Индэр    
2020 оны 5 сарын 6
Зураг
Эдийн засгийн ухааны доктор, профессор

Коронавирус ба хүүхдийн хоол тэжээлийн байдал

Зураг

Монгол Улсад одоогийн байдлаар COVID-19 хямрал яг хэдэн сараар үргэлжлэх бол гэсэн загварчилсан, хамгийн баг, дунджаар, хамгийн ихээр бодож тооцсон динамик тооцоо бага байна. 

Хямрал эхлээд 3 сар болсны дараа эдийн засаг, иргэдийн орлого муудаж ирэхэд Засгийн газар 5.1 их наяд төгрөг хэрэгтэй гэж хэмжээд тарааж эхэлж байна.

2016 онд нийт хүүхдийн 60%-д, 2019 онд 86%-д хүүхдийн мөнгө гэж сар болгон 20,000 төгрөг өгч байсан.  Засгийн газраас 2020 онд ээж аав, асран хамгаалагч нар өөрсдөө хүсвэл 100%-д  буюу өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй хүүхэд бүрт босго онооны болзол шаардлагагүйгээр нийт хүүхдэд олгох шийдвэр гаргасан. Цар тахлын эсрэг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа эдийн засгийн хөтөлбөрийн 5.1 их наяд төгрөгнөөс хүүхэд болгонд нэмж 10,000 төгрөг  3 сар л олгох болсон ба энэ нь 5.1 их наяд төгрөгний 0.6% байгаа юм. Засгийн газар хүүхдүүдэд 1% ч хүрэхгүй бага мөнгө хуваариласан байна.

Гэтэл ядуурлын түвшин 2018 оны хэмжилтээр 28.4%  байсан бөгөөд одоо ядуурал нэмэгдсэн байгаа. Хоол тэжээлийн дутагдалтай хүүхэд маш олон бий. 2016 онд НҮБ-ын Хүүхдийн сангаас олон хэмжээст давхацсан шинжилгээний аргачлалыг ашиглан хийсэн  судалгаагаар хамгийн ядуу өрхөд амьдарч байгаа 0-23 сартай 10 хүүхэд тутмын долоо нь усан хангамж, ариун цэврийн байдал, орон сууцны байдал, хүнс тэжээл буюу хөхний сүүгээр хооллох байдлын гачигдал гэсэн дөрвөн үндсэн чухал зүйлээр гачигдаж байна гэж гарсан.

  • 5-14 насны хүүхдийн 36.5%,
  • 15-17 насны хүүхдийн 30.1% ядуурлын шугамаас доогуур амьдарч байна. 

Хүүхдийн ядуурал цар тахлаас өмнө ийм хэцүү байна.

Цар тахлын улмаас 2020 оны нэгдүгээр сараас эхлэн цэцэрлэгт явж чадахгүй болсон тул өдрийн 3 удаагийн халуун хоол цай идэж чадахгүйд хүрсэн  2-5 насны хүүхдүүд, сургууль дээрээ үдийн цай уудаг байсан сургуулийн насны хүүхдүүд 36.5% байна. Хүүхэд хоол хүнснээс зайлшгүй шаардлагатай шим тэжээлээ авч чадахгүй бол өвчлөл өснө, дархлаа суларна. Хоол хүнсний дутагдалтай, дархлаа муу хүүхэд ямар ч өвчин туссан маш хүнд тусах ба нас барах шалтгаан болж болзошгүй. Хоол хүнсний дутагдалтай өссөн хүүхдүүдийн биеийн хөгжил удааширч улмаар энэ нь тархины хөгжил, сургуульд орсон хойноо юм сурах ур чадварт нь сөргөөр нөлөөлдгийг судлаач нар тогтоосон байдаг.

Тиймээс хүүхдүүдэд 30,000 төгрөг биш 50,000 төгрөг өгсөн бол өөрөөр хэлбэл нэмж 10,000 биш 30,000 нэмж өгсөн бол энэ их мөнгөний 1.8%  болох байв.

 50,000 төгрөг бол 3 хүүхэдтэй, орлого багатай айл сард 150,000 төгрөгтэй болж, 14 хоногт гурил, будаа, ургамлын тос, нөөцийн махыг гурван хүүхдийн өдөрт авах 2,000 ккал  авах  хэмжээнд хоол хийж өгөхөөр мөнгө болох юм.

Баримт нотолгоо их байна.

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ЭМТ-ийн дарга Ж.Энхзул Засгийн газрын мэдээ сонины 2020 оны 5 дугаар сарын 5-нд өгсөн ярилцлагандаа "Баянзүрх дүүргийн хэмжээнд нэн ядуу, эмзэг бүлгийн 208 өрхөд 0-5 насны хүүхдүүд амьдарч байна. Тэдний дэлгэрэнгүй судалгааг өрхийн эмнэлгүүд гаргаж өгдөг. Бид тэднийг хүнсний талон, халамжийн үйлчилгээнд бүрэн хамрагдсан эсэхийг лавлах зорилгоор холбогдох яаманд судалгаагаа өгдөг. 2017 онд мөн ингэж судалгаа өгөхөд 25 хувьд нь төрийн халамж хүрээгүй байсан. Бид эмзэг бүлгийнхэнд эрүүл мэндийн зөвлөмжид байдаг шиг хулуу, броколины зутан хийж өг гэж зөвлөх боломжгүй. Тиймээс “Хоёр зүсэм талх усанд дэвтээгээд, сүү нэмж, багахан элсэн чихэр, маслотой зуураад өгч болно”, “Хоёрхон ширхэг төмс чанаад нухаж амтлаад өгөөрэй” гэх мэтийн зөвлөгөө өгдөг.

Өвөл 11 дүгээр сард гэрт нь очиход шороон дээр барьсан шалгүй гэрт хувцас ч үгүй хүүхдүүдээ харж суугаа өрх толгойлсон эмэгтэйд хэн “Гараа угаа, дасгал хий, шим тэжээлтэй хоол идүүл” гэж зөвлөж яаж чадах билээ гэж ярьсан байна.  Зөвхөн  нэг дүүргийн хувьд асуудал ийм байна.

Дүүрэг, сум, хороо, хэсгийн түвшинд өрхүүдтэй, иргэдтэй ажиллаж байгаа мэргэжилтний үг бидэнд юуг анхааруулж байна гэвэл хэчнээн их мөнгө зарсан ч гэсэн тэр үйлчилгээ, халамж чиглэгдсэн хүмүүст, хүүхдүүдэд очихгүй байвал энэ  нь нийгэм дэх бага орлоготой, эмзэг бүлгийнхэнд бүгдэд нь хүрч чадах нөлөө үзүүлэх бодлого  болж чадахгүй юм. Leakage буюу боломжийн иргэд, бүлгүүд авчихаад нийгэм дэх бага орлоготой, эмзэг бүлгийнхэн хүртэж чаддаггүй тийм хөтөлбөр болно гэсэн үг. Тиймээс дүүрэг, сум, хороо, хэсгийн ажилтнуудад зохих сургалтуудыг явуулж, бага орлоготой өрхүүдэд чиглэгдсэн бодлогын хүртээмжийг хянасан гар утасны аппликейшн бий болгож, хурдан шуурхай, гол нь төрийн үйлчилгээ, халамжийг хүртээмжтэй байлгах хэрэгтэй байна.

Дараагийн нэг баримт.  2020 оны 4 сард, Корона хямралын нөлөө өрхүүдэд хэрхэн яаж тусаж байгааг судлахаар бага орлоготой өрхүүдээс асуулга авсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүхий, эсвэл өвчтэй хүн асарч буй өрх, эмэгтэй өрхийн тэргүүлэгчтэй, олон хүүхэдтэй, өндөр настан эсвэл ганц бие өндөр настантай, мөн хүнсний талонд хамрагддаг зорилтот бүлгийн өрх, малчин айлуудаас цар тахлын хямрал хэрхэн нөлөөлж байгааг асуухад  хэд хэдэн гол асуудлууд үүссэн болохыг хэмжиж тогтоосон байна.

Өрхийн орлого нь цалин, хувийн бизнес, тэтгэвэр тэтгэмж, шилжих төлбөр зэргээс бүрддэг. Тэтгэвэр, тэтгэмжийн орлого нь тогтмол  байгаа тул тэтгэвэр авдаг эмээ, өвөөтэй хүүхдүүдийн хоол хүнсний байдал дунджаас буураагүй байх магадлал байна.

Эдийн засагч, судлаач хүний хувьд энэ нийтлэлд би цар тахлын улмаас хүүхдүүд хохирч байгааг бичиж, энэ талаарх тууштай арга хэмжээ авахыг, цаашдын бодлогын шийдэл юу байж болохыг бичиж байна:

Үүнд:

  1. 5.1 их наяд төгрөгний 0.6%  санхүүжилтийг л  хүүхдүүдэд зарцуулж байгаа бол 99.4% -ийг бизнесийг, ажил олгогчдыг, ажиллагчдыг дэмжихэд зарцуулах нь тэгш биш бодлого байна.
  2. Бага орлоготой өрхүүдэд хорооны засаг тамгын газраар дамжуулж маск олгох ажлыг хийх хэрэгтэй.
  3. 2020 он дуустал хүүхэд болгонд сар бүр 50,000 төгрөг өгөх шаардлагатай байна.
  4. Дүүрэг, сум, хороо, хэсгийн ажилтнуудад зохих сургалтуудыг явуулж, бага орлоготой өрхүүдэд чиглэгдсэн бодлогын хүртээмжийг хянасан гар утасны аппликейшн бий болгож, хурдан шуурхай, гол нь төрийн үйлчилгээ, халамжийг хүртээмжтэй, ил тод, шуурхай байлгах хэрэгтэй байна.