Индэр    
2020 оны 11 сарын 24
Зураг
Иргэн таны эрсдэлийн мэдлэгт

Нийгмийн эрсдэл

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Жил бүр олон улсын аз жаргалын индексийг тооцон гаргадаг. Ингэхдээ нэг иргэнд оногдох бодит ДНБ, нийгмийн хангамж, эрүүл амьдралын хэв маяг, сонголт хийх эрх чөлөө, сэтгэл зүйн  эрүүл мэнд, авилгын талаарх ойлголт зэрэг үзүүлэлтүүдийн хүрээнд түүврийн маягаар 1,000 иргэнээс судалгаа авч үр дүнг гаргадаг. 

Гэрээсээ гараад толгой дээрээс төмөр унахвий, зам гарч байгаад машинд мөргүүлэхвий, орох гэж буй шинэ орон сууц нь байгалийн аюулт үзэгдлээс болоод гэнэт нурчихвий, ажлын байранд гал гарчихвий гэсэн айдасгүй газарт аз жаргалын индекс хамгийн өндөр байдаг гэсэн үг. Товчхондоо эрсдэлийг бууруулсан, түүний удирдлагын тогтолцоог сайжруулсан газар байх нь

Монгол Улсын хувьд 2019 оны байдлаар энэхүү жагсаалтад 156 орноос 83-т бичигдсэн байна. Муугүй үзүүлэлт. Гэхдээ бодит амьдрал дээр бид эрсдэл багатай газар амьдарч чадаж байгаа гэж үү?     

Иргэн бүрийн эрсдэлийн мэдлэгт хувь нэмэр оруулах зорилготойгоор бид та бүхэндээ эрсдэл тухай бүрийн ойлголт, түүнийг хэмжих хэмжигдэхүүн зэргийг дэлгэрэнгүй, энгийн бөгөөд ойлгомжтой байдлаар хүргэхийг эрмэлзлээ.

Эрсдэлийг

  • эдийн засгийн
  • нийгмийн
  • байгалийн гэж ангилж үздэг.

Эдийн засгийн эрсдэл улс төрийн хамааралтай. Ийм учраас нийгмийн болон байгалийн эрсдэл дундаас манай улс орны нөхцөлд хамгийн түгээмэл тохиолддог эрсдэлүүдийг сонгон авч 1-9 оноогоор үнэлж эхэлсэн бөгөөд индексийн тоон утга нь их байх нь эрсдэлийн түвшин өндөр байгааг илэрхийлнэ. Индексийг нэг жилийн турш тохиолдсон эрсдэлийн статистик мэдээлэлд тулгуурлан жилд нэг удаа тооцдог. 

Энэ удаад бид нийгмийн эрсдэл гэж чухам юу болох хэрхэн ангилагддаг зэргийг та бүхэнтэйгээ хуваалцъя.

Нийгмийн эрсдэл гэдэгт хүн амын өвчлөл, гэмт хэрэг, үйлдвэрлэлийн осол, зам тээврийн осол, объектын гал түймрийн эрсдэлүүд хамаардаг. Тодруулбал нийгэмд хохирол учруулж болзошгүй аюулыг төрлөөр нь ангилж авч үздэг гэсэн үг юм. Энэхүү индексийг тооцож гаргахын тулд эрсдэл тус бүрийн тоон мэдээлэлд үндэслэдэг билээ. 

График 1. Нийгмийн эрсдэлийн индекс

    Жил бүр хүн амын өвчлөлийн индекс хамгийн өндөр байдаг. Манай улсын халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо, хорт хавдраар өвчлөгсдийн тоо тасралтгүй өсөж байгаа нь үүний гол шалтгаан болж буй.

2019 оны байдлаар хүн амын өвчлөлийн индекс 6.7 нэгж буюу амбулаториор шинээр бүртгэгдсэн нийт халдварт өвчний тохиолдлын тоо 45,232 байгаа юм. байна. Халдварт өвчин гэдэгт вируст хепатит, гахай хавдар, сүрьеэ, улаанууд, менингоккт, салхин цэцэг, цусан суулга, бруцеллёз, гар, хөл, амны өвчин ба бусад халдварт өвчлөл зонхилдог.

    Үндэсний эрүүл мэндэд хамгийн өндөр эрсдэл учруулдаг өвчлөлийн нэг бол хорт хавдар. Уг өвчнөөр шинээр өвчлөгсөд 2019 оны байдлаар улсын хэмжээнд 6,045 байгаа бөгөөд элэг, умайн хүзүү, ходоод, уушги, улаан хоолойн хорт хавдрын өвчлөл голлодог байна. 2018 оны байдлаар улсын хэмжээнд хорт хавдраар өвчлөгсдийн 4,412 нь амь насаа алдаж дэлхийд тэргүүлэх байранд жагссан харамсалтай үзүүлэлттэй аж. 

    2019 оны байдлаар үйлдвэрлэлийн ослын индекс нь 1.7 нэгжээр өсөж 2.7 нэгж болсон байна. Тухайлбал, улсын хэмжээнд үйлдвэрлэлийн осол 324, хурц хордлого 12 бүртгэгджээ. Үүнд үйлдвэрийн ослын тохиолдлын тоо болон ослын улмаас гэмтсэн хүний тоо өссөн нь голлон нөлөөлжээ. Үйлдвэрийн осол гэдгийг хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгоно. Мөн ослын улмаас үүдсэн хурц хордлого гэж цацраг болон биологийн идэвхт бодис, химийн хорт бодисын нөлөөгөөр хурц, цочмог хэлбэрээр богино хугацаанд хордохыг ойлгох юм. 

    Гэмт хэргийн эрсдэл нь 2019 оны байдлаар 6.2 нэгж байна. Үүнд хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 8,940; бусдын бие махбодод гэмтэл учруулах 8,265; өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 29,341; нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 333 тус тус бүртгэгджээ.

    Объектын гал түймрийн эрсдэлийн индекс 6.8 нэгж байна. Та бидний мэдэж байгаачлан өнгөрсөн жилүүдэд томоохон объектуудад гал түймрийн давтамж өссөн. Гал түймэр гарах шалтгаан нь:

  • хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн 90%, б
  • байгалийн нөхцөлөөс 10% шалтгаалдаг.

Үүнийг бууруулахын тулд хөдөлмөрийн аюулгүй байдал ба эрүүл ахуйг хангасан хяналт аж ахуйн нэгжүүд, албан байгууллагуудад байх зайлшгүй шаардлагатай. Мөн эрсдэлийн төлөвлөгөөг боловсруулж түүнийг хэрэгжүүлж чаддаг байх хэрэгтэй. 

    Зам тээврийн ослын индекс 5.7 байна. 2019 оны байдлаар улсын хэмжээнд зам тээврийн осол 25302 бүртгэгдэж 3790 хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирч, 561 хүн амь насаа алдсан харамсалтай үзүүлэлттэй байна. Үүний 49 нь бага насны хүүхдүүд байгаа юм. 

    Нийгмийн эрсдэл бүрийг задлан авч үзвэл учирч буй хор уршгийг илүү хөрсөн дээр буулган ойлгох боломжтой юм. Ихэвчлэн нийгмийн эрсдэл нь хүний үйлдэл, гаргасан шийдвэрээс үүдэн учирч буй хохирлыг хэлэх бөгөөд хувь хүн, албан байгууллага бүр эрсдэлийн удирдлагын тогтсон бодлого боловсруулан баримтлуулах шаардлагатай байгаа гэдгийг батлан харуулж буй юм. 

    Дараах графикаас харахад нийгмийн эрсдэл нь 2018 оны байдалтай харьцуулахад нийт үзүүлэлтээрээ 0.2 нэгжээр өссөн байгаа юм. Үүнд өвчлөлийн индекс 0.3 нэгжээр, үйлдвэрлэлийн ослын эрсдэлийн индекс 1.7 нэгжээр өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

 

"Мандал Эрсдэлийн институт" - Н.Хүслэн