Индэр    
2020 оны 9 сарын 28
Зураг
Хуульч, сэтгүүлч

Хуулиар хулгайтай тэмцдэг болохоос худал мэдээлэлтэй зууралддаггүй юм

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЦЕГ-ын дэргэд Худал мэдээлэлтэй тэмцэх дагнасан нэгж байгуулсан асуудлаар

2020.09.23-ны өдөр Цагдаагийн байгууллагын дэргэд Худал мэдээлэлтэй тэмцэх бие даасан нэгж байгуулснаа зарлаад авав.

Хэн, хаанаас ийм нэгэн хөгжмийн ая тоглохыг захиалсан нь ойлгомжтой. Төрийн гурван өндөрлөг гэж бидний  нэрлэж заншсан, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бодлогыг тодорхойлогч эрхмүүдийн хүсэл зориг энэ асуудал дээр нэгдсэн ажгуу. Угтаа үндэсний аюулгүй байдалд халтай хамгийн их сөрөг мэдээлэл түгээгч нь хэн сэн билээ? Бодоод нэг үзээрэй.... 

Сингапур нь Fake news буюу худал мэдээллийн тухай тусгайлсан хууль 2019 онд баталсан бөгөөд энэ төрлийн хууль нийгмийн хэрэгцээ, шаардлагад тэр бүр нийцэхгүй байгаа тухай ч олон улсын экспертүүд хэлдэг. Бид хуулийн ганц зүйл, заалт бариад худал мэдээлэлтэй тэмцчихдэг бол амар байхсан. Дэлхий нийтийн шүдний өвчин болсон худал мэдээлллийн асуудал дээр дэлхий биднээс суралцах нь юу л бол доо хөөрхий!

УИХ-аас 2020.01.10-ны өдөр Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтаар “Худал мэдээлэл тараах”-ыг гэмт хэрэгт тооцож хуульчилсан. Тухайлбал, 

Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Тухайн нэгжийг байгуулсан үндэслэлээ тайлбарлахдаа, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Амгалан нь дараах тайлбарыг өгсөн билээ. Үүнд: 
“Эдийн засгийн аюулгүй байдал, хүн амын удмын сангийн аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын аюулгүй байдалд нөлөөлж байгаа энэ бүхэн үндэсний аюулгүй байдлын эсрэг чимээгүй дайн, хорлон сүйтгэх ажиллагаа, мөн үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй хуурамч мэдээлэл тараах, бусдыг гүтгэх, доромжлох гэмт хэргийн шинжтэй мэдээллийг шалгах, таслан зогсоох чиглэлээр” тухайн нэгж нь цахим орчинд худал мэдээлэлд хяналт шалгалт явуулна. 

Гэвч Эрүүгийн хуулиас гадна худал мэдээлэл тараасан тохиолдолд Зөрчлийн тухай хууль, Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиудаар арга хэмжээ тооцох боломжтой юм. Тухайлбал, 

КХЦТУСТНЭЗҮСНБтХ-ийн 12.3-т Цар тахал түүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахтай холбоотой олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээлэл түгээхийг хориглоно. 

13.3.Цар тахал түүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахтай холбоотой олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээлэл  түгээхийг хориглоно гэж тус заасан. 

Зөрчлийн тухай хуулийн 5.13 дахь заалт Гамшгаас хамгаалах тухай  хууль  зөрчих  хэсэгт “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэснээр Эрүүгийн болон Зөрчлийн арга хэмжээ авагдах бүрэн боломжтой болоод байна. 

Эрүүгийн хуульд Эх орноосоо урвах 19.1, Хорлон сүйтгэх ажиллагаа явуулах 19.6 гэмт хэргүүдэд Тагнуулын байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Үндэсний аюулгүй байдлын эсрэг, сөргөөр нөлөөлж болзошгүй худал мэдээлэл тараасан гэдэг хэт ерөнхий агуулгын араас хөөцөлдөх нь нэгд, Цагдаагийн байгууллагын эрх хэмжээний асуудал биш бөгөөд хуулиар тусгайлан харьяалуулсан Тагнуулын ерөнхий газрын эрх хэмжээний асуудал тул Цагдаагийн байгууллага дэргэдээ тухайн нэгжийг байгуулсан нь үндэслэл бүхий шийдвэр биш гэлтэй.

МУЗГ-ын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг УИХ-аас 2020.08.28-ны өдөр баталсан. Тус мөрийн хөтөлбөрийн 2.6.4-т “Хэвлэл мэдээллийн салбарыг үнэн бодит мэдээлэл түгээх, соён гэгээрүүлэх чиглэлээр хөгжүүлнэ.” гэж зааснаас үзвэл худал мэдээлэл газар авсныг хүлээн зөвшөөрч, түүнтэй тэмцэнэ гэдгээ албан ёсоор зарласан гэж үзэх үндэслэлтэй байна. Нөгөө талаас соён гэгээрүүлж, хөгжүүлэх амлалттай байтал өөрсдийнх нь өмнө  өвдөг сөхрөн, өмөлзөхийг ард иргэдээсээ тэд хүсчээ.

ЦЕГ-ын удирдлага нь ЗГ-аас томилогддог, шууд харьяаны байгууллага тул улс төрийн өндөр албан тушаалтнуудын асуудлаарх аливаа мэдээллийг хаах, нухчин дарах, олон нийтийн үнэнийг мэдэх эрх ашгийг үл харгалзан шүгэл үлээгчид, мэдээллэгчдийн эсрэг, албан тушаалтнуудын захиалгаар эл нэгж нь ажиллах бүрэн боломжийг олгоод байна. Мөн түүнчлэн бие даасан нэгж байгуулагдсанаараа иргэдийн өргөдөл, гомдол дээр тулгуурлан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулахаас гадна өөрсдийн үзэмжээр худал мэдээллийн араас хөөцөлдөж хянан шалгах ажиллагаа үүсгэх эрхтэй болсноороо иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх, эрх чөлөөний эсрэг үйл ажиллагаа явуулах бүрэн эрхийг өөртөө бий болгожээ.

Хуулиудын зөрчилдөөнтэй байдал:

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар “...Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй”, ”Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй” гэсэн заалттай ЦЕГ-ын Худал мэдээлэлтэй тэмцэх нэгж нь байгуулагдсанаараа зөрчилдөж байна. Дээрх нэгжийг төрөөс санхүүжүүлэхгүй байх хуулийн гарц, шийдэл нь энэ юм.

Хууль, тогтоомжийн хэрэгжилтийн тодорхойгүй байдал:

  1. Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт дахь илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэдэг урьдчилсан нөхцөлийн албан ёсны тайлбар одоог хүртэл байхгүй байгаа тул тухайн хэргийг шалгаж буй эрх бүхий албан тушаалтан өөрийн үзэмжээр тайлбарлах, хэргийг нэг талд ашигтайгаар шийдвэрлэх боломжийг үүсгэж байна. Мөн энэ гэмт хэргийн улмаас төрийн байгууллага, улс төрийн өндөр албан тушаалтан гомдол гаргах эрхгүй гэж оруулах нь бодит байдалд нийцэх сайн зохицуулалт юм. ГИТ-ийн хийсэн судалгаагаар Иргэний хуулийн 497, 511, 21 дүгээр заалт нэр төр, алдар хүнд гэм хорын хохирлын улмаас нэхэмжлэл гаргаж буй хүмүүсийн 33% нь улс төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хааг, төрийн байгууллага байна. Мөн Эрүүгийн хуулиар нэр төр, алдар хүндэд халдсан гэдэг үндэслэлээр Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж буй хүмүүсийн дийлэнх нь төрийн байгууллага, олон нийтийн зүтгэлтэн /public figure/ буйг судалгаанууд харуулдаг. Иймд тус хуулийн заалтын дор, эсхүл УДШ-ээс эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг тайлбарласан /легаль, норматив/ тайлбарыг хийж өгөхгүй бол хэн нэгний захиалгаар Эрүүгийн хуулийн Худал мэдээлэл тараах заалт нь иргэдийн эсрэг хэрэгжих эрсдэлтэй байна. 
  2. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь үнэн бодит мэдээлэл түгээх үүрэг нь ёс зүйн зарчмаараа оногдсон байдаг. Ёс зүйн асуудал зөрчсөн бол ХМЗ-өөс хариуцлага тооцох зөөлөн зохицуулалтын хэм хэмжээ мөрдөгдөж байна. Харин иргэн хэвлэл мэдээллийн редакц шиг баталгаатай, үнэн бодит мэдээлэл төдийлөн түгээх боломжгүй байдаг нь сэтгүүл зүйн арга, төрлөөрөө ч ялгаатай. Гэвч худал мэдээлэлтэй тэмцэх нэгж нь МУ-ын 3.2 сая иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг үл хүндэтгэн онцгой үүрэг хариуцлага оногдуулж, таамагласан, асуудал дэвшүүлсэн төдийд л хариуцлага ярих боломжийг олгож байна. Өнөөдөр би ийм юм бичлээ гээд маргааш “амаа мэдээрэй” хэмээн дарамтлуулж, хариуцлага үүрэх ёсгүй юм.

Бидний үнэт үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалах үүднээс НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2013 онд “Цахим орчинд халдашгүй байх эрхийг хэрэгжүүлэх” талаарх тогтоол баталж, түүгээр бүх улс орныг “...интернэтээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөг эдэлж буй аливаа хүний цахим харилцаанд халдашгүй байх эрхийг хүндэтгэн хамгаалах, энэ эрхийг зөрчих явдлыг зогсоох шаардлагатай арга хэмжээ авах, дотоодын холбогдох хууль тогтоомжийг олон улсын хүний эрхийн гэрээний дагуу хүлээсэн үүрэгт нийцүүлэн уялдуулах, хэрэгжүүлэх зэргээр ийм зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдүүлэх”-ийг уриалсан нь интернэтэд үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг тусгайлан баталгаажуулсан олон улсын стандартад тооцогдож байна.

ИБУТЭОУП-ын 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгтэй холбоотой НҮБ-ын Хүний эрхийн хорооны 34 тоот тайлбарын 12, 15 болон 43-т вэб сайт, блог зэрэг интернэтэд суурилсан хэрэгсэл буюу цахим мэдээллийн сүлжээ нь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрхийг эдлэхэд чухал нөлөөтэй болохыг онцолсон байна. Мөн вэб сайт, мэдээлэл түгээх сүлжээгээр зөвхөн улс төр, нийгмийн систем, засгийн газрыг шүүмжилсэн материал нийтэлсний төлөө түүнийг хориглох нь ИБУТЭОУП-ын 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хязгаарлалтын зохицуулалттай нийцэхгүй гэжээ. 

Иймийн тулд иргэн таамагласан байр сууринаас өөрийн үзэл бодлоо илэрхийлж аливаа асуудлаар мэдээлэл түгээх эрх хэнд ч нээлттэй байна. Үүнийг хууль тогтоомжоор хориглож, тусгайлан нэгж байгуулж хяналт шалгалт явуулах нь хүний эрхэд нийцэхгүй гэдгийг хэн хүнгүй ойлгох цаг иржээ.

Хууль батлаад хулгайтай тэмцдэг болохоос хуулийн ганц заалтаар худал мэдээллийг хязгаарлаж чадна гэсэн үлгэр хаана ч байхгүй. Энэ бол цогцоор нь шийдэх асуудал бөгөөд дан ганц Монголын өмнө тулгараад буй бэрхшээл биш юм.