Зураг
Зураг
Индэр    
2021 оны 9 сарын 1
Зураг
Гэр бүлийн сэтгэл зүйч

№1: Би яагаад зодуулдаг байсан бэ?

Зураг

-Сэтгэл судлаач танд тусалж чадах уу? -

Сэтгэл гутрал, ганцаардал, хосын харилцааны асуудал, өөрийгөө ойлгох зорилгоор сэтгэл зүйн зөвлөгөө авах хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Гэхдээ одоог хүртэл хүмүүст сэтгэл судлаач хүнд хэрхэн тусалдаг талаарх тодорхой ойлголт байдаггүй.

Зөвлөгөөний өрөөнд өрнөх ярилцлага хэрхэн явагддаг болохыг олон нийтэд сэтгэл зүйн боловсрол болгон хүргэх, сэтгэл зүйд тулгарч буй асуудлуудад шийдэл өгөх зорилготой нэвтрүүлгийн эхний дугаарыг та бүхэнд хүргэж байна.

Анхааруулга: Сэтгэл зүйн ярилцлага нь энгийн нэвтрүүлэг ярилцлагаас өөр. Хүн өөрт төрсөн сэтгэлийн хөдөлгөөн, болсон үйл явдал, хийсэн үйлдлүүдийн талаар өөрийн мэдэрснээр тайлбарлан гаргадаг. Тиймээс танд тааламжгүй хэсэг гарвал алгасах, өөртөө хүндээр тусгаж авахгүй байхыг хүсч байна. Нэвтрүүлгийн талаарх санал сэтгэгдлээ info@familycollege.mn хаягаар илгээнэ үү.

Би яагаад зодуулдаг байсан бэ?

Сэтгэл судлаач: -Сайн байна уу, намайг Дэлгэрмэнд гэдэг. Та бид хоёрын ярилцлагын тодорхой хэсгүүд нь олон нийтэд сэтгэлзүйн боловсрол олгох зорилгоор хүрнэ. Та яагаад сэтгэл судлаачид хандах болсон бэ?

Оролцогч: -Намайг бага байхад ээж их зоддог байсан. Хүмүүсийн нийтлэг ойлгодог шиг хүүхдээ зодоод, хүүхдээ хайхардаггүй ээж байгаагүй. Ээж надад хайртай байсан. Гэхдээ ээжийн намайг зоддог байсан нь сэтгэлд үлдчихсэн. Одоо бодоход ээж яагаад тэгдэг байсан юм бол? гэж боддог.

Сүүлийн үед гэр бүл зохиосноос хойш ээждээ гомдсон байснаа тоохгүй байгаа. Одоо хадам аав ээж хоёртойгоо амьдардаг. Манай нөхөр хүчирхийлэл гэж мэдэхгүй болхоор зөөлөн хүн болсон гэж боддог. Бусдын аав ээжүүд зүгээр ярилцаад харилцаж болж байхад яагаад манай аав, ээж надтай тэгж харилцаж болдоггүй байсан юм болоо гэж их боддог. Хааяа шөнө орондоо бодоод хямардаг байсан.

Сэтгэл судлаач: -Та сүүлийн үед хямарч байгаа юу?

Оролцогч: -Одоо хямрахаа больсон. Гэрээсээ гараад 4 жил болж байгаа. Эхний 2 жил их хямардаг байсан. Одоо шөнө болгон бодоод байдагаа больсон. Гэхдээ сэтгэлзүйч дээр ирэхгүй л бол гомдлоо арилгаж чадахгүй юм байна гэж бодсон. Одоогийн ажил, өдөр тутмын амьдралд минь хүртэл нөлөөлөөд байна.

Сэтгэл судлаач: -Жишээлбэл таны өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж байгаа вэ?

Оролцогч: -Өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чадахгүй байна. Жоохон байхад ээж намайг гурилтай шөл идэхгүй голоод байна гээд зодож байсан. Иймэрхүү байдлаас болоод сэтгэл хөдлөлөө илэхрийлж чаддаггүй, өөрийгөө илэрхийлж чаддаггүй. Одоо ажил дээр өөрийнхөө санааг хэлэх гэхээр хэлж болохгүй юм шиг санагддаг. Хар багаасаа “чиний ямар байгаа чинь хамаагүй”, “том хүний өөдөөс юм ярьж болохгүй” гэж сонсдог байсантай холбоотой гэж боддог. 

Сэтгэл судлаач: -Та анх өөрийнхөө үгийг хэлж болох юм байна гэдгээ нөхрөөсөө, нөхрийнхөө гэрт ирээд сурсан уу?

Хүүхдийг хүчирхийлэлгүй амьдруулж болдог юм байна гэдгийг харсан

Оролцогч: -Тийм. Хүүхдийг хүчирхийлэлгүй амьдруулж болдог юм байна гэдгийг тэгэхэд харсан. Захирлууд, эцэг эхчүүдийн хувьд өөрөөсөө сул дорой хүнд “чи энийг хийж болохгүй” гэж сөргөөр илэрхийлэхийн оронд “чи ингээд хийсэн байна, ингэж хийвэл зүгээр юм болов уу” гээд тайлбарлаад, хүч хэрэглэхгүй байж болох юм байна гэж ойлгосон. Сул дорой нэгэнд зөвөөр ойлгуулж болдог юм байна гэдгийг нөхрийнхөө гэр бүлээс харсан.

Сэтгэл судлаач: -Нөхрийнхөө аав ээжтэй амьдарч эхлээд орой болгон уйлдаг байсан гэсэн.

Оролцогч: -Нөхрийнхөө гэр бүлээс бол шалтгаалаагүй. Харин тэдний харилцаа ямар гоё байдаг юм бэ? гэж боддог байсан. Манай ээж их хатуу шаардлага тавьдаг байсан. “Дэвтрээ хаягласангүй, яагаад хичээлдээ 80% гарч байгаа юм бэ” гэх мэт жижиг сэдвүүдээс намайг зоддог байсан.

(Дараах хэсэгт гарах амиа хорлолтын талаарх бодлуудыг эцэг эхчүүдэд анхааруулга болгох зорилгоор орууллаа)

Бага байхад ээж намайг худлаа ярихыг мэдчихдэг, тэгээд их уурладаг байсан. Ээжийг зодоод эхлэхээр амиа хорлох талаар боддог байсан. Угаалтуурын өрөөнд ороод хаалга хаахаар хойноос ирээл зодохоо үргэлжлүүлдэг байсан. 5 давхарт байсан болохоор үсэрвэл  яах бол? гэж бодож байан. Тэгвэл дахиад зодуулахгүй сайхан болчих юм шиг санагдаад…

Ээжийн загинах зодох эцэс дуусдаггүй үргэлжилдэг байсан. Би өөдөөс нь “намайг яагаад ойлгохгүй байгаа юм” гэх зэрэг хэрэлддэг байсан. Харин аав ганц хүчтэй цохидог, би юм хэлж чадахгүй чимээгүй болдог байсан.

Сэтгэл судлаач: -Хэзээнээс эхэлж таны ээж таныг зодож эхэлсэн бэ?

Оролцогч: -Ээжийн зодож эхэлсэн үе нь яг манай дүү төрсөнөөс хойш байгаа юм. Ээж болохоор дүүг надаас илүү үзээд, аав ахыг илүү авч үзээд байгаа юм шиг санагддаг байсан.

Сэтгэл судлаач: -Энэ гэрт би хайрлагдахгүй байна гэдгээ мэдрээд юу хийж эхэлсэн бэ?

Оролцогч: -Би бусадтай их харьцуулагдана, өөрөө ч бас аав ээжийгээ бусадтай харьцуулж боддог байсан. Хамт гадаа гарсан хүүхдүүд эсвэл адилхан муу дүн авсан хүүхдүүд зодуулахгүй байхад би яагаад хоёр гуяа хөх болтол зодуулаад байгаа юм бол гэж боддог байсан.

Сэтгэл судлаач: -Бага байхдаа ээж аавдаа зодуулдаг учраас худлаа яридаг байсан уу? Зодуулдаг гэдгээ найзуудаасаа нуудаг байсан уу?

Оролцогч: -Аавд зодуулж байснаа хэнд ч хэлж байгаагүй. Нөхөртөө ч хэлээгүй. Аавдаа хайрлагдаж байгаагүй гэдгийг бусад хүмүүст мэдэгдэхээс санаа зовдог байсан. Аав ээж нь хайрлахгүй байгаа юм чинь намайг нөхөр маань яаж хайрлах вэ гэдгээс санаа зовоод аавыгаа зоддог байсан гэж одоо хүртэл хэнд ч хэлээгүй.

Сэтгэл судлаач: -Танай ээжийн зодолт хэзээнээс буурсан бэ?

Оролцогч: -Дүүгээ би харж эхэлсэнээс хойш. Ээж ажилдаа ороод, би дүүгээ ганцаараа хардаг болсон. Тэгсэн чинь “миний охин мундаг” гэдэг болсон. Тэр үед би өсвөр насанд хүрээд шөнө орой гараад, миний хичээл муудаж эхэлсэн. Ээж намайг 16 нас хүрснээс хойш зодохоо больсон.

Сэтгэл судлаач: -Та болсон үйл явдлыг нь санадаг уу?

Оролцогч: -Тэлээгээр намайг зодох гэсэн чинь би урдаас нь барьж аваад ээж намайг дийлэхгүй байсан. Тэр үеэс хойш зодоогүй, зүгээр үглэдэг болсон.

Сэтгэл судлаач: -Ээж нь ажлаа хийгээд явахдаа бага хүүхдээ эгчид нь үлдээгээд явдаг байсан юм байна. Таныг хий гэсэн юмыг нь хийгээд байвал ээж чинь дуртай, хийхээ больчихвол уурлаад зоддог байсан юм уу?

Оролцогч: -Би яагаад тийм аймар зодоод байсаныг нь ойлгодоггүй юм аа. Тэгээд ээж намайг зоддог байсан болохоор би бас дүүгээ зодно. Ээжийн эцэс төгсгөлгүй уурлаад  байдаг нь надад таалагддаггүй байсан болохоор дүүгээ “чи энийг хийгээгүй байх юм бол би чамайг яг гурав ороолгоно, дөрөв ороолгоно” гэдэг байсан.

Сэтгэл судлаач: -Та дүүгээ зодох нь дуусдаг байсан байна. Дүүгээ тэр үед таниас айдгийг анзаардаг байсан уу?

Оролцогч: -Би жоохон хүүхэд байсан болохоор надад аав ээж ингэж хандаж байгаа юм чинь дүүдээ адилхан ханддаг байсан. Тэрний эхлэл нь ээж гэж боддог. Одоо дүү маань аймхай болсон юм шиг санагддаг. Тэр нь надтай холбоотой гэж санагддаг. Одоо ч гэсэн миний үгнээс  гардаггүй дуулгавартай.

Сэтгэл судлаач: -Одоо өөрийн хүүхэдтэйгээ харилцахаар сурсан зангаараа дүүгээ айлгаж байсан зангаараа харилцдаг уу?

Ийм байдлаар харилцаж  болдог гэдгийг харуулаагүй байсан бол уурлаад загинах байсан

Оролцогч: -Үгүй, тэгдэггүй. Охин дээрээ болохоор илүү ойлгуулахыг боддог. Хүүхэд хүмүүжүүлэх чинь хэцүү шүү дээ. Ойлгуулж хэлэх хэцүү, амар байдаггүй. Хүүхэд будаатай хуурга, хуушууранд дуртай. Уг нь шөлтэй, ногоотой хоол өөрт сайн боловч иддэггүй, өөр тийшээ харж зөрүүдлэнэ.

Сэтгэл судлаач: -Одоо танд нөхөр, хадам аав ээж тань туслаж байна. Хэрвээ туслах хүн байхгүй байсан бол таны уур хүрэх үү?

Оролцогч: -Ийм байдлаар ойлгуулж болдог, ийм байдлаар харилцаж  болдог гэдгийг надад яг хажууд харуулаагүй байсан бол уурлаад загинах байсан.

Сэтгэл судлаач: -Тэгэхээр таны ээжийг залуу байхад зааж өгөх харуулах хүн байгаагүй, туслах хүнгүй учраас охиноо буруу хүмүүжүүлдэг байсан болов уу?

Оролцогч: -Ээж өөрөө тоглож наадаж явж байгаад сайн их сургуульд орж чадаагүй гэж бодоод тэр алдаагаа надаар давтуулахгүйн үүднээс “гадуур явахгүй шүү, хичээлээ сайн хий” гэдэг байсан. Намайг их сургуульд орлоо гэж их баярлаж бахархаж байсан. Аав бас их баярлаж бахархаж байсан.

Сэтгэл судлаач:  -Та тэр үед ээжийгээ юунаас болж уурлаж бухимддаг байсан бол гэж ярилцаж үзэж байсан уу?

Оролцогч: -Одоо болохоор тэгэж ярихаар “Би та нарыг юугаар ч дутаагаагүй өсгөсөн, та нар сайн л явж байна” гээд бахархалтай маягаар яридаг. Ах бид 2 сайн л явж байгаа л даа. Өөрсдөө их сургуулиа төгсөөд яг мэргэжлээрээ ажиллаж байгаа. Аав ээжээсээ хараат бус, өөрсдийгөө аваад явж байна. Архи дарсанд ороогүй сайн байгаад ээж бол бахархдаг.

Сэтгэл судлаач: -Аав ээж хоёр нь хүүхдүүдээ бүгдийг нь боловсролтой, өөрсдийхөө чадаагүй зүйлсийг хийлгэнэ гэсэн зорилготой байсан байна. Тэрнээс нь өөр зорилго тавиагүй юм байна. Уурлахгүй байя, хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрөөе, хүч хэрэглэхгүй хүүхдээ сонсоё гэж зорьж байгаагүй юм байна.

Тэгээд өдөр тутамд стресс үүсгэж байгаа асуудлуудыг дандаа ганцаараа шийддэг. Одоо танд байгаа шиг арга замыг хэн нэгэн зааж өгөөгүй учраас хүүхдээ айлгаад, зоддог байсан байж болох юм. Хэрвээ би зодохгүй бол хүүхдүүд хичээлээ хийхгүй болчихно гэдэг айдсаасаа болоод зодсон учраас ээжийнхээ хийсэн үйлдлийг уучилж чадах уу?

Би таныг хэзээ тайвшрах вэ гэдгийг хэлж өгье. Зодуулсан өдрүүддээ гомдохоос илүүтэй ээжээсээ “тэр үед танд юу аймар байсан бэ?” гэдгийг асуугаарай. Таныг есөн настай байхад, дараа нь арван нэгтэй болоход таны ээж юунд хамгийн их санаа зовдог байсныг нь асуугаад үзээрэй.

Оролцогч: -Би ерөөсөө тэгэж бодож үзэээгүй юм байна. Ажил дээр бусдын оронд өөрийгөө тавьж үзээд боддог байсан ч гэсэн, ээж маань ганцаараа 2 хүүхдээ харж үлдээд илүү сайн байхыг хичээж дээ гэж бодож үзээгүй байсан юм байна.  Одоо хадам ээж аавыгаа сайн байна гэж байгаа боловч миний хажууд нөхөр маань сайн байна ш дээ гэж бодоогүй юм байна. Надад туслах хүн байна, манай ээжид байгаагүй юм байна. 

Сэтгэл судлаач: -Надад итгээд бүх зүйлээ ярьж байгаад маш их баярлалаа.

Оролцогч: -Танд бас баярлалаа. Сэтгэл зүйчид хандаад үр дүнтэй болов уу гээд боддог байлаа. Яах ч аргагүй шал өөр өнцөг гаргаж ирээд, яг л гогцоог нь тайлаад өгчихлөө баярлалаа.

Сэтгэл судлаач: -Та учир зангилаагаа юу гэж тайлсан бэ гэдгээ дүгнээд хоёулаа ярилцлагаа дуусгая.

Оролцогч: -Одоо ажил дээрээ, нөхөртэйгөө, хүүхэдтэйгээ ярилцахдаа эвсэл хадам дүүгийнхээ оронд “угаасаа өсвөр насны хүүхэд, гарч ороход мөнгө хэрэгтэй байгаа” гэж өөрийгөө оронд нь тавьдаг шигээ ээжийнхээ оронд өөрийгөө хэзээ ч тавьж харааагүй юм байна. Одоо нөхөр маань байхгүй хүүхэдтэйгээ хоёулаа үлдэхэд би байж чаддаггүй. Гэтэл би ээжийгээ хэдэн сар жил нөхөргүй яаж болгоод, хүүхдүүдээ мундаг  өсгөсөн байгааг нь анзаардаггүй байжээ.

Сэтгэл судлаач: -Өнөөдөр ирсэнд баярлалаа. Танд аз жаргал хүсье. 

ВИДЕО: