмжээтэй гарч ирж байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн жишигтэй харьцуулахад, нүүрсний зузаанаараа илүү байгаа гэсэн үг. Австрали, Канад, АНУ, Хятад, Оросын нүүрсний үеийн зузааныг манай улсынхтай харьцуулахад 3-5 дахин их зузаантай байгаа юм. Тиймээс ч энэ нь хамгийн эхний онцлог.
Хоёрдугаарт, метан хийн гарц буюу агууламж гэж бий. Нэг куб тонн нүүрс дотор 10-11 метр куб эзлэхүүнтэй хий агуулагдаж байдаг.
Нөгөө талаас нүүрсний давхарга дахь хийн найрлага гэж бий.
Нүүрсийг 100 хувь гэж үзвэл нүүрснийхээ чанараас хамаараад метан хий дунджаар 80-90 хувьтай байдаг. Харин манай ордын хэмжээнд 92-98 хувь процентын метаны цэвэр агууламжтай хий байна гэдгийг хайгуул судалгааны явцад тогтоосон. Олон улсад метан хий ихэнхдээ 60-70 хувьтай байхад манай нүүрсэнд илүү өндөр агууламжтай байна гэдэг нь онцлог. Түүнчлэн Монгол оронд ижил түвшинд судалгаа хийж буй бусад талбайд ч нүүрсний гарц, хийн агууламж өндөр байна" гэлээ.
Түүний хэлсэн онцлох мэдээллийг дурдвал,
Хамгийн чухал өнцөг бол байгаль орчны асуудал. Дэлхий даяар байгаль орчин буюу цаг уурын өөрчлөлтийг бид мэдэрдэг болчихлоо. Үүнд гол нөлөөлөх хүчин зүйл нь яах аргагүй метан хий. Метан хий нь өөрөө хортой хийн элемент. Нүүрс хүчлийн хийтэй харьцуулбал 24 дахин хортой бөгөөд хөнгөн учраас озоны давхарга хүртэл дээш хөөрдөг. Үүний хамгийн том, бодит жишээ нь Австрали болдог. Австралид жилд 300-400 сая тонн нүүрс олборлодог. Анзаарвал Австрали улсын нийт хүн амын дунд skin cancer, арьсны цоохортох өвчин түгээмэл бий. Энэ бол озоны давхаргад метан хий хүрсэнтэй шууд холбоотой асуудал.
Нэгдүгээрт, метан хийг ашиглана гэдэг нь агаарт байгаа хийг хоргүйжүүлж байна гэсэн үг. Нөгөө талаас хортой хийн элементийг технологийн шийдэл ашиглаад эдийн засагт нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргах боломж бий.
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Elixir Energy" компани Монгол Улсад мөн нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийж байна. Тус компанийн Монгол дахь охин компаниар "Жи Өү Эйч" ХХК ажиллаж байгаа юм. Тэд Өмнөговь аймгийн зүүн хэсэгт 2019 оноос хайгуулын ажлыг эхлүүлжээ. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2014 онд батлагдсанаас хойш тус компани 2016 онд эрлийн гэрээ байгуулж, метан хийн эрлийн ажлыг гүйцэтгэсэн байна. Улмаар 2018 онд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, 2019 оноос хойш хайгуулын үйл ажиллагаагаа хийж буй.
Бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд Өмнөговь аймгийн зүүн талд "Номгон 9" газрын тосны талбайг ялгасан талаар "Жи Өү Эйч" компанийн Ерөнхий менежер Б.Ачитсан хэлэв.
Тэрбээр "Манай компани дөрөв дэх жилдээ метан хийн хайгуулын ажлыг хийж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хайгуулын чиглэлд чичирхийллийн судалгаа, хайгуулын өрөмдлөг, болон бусад төрлийн хайгуул үнэлгээний ажлыг хийж байна. Үүний үр дүнд ирээдүйтэй талбайг ялгаж, тухай газар дээрээ төвлөрч ажиллаж байгаа. Бид энэ жил хайгуулаас гадна ялгаж авсан талбай дээрээ туршилтын шавхалтыг хийх төлөвлөгөөтэй байна. Одоогоор туршилтын шавхалтыг арай эхлээгүй, бэлтгэл ажлыг хангаж байгаа.
Энэ жил хайгуулын ажлын хүрээнд нийт 20 орчим цооног өрөмдөхөөр төлөвлөсөн.Түүнчлэн 300 гаруй тууш километр урттай чичирхийллийн судалгааны ажил хийхээр төлөвлөж, энэ ажлыг гүйцэтгэсэн.
Харин хайгуулын өрөмдлөгийн хүрээнд 13 дахь цооногоо өрөмдөж байна. Эдгээр хайгуулын цооногийг 500-600 метрийн гүн, зарим тохиолдолд түүнээс ч доош өрөмдөх магадлалтай" гэлээ.
Дараах шалгуур, үзүүлэлтийг тогтоосон тохиолдолд метан хийн салбарт ирээдүй байна хэмээн үздэг аж. Тодруулбал,
Эдгээр хүчин зүйлийг тогтоогоод амжилттай боллоо хэмээн үзвэл "хийн нээлт" гэж үзэж болно. Улмаар проспективный буюу ирээдүйтэй талбай гэж үзээд ажлыг үргэлжлүүлдэг аж.
Нэвчүүлэмжийн чанараас шалтгаалж нөөцийг авч ашиглах боломж бүрдэнэ.
Метан хийн хайгуул, туршилтын ажлын зарим үр дүн...
Нүүрсний давхаргын ач холбогдлын талаар...
Мөн "Метан хийг түлш болгон ашиглаж болно. Нөгөөтэйгүүр эрчим хүчний security буюу хараат бус, аюулгүй байдалд чухал. Монгол улсын хувьд сүүлийн үед дотоод зах зээлд аммиакийг байгалийн хийгээс гаргаж авах, улмаар газар тариалан, уул уурхайн салбарт нэн чухал бүтээгдэхүүнийг гаргаж авах том боломж, нөхцөл үүсэж байна. Цэвэр, шинэ эрчим хүч рүү (Net carbon zero) шилжих шилжилтийг Монголд гэлтгүй дэлхийн хэмжээнд ярьж байгаа" хэмээн ярилаа.
Манай компани энэ жил туршилтын журмаар хийн шавхалт хийх зориулалттай хоёр цооног төлөвлөсөн байгаа.Төлөвлөгөө ёсоор цооног өрөмдлөгийн ажлыг дуусгаад 2022 онд шавхалтын ажил эхлэх болов уу гэсэн хүлээлттэй байна гэдгийг Б.Ачитсан хэлэв.
Монгол дахь нүүрсний давхаргын метан хийн нөөцийг компаниуд ийнхүү судалсаар. Тэрхүү нөөцийг ашиглах боломж 2023 онд тодорхой болох юм. Хүлээлт хаа хаанаа эерэг байгааг тэд онцолж байна.