Зураг
Зураг
Индэр    
2021 оны 12 сарын 10
Зураг
Хуульч, сэтгүүлч

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нухчин дарсан нь

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

 

Үгээ хэлэх, итгэл үнэмшилтэй байх эрх чөлөөтэй түүнчлэн айх аюулгүй, гачигдах зовлонгүй байх нь хүн ардын эрхэм дээд эрмэлзэл мөн.

Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал

Нобелийн Энх тайвны шагналыг Филиппин болон Оросын сэтгүүлчид үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд оруулсан хувь нэмрээрээ саяхан хүртэв.

Нобелийн хороо Ресса Мария, Дмитрий Муратов нарыг "ардчилал, хэвлэлийн эрх чөлөө улам бүр таагүй нөхцөл байдалтай тулгарч буй энэ цаг үед энэхүү эрхийн төлөө тэмцдэг бүх сэтгүүлчдийн төлөөлөл" хэмээн онцолсон байна. Ардчилсан засаглалтай эсэхээс үл хамааран аливаа улс оронд нүүрлэж буй гэнэтийн давагдашгүй хүчин зүйл болох гамшиг аюул, цар тахлын нөхцөл байдалд иргэний үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөө хамгийн их хумигддаг аж. Иймдээ ч анх удаагаа сэтгүүлчдэд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, энэхүү шагналыг олгосон аж.

Зөрчлийн хуулиар мянга мянгаар нь иргэдийг торгож шийдвэрлэсэн нь

Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл “Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих” зөрчлөөр олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн хэмээн үзэж 2020 онд 1,480 хүн, хуулийн этгээдэд торгох шийтгэл оногдуулсан байна. Иргэнийг 500,000, хуулийн этгээдийг 5 сая төгрөгөөр торгох зохицуулалттай юм. Төр иргэдээ торгосноор Зөрчлийн тухай хуулийн ганцхан зохицуулалтаар хамгийн багадаа 740 сая төгрөгийн ашиг олсон байна.

Энэхүү 1,480 тохиолдлын 190 нь л Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгджээ. Үүний нэгээхэн жишээ нь, Энхсаран сувилалд хэвтэн эмчлүүлж байхдаа хулганаар дамжин тусгаарлах байранд халдвар тархаж буй асуудлаар хувийн цахим хаягтаа мэдээлэл оруулсан иргэн Д.Мөнхбат юм. Түүнийг торгож шийтгэхээ урьтал болгосноос бус алдаа нь зохион байгуулалтын хариуцлагагүй байдлаас болсон гэж хэн ч үзээгүй юм. Тайлбарлавал, Д.Мөнхбатын оруулсан мэдээлэл нь 2020.11.10-ны өдөр олон нийтэд хүрсэн бөгөөд Монгол Улс дотооддоо халдвар тархаж бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт 2021.11.11-ний өдрийн Засгийн газрын 178 дугаар тогтоолоор шилжсэн. Иргэн анхааруулсан боловч төрөөс асуудалд хайнга хандсаны нэгээхэн жишээ энэ билээ. Төрийн оролцоотой эмгэнэлт жүжиг энэ хүрээд дуусахгүй ээ. Бадарчин явсан газарт балагтай хэмээдгийн адил үлгэр цааш үргэлжилнэ.

Учир нь, Цар тахлын хуулиараа “цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрүүл мэндээ хамгаалах арга замын талаар үнэн зөв, бодит мэдээллээр иргэдийг тогтмол, шуурхай, хүртээмжтэй хангах” үүргийг Засгийн газар хүлээсэн. Монгол Улсын Засгийн газар, эрх бүхий байгууллагууд бүх хүнд хүртээмжтэй хэлбэрээр, бүрэн, хоёрдмол утгагүйгээр мэдээллийг цаг тухайд нь өгч чадаагүйн улмаас эрдэнэт хүний амь 22-ын товчоон дээр эрсэдсэн гашуун тохиолдол бий.

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2020 оны арванхоёрдугаар сард явуулсан 300 сэтгүүлчийг хамруулсан судалгаагаар хөл хорионоос шалтгаалж мэдээлэл олж авах, зөрүүтэй мэдээллийг нягтлахад хүндрэлтэй байсан гэж судалгаанд оролцогчдын 50% үзжээ. Иргэдийн мэдэх эрхийг хангах төрийн үйл ажиллагаа дан ганц 11:00 цагийн мэдээ биш юм. Үнэндээ 11:00 цагийн мэдээг үздэг гэж судалгаанд хамрагдсан 1,740 хүний 44% нь л хариулсан байна лээ. Түүнчлэн дээрх зохицуулалтад буй “олон нийтийг төөрөгдүүлэх”, “илт худал” гэх шалгуурыг хэрхэн хэрэглэх нэгдсэн ойлголт, эрх зүйн зохицуулалт үгүй тул түүнийг албан тушаалтнууд өөрийн дураар, харилцан адилгүй хэрэглэх, улмаар хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг нухчин дарах үр дагаварт хүргэсээр байна.

Худал мэдээлэл тараасныхаа төлөө 2 иргэн 53 хоног цагдан хоригдов

2017 оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар “Гүтгэх”, “Доромжлох” гэсэн уламжлалт гэмт хэргийг хассанаараа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө чөлөөг дэмжин хамгаалахад ахиц гарсан. Гэвч УИХ-аас баталсан 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Худал мэдээлэл тараахыг шинээр гэмт хэрэгт тооцох болов. Энэхүү гэмт хэрэгт хорих ялын шийтгэл байхгүй. Гэсэн хэдий ч Худал мэдээлэл тараах гэмт хэргийг шалгах явцдаа 2 иргэнийг 53 хоногийн хугацаатайгаар цагдан хорьсон. Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу цагдан хоригдсон нийт хугацааг торгох ялын дүнгээс хасаж, 505,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн тохиолдол гарчээ.

Худал мэдээлэл тараах гэмт хэрэгт 2020 онд 251, 2021 оны эхний дөрвөн сарын байдлаар 119 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэснээс 25 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Дунджаар 7 орчим хувь нь шүүхээр хянан хэлэлцэгдээд байгаа юм. Оногдуулсан шүүхийн шийдвэрээс онцолбол “Аймаг тойрсон эргүүлийн албаныхан яагаад бизнес эрхлээд байгаа юм бэ, та нар орж гарахад мөнгө хийх зүгээр үү?” хэмээн аймгийн зарын группт оруулсан асуултад нь холбогдуулан төрийн албан хаагчдын ажил хэргийн нэр хүндэд халдсан гэж үзэж 550,000 төгрөгөөр торгосон. Иргэний нэр төр байхаас хэсэг бүлэг “иргэд”-ийн нийтлэг нэр төр үгүй гэдгийг шүүгчид нь ч ойлгосонгүй.

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд гомдогчид ихэнхдээ төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагч, төрийн байгууллага байдаг байна. Аа харин, өртөгчдийн хувьд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага нь илүүтэй хамаатай. Дэлгэрүүлбэл, 1999-2020 онд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд болон гүтгэлэг, доромжлол, илт худал мэдээлэл тараахтай холбоотой шүүхээс шийдвэрлэгдсэн нийт 1077 иргэний болон эрүүгийн хэрэг байгаагаас 43.7% сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд холбогдох хэрэг байна.

Үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хэлбэр тайван, жагсаал хийх юм

Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрхүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт баталгаажсан хүний үндсэн эрх, эрх чөлөө юм.

ЦЕГ-ын мэдээлж буйгаар 2020 оны арваннэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй, бүртгэлгүй нийт 237 жагсаал, цуглаан болсон тухай мэдээлсэн. Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Иргэний болон улс төрийн эрхийн зөрчлийн мониторинг”-ийн хуульчдын багийн хийсэн дүгнэлтээр 51 тохиолдлыг нь зөрчлөөр бүртгэсэн. Ингэхдээ, хүч хэрэглэх, албадан саатуулах, хуульд заасан хугацаанд тарахыг нь сануулаагүйгээс гадна торгож шийтгэжээ. Цар тахлын үе дэх жагсаал, цуглаан бүр өөрийн гэсэн онцлог дүр төрхтэй зохион байгуулагдсан. Энэхүү эрхийг хязгаарлаж буй гол үндэслэл нь 1994 оны Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль болоод байна. Үүнээс илүүтэйгээр хууль сахиулагч байгууллагын үзэмж, засаг даргын зөвшөөрлийн тогтолцоо шүдний өвчин болжээ. Үндсэндээ иргэд жагсаал, цуглаан хийх эрхгүй, харин эрх мэдэлтнүүд болдог тогтолцоо оршиж байна.

Төгсгөлийн оронд

Үнэн гэдэг ойлголт цаг, үеэ дагаж өөрчлөгдөж ирсэн. Өнөөдрийн үнэн гэж үзэж буй бүхэн маргааш өөрчлөгдөж болно. Ийм байхад худалтай хуулийн хүрээнд тэмцэж чадах уу?

 - Эрүүгийн хуульд шинээр зохицуулсан “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахад хязгаарлалт болсон бөгөөд үндсэндээ нухчин дарсан хэмээн харж болохоор байна.

Цаашид энэхүү гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд байх шаардлагатай бол гутаах зорилго агуулсан эсэхийг хянан үзэх ёстой юм. Эрх бүхий албан тушаалтнууд нь өөрийн субъектив байдлаар бус хууль хэрэглээний нэгдмэл ойлголт, нэр томьёоны зөрүүгүй байдал нэн чухал байна. Түүнчлэн цар тахалтай тэмцэх нэрийн дор хүний эрхийг дордуулж, үзэл бодлоо чөлөөтэйгөөр илэрхийлсэн иргэдээ мянга мянгаар нь торгож буй байдлыг хамгийн түрүүнд халах хэрэгтэй юм.

Цар тахлын нөхцөл байдал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа тул нийтийн албан тушаалтнууд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээр, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлахыг урьтал болгох бус, зөрчихөөс урьдчилан сэргийлэх байдлаар анхаарах шаардлагатай байна.