Индэр    
2021 оны 3 сарын 12
Зураг
Иргэн таны эрсдэлийн мэдлэгт

Эндэх ёсгүй эндэгдэл

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхий дахинд гэнэтийн осол гэмтлийн шалтгаант нас баралтыг эндэх ёсгүй эндэгдэл буюу урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой эндэгдэл гэж үздэг.

Манай улсад 2020 оны байдлаар 0-19 насны 4,624 хүүхэд түлэгдэх эрсдэлд өртөн эрүүл мэнд, гоо зүй, сэтгэл санаа, амь насаараа хохирсон байдаг. Тэр дундаа 0-5 насны хүүхдүүд 81.8 хувийг эзлэх ба түлэгдэлтийн шалтгаант нас баралтын 52 хувийг эзэлдэг байна. Судалгаанаас харахад 90 хувь нь гэр, ахуйн орчинд тохиолдсон байдаг. Угтаа бол эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт хамгийн сайн төвлрөх аюулгүй байх орчин.
 
Эх сурвалж: ГССҮТөвийн Статистик, Тандалт судалгааны алба

Бага насны хүүхдүүдийн дунд түлэгдэх эрсдэл өндөр хэвээр байгаагийн гол шалтгаан нь эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас гадна урьдчилан сэргийлэх, аюулгүй орчныг огт бүрдүүлэхгүй байгаатай холбоотой байна.

Түлэгдсэн орчин нөхцөл, шалтгааныг авч үзвэл томчуудын хэнэггүй байдлаас болсон гэдэг нь тодорхой харагдана.

  • Бага насны хүүхдэд хэт халуун хоол, цай уулгах, дулааны түлэгдэлт үүсгэх магадлалтай хүчин зүйлсийг хүүхдийн хүрч болох ил газар байрлуулах, цахилгаан хэрэгсэл аюулгүй байдлыг үл хангах, гал гаргах эрсдэлтэй зүйлс хүүхдийн гарт ойрхон байх гэх мэт жагсаагаад харвал “арай ч дээ” гэмээр шалтгаанууд.
  • Үүнээс гадна “том толгойлж” түлэгдэлтийн зэргийг өөрөө тодорхойлох, дур мэдэн эмчилгээ хийж, улам бүр асуудлыг даамжруулдаг.

Хүүхэд ба том хүний арьсны бүтцэд ялгаа байдаггүй. Гэвч хүүхдийн арьс илүү эмзэг, мэдрэмтгий байдаг тул хөнгөн зэргийн бага хэмжээтэй түлэгдсэн ч өндөр хохирол учирч болзошгүй. Арьс нь хамгаалах, халуун дулааныг зохицуулах, хөлс шингэн гадагшлуулах гээд зөвхөн гоо сайхны бус өөр олон чухал үүргийг гүйцэтгэдэг. Түлэгдэлт нь дан ганц шарх, сорви үлдээх эмгэг бус, хүний биеийг бүрхэж буй хамгийн том эрхтэн болох арьс, түүний үйл ажиллагааг алдагдуулах хэмжээтэй гэж ойлгох хэрэгтэй. Тиймдээ ч түлэгдэлтийн дараах эмчилгээ, нөхөн сэргээх зардал зэрэг нь маш өндөр байдаг.

Түлэгдэх үед сорви үүсэхээс гадна арьс таталдаж эдгэх, үлдсэн амьдралынхаа туршид хөдөлмөр эрхлэх чадамжаа алдах, сэтгэл зүйн гэмтэл авч, хэвийн амьдралын хэмнэлээс холдох, нийгмээс хөндийрөх зэрэг маш олон эрсдэлүүд үүсгэдэг.

Олон ч харамсалтай жишээ бий... Хорвоотой танилцаж ч амжаагүй байхдаа ээж аавыгаа орхин одсон, түлэгдсэн үрээ “үзэшгүй муухай” болсон гээд эмнэлэгт хаяад явсан, дүүгээ аврах гэж өөрөө тэнгэрт хальсан гээд дурдаад байвал дуусахгүй. Хамгийн сэтгэл эмтрэм хэсэг нь урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой байсанд л бий.

Эрсдэл тохиолдох бодит магадлал өндөр байдаг нь үнэн. Тиймээс эцэг эх бид хүүхдэд аюулгүй амьдрах орчин нөхцөлийг чадлаараа хангаж, тэдэнд цаг гаргаж урьдчилан сэргийлэх зүгээс насны онцлогт таарсан мэдээллийг өгөх шаардлагатай. Учир шалтгааныг тайлбарлаж, өөрсдийн ухамсартаа учрах эрсдэлийг таних боломжоор нь хангах хэрэгтэй.

Мөн хүүхдийнхээ ирээдүйг баталгаажуулж хүүхдийн гэнэтийн ослын даатгалд хамруулах нь бас нэгэн сонголт юм.

Зөвлөмж

  • Түлэгдсэн тохиолдолд түлэгдэлтийг их бага гэлтгүй заавал эмнэлгийн байгууллагад хандаж зөвлөгөө авах шаардлагатай.
  • Дур мэдэж оношилгоо, эмчилгээ хийхээс зайлсхийх. Учир нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй эмчилгээ /амьтны тос, элсэн чихэр, барааны саван/ хийснээр зөвхөн арьс гэмтээд зогсохгүй, халдвар цусанд орж амь насанд эрсдэл учруулна.
  • Эмнэлгийн тусламж ирэх хүртэл тасалгааны хэмтэй урсгал усанд зөвхөн түлэгдсэн хэсгийг хөргөнө.
  • Хүүхэд хүрч болох газраас дулааны түлэгдэлт үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийг холдуулах /халуун шингэн, ус буцалгагч, халуун тогоо, будаа агшаашч, уртасгагч/
  • Гал гаргах магадлалтай зүйлс болон ил гал, зуух зэргээс хүүхдийг хол байлгах.
  • 3 наснаас нь эхлэн эрсдэлийн талаар тайлбарлаж, ярилцаж, эрсдэлийн талаар мэдлэгтэй болгох. Эрсдэлийн талаар хэрхэн тайлбарлахаа сайн мэдэхгүй байгаа бол Мандал Эрсдэлийн Сургуулийн онлайн хичээлүүдийг үзүүлэхийг санал болгож байна.

 

"Мандал Эрсдэлийн институт" - Н.Хүслэн