Индэр    
Оюутолгойн гүний уурхай үүцээ задлах цаг ойртсоор
Зураг
2021 оны 12 сарын 28
Зураг
iKon.mn сэтгүүлч

Оюутолгойн гүний уурхай үүцээ задлах цаг ойртсоор

 
Гэрэл зургийг Б.Бямба-Очир (MPA.MN)

Хувийн хамгаалах хэрэгслээ иж бүрэн өмсөөд газрын гадаргаас 1,300 метр буюу харьцуулбал Эйфелийн цамхгийг дөрөв давхарласантай тэнцэхүйц хэмжээний гүн рүү ороход ердөө 2.5 минут шаардагдах аж.

300 хүний багтаамжтай, 60 тоннын даацтай бүхээгээр бууж, гүний уурхайд ороход газрын гадаргаас хавьгүй дулаахан байлаа. Амь хамгаалах баг, хантааз, тусгай маск, шил, толгойн гэрэл зэргээр "тоноглогдсон" бид автобусанд сууж, эхний цэгтээ хүрсэн нь улаар огтлох түвшин юм. Гүний уурхайд нийт таван түвшин бий бөгөөд хамгийн дээд хэсэгт улаар огтлох түвшин бий. Бүхээгээр доош буусан цэгээс 3 км гаруй явахад энд ирэх аж. Тухайн хэсэгт хөндлөн нэвтрэлтийн ажлаа хийж дуусгаснаар тэсэлж, дээш өрөмдлөг хийхэд бэлэн болжээ.

Оюу толгойн Гүний уурхайн олборлолтын ахлах инженер Э.Одмаа "Холбогдох зөвшөөрөл гарснаар ажлаа эхлүүлэхэд бэлэн болсон. Энд цооног гаргаж өрөмдсөнөөр улаар огтлох түвшний ажил эхэлнэ. Үүний чанх доор олборлолтын түвшин бий бөгөөд өрөмдлөг хийж, олборлолтын түвшнээс тэсэлсний дараагаар хүдрийн биеттэй холбогдоно" гэлээ.

Хүдрийн биетээ хөндөж, өрөмдөж эхэлбэл ажлыг дундуур нь зогсоох боломжгүй. Хэрэв зогсоовол олборлолт, үйлдвэрлэлтийн түвшинд төлөвлөгдөөгүй чулуулгийн даралт үүснэ. Төлөвлөгөөний дагуу явбал амжилттай болох тул эрсдэлийг сайтар тооцоолж, бэлтгэлээ чанартай хийж байгааг тэрбээр мөн хэллээ. 

Олборлолт, тээвэрлэлтийн түвшин хүртэл явахад уурхай доторх замын хөдөлгөөний зохицуулалт эрхгүй анхаарал татаж байлаа. 

Гүний уурхайд нэг ээлждээ 900 гаруй ажилтан ажилладаг байна. Мөн өрөм, хутгуурт ачигч, тээврийн машин зэрэг 350 гаруй машин механизм өдөр тутамд ажиллаж байгаа юм. Эдгээрийг зохицуулж, эрсдэлээс сэргийлэх нь хамгаас чухал учир ажилтнууд машинтай хөдөлж буй цэг, дамжин өнгөрч байгаа хэсэг зэргээ холбоогоороо бусдадаа тодорхой хэлэх бөгөөд зарим уулзвар хэсэгт дохиур барьсан ажилтнууд хөдөлгөөнийг зохицуулах нь сонирхолтой санагдаж байлаа. 

 
Гэрэл зургийг Б.Бямба-Очир (MPA.MN)

Олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилгын хэлтсийн механикийн ахлах инженер Г.Эрдэнэжаргал "Олборлолт, тээвэрлэлтийн түвшинд 250 гаруй ган арк хийнэ. Үүний үүрэг нь дундуур огтлох түвшнээс бууж ирсэн хүдрийг ачигч машин ачихад уулын чулуулгийн даацыг өөртөө авах юм. Мөн энэ түвшинд зам талбайн ажлууд хийгдсээр байгаа.

 
Гэрэл зургийг Б.Бямба-Очир (MPA.MN)

Зөвхөн энэ түвшинд гэхэд ул бетон дээр 3,000 гаруй сайжруулсан хавтан суурилуулж, үйлдвэрлэлийн түвшин дуусах хүртэл ашиглах зам хийж эхэлсэн. Онцолж хэлэхэд, эдгээр ажлын зураг төслийг гадаадад хийлгэсэн ч гүйцэтгэгчээр монгол компани ажиллан, бүтээгдэхүүнүүдийг монгол компани хийсэн" гэлээ.

Оюу толгойн уурхайн ажилтнуудын 96 хувь монгол ажилтнууд бөгөөд туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч компаниуд нь дотоодын аж ахуйн нэгжүүд байна. Тус компанийн дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгийг 2010 оноос хойш өссөн дүнгээр тооцвол өнөөг хүртэл хугацаанд 13 тэрбум ам.долларыг зарцуулжээ.

Хамгаалалтын гутал, бээлий, хувцас гээд ажилтнуудын хэрэглэж буй эд зүйлсийн дийлэнх нь дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээл. Оюу толгойнхон "Made in Mongolia" бодлогоор дотоодын аж ахуйн нэгжүүдээ ийнхүү дэмждэг байна. 

Т.Номондэлгэр: Бариа ойрхон байна

 
Гэрэл зургийг Б.Бямба-Очир (MPA.MN)

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн барилгын хэлтсийн мехникийн мэргэжилтэн Т.Номондэлгэр "Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил амжилттай үргэлжилж байна. Одоогийн байдлаар гүний уурхайн томоохон байгууламжийн нэг болох Материал тээвэрлэх систем-1-ийн барилга угсралтын ажил дууссан.

Туршилт тохируулалтын ажлыг үндсэн болон туслах тоноглолууд дээр хийж байгаа. Бариа ойрхон байна. Хэдийгээр цар тахлын сорилттой нүүр тулсан бид ажлаа чанартай сайн бөгөөд аюулгүй хийсээр байгаа" гэлээ. 

Түүний тайлбарласнаар анхдагч бүслүүрийн хэсэгт бутлагдсан хүдэр нь Материал тээвэрлэх системд очиж, түүнээсээ 1.4 километр үргэлжлэх 1.6 метрийн өргөнтэй налуу конвероор Дамжуулагч байгууламж-5 руу зөөгдөн, Босоо ам-2-оор газрын гадарга руу гаргах аж. Конвер нь хүчитгэсэн троссон хийцтэй, материал нь галд тэсвэртэй аж. Дамжуулагч байгууламж-5 руу шилжүүлж, Босоо ам-2 руу зөөн, газрын гадарга руу гаргадаг байна.

Материал тээвэрлэлтийн систем-2 дараа нь хийгдэх аж. 

Огтлох малталт эхлүүлснээс найман сарын дараа хүдэр олборлох боломжтой болно

 
Гэрэл зургийг Б.Бямба-Очир (MPA.MN)

"Оюу толгой" ХХК-ийн Уурхайн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Эндрью Уилсон "Огтлох малталтын зөвшөөрлүүд хүлээгдэж байгаа бөгөөд зөвшөөрөл гарснаас хойш үйл ажиллагаа эхлүүлбэл найман сарын дараагаас хүдэр олборлож эхэлнэ. Гүний уурхайг бүрэн хүчин чадлаар ажиллуулахын тулд нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай. Хувь нийлүүлэгчид энэ талаар хэлэлцэж, хөрөнгө оруулалт шийдэгдвэл төслөө бүрэн дуусгах боломжтой болно.

Гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж, өдөрт 95 мянган тонн хүдэр олборлож эхэлснээр Монгол Улсын эдийн засагт оруулж буй орлого, төлбөр, татвар хураамж тэр хэрээр өсөх болно" гэлээ.

 
Гэрэл зургийг Б.Бямба-Очир (MPA.MN)

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төслийн захирал Жак Ван Тондер "Гүний уурхайн ачаа тээвэрлэх систем-1-ийн барилга угсралтын ажил бүрэн дууссан. Комисс хүлээн авах ажил 88 хувьтай үргэлжилж байна. Ирэх оны нэгдүгээр сард комисс хүлээн авна гэсэн бодож байна. Одоогоор агааржуулалтын ам буюу босоо ам-3, 4-ийн нэвтрэлтийн ажил, гадарга руу гарах налуу амын ажил үлдээд байгаа юм. Энэ нь нэмэлт санхүүжилт авахаар хийгдэнэ.

Оюу толгойн гүний уурхай нь карьерынхаа түвшинд ажиллаж буй блоклон олборлох гурав дахь гүний уурхай маань. Хамтран ажиллаж буй монгол залуусаар бахархаж байна. Ур чадвар нь тун сайн" гэв.

Төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" компани Монгол Улсын Засгийн газрын саналыг хүлээн авсныг энэ сарын 13-нд мэдээлснээр тус төслийн өгөөж нэмэгдэж, Монгол Улсад ногдох өр тэглэгдэх боломжтой бүрдээд байгаа. Түүнээс гадна энэхүү дэлхийд нөөцийн хэмжээгээр дээгүүрт тооцогдох зэсийн ордын гүний уурхайг ашиглалтад оруулахад шаардлагатай үлдсэн санхүүжилтийг хөрөнгө оруулагч тал дангаар хариуцах түүхэн шийдвэр гарсан юм.

Э.Одмаа: Олборлолт эхлүүлэхэд шаардлагатай 100 орчим километрийн нэвтрэлтийн ажил бүрэн хийгдсэн

Гүний уурхайн олборлолтын ахлах инженер Э.Одмаа "Уурхайн багийнхан маань өнөөдрийн байдлаар огтлох малталтын түвшин болон олборлолтын түвшний бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна. Тэсэлгээ хийхээс өмнөх техникийн бэлэн байдлыг бүрэн хангасан бөгөөд техникийн бус бэлтгэл ажлууд хүлээгдэж байна. Мөн олборлолтын эхлүүлэхэд шаардлагатай 100 орчим километрийн нэвтрэлтийн ажил хийгдсэн. Гүний уурхайд нийт 200 километр үргэлжлэх нэвтрэлт хийх ёстой бөгөөд үлдсэн хэсэг нь олборлолтын хугацаанд гүйцэтгэнэ" гэсэн юм. 

100  орчим километр гэдэг нь гүний уурхайд байх олон тооны хонгилын нийт хэмжээ гэдгийг энд тодотгоё.

Газрын гүнд буй Улаанбаатар хоттой тэнцэхүйц хэмжээний баялгийг блокчлон олборлох аргыг хэрэглэхээр тооцжээ.

Блокчлон олборлох арга гэдэг нь бүрэн механикжсан арга юм. "Рио Тинто" нь энэхүү аргыг эзэмшсэн дэлхийн цөөн компанийн нэг юм. Уг арга нь эхлэл хэсэгтээ ихээхэн хөрөнгө зарцуулагддаг хэдий ч урт хугацаандаа ашиглалтын зардал багатай, аюулгүй байдлыг хангасан гэдгээрээ онцлог юм байна. 

Гүний уурхайн багийнхан одоогоор

  • Хяналтын төхөөрөмжүүдийг олноор ашиглах бөгөөд суурилуулж дууссан
  • Улаар огтлох түвшинд хөндлөн малтаж, туннелиүдийг гаргасан
  • Анхны өрөмдлөг хийх байршлын орчимд урьдчилсан өрөмдлөг хийсэн. Холбогдох шийдвэр гарсан үед ажлаа эхлүүлэхэд бэлэн
  • Тоног төхөөрөмжүүдийн болон хүн нөөцийн бэлэн байдлаа хангасан байна.

Ийнхүү Гүний уурхай үүцээ задлах цаг ойртсоор байна. Нэмэлт хөрөнгө оруулалт шийдэгдэж, шаардлагатай бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн гүйцэтгэснээр Оюу толгой Гүний уурхайгаас өдөрт 95 мянган тонн хүдэр олборлох боломжтой болох юм. Олборлолтын хэмжээ нэмэгдэхийн хэрээр Монгол Улсын эдийн засагт оруулах шууд болоод дам нөлөө тэр хэмжээгээр өснө. Тухайлбал, манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн л гэхэд гүний уурхайн нөлөөгөөр гурав дахин өсөх тооцоолол байдаг билээ.

ФОТО:

Гэрэл зургийг Б.Бямба-Очир (MPA.MN)