Индэр    
2020 оны 9 сарын 22
Зураг
Судлаач (PhD)

​Нэр дэвшигчдийг тодруулах үйл явц хаалттай байсаар байх уу?

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улс төр судлаач Э.Гэрэлт-Од, Д.Бямбажав

Бид сонгуулиас сонгуулийн хооронд амьдардаг. Энэ нь тийм муу зүйл биш, төрийн бодлогын залгамж холбоог сонгууль холбодог учраас байх ёстой зүйл. Сонгуулиар дамжиж бид оролцох, төлөөллөө хэрэгжүүлэх боломж бүрддэг. Харин биднийг төлөөлөх төлөөлөгчдийг намууд хэрхэн тодруулдаг вэ гэдэг асуултад бид анхаарал хандуулах хэрэгтэй.

Өнөөдөр Монголын улс төрийн намуудын хамгийн ойлгомжгүй зүйлсийн нэг нь сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах үйл явц. Учир нь нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаа хөшигний арын дүрэмгүй зодоон болоод удаж байна. Намууд нэр дэвшигчдэд дараах шалгуур тавьдаг бололтой. Үүнд:

  1. Мөнгөтэй байх. Сонгуулийн мажоритар тогтолцоог олон жил ашиглаж ирсэн учир нь намыг санхүүжүүлэх, орон нутгийн намын хороог тэтгэсэн, гишүүдийг цалинжуулах, сонгуулийн зардлаа өөрөө босгох чадвартай нэр дэвшигч.
     
  2. Удирдлагаас дэмжлэгтэй байх. Намын даргаас зөвшөөрөл авсан, удирдлагын төвшинд дэмжигдэх боломжтой улс төрч нэр дэвших мандатыг авч байна. Энэ нь намаас нэр дэвшигчийг тодруулах үйл явцыг хаалттай болгож байна. Хаалттай гаргасан шийдвэрийн цаана олон гишүүд, улс төрчид, сонгогчид сэтгэл ханамжгүй үлддэг. Тэд намыг дүрмээ зөрчдөг, танигдаагүй, туршлагагүй хүн нэр дэвшүүлдэг, мөнгөтэй хүн намыг худалдаж авч байна зэргээр шүүмжилдэг. Тухайлбал, 2020 оны УИХ-ын 76 мандатын төлөө 13 улс төрийн нам, 4 эвслээс нийт 485 (Бие даагч 121 нэр дэвшигчийг хасаад) нэр дэвшигчид өрсөлдсөн. МАН, АН тус бүр 76 нэр дэвшигч буюу мандатын тоогоор дэвшүүлсэн. Бусад намууд дутуу нэр дэвшүүлсэн. Нэр дэвшүүлэх үйл явцад хэд хэдэн зөрчил ажиглагдсан.

Үүнд:

1.    Дүрэм, журам тодорхойгүй байсан. Намууд нэр дэвшигчийг тодруулах журамтай гэдэг боловч ил тод бус байсаар байна.

  • МАН  аймгийн намын хороодоос горилогчдын нэрсийг авч, Бага хурлаар хэлэлцэж шийдвэрлэдэг. Гэвч “намын бодлого”-оор нэр дэвшигч тодорч Бага хурлаар хэлэлцэгддэг. “Намын бодлого” гэдэг нь намын дарга, удирдах зөвлөлийг дэмжсэн горилогч дэмжлэг авдаг. Дүрмээр Бага хурлын гишүүн нэр дэвших эрхтэй ч тодорхой шалгуур байдаггүй учир өглөө нь Бага хурлын гишүүн болоод өдөр нь нэр дэвших эрхээ авсан тохиолдлууд ч байна.
     
  • АН-ын дүрмээр Үндэсний бодлогын хорооны гишүүн нэр дэвших эрхтэй. Гэвч нам сонгуульд нэр дэвшигчийг тодруулах хурлын өмнө болон үеэр ҮБХ-ны чөлөөт суудалд гишүүн элсүүлж нэр дэвшигчийг тодруулсан. Мөн намын зарим гишүүд нэр дэвшихийн тулд намдаа шахалт үзүүлсэн, ойлголцоогүй нь өөр намаас болон бие дааж дэвшсэн.

2.    Санхүүгийн шалгуур тавьсан. Сонгуулийн хуулиар нэр дэвшигч болон намын гаргах зардлын дээд хязгаарыг ҮАГ баталсан. Өөрөөр хэлбэл мажоритар тогтолцоо нам, нэр дэвшигчдээс санхүүжилт шаарддаг.

  • МАН-ын дарга сонгуульд нэр дэвшигчдээс хандив авахгүй гэж зарласан ч нууцаар мөнгөний шалгуур тавьж нэр дэвшүүлсэн. Нэр дэвшигчдэд санхүүгийн чадвартай байх шаардлага тавьсан.
  • АН нэр дэвшихийг хүсэгчдээс 100 саяын дэнчин авах бодлого зарласан нь сонгуулийн зардлыг төвлөрүүлэх оролдлого байсан. Гэвч нэгдсэн ойлголтод хүрээгүй, нягт нямбай удирддаж чадаагүйгээс болж хамтын шийдвэр маргаан дагуулсан. Мөн л санхүүгийн шалгуур тавьсан.

МАН, АН-ууд нэр дэвшигчиддээ санхүүгийн шалгуур тавьсан нь Улс төрийн намын тухай хуулийн  5.1.3 дахь заалтыг илт зөрчсөн үйлдэл болсон.

Удахгүй Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болно. Намууд аймагт 772, нийслэлд 45, сум 7062, дүүрэгт 291 нийт 8169 мандатын төлөө нэр дэвшигчээ тодруулж байна.

МАН, АН-уудыг харахад аймаг, нийслэлийн төвшинд мөн л мөнгө болон удирдлагын шууд дэмжлэгийн нөлөө байсаар байна. Харин сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд мөнгөний шалгуур ажиглагдахгүй байна.

Харин ХҮН Нийслэлийн ИТХ-ын сонгууль мөнгөний шалгуур тавихгүйгээр нэр дэвшүүлж байна. Нэр дэвшигч зардлаа өөрөө хариуцна. Харин нам сонгуулийн зардлаа хэрхэн босгож байгаа нь нууц байна.  

Учир нь намууд нэр дэвшигчийг тодруулах үйл явцыг дүрэм, журмаар зохицуулах ёстой ч өнөөдрийг хүртэл хэзээ баталсан ямар журмаар зохицуулж байгаа нь тодорхойгүй, хамгийн хаалттай асуудал хэвээр байна.

Улс төрийн нам бол гишүүдийн хамтын удирдлагын байгууллага, намын дүрэм бол бүх гишүүдийн эрхийг тодорхойлсон, хамгаалсан эрх зүйн баримт бичиг. Аливаа улс төрийн нам өөрийн баталсан дүрмийн хүрээнд, нийтийн эрх зүйг мөрдөж ажиллах үүрэгтэй.

Нийтийн эрх зүй нь намууд сонгуульд нэр дэвшигчийг тодруулахдаа Монгол Улсын Үндсэн хууль[1], Улс төрийн намын тухай хууль[2], Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хууль[3], Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль[4], Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль[5]-уудтай нийцүүлэн баталсан дүрэм, журмын хүрээнд зохион байгуулах ёстой.

Улс төрийн намын тухай хуулийн  5.1.2.үйл ажиллагаагаа ил тод явуулах;  5.1.3.гишүүддээ намын удирдах байгууллагын төлөөлөлд орох, сонгуульд нэр дэвших, сонгогдоход үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаалаар ялгаварлахгүйгээр адил тэгш боломж олгох зарчмын баримтлах үүрэгтэй.

2021 онд Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. УИХ-д суудалтай МАН, АН, МАХН, ХҮН-ууд нэр дэвшүүлэх эрхтэй. Намууд нэр дэвшигчээ хэрхэн тодруулах нь бас ойлгомжгүй байна.

Нэр дэвшигчээ тулгаж байж тодруулдаг энэ аргаасаа татгалзах цаг болсон. Олон нийт хэлэлцдэггүй, хэлэлцэх боломж олгодоггүй энэ арга, дээр нь дотоод ардчилалгүй намуудыг улам царай муутай харагдуулж байна. “Цагаан сонголт”-ыг мартаж болохгүй. Цагаан сонголт бол мэдрэмжгүй, дотоод ардчилалгүй намуудад өгч буй үнэлгээ. Улс төрийн намууд сонгогчдын улс төрийн хүсэл зоригийг илэрхийлдэггүй, ядаж гишүүдээсээ асуудаггүй учраас тэр.  

Иймээс дараах асуулт урган гарч байна. Үүнд:

  1. Нам яагаад нэр дэвшигчээ гишүүдээсээ асууж тодруулах ёстой вэ?
  2. Нээлттэй байх нь ямар ач холбогдолтой вэ?

Хариулт нь маш энгийн. Улс төрийн нам бол мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх багийг санал болгох эрхтэй. Харин иргэд хэнд итгэл үзүүлж болохыг шийдвэрлэх онцгой давуу эрхтэй. Тиймээс сонгогчдын зүгээс намууд хэнийг дэвшүүлэх бол гэдэг хүлээлт сонгууль бүрийн өмнө үүсдэг. Харин намууд сонгогчдын хүлээлтийг үл ойшоож дангаараа шийдвэр гаргадаг. Нам нэр дэвшигчээ хаанаас тодруулж байгаагаар нь дотоод ардчиллын чухал үзүүлэлт. Нам төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлэгч болохын хувьд дотоод ардчилалтай байх ёстой. Намын дотоод ардчилал нь нэр дэвшигчийг тодруулах, санхүүжилтийн ил тод байдал, олуулаа хэлэлцэж шийдвэр гаргах, удирдлагадаа хариуцлага тооцох чадвар зэрэг дотоод засаглалаар хэмжигддэг. Намын дотоод ардчилал улс орныг ардчиллыг тодорхойлоход нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, дотоод ардчилалгүй намууд улс орныг ардчилсан аргаар удирдаж чадахгүй гэж үздэг.

Цаашид намууд нэр дэвшигчийг тодруулахдаа дараах шаардлагыг тавьдаг болмоор байна.

  1. Тоглоомыг дүрмийг тодорхой болгох. Нам дүрэм журмаа ойлгомжтой, тодорхой, урт хугацаанд нээлттэй өрсөлдүүлж нэр дэвшигчээ тодруулдаг болох ёстой.
     
  2. Нэр дэвшигчдэд тавигдах шаардлагыг сайжруулах. Нэр дэвшигчдэд тавигдах ерөнхий болон нэмэлт шалгуурыг сайжруулж, дагаж мөрдөх нь чухал юм.
     
  • Ерөнхий шаардлага. Нэр дэвшигчээр сонгогдох эрх зүйн үндсэн шаардлага бол сонгогчдод хамаарах иргэний харьяалал, нас, иргэний болон улс төрийн эрхийг бүрэн эзэмшсэн байдал юм. Хэрэв өөр нэмэлт шаардлагыг тавьбал оновчтой, үндэслэлтэй, бодитой байх нь зүйтэй. Ямарч шалгуур нэмсэн нэр дэвшүүлэхдээ ялгаварлан гадуурхахаас зайлсхийх нь хамгийн чухал.
     
  • Нэмэлт шаардлага. Ур чадвар-нэр дэвшигчээс албан ёсны хэлний чадвар, сэтгэцийн шаардлага байх ба тодорхой түвшний боловсрол шаардаж болно. Ёс суртахууны чадвар-улс төрийн өндөр албан тушаалтай холбоотой гэмт хэрэг, авилга зэрэг тодорхой гэмт хэрэгт ял шийтгэлгүй байх зэрэг ёс суртахууны шаардлага тавьж болно. Нийгмийн хэм хэмжээг мөрдөх чадвар-ардчилал гэх мэт нийгмийн тодорхой хэм хэмжээг дагаж мөрдөх, үндэстний эв нэгдлийг сахих, хүчирхийлэлгүй өрсөлдөөнийг дэмжих шаардлага тавьж болно. Ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх-нэр дэвшигч нь төрийн өмчит компанид ажилладаггүй, төрөөс гэрээгээр ажил гүйцэтгэгч компанид албан тушаал хашиж болохгүй зэрэг шалгуурууд байж болно.

Улс төр өрсөлдөөнтэй. Гэхдээ тоглоомын дүрэм ойлгомжтой байх нь гишүүдээс гадна, сонгогчдод чухал байна.

 

 

[1] Монгол Улсын Үндсэн хууль. (1992.01.13) https://www.legalinfo.mn/law/details/367

[2] Улс төрийн намын тухай хууль. (2005.01.18)  https://www.legalinfo.mn/law/details/508

[3] Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль (2019.12.20) https://www.legalinfo.mn/law/details/459

[4] Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль (2020.01.30) https://www.legalinfo.mn/law/details/15125?lawid=15125

[5] Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль (1993.06.05) https://www.legalinfo.mn/law/details/337

Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу сонгуультай холбоотой бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв