Монгол Улс 1992 оноос хойш төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлыг бүх нийтийн, шууд, чөлөөт, ардчилсан сонгуулиар байгуулж ирсэн.
Өнгөрсөн хугацаанд нийт найман удаа байнгын ажиллагаатай УИХ-ыг сонгож байгуулжээ. Энэ бол иргэд өөрсдийн төрөө өөрсдөө байгуулж байгаа ардчилсан арга юм. Өөрөөр хэлбэл аливаа улсыг ардчилал ба ардчилсан бус гэж тодорхойлох анхдагч шалгуур нь бүх нийтийн, чөлөөт, шударга сонгууль. Гэвч УИХ дахь намууд сонгуулийн тогтолцоог байнга өөрчилж ирсэн нь сонгогчдын боловсрол, улс төрийн намын төлөвшил, улмаар ардчилалд сөргөөр нөлөөлж ирсэн.
Сая болж өнгөрсөн УИХ-ын сонгуулиар сонгогчид сонгуулийн тогтолцоо гэж юу болох, ямар онцлог шинжүүдтэй талаар сонирхох болсон нь сайшаалтай.
Иймээс сонгуулийн тогтолцоо гэж юу болох, хэрхэн сонгодог, ямар үр дагавар авчирдаг, цаашид шийдвэрлэх ямар боломж байгааг энэхүү нийтлэлээр судаллаа.
Улс төрийн шинжлэх ухаанд сонгуулийг санал хураалт явуулах замаар улс төрийн шийдвэр гаргах үйл явц1 гэж тодорхойлдог.
Сонгууль нь ардчилсан нийгэмд улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх сонгогчдын оролцоо, төлөөллийг хангах нийгмийн зөвшилцөл гэж ойлгож болно.
Харин сонгуулийн тогтолцоо нь сонгогчдын саналыг парламент хуваарилах, төрийн институцийг бүрдүүлэх (жишээ нь, засгийн газар) арга зам, дүрэм журам юм. Гэхдээ ихэнх судлаачид сонгуулийн тогтолцоог тойрог ямар байх, сонгогч саналаа яаж өгөх, намуудын кампанит ажлын стратеги, нэр дэвшигч хэн байх, намын бодлого ямар байх, сонгогчдын саналыг хэрхэн татах, авсан саналыг яаж парламентад шилжүүлэх зэрэг олон асуудлыг багтаадаг өргөн хүрээтэй ойлголт гэж үздэг.
Тиймээс сонгуулийн тогтолцоо бол дараах үүргийг гүйцэтгэдэг. Үүнд:
Судлаач Бенжамин Райли сонгуулийн тогтолцоог тодорхойлоход дараах нийтлэг зарчмуудыг удирдлага болгодог2 гэсэн.
Үүнд:
· Шударга төлөөллийг хангах
· Сонгуулийн үйл ажиллагаа иргэдэд хялбар, үр дүн нь утга учиртай байх
· Эв нэгдлийг хангах хөшүүрэг болох
· Тогтвортой, шуурхай ажиллагаатай засгийн газар бүрдүүлэх
· Засгийн газартай хариуцлага тооцох боломжтой
· Сонгогдсон төлөөлөгчидтэй хариуцлага тооцох боломжтой
· Улс төрийн намуудыг бэхжүүлэх
· Хууль тогтоох байгууллагад сөрөг хүчин байх, түүний хяналтыг дэмжих
· Сонгуулийн үйл явцыг тогтвортой байлгах
· Олон улсын стандартыг харгалзан үзэх
Гэвч сонгуулийн тогтолцоо нь дээрх асуудлыг бүрэн шийдэх боломжгүй. Өөрөөр хэлбэл сонгуулийн тогтолцоо бүр өөрийн давуу ба сул талуудтай. Иймээс ямар тогтолцоог сонгох нь судалгаанд тулгуурласан улс төрийн шийдэл байх ёстой.
Сонгуулийн тогтолцоог мажоритар буюу олонхын, пропорционал буюу хувь тэнцүүлэх гэж хоёр хуваадаг.
Тогтолцоо тус бүртээ олон хувилбартай.
Улс орнууд энэ хоёр тогтолцооны аль нэг, эсхүл хоёуланг нь хослуулан өөрт тохирсон хувилбарыг хэрэглэдэг. Сонгуулийн тогтолцоог ангилах хамгийн нийтлэг арга нь сонгогчдын өгсөн саналыг нам, нэр дэвшигчийн хууль тогтоох байгууллагад авах суудлын тоонд хэр хувь тэнцүүлэн хөрвүүлж байгаа үр дүнгээр ангилах явдал юм. Энэ дагуу сонгуулийн тогтолцоог олонхын/мажоритар (plurality/majority), хагас хувь хувь тэнцүүлэх (semi-proportional), хувь тэнцүүлэх (proportional-PR), холимог (mixed) хэмээн ангилж болно. Эдгээр төрлийг дэлхийн ихэнх улс орон сонгуульдаа ашиглаж байна.
Энэ тогтолцоо нь түгээмэл хэрэглэдэг таван хувилбартай бөгөөд хоёр нь олонхын (plural) буюу нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан хүн ялах дүрэмтэй харьцангуй олонхын болон багц саналын тогтолцоо, гурав нь мажоритар буюу үнэмлэхүй олонхын буюу нийт хүчинтэй саналын талаас илүү хувийг авсан нэр дэвшигч ялах дүрэм үйлчилдэг хоёр шаттай тогтолцоо, альтернатив болон нэмэлт саналын тогтолцоо болно.
Харьцангуй олонхын тогтолцоонд (first past the post-FPTF) нэг мандаттай тойрогт заавал үнэмлэхүй олонхи санал авах албагүй, харин бусад өрсөлдөгчтэй харьцуулахад хамгийн олон санал авсан нэр дэвшигч ялалт байгуулна. Саналын төлөөх өрсөлдөөн намуудаас илүү нэр дэвшигчдийн хооронд явагдах ба сонгогч саналын хуудсанд дэмжиж буй нэр дэвшигчийнхээ нэрийг дугуйлдаг. Энэ тогтолцоог Их Британи, АНУ, Энэтхэг, Канад болон Британий колони байсан орнууд хэрэглэдэг.
Хүснэгт 1. Мажоритар тогтолцооны давуу ба сул тал
Давуу тал |
Сул тал |
|
|
Энэ тогтолцоогоор суудлыг хувь тэнцүүлэх болон олонхын тогтолцооны дунджаар хуваарилдаг. Хамгийн түгээмэл хувилбар нь үл шилжих дан санал (single non-transferable vote) юм. Энэ хувилбарын дагуу сонгогч олон мандаттай тойрогт нэг л нэр дэвшигчид санал өгөх бөгөөд хамгийн олон санал авсан нэр дэвшигч ялалт байгуулна. Тухайлбал, дөрвөн мандаттай тойрогт нэг хүн ойролцоогоор нийт хүчинтэй саналын 20 хувийг авахад сонгогдох боломжтой гэсэн үг. Энэ тогтолцоог Афганистан болон Бүгд Найрамдах Вануату Улсад хэрэглэж байна.
Хувь тэнцүүлэх тогтолцооны зорилго нь намын авсан саналыг хууль тогтоох байгууллагын суудалд зориудаар хувь тэнцүүлэн хөрвүүлэхэд оршдог.
Хувь тэнцүүлэх тогтолцооны үндсэн гурван хувилбарт:
Эдгээр бүх хувилбарт олон мандаттай тойргоор сонгуулийг зохион байгуулдаг. Учир нь нэг мандаттай тойрогт нэг л хүн ялагч болох тул суудлыг хувь тэнцүүлэн хуваарилах боломжгүй нь ойлгомжтой. Израйль, Нидерландын Вант Улсад улс нь бүхлээрээ олон мандаттай нэг тойрог болдог. Камбожийн вант улс зэрэг оронд сонгуулийн тойргуудыг засаг захиргааны нэгжид үндэслэн тогтоодог бол Индонезид сонгуулийн тойргийн хэмжээг хуулиар тогтоож, тойргуудыг байгуулах үүргийг сонгуулийн төв байгууллагад үүрэг болгодог ажээ.
Хүснэгт 2. Пропорционал тогтолцооны давуу ба сул тал
Давуу тал |
Сул тал |
|
|
Холимог тогтолцоог олонхын/мажоритар (заримдаа хагас хувь тэнцүүлсэн) болон хувь тэнцүүлэх тогтолцооны аль алиных нь эерэг шинжүүдийг нэгтгэн тусгах оролдлого хэмээн ойлгож болно. Холимог тогтолцоонд өөр өөр томьёололтой сонгуулийн хоёр тогтолцоог зэрэгцүүлэн ашигладаг. Үүнд санал өгөх сонгогчид ижил байх бөгөөд төлөөлөгчдийг гол төлөв нэг мандаттай тойрог бүхий харьцангуй олонхын болон намын жагсаалтаар санал хураах хувь тэнцүүлэх системийг хослуулан сонгодог.
1990-ээд онд сонгуулийн шинэтгэл хийсэн улс орнууд холимог тогтолцоог нийтлэг сонгосон байдаг бөгөөд үүнийг хувь тэнцүүлэх болон орон нутгийн төлөөллийг нэгэн зэрэг хангах сайн үр дагавартай хэмээн үзсэн. Холимог тогтолцоог дотор нь холимог-хувь тэнцүүлэх, холимог-мажоритар гэсэн хоёр өргөн бүлэгт ангилж үздэг.
Сонгуулийн аль нэг тогтолцоо, ямар нэг улсад яв цав тохирох боломжгүй. Учир нь тогтолцоо бүр давуу болон сул талтай. Иймээс улс бүр өөрийн онцлогт тохирсон, нийгэм, улс төрийн асуудлаа шийдвэрлэхэд дөхөм болохуйц тогтолцоог боловсруулж хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл дэлхийд өөр хоорондоо ялгаатай 300 гаруй журам, 150 гаруй арга байдаг.
Бараг улс болгон өөрийн онцлогт тохирсон сонгуулийн тогтолцоог хуулиар баталгаажуулж, сонгууль явуулж байна.
Аливаа улс орон өөрийн улс төрийн хөгжил, институцийн төлөвшил, сонгогчдын боловсрол зэрэг асуудлыг сайтар судалж байж өөрт тохирсон сонгуулийн тогтолцоог сонгох учиртай. Учир нь ардчилал хөгжих эсэх нь зөв сонгож авсан сонгуулийн тогтолцоо, сайн боловсруулсан сонгуулийн хууль, зөв зохион байгуулж явуулсан сонгуулиас шалтгаалдаг. Сонгуулийн ямар тогтолцоо сонгохоос шалтгаалж намын систем төлөвшдөг, парламент, засгийн газар, сонгогчдын зан үйл, улмаар ардчиллыг тодорхойлдог ажээ.
Хүснэгт 3. Сонгуулийн тогтолцооны нөлөө
Улс төрийн орчноос сонгуулийн хэлбэрт нөлөөлөх |
Сонгуулийн хэлбэрийн улс төрийн орчинд нөлөөлөх нөлөөлөл |
· Ардчиллын төлөвшил, түвшин · Ардчиллын хэв загвар · Ашиг сонирхлын ялгарах үйл явц · Намуудын төлөвшил · Лидерүүдийн соёл · Нийгмийн сэтгэл зүй · Сонгуулийн эрх зүйн орчин |
· Намын систем · Парламент · Гүйцэтгэх засаглал · Сонгогчдын сэтгэл зүй · Улс төрийн тогтвортой байдал
|
Гэвч эрх баригч нам дараагийн сонгуульд ялалт байгуулахаа тооцож сонгуулийг тогтолцоог сонгох нь түгээмэл байдаг. Энэ талаар судлаач Ж.Коломер3 өөрийн таамаглалыг судалж, эрх баригч нам өөртөө тааруулж сонгуулийн тогтолцоог сонгодог тухай нотолсон байдаг. Тэрээр сонгуулийн тогтолцоо нь намын тогтолцоогоо сонгохоос илүү, эрх баригч нам өөртөө тааруулж сонгуулийн тогтолцоог сонгож, сонгуулийн тогтолцоо нь тухайн намын эрх мэдлээ олж авах хэрэгсэл болдогыг нотолсон.
Ер нь эрх баригч улс төрийн нам улс орны ардчилал, улс төрийн хөгжлийг харж сонгуулийн тогтолцоог сонгож чадаагүйгээс болж төрийн институц, ардчиллыг хөгжилд бэрхшээл тулгардаг байна.
Иймээс сонгуулийн тогтолцоо бол сонгууль ямар болох, парламент яаж бүрдэхээс гадна улс төрийг төлөвшүүлэх, сонгогчдын боловсролыг дэмжих, улс төрийг мөнгөнөөс хамааралгүй бодлогын өрсөлдөөн болгох гол хөшүүрэг юм.
[1] Ц.Ганболд нар. Улс төрийн шинжлэх ухаан. МУИС. УБ.,2001 он.
[2] Райли, Бенжамин. Монгол Улсын сонгуулийн тогтолцооны шинэчлэл, тогтолцооны хувилбарууд. НҮБХХ. Улаанбаатар 2010 он.
[3] Josep M. Colomer. It's parties that choose electoral systems (or Duverger's Laws Upside Down) https://econ-papers.upf.edu/papers/812.pdf