Индэр    
2022 оны 9 сарын 16
Зураг
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ

Гэрээ байгуулах тухай

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хуулийг хялбараар, хүн бүрд...

Бид өдөр тутам ахуйн хэлцэлд ордог. Дэлгүүрээс юм худалдан авч байгаа ч үүнд хамаарна. Хоёр этгээдийн хооронд хэлэлцэж тохиролцсон зүйлс нь гэрээ болдог. 2002 онд батлагдсан Иргэний хуульд 40 төрлийн гэрээний харилцааг зохицуулжээ. Гэрээг амаар болон бичгээр хийж болохоор заасан. Харин заавал бичгээр хийх гэрээ нь нотариатаар баталгаажуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай гэрээнүүд байдаг. Зарим бичгээр хийх гэрээнд тусгах ёстой заалтууд байдаг бөгөөд хэрэв тусгаагүй бол гэрээ хүчин төгөлдөр бус байна. Иргэний хууль "хориглосноос бусдыг зөвшөөрнө" гэсэн зарчмын дагуу явагддаг,  хоёр этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэл давамгайлдаг боловч хуулиар гэрээнд тусгах зүйл заалт, эрх үүргийг хориглосон байдаг. Жишээ нь Иргэний хууль 282 дугаар зүйл Зээлийн гэрээний хүү 282.3. Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заасан байдаг.

Цөөн хэдэн гэрээг бичгээр хийхийг хуулиар хуульчилсан бөгөөд амаар гэрээ хэлцлийг харилцан тохиролцож хийхийг зөвшөөрсөн ч амьдрал дээр маргаан гарлаа гэхэд бичгээр хийсэн эрх, үүргийн талаар нарийн тусгаагүй учир асуудал ихтэй байдаг. Тиймээс болж өгвөл бичгээр гэрээ хийхийг зөвлөж байна.

Хүмүүс хийсэн гэрээ болгоноо нотариатаар гэрчлүүлэх ёстой юм шиг боддог. Гэрээг нотариатаар гэрчлүүлэх ёстой цөөхөн гэрээ байдаг бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх, Гэрлэгчид хөрөнгийн эрхтэй холбогдсон гэрээ, Тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалтыг нотариатаар гэрчлүүлсэн бол үүрэг үүсэх гэх мэт. Гэрээг хуульд нийцүүлж хийе гэвэл гүүглээр бэлэн загвар хайж олоод хоосон зайнд нөхөж бичиж болох боловч учир дутагдалтай зүйлүүд зөндөө бий. Мөн нотариат дээр очиж бэлэн загвар дээр гэрээ байгуулж болно. Гэвч хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн төгс болж чадахгүй байх эрсдэлтэй. Хамгийн сүүлийн санал болгох сонголт бол их үнийн дүнтэй гэрээ хэлцэл, цаг хугацаа шаардсан ажил гүйцэтгэлтэй холбоотой гэрээ хэлцлийг болж өгвөл хуулийн фирм, хуульчдад хандаж гэрээний загвараа бэлдүүлэх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар Монголын Хуульчдын Холбоонд бүртгэлтэй 6393 хуульчид байна. Хуульчдын холбоо сар бүрийн 3 дахь 7 хоногийн 3 дахь өдөр үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгдөг юм билээ.

Шүүх дээр хэн боловч - Надад энэ гэрээнд гарын үсэг зурчих гэсэн, би гэрээг уншаагүй, би хуулийн талаар ямар ч ойлголтгүй, мэдэхгүй гэх мэт үг хэлсэн ч Иргэний хуулийн 3.7. Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан байдаг.

Монгол улсын Шүүхийн тайлан 2021 оны мэдээлэлд Иргэний хэрэг анхан шатны шүүхэд 67,805 нэхэмжлэл,гомдол, хүсэлт хүлээн авсан байна. Шийдвэрлэсэн хэрэг, маргааны төрөл: Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэрэгт Иргэний хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 24,531 буюу 54 хувийг, ИХШХШТХ-иар шийдвэрлэсэн хэргийн тоо 13,433 буюу 29.6 хувийг, Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 4690 буюу 10.3 хувийг, Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 1169 буюу 2.6 хувийг тус тус эзэлжээ.

зураг
 

2021 онд Иргэний хуулиар нийт 24,531 хэрэг шийдвэрлэсэн бөгөөд худалдах, худалдан авах гэрээ, банк болон банк бус санхүүгийн байгууллагаас олгосон зээлийн гэрээтэй холбоотой маргаан өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Хэрэв та хуульчдаас зөвлөгөө авах шаардлага байхгүй гэж үзвэл Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем https://legalinfo.mn/mn Иргэний хуулиа сонгоод хийх гэрээнийхээ тухай зүйл заалттай танилцаж болно.

Гэрээний эцэг нь хууль, эх нь тохиролцоо гэсэн үг бий. Хожим хойно гарах гэрээний маргааныг шүүх дээр очсоны дараа хуульчид хандаж өмгөөлөгч авалгүй харин урьдчилан зөвлөгөө авч гэрээ хэлцлээ хийхийг зөвлөж байна.

зураг