2020 оны 11 сарын 20
Зураг
Иргэн таны эрсдэлийн мэдлэгт

Халдварт өвчин юунаас үүсдэг тухай болон илрэх шинж тэмдгүүд

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Нэг хүн эрсэдвэл эмгэнэл, олон хүн амиа алдвал статистик” Черчилл

Нийгмийн эрсдэл дунд жил бүр хүн амын өвчлөл тасралтгүй өссөн үзүүлэлттэй байдаг.

Уг эрсдэлд хүн амын дунд хамгийн түгээмэл тархдаг халдварт өвчлөлүүдийг хамааруулдаг. Жишээ нь вируст хепатит, гахайн хавдар, сүрьеэ, улаанууд, менингоккт, салхин цэцэг, цусан суулга, гар, хөл, амны өвчин ба бусад халдварт өвчлөл. Мөн хүн амын дунд зонхилох өвчний нэг хорт хавдар. Уг шалтгааны улмаас амь насаа алдаж буй хүмүүсийн тоогоор манай улс дэлхийд тэргүүлэх байранд жагсдаг харамсалтай үзүүлэлттэй. 

Эдгээр өвчлөлүүдэд өртөмтгий эрсдэлт насны бүлэг гол төлөв бага насны хүүхдүүд байдаг ч насанд хүрэгчдэд халдварлахгүй гэсэн баталгаагүй. Ихэнх амьсгалын замын халдварт өвчин нь гол төлөв намар болон өвлийн улиралд тохиолддог, харин гэдэсний халдварт өвчин хавар, зуны урин дулаан улирлуудад тохиолддог байна. Улирлын чанартай шалтгааны хамаарлыг авч үзэхээс гадна өвчлөх шалтгаануудыг харвал биеийн эсэргүүцэл, дархлаа муудах, ариутгаагүй бүрэн болгоогүй хоол хүнс хэрэглэх, ариун цэвэр сахиагүйн улмаас, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд ямар нэгэн үйлчилгээ авах зэрэг гол төлөв иргэд бидний хайхрамжгүй ч гэх үү болгоомжгүй үйлдлээс үүдсэн байдаг.

Өвчин үүсэх болон халдварлах арга замыг мэддэг байхад сэргийлэх уг нь тийм ч хүнд асуудал биш. Зарим халдварт өвчнөөр нэг өвчлөөд эдгэхэд насан туршийн дархлаа тогтдог ч зарим тохиолдолд харамсалтай үр дагавар гарч, эрүүл мэндээрээ насан туршдаа хохирох, цаашлаад амь насаа ч алдах эрсдэлтэй.

Иймд бид та бүхэнд халдварт өвчний ерөнхий ойлголтыг хүргэхийн зэрэгцээ таны цагийг хэмнэж, мэдээллүүдийг нэгтгэн, урьдчилан сэргийлэх арга зам, дархлаагаа дэмжих боломжуудын хамтаар хүргэж байна. Одоо томуугийн улирал эхэлж байгаагаас гадна дэлхий нийтийн хувьд “шинэ” буй КОВИД-19 цар тахлын үед энэхүү мэдээлэл танд хэрэг болох нь гарцаагүй. Халдварт өвчний дунд агаар дуслын замаар халдварладаг өвчлөл зонхилдог тул та амны хаалтыг заавал хэрэглэж хэвшээрэй.

Халдварт өвчин юуны улмаас үүсдэг тухай болон илрэх шинж тэмдгүүд

Хепатит бол элэгний үрэвсэл юм.

Үрэвсэл үүсгэгч олон төрлийн вирус байдаг ба эдгээрээс хүний эрүүл мэнд амь насанд хамгийн том эрсдэл учруулдаг нь А вирус, гепатит В вирус, гепатит С вирус юм. Уг вирус бохир хүнс, усны хэрэглээгээр, хамгаалалтгүй бэлгийн хавьтал, цус зэргээр халдварладаг. Цусаар гэдэг нь ямарваа нэгэн ариутгал хийгдээгүй бохир багажаар эмнэлгийн болон гоо сайхны зэрэг үйлчилгээ авснаас үүдэн вирус цусаар дамжин биед орно гэсэн үг юм.

Үүнээс урьдчилан сэргийлэх арга зам нь угтаа бол хүн бүрийн л мэддэг энгийн алхмууд. Гараа тогтмол угаах, хоол хүнс хэрэглэхийн өмнө ариутгах, хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орохгүй байх, үйлчилгээ авч буй тохиолдолд багажны ариутгалыг зайлшгүй шалгах. Гэхдээ анзааргагүй хайнга зангаасаа болон өөрийгөө эрсдэлд оруулах нь олонтаа. Тиймээс өөрийн эрүүл мэнд, чанартай амьдралын төлөө тавхан хормыг өөртөө зориулж сурах хэрэгтэй. 

Гахайн хавдар бол агаар дуслын замаар дамждаг халдварт өвчин.

Уг вирус нь хүний биед амьсгалын замаар дамжин нэвтэрдэг бөгөөд салстаас цусанд орж тархан булчирхай бүхий газруудад сонгомлоор тогтон үрждэг. Гахайн хавдраар гол төлөв 3-15 насны хүүхдүүд өвчилдөг ч цөөн тохиолдолд урьд өмнө нь өвчилж байгаагүй насанд хүрэгчид ч өвдөх нь бий. Өвчнийг сайн эмчлүүлэхгүй аваас эрэгтэй хүүхдийн төмсөг, эмэгтэй хүүхдийн хөх, өндгөвч, нойр булчирхайг гэмтээх хандлагатай байдаг. 

Сүрьеэ нь сүрьеэгийн савханцар гэгдэх нянгаар үүсгэгддэг агаар дуслын замаар халдварлагддаг амьсгалын замын халдварт өвчин юм.

Уг өвчнийг уушгины болон уушгины бус ихэнх тохиолдолд уушгийг гэмтээдэг ч бусад аль ч эрхтэнг гэмтээх эрсдэлтэй юм. Уушгины сүрьеэгээр өвчилсөн, цэрэнд нь сүрьеэгийн нян байгаа хүмүүс энэ өвчний халдварыг ханиалгах, найтаах, цэрээ хаях, мөн ярих, дуулах төдийд ч нянг агаарт цацдаг байна. Бохирдсон агаараар амьсгалсан хүмүүс сүрьегийн халдвараар өвчлөх магадлалтай.

Гэхдээ энэ агаараар амьсгалсан хүн бүр энэ халдвараар өвчлөхгүй. Гэр бүл болон ойр дотны хүмүүс халдвар авч, биеийн эсэргүүцэл суларсан үедээ өвчлөх аюултай. Харин нийтийн тээвэр, болон олон нийтийн газарт сүрьеэтэй хүн ханиалгаж байгаа тохиолдолд тэр хүнээс халдвар авах магадлал нь байгаа ч өвчлөх магадлал бага байдаг байна. Ихэвчлэн  цээжээр өвдөх, цустай буюу цэртэй ханиалгах, бие суларч ядрах, жин буурах, хоолны дуршил буурах, халуурах, шөнө хөлрөх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.   

Улаанууд өвчин нь агаар дуслын замаар, эхээс урагт ихсээр халдварладаг өвчин.

Нүүрээр нь эрвээхий хэлбэрийн улайлт туурч эхлэх ба хэдэн цагийн дотор бүх биеэр тархана. Нуруу, нүүр, өгзөг, гар, хөлийн тэнийлгэгч гадаргуугаар илүү шигүү, алга, уланд тууралт гарахгүй, хааяа тууралт нь бага зэрэг загатнах шинж тэмдэг илэрдэг. Халдварын эх үүсвэр нь төрөлхийн улаануудтай нярай, вирус тээгч 12-18 сартай хүүхэд. Жирэмсний эхний гурван сард улаанууд өвчнөөр өвчилсөн тохиолдолд ургийн гажиг үүсэх аюултай байдаг. Тухайлбал, зүрхний гажиг, нүдний катаракт буюу болор цайх өвчин, төрөлхийн дүлийрэл зэрэг багтах юм. 

Менингококк нян нь агаар дуслын замаар халдварладаг нян юм.

Үржих таатай нөхцөл нь 36-37 градус учир хамар, хоолойн залгиурт үржин ханиалгах, найтаалгах үед гадагш тархана. Ихэвчлэн 0-6 насны хүүхдүүд өвчлөх эрсдэл өндөр байдаг. Уг нянгийн түгээмэл тохиох хэлбэрүүдийн нэг нь менингит. Энэ тохиолдолд өвчтөн өндөр халуурах, цэгчилсэн хэлбэрээс хэмжээгээр том тууралт бүх биеэр тархаж өвчний шинж тэмдэг илэрдэг. Цаашлаад хамар, ходоод, бөөр, өндгөвчөөс цус алдалт, харвалт үүсэх магадлалтай.

Эдгээр шинж тэмдгүүд даамжирсаар тархи, нугасыг гэмтээсэн тохиолдолд менинигоэнцифлат үүснэ. Ийм үед менингококк нь гол төлөв тархины зөөлөн давхаргад бөөгнөрөн идээт үрэвсэл үүсгэнэ. Ингэхдээ хамар, залгиураар үнэрлэх мэдрэлийн замаар дамжиж, эсвэл цусаар дамжин төв мэдрэлийн системд нэвтэрдэг. Энэ үе шатанд ихэвчлэн арьс, сонсгол, хараа хэт мэдрэг болж, дагзны булчин хөших, татах, дэмийрэх, шөрмөс татах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. 

Салхин цэцэг нь агаар дуслын замаар хүнээс хүнд халдварладаг вирусийн гаралтай хордлогын шинжтэй цочмог халдварт өвчин юм.

Ихэвчлэн бага зэргийн халуурах, арьсан дээр толбон, гүвдрүүт, улаан тууралт гарах, хоолны дуршил буурах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Тууралт нь загатнаа ихтэй учир бага насны хүүхэд маажих хоёрдогчоор халдварлаж, тууралт идээлж улмаар дархлал суларсан өвчтөний арьсан  дээр буглаа үүсч болзошгүй. 

Цусан суулга нь Шигеллийн төрлийн нянгаар үүсгэгддэг гэдэсний халдварт өвчин юм.

Энэхүү нян нь сүү болон сүүн төрлийн бүтээгдэхүүн, зайрмаг, махан хоол, ногоо жимсэнд их үрждэг. Гадаад орчинд өвчтэй хүн, нян тээгчийн өтгөнөөр ялгаран тархаж, хөрс, ус, хоол хүнсийг ариутгалгүй хэрэглэх зэрэг ахуйн хавьтлын замаар хүнээс хүнд халдварладаг. Халдварын эх уурхай нь шинж тэмдэг нь илэрсэн болон илрээгүй өвчлөгсөд байна. Ихэнх тохиолдолд халуурах, бөөлжих, цус, залхагтай олон удаа суулгах, гэдэс базлах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Архаг өвчингүй, дархлаа хэвийн бол 5-7 хоногийн хугацаанд эдгэрдэг. Зарим тохиолдолд өвчний шинж тэмдэг илэрдэггүй ч халдварыг бусдад тараадаг.

Гар, хөл, амны өвчин нь хоолой залгиурын халдвараар эхэлдэг агаар дуслын замаар халдварладаг халдварт өвчин юм.

Уг өвчин нь коксакийвирус, энтеровирусээр үүсгэгддэг. Ихэвчлэн 10-аас доош насны хүүхдүүдийн дунд элбэг тохиолддог. Намрын эхэн сард тархах хандлагатай бөгөөд халдвартай хүний ханиах, найтаах, нус нийх үед, вирусээр халдварлагдсан тоглоом, хаалганы хонох гэх мэт зүйлд хамар, нүд, ам хүрэх үед, өвтэй хүний цэврүүний шингэн болон ялагдсаар бохирлогдсон зүйлд хүрэх үед хүнээс хүнд дамжин халдварладаг байна. Ихэвчлэн халуурах, толгой өвдөх, хоолны дуршил муудах, жижиг хэмжээний цэврүү гар, хөл, живх хийдэг хэсгүүдээр туурч, тэмтрэх үед өвдөлт мэдрэгдэх, хоолой өвдөх, гүйлсэн булчирхай, ам, хэл шархлах зэрэг түгээмэл шинж тэмдгүүд илэрнэ. 

Урьдчилан сэргийлэх арга замууд

Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд дараах арга хэмжээг бид авч чадна: 

  • Гараа тогтмол угаах

  • Олон нийтийн газар, нийтийн тээвэрт амны хаалт зүүж хэвших

  • Өглөө, оройдоо тогтмол бүлээн ус, сармис, нимбэг, царвангийн уусмалаар хоолой, амаа зайлах 

  • Өрөө, тасалгааг агааржуулах, өдөр бүр хөнгөн чийгтэй цэвэрлэгээ хийх, тасалгааны хэмийг 18-20 байлгах

  • Биеийн эсэргүүцлээ сайжруулан чацаргана, аньс, аарц зэрэг бүтээгдэхүүнийг ариутган, бүрэн боловсруулан хэрэглэх 

  • Цэгэн иллэгийн эмчилгээ зааврын дагуу хийх 

  • Эмчээс заагдсан тунгаар дархлаа дэмжих амин дэм, витаминуудыг хэрэглэх 

Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд дур мэдэн эмчилгээ хийлгүйгээр мэргэжлийн эмчид хандах

Гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд дараах арга хэмжээг бид авч чадна:  

  • Гараа тогтмол угаах 

  • Хүнсний хэрэглээндээ тавих хяналтыг сайжруулах/ямар хүнс сонговол зохистой, хэрэглэх гэж буй бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдал, хадгалах нөхцөл, эрүүл ахуйн чанарын шаардлага хангасан эсэхэд хяналт тавих/

  • Хүнсний бүтээгдэхүүнийг ариутгаж, бүрэн болгож хоол ундандаа хэрэглэх/хоол хүнс бохирдох гол шалтгаанууд буруу боловсруулах, зөөвөрлөх, хадгалах, хэрэглэх зэрэг алхмуудаас үүдэлтэй/

  • Бага насны хүүхдэд өгч буй хоол хүнсэнд онцгой анхаарах 

  • Эрсдэлтэй байж болзошгүй халдвар авсан хүн болон газарт зорчихгүй байх

Өвчний шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд дур мэдэн эмчилгээ хийлгүйгээр мэргэжлийн эмчид хандах 

Эдгээр энгийн алхмуудыг өдөр тутмын амьдралдаа хэвшил болгосноор бид өөрсдийн болон ойр дотны, хүрээлэн буй бусдын эрүүл мэндийг хамгаалах боломжтой. Угтаа чанартай, эрүүл энх амьдрах боломж бидний шийдвэрийн асуудал. Өөрийн эрүүл мэнддээ анхаарч эрүүл бие, эрүүл сэтгэл зүйтэй амьдарцгаая!

 

"Мандал Эрсдэлийн институт" - Н.Хүслэн

x