Зураг
Зураг
Индэр    
2021 оны 2 сарын 9
Зураг
Эдийн засгийн ухааны доктор, профессор

COVID-19 ба залуучуудын ажилгүйдэл

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өчигдөр бид нэг сайхан Монгол залуу амиа алдахыг харлаа.

Залуу хүмүүсийн ажилгүй байх, эсвэл ажилтай байсан ч гэсэн цалингаа авч чадахгүй байх, цалин авч байгаа ч гэсэн маш бага цалин авч байгаа нь нийгэм, эдийн засагт ямар хор хохиролтойг авч үзвэл:

  • Залуучууд сургууль төгсөөд ажилд орж чадахгүй бол цаашдын ажилд орох, тогтмол орлоготой байх магадлал буурч байдаг
  • Тогтмол орлогогүй байснаар гэр бүлийн орлого бага, ядуурал нэмэгдэнэ
  • Ажилд орж чадахгүй удсанаар сурч мэдсэн мэдлэг, ур чадвараа алдахад хүрдэг
  • Ажлын туршлагагүй хэмээн дараа дараагийн ажилд орох боломж нь багасаж байдаг
  • Залуу, дунд насны хүмүүсийн хоорондхи орлогын ялгаа улам нэмэгдэж ирнэ.
  • Залуучууд хувийн хэвшилд, эрсдэл үүрч бизнес хийж явахаас илүү найдвартай, төрийн үйлчилгээний ажилд орохыг илүүд үзэх болно. Ингэснээр антрепнершип, шинийг санаачлах зэрэг эдийн засгийг урагш нь хөтөлж байх тэр эрч хүч, зүтгэл буурна
  • Залуу гэр бүлүүд нялх хүүхэдтэй байх нь элбэг тул цаашилбал хүүхдийн хоол тэжээл, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй
  • Тогтвортой ажилгүй байснаар гэмт хэрэгт орох, муу зуршилд автагдах, сэтгэл гутралд орох,амиа хорлох, гэр бүлийн бусад гишүүдийн амгалан тайван байдал алдагдах зэрэг нийгмийн сөрөг үр дагаврууд гарч байна.

COVID-19 улмаас дэлхийн бусад улсуудад тулгарч байгаа бодлогын шийдлийн гацаа Монгол Улсад мөн тохиож байна. ДНБ-ний өсөлт 2020 онд дөрвөн улирал дараалан хасах гарч байгаа буюу нийт эдийн засгийн хэмжээ агшиж байна. Ийм өргөн хэмжээний, удаан хугацаанд үргэлжилдэг, тодорхой бус байдал өндөр эдийн засгийн нөхцөл байдалд ямар бодлого хэрэгжүүлэх тухай судалгаа хомс байна. Монгол Eлсад эрүүл мэндийн болон эдийн засгийн талаар шийдэх маш олон асуудал бий. Эрүүл мэндийн асуудлыг шийдэж байгаа нэг арга нь Засгийн газар хөл хорио тогтоох, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээг авч байна.

Хөл хорио тогтоосноор 2020 оны нэгдүгээр сарын 19 ний байдлаар Монгол Улсын хэмжээнд зөөвөрлөгдөн болон дотоодод гарсан халдварын тохиолдлын тоо 2,073 болсон бөгөөд 1,493 хүн эдгэрсэн, 4 хүн нас барсан. Хөл хорио тогтоож байгаа нь эдийн засгийн өсөлт буурсантай холбоотой байж болохыг Б.Эрдэнэбат болон Б.Соёлмаа нарын судлаачид бичсэн байна. 

Зураг 1. ДНБ-ний өсөлт

Эх үүсвэр: ҮСХ.2020 оны 10 дугаар сар. Хуудас 9. 2020 оны 4 дүгээр улирлын дүн хүлээгдэж байгаа хамгийн бага хэмжээсээр авав. 

Монгол Улсад одоогийн байдлаар хөдөө аж ахуй, дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарууд уналтгүй, цар тахалын хямралд тэсвэртэй байна гэж судлаачид дүгнэжээ. (Эрдэнэбат, Соёлмаа, 2020). Энэ гурван салбарууд бусад бүх салбарууд ихээхэн уналттай бөгөөд эдгээр салбарууд дах ажил олгогчдод маш хүнд байна.  Ковид-19 цар тахалын үед албан салбарт төдийгүй албан бус салбарт  хүндрэл учирч байна, ажлын байр хомсдож байна (Фридрих Эбертийн Сан, 2020). Салбаруудын уналт явагдаж байгаагаас хамаарч ажиллах хүчний оролцоо буурах, иргэдийн цалингийн орлого багасах, ядуурал нэмэгдэх зэрэг хэцүү нөхцөлүүд үүсэж байна. Энэ дунд залуучуудын ажилгүйдэл тун өндөр байна.

Бусад насны ангиллын ажиллагсдын хувьд ажлаа гэрээсээ хийх, хагас цагаар ажиллах, цалинтай чөлөө авах, тодорхой хэмжээний хадгаламжтай байх зэрэг нь COVID-19 хямралыг давахад нэмэртэй байгаа бол 15-19, 20-24, 24-29 насны залучуудын хувьд ийм боломж байхгүй, зөвхөн аав ээж, эмээ өвөөгийн цалин, тэтгэврийн орлогоор амьдарч байна.

Монгол Улсад залуу ажиллах хүчний оролцоо тун доогуур байгаа, энэ талаар нарийвчлан судалж байгаа нь хомс.2006 онд Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ), Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын (ОУХБ) хамтарч  түүвэр судалгаа хийсэн ба үүнд 15-29 насны 6,415 залуусыг хамруулсан ба  эдний зөвхөн 16,2%  нь цалинтай, бүтэн цагийн ажил хийж байгаа ба 45% нь мал аж ахуйд ажилладаг гэж хэмжсэн.

Хотын залуучуудын хувьд ажилгүйдлийн түвшин тун өндөр буюу 2006 онд 15-19 насныхны дунд 45%, 20-24 насныхны 33%, 25-29 насныхны хувьд 22,8% гэж гарсан(Pastore, F., 2008). Албан ёсны ажилгүйдлийн түвшин  нь тооцож байгаа аргачлалаас хамаарч доогуур гардаг.  2020 оны 3 дугаар улирлын статистикээр нийт ажилгүй хүний 43,5%-ийг 15-29 насныхан эзэлж байна. (ҮСХ, 2020, 13 хуудас 13).

Эдийн засагчид залуучуудын ажилгүйдлийг хэрхэн бууруулах талаар зөвлөхдөө голдууболовсролын чанарыг дээшлүүлэх, ажлын байрны мэдээллийг хурдан шуурхай хүртээмжтэй болгох, залуучуудыг дахин сургалтанд хамруулах, ажлын байр санал болгож байгаа нийлүүлэлтийн талтай хамтран ажиллах, антрепнершип хөтөлбөрүүдийг хүртээмжтэй болгох, залуу ээж нарын ажилд ороход зориулж цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ажлын цагийн уян хатан байдлын зохицуулалт хийх зэрэг зөвлөлгөөг өгдөг. ХҮН намын дэргэдэх судалгааны байгууллага хоёр санал гаргаж байна.

 
Нэгдүгээр санал нь 15-30 насны залуучуудад зориулсан тусгайлсан ваучерийн хөтөлбөр хэрэгжүүлэх санал юм. Уг хөтөлбөрийн гол санаа бол Covid-19 үеийн хямрал, хямралын дараа үеийн тогтворжуулах үеийг хамруулсан 2021-2022 оны хооронд дор хаяж 24 сарын туршид Засгийн газраас шинээр ажилд авах болон ажлаа хийж байгаа уг насны ангиллын ажиллагсдын болон ажил олгогчийн төлөх нийгмийн даатгал, ХАОАТ-ын төлөх төлбөрийн ваучурыг өөрсдийнх нь хүсэлтээр залуучуудад олгох санал юм.

Ингэснээр ваучерээ бариад ирсэн залуусыг ажилд авах сонирхол нэмэгдэх, залуучуудын ажилгүйдэл буурах, ажлаас халагдахыг багасгах, ажлаас халагдсаны дараа ч гэсэн цалинтай, албан ёсны салбарт ажилласан ажлын туршлагатай болж үлдэх, дараагийн ажилд оорох боломжоо нэмэгдүүлэх зэрэг маш олон төрлийн эерэг үр дүн гарах юм.

Яагаад ваучерийн хэлбэрийг сонгож байгаа гэдэг нь онолын болон бусад орнуудад хэрэгжүүлсэн энэ хэлбэрийн бодлогууд, тэдгээрийн хэрэгжилтийн эерэг үр дүнтэй холбоотой юм. Насны хувьд ийнхүү зааглаж байгаа нь яг энэ насныхүмүүсийн хувьд ажилгүйдлийн түвшин өндөр байгаатай холбоотой. Хугацааны хувьд хязгаарлаж өгөх нь Засгийн газраас хэрэгжүүлэх сангийн тэлэх бодлого нь богино хугацаанд хэрэгжих боломжтой байгаатай холбоотой юм. Б. Эрдэнэбат, Б. Соёлмаа нарын судлаачдын хэмжсэнээр 184 орнууд Covid-19 хямралын үед ажлаа алдсан болон ажилгүй байгаа иргэдэд цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний орлогын дэмжлэг үзүүлсэн бол 66 улс 50 хувиас дээш хэмжээний орлогыг олгосон байна (Эрдэнэбат, Соёлмаа, 2020).

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны гуравдугаар сараас эхлэн авардугаар сарын 1-н хүртэл ХАОАТ, НДШ-ээс чөлөөлөх, хямралаас болж үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжүүдийн ажиллагсдад сарын 200,000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байгаа. Энэ нь Засгийн газрын энэ чиглэлийн дэмжлэг үзүүлэх туршлага, боломж байгааг харуулж байна.

Энэ ваучерийн хөтөлбөрийн дизайныг ХНХЯ, ҮСХ, СЯ, их сургуулийн судалгааны баг хамтран гаргах, Засгийн газрын зүгээс ваучерын төлбөр тооцоог СЯ, ХНХЯ, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар хамтраноролцож хийх, ваучер авах залуу ажиллагсдыг бүртгэх, танин оношлох, ваучерыг тэдэнд олгох, богино хугацааны сургалт явуулах зэрэг ажлыг ХНХЯ удирдан чиглүүлж, бусадсудалгааны байгууллагууд, ТББ-ууд хамтран хийх, ваучер хөтөлбөр хэрэгжихээс өмнөх, хэрэгжиж байгаа нэг болон 2, 3 дугаар үеүүдийн болон хэрэгжиж дууссаны дараах үеийн нөлөөний судалгааг ХНХЯ зөвлөн удирдаж, их сургуулиуд, судалгааны байгууллагууд, ТББ-ууд хамтран хийх нь зохимжтой. Энэ хөтөлбөрийг судалгаатай, эхлээд туршилтын журмаар хэрэгжүүлэхийн шалтгаан нь Covid-19 дараах хөдөлмөрийн зах зээлийн байдал нь цар тахалын өмнөхөөс өөр байгаад оршино. Хэрвээ ажлын байрын тоо хэмжээ нэмэгдэхгүй бол ажил олгогчид ваучертэй залуучуудыг  илүү ажилд авах буюу хуучин ажиллаж байсан хүмүүсийг ажлаас халах үзэгдэл гарч болзошгүй юм. Аливаа бодлогыг олон талаас нь харж, туршиж, үүсэх үр дүнг хэмжиж, дараа дараагийн бодлогыг хэрэгжүүлж байх ёстой юм.

Хоёрдугаар санал бол 30%-3 жил хөтөлбөр юм. Энэ нь ЖДҮ-ийн зээл олгоход залуу бизнес эрхлэгч нарт нийт зээлийн 30 хүртэлх хувийг олгох квот тогтоож, 36 сараар олгох санал юм. Засгийн газраас бизнес эрхэлж байгаа залуучуудад зээл олгохдоо нийслэлийн болон аймгуудын түвшинд ЖДҮДСангаас олгож байгаа нийт зээлийн 30 хүртэлх хувийг олгох болон уг зээлийг авсан залууст дахин сургалт явуулах санал буюу товчоор 30% -3 жил хөтөлбөр юм.

Ингэснээр хямралын үеийн болон дараа үеийн бизнесийн тогтвортой байдлыг дэмжих, залуу бизнес эрхлэгч нарыг дэмжих, тэдний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зээлийн эргэн төлөлтийн түвшнийг нэмэгдүүлэх ач холбогдолтой, нийлүүлэлтийн талыг дэмжсэн бодлого юм.

Насны хувьд бизнес эрхлэгчдийн насны ангиллалыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай (МҮХАҮТ) хамтран ажиллаж тогтоох, ЖДҮ-ийн зээлийн квотын талаарх шийдвэр, хэрэгжилтийг ХХААХҮЯ, ЖДҮХС гаргах, богино хугацааны сургалт явуулах ажлыг МҮХАҮТ болон их сургуулиуд, ТББ-ууд хамтран хийх, уг хөтөлбөр хэрэгжихээс өмнөх, хэрэгжиж байгаа нэг болон хоёрдугаар үеүүдийн болон хэрэгжиж дууссаны дараах үеийн нөлөөний судалгааг их сургуулиуд, судалгааны байгууллагууд, ТББ-ууд хамтран хийх нь зохимжтой юм.

Хэрвээ төсвийн даацын хувьд бүх салбарыг хамарч чадахгүй гэвэл ажилгүйдэл, бизнесийн байдал хамгийн бэрхшээлтэй байгаа аж үйлдвэрлэл, үйлчилгээ, тээврийн зэрэг хэд хэдэн салбаруудыг сонгон  авч хэрэгжүүлж болно. Судалгааны аргын хувьд эдгээр хөтөлбөрүүдийг эхлэхээс өмнө болон дууссаны дараах, үргэлжилэх хугацаанд нь явцын судалгааг туршилтын болон хяналтын бүлгүүдэд хувааж ялгааны ялгаа зэрэг статистик, эконометрикийн аргаар хэмжиж эдийн засаг, хөдөлмөрийн зах зээл, нийгэм, гэр бүл, хувь хүмүүст гарч байгаа өөрчлөлт, нөлөөг сайн судлах хэрэгтэй юм.

 

ХҮН намын дэргэдэх ХҮН Академийн сургалт, судалгааны багийн гишүүд



  • Б.Эрдэнэбат, Б.Соёлмаа. (2020). Ковид-19 цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл байдал, үзүүлэх нөлөө, хариу арга хэмжээний саналууд. 
  • Мэдлэгийн хотхон ТББ. (2020). Ковид-19 Бичил бизнес эрхлэгчдэд үзүүлж буй нөлөө. ХБНГУ-ын Фридрих-Эбертийн сан.
  • Үндэсний Статистикийн Хороо. (2020). Gross domestic product. Улаанбаатар
  • Үндэсний Статистикийн Хороо. (2020). Ажиллах хүчний судалгааны 2020 оны 3 дугаар улирлын товч танилцуулга. Улаанбаатар
  • Үндэсний Статистикийн Хороо. Ажилгүйдлийн түвшин (хувиар), хүйс, насны бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр. 
  • Francesco Pastore. (2008). School to Work Transitions in Mongolia. European Journal of Comparative Economics. 
  • Ikon.mn мэдээллийн сайт. COVID-19.