Индэр    
2022 оны 2 сарын 23
Зураг
Хуульч, сэтгүүлч

Телевизүүдийн хөлсийг ТЭГЛЭХ ҮҮ? ТӨЛӨХ ҮҮ?

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Телевизийн хураамж буюу үйлчилгээний хөлс нь хоёр төрлөөс бүрдэнэ.

Эхнийх нь 2005 онд батлагдсан Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 17.1.1 дэх хэсэгт радио, телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс нь МҮОНРТ-ийн санхүүжилтийн гол эх үүсвэр байхаар хуульд зохицуулсан. Энэ дагуу Улаанбаатар хотын айл өрх бүр 1,100 төгрөг, албан байгууллага 1,650 төгрөг, Аймгийн төвийн айл өрх 850, албан байгууллага 1,200 төгрөг, сум багийн айл өрх, албан байгууллага 600 төгрөгийг харилцан адилгүй тарифын дагуу төлж байна.

Товчхондоо, бидний сар бүрийн цахилгааны төлбөр дээр нэмж бодогдож байгаа юм. ОНРТ-ийн тухай хуульд "улсын хэмжээнд хурааж төвлөрүүлэх үүрэг бүхий нэгжийг байгуулж болох" талаар зохицуулсан боловч тус нэгж нь байгуулагдаагүй. Зардал, тооцоолол гээд нэгж байгуулах нь ашиггүй гарсан юм уу, аргаа олоогүй хэрэг. Тэгэхээр "ИОДЫГ ДАВСАНД ХОЛИХТОЙ ИЖИЛ" мэргэн санаа төрснөөр МҮОНРТ, УБЦТС ТӨХК-тай хамтран ажиллах гэрээг хэзээ ч юм, хэн нэг этгээд төлөөлж, байгуулаад авсан хэрэг.

Хууль ийн батлагдаж бид мөрдөөд багагүй хугацааг өнгөрүүлээд буй он цагийн түүх ийн бөлгөө. Эл түүхээс өмнө буюу МЭӨ тоололд Засгийн газар нь нэгэн тогтоолыг баталсан бөгөөтөл уг тогтоол нь одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байна. /Яагаад МЭӨ тоололд хамааруулах болов гэвэл 2005 онд ОНРТ-ийн хууль батлагдсантай холбоотойгоор энэхүү тогтоолыг хүчингүй болгох эсхүл өөр тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулах ёстой байсан юм./ Дэлгэрүүлбэл, 2000 оны Засгийн газрын 28-р тогтоол "Телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага, хувь этгээдээс хураан төвлөрүүлэх журам" агаад эрт балар цаг ХҮЙ НЭГДЭЛ-ийн хүчин төгөлдөр бус ч гэж үзэж болох харилцаагаар хэн нэгэн этгээдэд ашиг хуваарилаад баймааргүй юм.

Онцолбол, тус тогтоолын 7 дахь хэсэгт "Телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг төвлөрүүлэхэд гарсан зардлыг нийт төвлөрүүлсэн үйлчилгээний хөлснөөс тухай бүр суутган тооцсоны дараа үлдэх хэсгийн

  • 75 хувийг Монголын үндэсний телевизэд,
  • 7 хувийг "Улаанбаатар" телевизэд,
  • 6 хувийг "MN-25 дугаар суваг" телевизэд,
  • 6 хувийг "TV-5" телевизэд,
  • 6 хувийг "TV-9" телевизэд тус тус хуваарилна."

Үүнээс үзвэл, хуулийн дагуу хөлс төлөх нь зүйн хэрэг, зүй тогтол. Харин хүчин төгөлдөр бус, хууль тогтоомж зөрчсөн тогтоолыг үндэслэл болгож аливаа хөлс төлж байгаа бол анхаарууштай агаад мөнгөө хэмнүүштэй.

Энэхүү асуудлыг Захиргааны хэргийн шүүх эсхүл Засгийн газар нь өөрийн санаачилгаар нэг тийш нь шийдэх биз ээ.

Хөлсөө 9,000-20,000 төгрөг болгон нэмэгдүүлэх тохиолдолд ОНРТ-ийн Үндэсний Зөвлөл санал оруулж, Засгийн газраас шийдэх процедур байна. Цар тахлын үед Засгийн газар өгөөмөр аашилж, тэр хэрээр дураар авирлахдаа айл өрх, зарим аж ахуйн нэгжийн хэрэглээний эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг тэглэх хэмжээнд төр хариуцна гэсэн болохоос телевизийн хөлсийг чөлөөлөөгүй юм. Нисдэг бор "тарифаа" төр даая, нисдэггүй борхон "тарифаа" олон нийтээрээ даа л гэсэн шийдэл аж.

Харин Үндэсний телевизийг үздэггүй гэх нь үндэслэл биш. Үнэхээр дургүй хүрээд телевизийн үйлчилгээний хөлс төлмөөргүй байгаа бол ХУУЛЬ танд боломжийг олгосон. Дурдвал, айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжид радио-хүлээн авагч, телевизор тус бүрээр тооцон зохих хөлсийг ногдуулна. Ийн тул радио, телевизээ гаргаад хаячих аа л гэж байгаа юм.

Танд телевиз, радио байхгүй бол хоосон хүний хоёр чихийг авалтай нь биш хөлс ч нэхэхгүй орхино. Мөн ОНРТ-ийн хуулийн 18.1-д заасан үйлчилгээний хөлснөөс бүрэн хараагүй, бүрэн хэлгүй дүлий иргэнтэй өрх чөлөөлөгдөхөөр заасан. /2005 оны хууль тул хөгжлийн бэрхшээлтэй ч гэж томьёолохоо мэдэхгүй байсан хэрэг/

Удаах асуудал, бид шинээр ӨРГӨН нэвтрүүлгийн телевизүүдэд 2,500 төгрөгийн хураамж 2020 оны долдугаар сараас эхлэн төлдөг болсон. Монголын телевизүүдийн холбоо гэх их айлд орлого оруулна. /МАЛЧИН, СҮЛД, СТАР гээд 18 телевиз байдаг юм./ Хуульдаа нийтийн эрх зүйн хуулийн этгээд гэж өөрсдийгөө томьёолсон байна лээ. Айхавтар арга заль, маркетингтай яваа газар, хөөрхий минь.

Цар тахлын үеийн МЭДЭЭЛЛИЙН УРСГАЛ, өвөл, зуны ОЛИМП болон НААДАМ нэгдэж, нийлээд дамжуулах гээд болохоос болохгүй хүртлээ зүтгэж байгаа юм. Аргагүй шүү дээ. Алба гувчуур ард түмнээс авдаг болсон тул СЭРГЭН МАНДАЛТ-ын үе нь эхлэлгүй дээ. IPTV буюу Univision, Skymedia гэх зэрэг олон суваг дамжуулах үйлчилгээгээр дамжуулан хөлсөө авч байна. Үүний хөлсийг төлөхгүй ээ гэвэл, эдгээрээс татгалзах эрх танд бий.

Эцэст нь нэмж дурдахад, энэ бүх үйлчилгээний хөлс нь ам.долларын тухайн үеийн ханштай уялдсан байдаг. Дэлхийн нэлээдгүй улсад ӨРГӨН нэвтрүүлгийн хууль байх агаад үйлчилгээний хөлс, хураамж тодорхой хэмжээнд бий.

Оросын яруу найрагч В.Маяковский "Миний цагдаа намайг хамгаална", Монголын яруу найрагч Н.Нямдорж "Миний хээ минийх" гэсний адил "Миний телевиз миний төлөө" үйлчилгээ, иргэдийн хандлага л ЗАСАГ ТӨРИЙН ЦАГААН ХООЛОЙГ шавраас татаж гаргаж чадах билээ.