Индэр    
2020 оны 10 сарын 12
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 84: Нобелийн шагналтнуудын нөхөрлөл ба хагарлын түүх - “The Undoing project”

 

Даниэл Канеман, Амос Тверски нар олон жилийн турш хамтдаа судалгаа хийж, 2002 онд эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг хүртэцгээж байв. 

Тэд хоёул сэтгэл судлаач бөгөөд эдийн засгийн онол, дүгнэлтүүд баталгаатай биш. Энэ нь хүний сэтгэл хөдлөл, тодорхойгүй төлөвтэй холбоотой байдаг тул туйлын зөв байхгүй хэмээн нотолсноороо судалгааны шинэ үеийг эхлүүлжээ. 

Тэдний амьдрал, амжилтын талаар өгүүлэх “The Undoing project” ном 2016 онд хэвлэгдэж байв. Уг номын талаар сэтгэл судлалаар Японд мэргэжил эзэмшиж, олон улсад мэргэжлээрээ ажиллаж буй Б.Дэлгэрнаран сонсогчдод тайлбарлан ярьснаас гадна номыг хурдан унших өөрийн арга барилаас хуваалцсан юм. 

“The Undoing project” номыг сонсох:

Даниэл Канеман Дэлхийн II дайны үед еврей гэр бүлд төрж, Францад амьдардаг байжээ. 

Нацист Герман ноёрхлоо тогтоосон байсан тухайн үед бүх еврей хүн энгэртээ тамга зүүдэг байв. Нэгэн өдөр найзтайгаа тоглож байгаад оройтож гэртээ харихаар болж, энгэрийн тэмдгээ харуулахгүйг хичээн цамцаа буруу харуулж өмсөөд гудамжаар алхаж явтал цагдаатай таарах нь тэр. Ингээд л бүх зүйл дуусах нь гэж бодож байтал нь герман цагдаа зураг гаргаж үзүүлээд, түүнийг тэвэрч уйлан, гэрт нь хүргэж өгч байв. Энэ үед хүний сэтгэл өвөрмөц сонин байдгийг ойлгосон хэмээн Даниэл Канеман хожим нь дурсжээ. 

Дайны дараа еврейчүүд Иерусалим хотод суурьшихад Канеман гэр бүлийн хамтаар ирж, их сургуульд элсэв. Гэвч түүний сонирхон судалж байсан сэтгэл зүйн шинжлэх ухаан төдийлөн хөгжөөгүй байсан тул хувиараа бие даан суралцаж, АНУ-ыг зорьжээ.

 

Амос Тверски ч мөн АНУ-д суралцаж, докторын зэргээ хамгаалсныхаа дараа Даниэл Канемантай танилцаж, нөхөрлөх болжээ. Эсрэг тэсрэг хүмүүс гэмээр ч хоорондоо хамтарч ажиллахдаа тэд гаргууд байв. 

Даниэл Канеман дотогшоо зантай, олны өмнө тэр бүр гардаггүй, өрөө нь эмх замбараагүй нэгэн. Эсрэгээрээ Амос Тверски эмх цэгцтэй, нийтэч, хэнтэй ч, ямар ч сэдвээр ярьж, мэтгэлцэж чаддаг. Ямар ч хүрээллийнхэнтэй ярьж мэтгэлцсэн хамгийн ухаантай, мундаг нь Тверски болж таардаг байв. 

Нөхөрлөл-Хагарал

Их сургуулийн бусад ажилтан Канеман, Тверски нарын өрөөний үүдээр явж өнгөрөхөд ажил хийж байгаа гэмээргүй баяр баясгалантай байдаг байсан хэмээжээ. Тэд үргэлж инээлдэж, хөгжилтэйгөөр ажилладаг байжээ. Яг л нэг хүн шиг ажилладаг байсан тул судалгааны санааг хэн гаргасан, хэн нь голлох үүрэг гүйцэтгэж байсан нь төдийлөн анзаарагдаггүй байв. 

Тэдний судалгааны ажил, нээлтүүд нь олны анхаарлыг татах болж, хурал зөвлөгөөнүүдэд ихээхэн оролцох болов. Тэр үеэс л Амос илүү тодорч эхэлсэн бөгөөд хүмүүс түүнийг л онцгойлон харж, алдар нэр, их сургууль, судалгааны хүрээлэнд ажиллах саналууд Амос Тверскид л хаяглагдаж байлаа. 

Хэдийгээр энэ бүхэн бидний хамтын хүчин зүтгэлийн үр дүн хэмээн, Даниэл Канеманы оролцоо их бий гэдгийг онцолдог байсан ч олон нийтийн бодол, хандлага өөрчлөгдөөгүй юм. 

Энэхүү хандлага аажимдаа тэдний хамтралд нөлөөлж, холдуулсаар эцэст нь тусдаа судалгаа хийх болжээ. 

Гэхдээ үүнд Даниэл Канеманы гэр бүлийн асуудал ч мөн нөлөөлснийг дурдах нь зүйтэй. Израиль эхнэрээсээ салж, Англи бүсгүйтэй амьдралаа холбосны дараа тэрбээр Канад руу нүүж, судалгааны ажлаа үргэлжлүүлэх болсон юм. 

Нэгэнт Канеман өөр улс руу явсан тул Амос Тверски гэр бүлээрээ АНУ явахаар шийджээ. Үүнийг мэдсэн даруйдаа шинжлэх ухааны хүрээлэнгүүд түүнийг авахын төлөө өрсөлдөн, Стэнфордын их сургууль авч чаджээ. 



Гурван цагт 300 хуудастай ном уншдаг болсон арга

Энэ дугаарын зочин оролцогч Б.Дэлгэрнаран буюу Дэнар сэтгэл судлалын болон уран зохиолын ном унших дуртай бөгөөд ингэхдээ маш хурдан уншдаг аж. Тэрбээр подкастын төгсгөлд номыг хэрхэн хурдан уншдаг болсон талаарх өөрийн туршлагыг хуваалцсаныг хүргэж байна.

Б.Дэлгэрнаран “Би 300 хуудастай номыг дунджаар гурван цагийн дотор уншиж дуусгадаг. Миний танилууд дунд үүнээс ч хурдан хугацаанд уншдаг хүн олон бий. Ингэж хурдан уншихын тулд юуг анхаарах хэрэгтэй талаар өөрийн туршлагаас хуваалцвал

  1. Хүмүүс аливааг уншихдаа дуутай уншдаг нь ажиглагддаг. Энэ нь ярианы хурдаараа уншиж байна гэсэн үг. Тиймээс ном уншихдаа дуу гаргахгүйгээр буюу хараагаараа унших тусам хурд нэмэгддэг. 
  2. Цуврал номыг нэг дор дараалан унших хэрэгтэй. Гадаад хэлээр ном уншихад мэдэхгүй үг гарахад толь бичиг бүү ашигла. Учир нь нэг зохиолчийн бичсэн цуврал номонд тэр үг олон дахин давтагддаг тул утга нь тогтоогддог. 
  3. Ухрах хэрэггүй. Яарч уншихдаа дунд нь үг, өгүүлбэр орхиж, дахин буцах тохиолдол их байдаг. Ингэснээр хурд саарч, хугацаа алддаг. Ингэхгүйн тулд ном уншиж эхлэхдээ тайван тогтоож уншдаг байгаарай. Аажимдаа хурд нэмэгдсээр байдаг. Гэнэтхэн л хурдан уншдаг болохгүй бөгөөд надад 2-3 жилийн хугацаа шаардсан” гэлээ.