Индэр    
2021 оны 9 сарын 17
Зураг
iKon.mn сэтгүүлч

Гаргасан дэглэмээ өөрсдөө зөрчин зохион байгуулж буй Засгийн газрын арга хэмжээнүүд

Зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Гаргасан дэглэмээ өөрсдөө зөрчин зохион байгуулж буй Засгийн газрын арга хэмжээнүүд
Sara, ikon.mn - text to speech

Коронавируст халдварын тархалтыг бууруулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг он дуустал мөрдөх шийдвэрийг Засгийн газраас гаргасан

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хугацаанд уралдаан тэмцээн, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа зэрэг 18 төрлийн үйл ажиллагааг хориглодог журамтай. Гэхдээ ихэнх үйлчилгээний байгууллагатай хариуцлагын гэрээ хийж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар ханган ажиллаж болохыг нийслэлийн захиргаанаас зөвшөөрөөд байгаа юм. 

Харин жагсаал, цуглаан, үзвэр үйлчилгээ зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээг хориглосон хэвээр байгаа боловч дэглэм зөрчигдсөн арга хэмжээнүүдийг төрийн болон төрийн бус байгууллагууд хийж эхлэв. 

Тодруулбал, өнөөдөр ICT экспо, Намрын ногоон өдрүүд, Номын баяр зэрэгцэн эхэлж байна.

Мэдээллийн технологийг сонирхогчдын цуглаан- ICT Экспо

Засгийн газрын тохируулагч агентлаг болох Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас ICT экспог "Digital nation" уриан дор есдүгээр сарын 17-19-нд зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээнд мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулдаг бөгөөд сонирхон очих хүн олон.

Мөн өнөө орой Монголд анх удаа дроны үзүүлбэр хийх гэж буй нь олны анхаарлыг татаж байгаа юм. 

Намрын ногоон өдрүүд

Хүнс хөдөө аж ахуйн яамнаас есдүгээр сарын 16-23-нд намрын ногоон өдрүүдийг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна. 

Уг үйл ажиллагаа албан ёсны нээлт өнөөдөр болж байгаа бөгөөд аж ахуй эрхлэгч олон иргэн хүрэлцэн ирээд байгаа юм. Эх орныхоо хөрсөнд ургасан эрүүл, шинэхэн ногоог худалдан авах боломжийг нийслэлчүүдэд олгодгоороо тус арга хэмжээ давуу талтай ч халдварын эрсдэл хэзээд байсаар буй санах учиртай билээ.

Үндэсний номын баяр

Зохиолч, уншигчдын уулзах цэг болдог Үндэсний номын баяр өнөөдрөөс эхлэн гурав хоногийн турш Төв талбайд болно.

Баярыг Номын соёлт ертөнц төрийн бус байгууллагаас жил бүр зохион байгуулдаг бөгөөд нийслэлд болдог оролцогч ихтэй арга хэмжээнүүдийн нэг билээ.

Энэ жил 200 гаруй асар засагдсан талаар зохион байгуулагчид нь хэлсэн. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний аж ахуйн нэгж байгууллага болон зохиолч оролцохоор бүртгүүлсэн гэсэн үг.

Сонирхон очих хүний тоо үүнээс хэд дахин өндөр гарах нь тодорхой. Иймд, халдвар хамгааллын дэглэмийн зөвлөмжийг оролцогчдод хүргүүлсэн, иргэдийн гарыг ариутган нэвтрүүлэн, тогтмол хугацаанд асруудыг ариутгахаар мэргэжлийн компанитай гэрээ байгуулсан талаар зохион байгуулагчид нь хэлж буй юм.

"Олон хүнийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулснаар халдварын дэгдэлт гарч байгаа"

Эдгээр арга хэмжээ бүгд гадаах орчинд болж байгаа. Дотоод орчинтой харьцуулахад халдвар тархах эрсдэл харьцангуй бага.

Гэвч энэ оны хавар мэргэжлийн байгууллагууд хүүхдүүд тоглоомын талбайд тоглож байхдаа халдвар авч байгаа талаар удаа дараа хэлж байв. Энэ нь гадаах орчинд хоорондын зайгаа баримтлахгүй бол халдвар эрсдэл өндөр гэдгийг илтгэнэ. 

Түүнчлэн өнөөдөр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр Монгол Улс дельта хувилбарын тархалт өндөртэй улсын тоонд багтаж байгааг онцлон тэмдэглэж, дельта хувилбарын халдварлах чадвар, эсэд нэвтрэн орох, эсэд нэвтрэн ороод өөрийгөө хувилах чадвар нь эрс нэмэгдсэн талаар мэдээлэв.

Мөн ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Баярболд хурим найр, олон хүнийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулснаар халдварын дэгдэлт гарч байгааг анхаарах хэрэгтэйг зөвлөж, үйлдвэрлэл үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг 22:00 цаг хүртэл болгох санал гаргасан тухай хэлсэн билээ

Эндээс дүгнэн үзэхэд, төрийн яам, агентлаг нь өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед мөрдөх ёстой журмаа өөрсдөө зөрчиж, олон хүнийг нэг дор цуглуулах арга хэмжээг зэрэгцэн зохион байгуулж байгаа нь төр өөрөө өөрийнхөө эсрэг ажиллаад байгаа мэт харагдана. 

Харин цар тахалтай тэмцэхэд ачааны хүндийг дангаараа үүрч байгаа гэж болохуйц эрүүл мэндийн салбарынхан ачаалал нэмэгдэж, аюул улам ихсэж байгааг анхааруулсаар байна.

Засгийн газраас удаа дараалан хөл хорио тогтоож, "Нэг өрх-Нэг шинжилгээ" арга хэмжээг зохион байгуулсны дараагаар энэ оны гуравдугаар сард хоригийн арга хэмжээнүүдийг цуцлан, хэвийн амьдралын горимд шилжсэн. Энэ шийдвэрийн дараагаар халдварын тархалт огцом нэмэгдэж, нөхцөл байдал хэрхэн хүндэрч байсныг бүгд мэдэж байгаа. 

Харин одоо энэ дүр зураг давтагдаж болохуйц нөхцөл үүсэж эхлэв. 

Жишээлбэл, долдугаар сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Монгол Улсад дельта хувилбар бүртгэгдсэн талаар мэдээлж байв. Үүний дараахан буюу наймдугаар сарын эхээр зарим аймаг бүсийн уралдаан, наадам зохион байгуулснаар дельта хувилбар орон нутагт тархаж, тохиолдлын тоо огцом өссөн. 

Зуны туршид нийслэлд халдварын тоо тогтворжиж, буурах хандлагатай болоод байсан ч хичээл сургалтын үйл ажиллагаатай холбоотойгоор есдүгээр сард дахин өсөж эхэлсэн билээ. Гэтэл шил даран болж буй олон нийтийг хамарсан үйл ажиллагаа өсөлтийг эрчимжүүлэх эрсдэлтэй болов.

График, Коронавируст халдварын тохиолдлын тоо, 2021 оны долдугаар сарын 1-нээс хойш

Одоогоор манай улс "Улбар шар" түвшинд байгаа бөгөөд энэ үед 

  • Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
  • Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
  • Баар, /диско, караоке/
  • Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  • Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
  • Сургалтын төв /Танхимын болон үйлдвэрлэлийн 10-аас дээш хүнтэй сургалт/
  • Соёл урлаг
  • Үзвэр үйлчилгээ /Нийт суудлын тооны 30 хувиас их/
  • Алжаал тайлах төв
  • Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв /Нийт хүчин чадлын 30 хувиас их/
  • Саун, бассейн /Нийт хүчин чадлын 30 хувиас их/
  • Дэн буудал
  • Шашны зан үйл-гандан, сүм хийд, мөргөлийн газрууд
  • Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын /Дотоод орчин 10-аас дээш хүнтэй/ арга хэмжээг хориглодог.