Зураг
Зураг
Индэр    
2022 оны 1 сарын 28

Тусгай хэрэгцээт хүүхэдтэй нэг дор сурснаар хүүхэд тань ихийг ойлгох болно

Зураг

Тэгш хамруулах боловсрол гэдэг нь ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг халах, суралцагчдын харилцан адилгүй байдал, ялгаатай хэрэгцээ чадвар, онцлог шинж, сурах сонирхлыг нь хүндэтгэн үзэж, бүх нийтэд чанартай боловсрол олгоход чиглэсэн тасралтгүй үйл явц гэж ойлгодог. Эгэл хүмүүс өөр хоорондоо ялгаатай байдаг шиг хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээтэй гэгдэх хүүхдүүдийн чадвар чадамж, суралцах орчин нөхцөл ч өөр өөр байдаг. Хүүхэд бүрийн ялгаатай байдлыг хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг бүлгийн, тусгай хэрэгцээтэй хүүхдүүд (TXX) гэж харахаасаа илүү хүн бүр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтойг хүлээн зөвшөөрөх, тэдний чадвар чадамжийг бусадтай ижил үнэлэх нь чухал.

Тэдэнд туслах өглөг хандив, тусгай халамж бус харин бусдын адил өөрийн чадвар чадамжийг хөгжүүлэх бие даан сурах, ажиллах, амьдрахад нь дэмжлэг үзүүлэх орчин бүрдүүлэх нь илүү тустай. Шинжлэх ухаан техник технологийн хөгжил асар хурдацтай хөгжиж байгаатай зэрэгцэн олон төрлийн сөрөг нөлөө бүхий өвчин эмгэгүүд илэрсээр байна. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй, TXX нэмэгдэх шалтгаан болж байж ч магад. Эдгээр хүүхдүүд гэр бүлдээ болон нийгэмд хувь нэмэр оруулах чадваргүй, эсвэл үнэ цэнгүй гэсэн үг огт биш.

Иймээс хүүхэд бүрийн ялгаатай онцлог хэрэгцээ шаардлагад нийцсэн ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулан, хөгжих сурах чадваржих орчин нөхцөл боломжийг бүрдүүлэх нь хамгаас чухал. Үүнд нийгмээрээ оролцох буюу эцэг эх, сургуулийн багш, ажилчид, олон нийтийн санал санаачилга маш чухал хэрэгтэй байна.

Тухайлбал, манай сургуульд тусгай хэрэгцээтэй хүүхэд 11 байгаа ба бага ангид 8, дунд ангид 3 сурагч суралцаж байна.

Эдгээр хүүхдийн онцлог нь:

  • Хэл ярианы бэрхшээлтэй 3
  • Сэтгэхүйн хоцрогдолтой 1
  • Анхаарлын дутмагшилтай 1
  • Хэт хөдөлгөөний эмгэг 1
  • Тулах эрхтний бэрхшээл1
  • Харааны бэрхшээлтэй 2
  • Даун синдром 1
  • Элэгний хорт хавдар 1 гэсэн оноштой байна.

Японы хүүхдийг ивээх сангийн “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь–2” төсөл хөтөлбөрт хамрагдсаны үр дүнд эдгээр сурагчид болон сурлагын хоцрогдолтой сурагчдад зориулсан “Хүүхэд хөгжлийн төв”-ийг сургууль дээр байгуулан хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааг зохион байгуулж байгаа билээ. Мөн TXX-д зориулсан шат, ариун цэврийн өрөө, ханын бариул зэргийг зориулалтын дагуу хийж ашиглалтад оруулсан нь ихээхэн ач тустай үйл болсон юм.

Tусгай хэрэгцээт хүүхдүүдийг ердийн сургууль, ангид суралцуулах нь тэдгээрийн нийгмийн хөгжил, төлөвшил, бусдыг дуурайн суралцах чадвар, сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэх зэрэгт ихээхэн сайн нөлөөтэй төдийгүй тэдний ар гэр, эцэг эхийн сэтгэл зүйг дэмжихэд нэн тустай үйл гэж үзэж байна.

Иймээс сургуулийн орчинд үүдний жижүүрээс эхлээд үйлчлэгч, ажилчид, багш удирдлагууд, ангийн найзууд, суралцагчид TXX-ийг хүндэтгэн, хүний ёсоор харилцаж, хамтран суралцахад чиглүүлэг өгч сургалт зөвлөгөө, зөвлөмжөөр хангах үйл ажиллагааг хөтөлбөрийн хүрээнд эхлүүлээд байгаа билээ. Энэ үйл хэргийг сургагч багш нар чиглүүлэн, анги удирдсан багш нар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Багш нь TXX болон тэдний эцэг эхчүүдэд зөвлөгөө мэдээллийг эерэг аргаар хүргэж, хүүхэд тус бүрийн чадварт тохирсон ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Эцэг эхчүүд өөрийн хүүхдийг тусгай хэрэгцээтэй, хөгжлийн бэрхшээлтэй гэдийг нуух, тэднээс ичих зовох, гутарч сэтгэл санаа хямрах зэрэг асуудал байдаг ба багш болон ангийн сурагчид хүүхдийг нь ялгаварлах бий гэсэн айдсаар бухимдах, стресстэх явдал их гардаг. Ихэнх эцэг эхчүүд өөрсдийгөө буруутгаж, бие сэтгэлээрээ бэрхшээлийг даван туулахыг хичээдэг. Мөн бусдыг буруутгах бухимдах, гэр бүлээ орхих явдал ч байдаг. Иймд сургуулийн зүгээс нийт багш ажилчид, эцэг эхчүүдэд сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж тэдгээр сурагчидтай эелдэг зөв харилцах тал дээр чиглүүлэн ажиллаж байна.

Манай багш нар:

  • Харааны бэрхшээлтэй хүүхдэд сонсгол болон орон зайн баримжааг олох
  • Сонсголын бэрхшээлтэй хүүхдэд харилцааны бусад хэлбэрийг заах
  • Саажилттай хүүхдэд хөдөлгөөний хязгаарлагдмал байдал ба өөрийгөө илэрхийлэх чадварыг суулгах
  • Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхдэд хөдөлгөөнийг сайжруулах дасгал хийлгэх
  • Суралцахуйн бэрхшээлтэй хүүхдэд тоглоомын аргаар сонирхлыг татах, шинэ зүйлийг эрэл хайгуул хийлгэх, өөрсдөөр нь дүгнэлт гаргуулах
  • Эдгээр хүүхдүүдийн байгаа түвшнээс нь ахиулах түвшинд үйл ажиллагаагаа чиглүүлэх ажиллаж байгаа билээ.

Багш нар хүүхэд бүрийн давтагдашгүй онцлог, ялгаатай байдлыг таньж мэдэхгүйгээр сургалтын үйл ажиллагааг явуулах боломжгүй ба хүүхэд нэг бүрд таарсан судалгааны ажлыг хичээлийн жилийн явцад хийж үр дүнд суурилсан үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Тухайн хүүхэд нь бага ангидаа нэг багшийн гар дээр төлөвлөгөөний дагуу сурч хөгжиж байдаг учраас ангийнхан дотроо болон багшдаа дасан зохицож, аливааг сайн ойлголцож хичээл номондоо саад бэрхшээлгүй оролцдог. Бага ангиа төгсөөд дунд ангид шилжин суралцахад хүндрэл бэрхшээл гардаг нь олон төрлийн судлагдахуун, мэргэжлийн олон багш нар хичээл үйл ажиллагааг зохион байгуулдагт дасан зохицох хүндхэн үе бэрхшээл болдог. Иймээс дунд ангийн багш нарт TXX-ийг бага ангийн анги удирдсан багш хүлээлгэн өгч дасан зохицоход нь туслах ба тэдгээр хүүхэдтэй ажиллаж байсан ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг дамжуулан өгч үргэлжлүүлэн ажиллах арга зүйг ярилцах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Ингэж хамтран ажилласнаар хүүхэд маань сурах идэвх нь буурахгүй дунд ангид дасан зохицох нь амар хялбар болдог. Иймээс тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллах багш эцэг эхчүүд:

  • Хүүхдэдээ итгэл найдвар бэлэглэх
  • Хүүхэд бүрд хайр халамж, дэмжлэг туслалцаа, чи чадна гэсэн итгэл, урам зориг өгөх
  • Хүүхдэдээ цаг гаргах
  • Тухайн хүүхдийн хэрэгцээ сонирхол ялгаатай онцлогийг судлах
  • Эмчилгээ сувилгааны талаар мэдэж байх
  • Үлгэр дуурайлал болох
  • Хэлж байгаа зүйлээ анхаарах – хүүхэд сонсоно.
  • Хийж байгаа үйлдлээ хянах – хүүхэд харна
  • Зөв харилцах
  • Авьяас чадварыг нь дэмжих
  • Хүүхдийг өөрийг нь давуу талыг нь түшиглэн хөгжүүлэх хэрэгтэй.

Тусгай хэрэгцээт хүүхэдтэй хандах сөрөг хандлага:

  1. Багш нар ангийн төлөвшилд муу гэж  ад үздэг, төвөгшөөгөөд авдаггүй байдал
  2. Үе тэнгийнхний дарамт шахалт байдаг
  3. Ялгаварладаг
  4. Нэр хоч өгдөг
  5. Хүүхдийн үл хүндэтгэсэн сөрөг хандлага гаргадаг
  6. Эцэг эхчүүдийн өөрийн хүүхдэд төвөг болж байгаа гэсэн сөрөг хандлага

Үүнийг дараах эерэг нөлөөгөөр дарж болно. Жишээ нь:

  • Хамт олны дунд харилцаанд оролцсоноор өөрийгөө ойлгуулах илэрхийлэх чадвартай болох
  • Өөрийгөө дайчлах биеэ даах чадвар эзэмших 
  • Бусдаас суралцах хөгжих боломж нэмэгдэх  
  • Найз нөхөрлөлийн хүрээ тэлж нийгэмших 
  • Оролцоо нэмэгдэх 
Тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажилладаг багш нар хичээлийн цагаар гэхээс илүү хичээлийн бус цагаар хамтран хөгжүүлэх үйл ажиллагааг их зохион байгуулдаг ба цалингийн нэмэгдлийг Монгол улсын засгийн газрын 2020 оны зургаадугаар сарын 1-ний хуралдаанаар ердийн цэцэрлэг ЕБС-д хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганцаарчлан ажиллаж байгаа үндсэн болон туслах багшид тэдний албан тушаалын үндсэн цалингийн 10%-ийн нэмэгдэл хөлс тооцож олгох шийдвэр гаргасан боловч одоо хүртэл биеллээ олоогүй. Сургуулийн төсөв хүрэлцээгүй байдаг.

Багш нар ангид байгаа боловсролын TXX-тэй нэмэлт цагаар ажиллах, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхэд ажлын ачаалал ихэсдэг. Иймээс эрх зүйн зохицуулалт журмын дагуу цалин хөлсийг нэмэгдүүлэх, багшийг үнэлэх үнэлгээний журамд хүүхэд бүрийн ялгаатай хэрэгцээнд тулгуурлах сургалтын үйл ажиллагаа явуулсан байдлыг нь заавал тооцох хэрэгтэй гэж үзэж байна.

 

49-р сургууль сургалтын менежер Ч.Хишгээ, бага ангийн багш Н.Долгормаа