Индэр    
2021 оны 11 сарын 8
Зураг
Freelance journalist

"Өөрийгөө хайрлаж халамжилна гэдэг тийм ч гоё биш"

Зураг
Illustration: Yaoyao Ma Van As Art

Өглөө бүрийг нэг янзаар эхлүүлж, өөртөө эрүүл хоол хийж идэн, өр ширээ бичиж тэмдэглэхээс л өөрийгөө хайрлах гэдэг эхэлнэ дээ.

Асуудлуудаасаа зугтааж, өөрийгөө сатааруулсныгаа шийдэл гэж андуурахгүй байхаас эхэлнэ. Хийхээс дургүй хүрдэг ч хийх ёстой юмаа хийхийг хэлнэ. Дасгал хийж хөлрөх, гайтай найздаа "Дахиж уулзахгүй" гэж хэлэх, хадгаламжтай болохын тулд хоёр дахь ажилд орохоос эхэлдэг. Бүх юмыг амжуулах гэж ядан байнгын ядарч явж байгаад гэнэт баннд хэвтэж, сэтгүүл уншин, утсаа өдөртөө унтрааж өөрийн амьдралаасаа завсарлага авах шаардлагатай болохгүйн тулд өөрийгөө хүлээн зөвшөөрөх аргаа олохыг хэлдэг.

Өөрийгөө хайрлах тухай яриаг хүн болгон сонирхож байна гэдэг чинь бүгд л өвчтэй байгаа хэрэг. Байнгын дотоод дарамтад байсны ядаргаанаас болж түр амсхийснийгээ өөрийгөө хайрлаж халамжлах гэж хэлмээргүй байна.

Жинхэнэ өөрийгөө хайрлах гэдэг бол давстай банн, шоколадны бялуутай ямар ч хамаагүй, энэ нь хааяа хааяа зугтаах шаардлагагүй амьдрал бүтээхийг өөрөө СОНГОЖ байгааг хэлнэ.

Ингэхийн тулд ихэвчлэн хамгийн дургүй юмнуудаа хийх шаардлагатай болдог.

Өөрийн алдаа, санаанд чинь хүрэхгүй байгаа дутагдлуудтайгаа нүүр тулж, бодитоор хараад дахин стратеги төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Өөрийн яг одоо хүсэж байгаа хүслээ гүйцэлдүүлэхийг хэлэхгүй. Тавьж явуулах. Шинийг сонгох. Зарим хүний дургүйг хүргэх. Бусдын төлөө золиос гаргах. Бусад хүмүүс шиг амьдрах албагүй, магадгүй бусдын амьдарч чадахгүй амьдралаар амьдрах.

Өөрийгөө энгийн нэгэн байлгахыг хүлээн зөвшөөрөх. Зүгээр л жирийн. Боломжийн биш ч байж болно. Заримдаа гал тогоо заваан байхыг, нарийхан бэлхүүстэй болох нь чиний амьдралын хамгийн том зорилго биш гэж шийдэхийг, худал хуурмаг найз нөхдийгөө сонирхохгүй байхыг хэлдэг. Нуугдмал боломж чадвараа нээж олж ашиглаж чадахгүй байгаагаа анзаарах. Юу болж байгаагаа ч ойлгохоосоо өмнө яаж хэрхэн бодох ёстойгоо заалгаснаас болж яажшуухан амьдарч байгаагаа анзаарах.

Байнга эд материал худалдаж авч өөрийгөө баярлуулдаг бол, чи өөрийгөө хайрлах гэдэг ойлголтоос маш хол явна. Өөрийгөө хайрлана гэдэг өөрийгөө шагнаж юм авч өгөх, эрхлүүлнэ гэсэн үг огтхон ч биш, өөрийгөө хайрлана гэдэг өөрөө өөрийнхөө эцэг эх болж, удаан хугацаандаа сайн сайхан байхын тулд бэрх сонголт хийхийг хэлнэ.

Өөрийн яаруу, утгагүй амьдралаа шалтаг болгон ажлаа хойшлуулах юм уу архи уухаа болихыг хэлнэ. “Өөрийгөө засах” биш өөрийгөө халамжилж арчилж авч явах. Магадгүй өөрийгөө авч яваад эхлэхээр анхнаасаа засмаар байсан олон асуудлууд чинь аяндаа засагдана.

Өөрийнхөө амьдралын хохирогч биш, баатар болохыг хэлнэ. Өдөр тутмын амьдрал чинь чамайг өвтгөж, эмчилгээ засал авах ёстой болгодог болгохгүйн төлөө бүх хүчээ дайчлахыг хэлнэ.
Сайхан харагдаж байгаа амьдралыг сонгох биш, сайхан мэдрэмж төрүүлж байгаа амьдралыг сонгохыг хэлнэ. Зарим нэг зорилгуудаасаа бүр мөсөн татгалзаж бусдыг бодох хэрэг ч гарна. Хүмүүст таалагдахгүй байсан ч хамаагүй үнэнч байх хэрэг гарна. Өөрийнхөө хэрэгцээг хангаж, бусад хүмүүсээс хамааралгүй болохыг хэлнэ. Ямар учир зорилготой яах гэж энэ ертөнцөд ирсэн гэдгээ ойлгож хэн болох ёстой байсан тэр хүн болно гэсэн үг. Давстай банн, шоколад бол амьдралд таашаал нэмдэг болохоос биш амьдралаас зугтахдаа хэрэглэдэг зүйл биш гэдгийг мэддэг хүн болоорой.

 

Brianna Wiest-ээс орчуулан хүргэв.