Зураг
Зураг
Индэр    
2020 оны 4 сарын 27
Зураг
Эдийн засгийн ухааны доктор, профессор

КОВИД-19 ба эдийн засгийн хямрал

Эдийн засгийн хямрал дэлхийд үе үе болж байдаг.

1637 онд болсон Голланд алтанзул цэцгийн хямрал, 1720 онд Англид болсон Зүүн Далайн хөөсрөлт гэж нэр авсан эдийн засгийн хямрал, 1873-1896 он хүртэл үргэлжилсэн Урт хямрал нэр авсан эдийн засгийн хямрал, 1929 оны Их хямрал, 1970 онуудын нефтийн үнийн хямрал, 1986-1992 оны Японы хөрөнгийн зах зээлийн үнийн хөөс хямрал, 1997 оны Зүүн Азийн санхүүгийн хямрал,  2008 оны Дэлхийн санхүүгийн хямрал, 2009 оны Грекийн өрийн хямрал гэх мэт хямралуудыг шалтгаан, нөлөө, гарсан арга зам зэргийг эдийн засгийн онолын сурах бичигт жишээ болгон авч заадаг. Энэ жилээс хэвлэгдэн гарах сурах бичгүүдэд 2020 оны COVID19 хямрал гэж нэмэгдэж орно.  COVID19 хямрал бол эрүүл мэндийн болон эдийн засгийн хавсарсан хямрал юм.

Аливаа макро эдийн засгийн хямралд төр, бизнес, хувь хүмүүс ихэвчлэн дассан байдаг бөгөөд нэг нэгийгээ, ихэвчлэн төрийн хэтэрхий их эсвэл дутуу зохицуулалтыг хямралд буруутгадаг, гэхдээ үүрэх ачааг бизнес, хувь хүмүүс л үүрдэг.

2020 онд COVID19-с шалтгаалж үүссэн эдийн засгийн хямрал нь бусад хямралуудаас дөрвөн шинж  байдлаараа эрс ялгаатай байна.

Нэгдүгээрт,  энэ удаагийн эдийн засгийн хямрал  хэзээ дуусах вэ гэдгийг төр засаг биш, эдийн засгийн бодлого биш, зах зээлийн үл үзэгдэгч гар ч биш, зөвхөн биологи л мэдэх болж байна.

Хоёрдугаарт, энэ хямрал бол макро эдийн засгийн ихэнх хямрал шиг санхүүгийн баялаг эсвэл биет баялаг, тухайлбал орон сууцны үнэ хэт хөөсрөөд, тэр хөөсөрсөн салбар руу хэт их мөнгө, баялаг орж, нөөцийн буруу хувиарлалт явагдаад, өөрөөр хэлбэл, хэт их нөөц нэг салбарт ороод, бусад салбарт тэр нөөц санхүү дутагдаад, тэр хөөс нь хагараад хямрал болж байгаа биш юм. Хөөсрөл явагдсанаас болж үүсдэг, үргэлжилдэг хямралын үр дүнд тухайн баялгийн үнэ, цэнэ нь огцом бууж байж л тэр хямрал дуусдаг.

Гуравдугаарт, энэ хямралын шалтгаан бол хурц халдварлаж байгаа вирусийн улмаас амьд үлдэхийн тулд, хүмүүс хоорондоо харьцаж болохгүй, бизнес хийгдэж болохгүй болж зогссонд байгаа юм. Хүн-хүн хоорондын бизнес бол шууд зогсож, хүн-машин-хүн гэсэн бизнес хэвийн явагдаж байна. Машин гэдэгт гар утас, компьютер, интернет, машин тээвэрлэлт гэх мэт орно. Тиймээс хүн-хүн хоорондын бизнесын бүх салбар тухайлбал,  аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, зочид буудал, хоолны болон бусад үйлчилгээний газрууд, урлаг, соёлын бизнес зогслоо. 

Дөрөвдүгээрт, энэ хямрал 18 сарын дараа дуусна гэж олон орны вирус судлаачид загварчлалын аргаар судлан, дүгнэж байгаа. 2021 оны 12-р сар гээд шинэ жилээ тэмдэглэх гээд байж байхдаа бид, хүн төрөлхтөн нэг тайван амьсгаа авах бололтой. 

Миний бодоход тэр үед эрүүл мэндийн хямрал л дуусна. Харин эдийн засгийн хямрал үргэлжилнэ.

Үүнд 3 том шалтгаан бий.

Нэгдүгээрт, 2021 оны 12-р сар хүртэл нийлүүлэлтийн талын хямрал явагдсан хэвээр байх бөгөөд дэлхийн том том бизнесүүдийн бизнес загварууд өмнөх шигээ ажиллахад бэрхшээлтэй болно. Жишээлбэл, их хэмжээний хөрөнгө оруулалт хийгддэг газрын тосны бизнесийн эрэлт нь унасан тул үнэ нь буурч, дэлхийд ноёлдог байр суурь нь суларч ирнэ. Бензины эрэлт буурч байна аа гэдэг түүнтэй хосолдог бараа болох машины эрэлт буурч ирнэ. 2020 оны 4-р сард Монгол Улсад Таванбогд компанийн оруулж ирдэг автомашины борлуулалт 2019 оны энэ үетэй харьцуулахад 50% буурсан байна.  Машины эрэлт буурахад дагалдаад зэсийн, химийн төрөл бүрийн барааны болон цахилгаан барааны эрэлт багасна. Бизнесийн том том салбарууд шинэ загвар, шинэ зах зээл олохын тулд ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай болно.

Хоёрдугаар гол шалтгаан нь, хүмүүс вирусийн халдвараас айхаа больж, тусгаарлалт хийхгүй, бүгд энгийн мэт ажил, хичээлдээ явж эхлэх боловч нийт эрэлт 2019 оны 11-12 сарын түвшинд буцаж очихгүй. Учир нь 24 сарын турш дэлхийн хүмүүс, хэрэглэгчид тэдэнд чухам яг ямар бараа, үйлчилгээ амин чухал хэрэгтэй вэ гэдгийг ойлгож авсан байх тул тэдний үйл хөдлөл нэгэнтээ өөрчлөгдсөн байх болно. Энгийн нэг жишээ, их сургуулиуд бүх хичээлээ цахимаар заагаад, дадлагын ажил, судалгааны ажил, тэнхмийн хурлууд, эрдэм шинжилгээний хурлууд, магистрын болон докторантын урьдчилсан болон жинхэнэ хамгаалалтыг цахимаар хийж болж байна, ялгаагүй байна гэдгийг ойлгож авсан тул 2022 оны 1-р сарын 5-наас эхлэн зарим хичээлээ цахимаар зааж, арай цөөн багшийг ажиллуулах болно. Хүмүүсийн үйл хөдлөл их өөрчлөгдсөн байна.

Гэр бүлийн хүмүүс 7 хоногийн зарим л өдөрт л ресторанд орж, бусад өдрүүдэд гэр бүлээрээ гэртээ өөрсдөө хоолоо хийж идэхээ илүүд үзэх болно. Хүмүүсийн үйл хөдлөл л эцсийн эцэст эдийн засгийг тодорхойлж байдаг. Хүмүүс үнэтэй гольфын хэрэгсэлтэй байсны оронд тодорхой хэмжээний хадгаламжтай байх нь амин чухал болохыг ойлгож авсан байна. Хүмүүс илүү болгоомжтой болсон байна.

Гуравдугаарт, ийнхүү бараа, үйлчилгээний зах зээл ингэж эрс өөрчлөгдөөд зогсохгүй, хөдөлмөрийн зах зээл маш их өөрчлөгдөнө. Зарим мэргэжлийн эрэлт буурна, тиймээс ажилгүйдэл нэмэгдэх ба зарим мэргэжлийн эрэлт огцом өснө.   Хүмүүс энэ эрэлтийн өөрчлөлтөд дасан зохицож амьдрах, амь зуух хэрэгтэй болно. Шинэ шинэ мэдлэг, ур чадвар олж авах шаардлагатай болно. Илүү их зардал,  илүү их цаг хугацаа шаардагдах болно. Био-мэдээлэл зүй, нийгмийн сэтгэл зүй,  нийгмийн эрүүл мэнд, анагаахын нарийн мэргэжлүүд, анагаахын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, сэтгэл судлал,  генийн инженерчлэл,  эрсдлийн менежмент, хиймэл оюун ухаан зэрэг салбарт илүү ихээр ажил олдох болно.

Корона хямрал бол эрүүл мэндийн болон эдийн засгийн хавсарсан хямрал учраас энэ хямралын гол  асуудал нь улс орнуудын хувьд хэдэн төгрөгөөр даван туулах вэ гэсэн хэмжилтийг их хийж байна. АНУ-д 6 сар, 10 сар, 12 сар, 18 сар гэх мэт загварын таамаглалаар нийт санхүүжилтийн хэмжээг тооцож байна. АНУ-д 10 сарын өртөг бол 500 тэрбум ам. доллар гэж хэмжсэн.

Монгол Улсад одоогийн байдлаар  #COVID19 хямрал яг хэдэн сараар үргэлжлэх бол гэсэн загварчилсан, хамгийн баг, дунджаар, хамгийн ихээр бодож тооцсон тооцоо бага байна. 

Хямрал эхлээд 3 сар өнгөрсний дараа л Засгийн газар 5.1 их наяд төгрөг хэрэгтэй гэж хэмжээд тарааж эхэлж байна. Үнэндээ бол Засгийн газарт энэ их мөнгө байхгүй байгаа. Ам.доллар биш, төгрөг учраас Төв Банкаа гарга гэж үүрэгдэн, хэвлүүлэн гаргаж, бизнес, өрх гэрийг санхүүжүүлж байгаа. 5.1 их наяд төгрөгний 1% хүрэхгүй санхүүжилт 18 нас хүртэлх, зорилтот бүлгийн хүүхдүүдэд очиж байгаа. 99% нь зарим бизнесийг, татвар, нийгмийн даатгалын төлбөр, ажил олгогчдыг, ажиллагчдыг дэмжихэд зарцуулагдаж байгаа. Монгол Улсад #COVID19 хямралын нөлөө бусад улсаас өөр байгаа нэг онцлог бол аливаа хямралын үед бусад орны хувьд хамгийн эмзэг бүлэг болох тэтгэврийн насны иргэдийн орлого, худалдан авах чадвар буурдаг бол Монгол Улсад энэ нь эсрэгээрээ байна. Монголд, одоогийн байдлаар тэтгэвэр, тэтгэмж авч байгаа хүмүүсийн орлого, зарлага тогтвортой байна.

Монгол Банкны судалгаагаар улсын нийт өрхүүдийн  66% ийг зээлтэй өрхүүд эзэлдэг.

COVID-19-өөс шалтгаалан өрхүүдэд зээлийн эргэн төлөлтөө хийхэд хэр хүндрэлтэй байгаа. Энэ талаар Засгийн газраас ямар бодлого явуулж байгааг судлахад 5-8 % хүүтэй, төрөөс санхүүжүүлж байгаа ипотекийн зээл авсан, зээлээ төлж байгаа иргэдийн хувьд уг зээлийн төлбөрөө 6 сар хүртэлх хугацаагаар хойшлуулах боломжтой болж байгааг Төв Банк зарласан. Төв Банк, Монголын Ипотекийн Корпорац, зээл олгож байгаа 11 арилжааны банкуудын энэ зөвшилцөл нь уг хямралын улмаас ажилгүй болсон, ажил нь түр чөлөө өгсөн иргэдийн зээлээ төлөхөд хүндрэлтэй болж байгаа иргэдэд хугацааг нь аливаа алданги төлөхгүй,  зээлээ төлж чадахгүй зээлдэгчийн жагсаалтад орохгүйгээр сунгаж байгаа  чухал дэмжлэг юм. 

Дунджаар, нэг зээлдэгч  500,000 төг *6 сар буюу нийдтээ 3 сая төгрөгний төлбөрөө хойшлуулах боломжтой болсон.  Гэхдээ бага орлоготой өрхүүдийн дунд 5-8 % хүүтэй, төрөөс санхүүжүүлж байгаа ипотекийн зээл авсан өрхүүд бага хувийг эзэлж байгаа.

Тиймээс энэ бол бага орлоготой өрхүүдийг гэхээсээ илүү дундаж  болон дунджаас дээш орлоготой өрхүүдийг илүү дэмжсэн бодлого юм. Бага орлоготой өрхүүдийн дунд цалингийн зээл, малчдын зээл илүү зонхилж байгаа. COVID-19-өөс шалтгаалан  ажилгүй болсон юм уу, орлого нь үнэхээр буурсан иргэдийн хувьд арилжааны банкууд хэрэглээний зээлийн үлдэгдэл хугацааг 1 жилээр буюу 12 сараар хойшлуулах болсон.  Энэ  арга хэмжээ л бага орлоготой өрхүүдийг гол дэмжсэн бодлого болж байна. 

2020 оны 4-р сард, яг одоо Эдийн Засгийн Судалгааны Хүрээлэнгээс Корона хямралын нөлөө өрхүүдэд хэрхэн яаж тусаж байгааг судлах зорилгоор 6 аймгийн 18 сум, Улаанбаатар хотын 6 дүүргийн нийт 400 орчим өрхөөс судалгаа авсан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүхий, эсвэл өвчтэй хүн асарч буй өрх, эмэгтэй өрхийн тэргүүлэгчтэй, олон хүүхэдтэй, өндөр настан эсвэл ганц бие өндөр настантай, мөн хүнсний талонд хамрагддаг зорилтот бүлгийн өрх, малчин айлуудаас Коронавирусийн хямрал хэрхэн нөлөөлж байгааг асуухад  хэд хэдэн гол асуудал үүссэн болохыг хэмжиж тогтоосон байна.  Бага орлоготой айлуудын хувьд хямрал ямар ямар сувгаар нөлөөлж байгааг судлахад  ерөнхийдөө 4  байна.

Хамгийн эхнийх нь (i) эрүүл мэндийн болгоомжлол, сэтгэл зовинол, эрүүл мэндийн зардал нэмэгдсэн,  (ii) орлого, хэрэглээ, зарлага, зээлийн эргэн төлөлт нь муудсан,  (iii) хүүхэд харах, цалингүй асаргааны ажлын хэмжээ эрс нэмэгдсэн, (iv) ажилгүй суух, хувийн бизнес нь зогссон байх гэсэн дөрвөн сувгууд байна.

Монгол Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхмийн 2020 оны 3-р сард хийсэн түүвэр судалгаанаас сарын орлого нь 700,000 төгрөг хүртэлх байгаа өрхүүдийн 81% нь эрүүл мэндийн болгоомжлол, үүнтэй холбоотой зардал нэмэгдсэн гэж үзэж байна.

Аливаа хямралын гол нөлөө ажилгүй болох, бизнес нь зогсох, дампуурах, ингэснээр өрхийн орлого буурах,  зээлийн буцаан төлөлт болон хэрэгцээний сарын төлбөрөө хийх боломжгүй болж ирдэгт оршино. Орлого нь буурсан өрхүүдийн хувьд хамгийн санаа зовинож байгаа асуудал бол хоол хүнсээ хангалттай худалдан авч чадахгүй байх, зээлээ хугацаанд нь  эргэн төлж чадахгүй болох, сэтгэл санааны хямралд өртөх, тог, цахилгаан, интернэтийн төлбөрөө төлж чадахгүй байх асуудлууд байна. Өрхийн орлого нь цалин, хувийн бизнес, тэтгэвэр тэтгэмж, шилжих төлбөр зэргээс бүрддэг. Тэтгэвэр, тэтгэмжийн орлого нь тогтмол, огт буураагүй харин өрхийн бизнесийн орлого буурсан байгааг Монгол Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхмийн 2020 оны өнгөрсөн сард хийсэн түүвэр судалгаанаас харагдаж байна.

Хямралтай холбоотойгоор ирээдүйд гарах орлогын өөрчлөлтийн талаарх хүлээлт сөрөг байна.

Нийт хүмүүсийн тал нь ойрын хугацаанд өрхийн орлого буурна гэж хүлээж байгаа бол 20 хувь нь орлогын өөрчлөлтийн талаар тодорхой мэдэхгүй гэж хариулжээ.

Өөрөөр хэлбэл, нийт өрхийн 70% нь ирээдүйн орлогынхоо талаар  өөдрөг биш хүлээлттэй байна гэсэн үг.

Гэхдээ орлого өөрчлөгдөхгүй гэж үзэж байгаа иргэд байгаа.  Тэд бол орлогын гол эх үүсвэр нь тэтгэвэр, тэтгэмж байдаг өндөр настнууд байна. Магадгүй энэ нь Монгол Улсад нийгмийн даатгал, нийгмийн халамжийн тогтолцоо сайн ажиллаж байгааг харуулж байгаа бөгөөд бусад оронтай харьцуулахад өндөр настангууд, эмзэг бүлгийн өрхүүдийн орлого, хэрэглээ тогтвортой байгаа нь энэ хямралыг илүү хохирол багатай давах боломжийг олгож байна.  

2020 оны хоёрдугаар улиралд аливаа хямралын үед аль ч Засгийн газар авч хэрэгжүүлэх ёстой байдаг ажлууд тухайлбал, (i) иргэдээ хамгаалах, (ii) бизнесээ хамгаалах, (iii) төрийн үйлчилгээг тасралтгүй, хүртээмжтэй хүргэх үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх  хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, иргэдээ вирусийн халдвараас маш сайн сэргийлэх, гадаадаас ирэхийг хүлээж байгаа иргэдээ авчрах, шинжлэх, эмчлэх, татвар, нийгмийн даатгалын төлбөрийн хөнгөлөлт, хөнгөлөлттэй зээл зэргээр бизнесээ дэмжих, УИХ-ын сонгуулийг зардал багатай, эрсдэлгүйгээр зохион байгуулж төрийн үйлчилгээгээ тасралтгүй хэрэгжүүлэх явдал юм.