Зураг
Зураг
Индэр    
2020 оны 7 сарын 23
Зураг
Эдийн засагч, Шинжээч

Түүх, хүүрнэлийн хүч чадал

Зураг
Shelby McQuilkin

Та өөрийгөө хэн гэж таньдаг вэ? Өөрөөр хэн гэж өөрийгөө боддог вэ? Гурван хүүхдийн аав уу? Айлын эхнэр үү? Нягтлан бодогч уу? Эмч үү? Агуу зүйлийг бүтээх хэн нэгэн? Эсвэл бүр ирээдүйн ерөнхий сайд уу? Үгүй бүр шинжлэх ухааны дээд шагнал болох Нобель авах хүн үү?

Утгагүй мэт боловч энэ зүйл таны амьдралд маш ихээр нөлөөлж, таны өдөр тутмын үйл хөдлөлд тань нөлөөлж байдаг гэвэл та итгэх үү? Тэгэхээр энэ тухай жижиг мэдлэг хуваалцъя.

ТҮҮХ, ХҮҮРНЭЛИЙН ХҮЧ ЧАДАЛ (Story)

Нобелийн шагналт эдийн засагч Роберт Шиллер гэж агуу нөхөр бий. Түүний 2019 оны ном болох хүүрнэлийн эдийн засаг маш сонирхолтой үзэл санааг тусгасан байдаг. Тэр нь макро эдийн засгийн маш олон зүйлийг ердөө ам дамжих түүх (Story) тодорхойлоод байна гэх санаа. Үүнийг тэрбээр Биткойны түүхээр жишээлсэн юм.

Анх Биткойн гэх криптовалют нэг ч ам.доллар хүрэхгүй байсан ч гэнэтхэн л 300 тэрбум ам.долларын үнэлгээтэй болсон байдаг. Бүгд л ам дамжин ярьцгааж байв. Үүнд яг ямар хүүрнэл хүмүүсийн анхаарлыг ингэтэл нь татсан бэ гэдгийг Шиллер анализ хийжээ.

1. Нууцлаг түүх

Биткойныг анхлан хөгжүүлсэн Сатоши Накамото гэх япон эрхэм үнэхээр нууцлаг байсан юм. Бүгд л түүнийг анхдагч гэдгээр нь мэдэх атлаа нэг ч хүн харж байгаагүй. Биткойныг анхлаэ хөгжүүлж байсан программист хүртэл "Түүнтэй зөвхөн и-мэйлээр харилцаж байсан, нэг ч уулзаагүй" гэж байсан юм. Тэгэхээр Биткойны амжилтын нэг нууц нь энэ. Хүн бүр нууцлаг түүхэнд дуртай, түүнийг олж илрүүлэх төрөлхийн зантай байдаг. Та ч гэсэн энэ нөхрийн тухай сонссон л байлгүй.

2. Анархизм

Анархист хөдөлгөөн нь 1860 – 1930 онуудад дэлгэрч байсан эд. Үзэл санаа нь биднийг ямар ч ухамсаргүй, ёс суртахууны хүмүүжилгүй, ер нь биднийг удирдах ч эрхгүй хүмүүс удирдаж байна. Засгийн газар бол үл бүтэх тул хүмүүс өөрсдийн засаглалыг бий болгох учиртай гэх үзэл юм. Иймд өнөөгийн засаглалыг тасар татан унагаах тухай юм л даа.

Биткойн энэ хөдөлгөөний үзэлтэй яг таарах зүйлийг бий болгож байв. Ямар нэгэн төв банкны зохицуулалт байхгүй, хэн нэгэн шар толгойтой нөхөр удирдахгүй. Цэвэр зах зээл өөрөө үнийг нь тогтоож, бас нийлүүлэлтийг нь хангаж байгаа гэхээр хүмүүст таалагдаж байв. Ер нь хэн л таних ч үгүй нөхдүүдээр өөрийн хувь заяаг заалгаад сууж байхыг хүсэх вэ дээ. Иймд өөрсдийн оролцоотой засаглалыг бүгд хүснэ. Биткойн ийм л түүхийг бидэнд зарсан юм.

3. Орлогын тэгш бус байдал

Дэлхий даяар орлогын тэгш бус байдал нэмэгдэж буй. Тийм ч болохоор бүгд үүнээс гарах шинэ гарцыг эрэлхийлнэ. Магадгүй орчин цагийн энэхүү технологи, биткойн гэх зүйл нь доод давхаргаас гэнэтхэн үсрэн гарах боломж ч юм бил үү?

Ер нь өнөө цагт юм бүхэн найдваргүй болж байна шүү дээ. Маш олон оюутан өөрийн сурч буй зүйл нь амьдрал яг хэрэг болох уу? гэж эргэлзэж байна. Ирээдүйдээ итгэлтэй хүний тоо цөөрсөөр л байна. Харин энэ Биткойн гэх зүйл чинь энэ бүхний гарц юм биш үү? Оролдоод үзэхэд юу алдана гэж?

4. Технологи бол ирээдүй

Бүгд л технологи, шинэчлэл, ирээдүйн тухай ярьж байхад та үүнээс хоцрох гэж үү? Та ер нь шинэхэн технологиудаас хоцроод маш их боломжоо алдаж байгаа юм биш үү? Билл Гейтсийг эсвэл Сергэй Бринийг хараач дээ. Тэд бүгд зөв цагтаа технологитой нөхөрлөсөн. Өнөөдөр хэн болсныг нь хар. Финтек гээд л бод. Товчоор та Биткойн авч үзэх нь технологийн өнөөгийн ертөнцтэй хөл нийлүүлэн алхаж буй хэрэг юм шүү дээ.

5. Дэлхийн иргэн

Цаг хугацаа явах тусам дэлхий даяаршин нэг гэр бүл болж байна. Биткойн нь яг л үүний нэг хэлбэр юм. Дэлхийн хаа ч байсан хамаагүй, ямар үндэстэн, ямар шашинтай тань хамаагүй бүгд нэг л зүйлээр, нэг л засаглалаар байх боломжтой болж байна. Энэ бүхнийг биткойн олгож чадаж буй. Дэлхийн хаана ч олборлож болно, дэлхийн хаанаас ч худалдан авч болно гээд боддоо. Та үүнийг аваад л дэлхийн хүн болох нь байна шүү дээ. Яг ийм мэдрэмжийг өгч байв.

Ийм л таван төрлийн түүх оргүй хоосноос 300 тэрбум ам.доллар үүсгэж чадсан хэмээн Шиллер дүгнэлт хийжээ. Анх энэ тухай уншаад нүд нээгдэх шиг л болсон шүү. 2016 онд манай найз "Чи санхүүгийн хүн юм чинь" гээд биткойны тухай надаас асууж байсан. Чадах яадахаараа найзууддаа тайлбарлаж байсан, яагаад ингэтлээ биткойн хит болсон зэргийг нь эргэцүүлэн ихэд бодсон доо.

Одоо та хүний сэтгэл рүү өнгийсөн, далд ухамсарт нь хүрч чадсан түүх, хүүрнэл ямар хүчтэйг харж байна уу? Ердөө үүнийг л ойлгуулах гэж Биткойн дээр хийсэн Шиллерийн анализыг хүргэлээ. Тэгэхээр одоо эргээд таны амьдрал руу өнгийе.

ТА ЯМАР ТҮҮХ ӨӨРТӨӨ ИТГҮҮЛНЭ ТЭР БОДИТ АМЬДРАЛ БОЛДОГ

Эдийн засагч Жорж Акерлофын нэгэн ярилцлагад гардаг. Та өөртөө ямар түүх итгүүлж, бас түүнийгээ бусдад итгүүлж чадна тэр бодит амьдрал болдог гэж. Хэрэв та өөрийгөө дэлхийн хамгийн баян хүн хэмээн өөртөө итгүүлж, бас дэлхийн бүх хүнд итгүүлж чадвал та хамгийн баян хүн аж. Зэвүүн байгаа биз?

Гэхдээ та 7.7 тэрбум хүнд өөрийгөө хамгийн баян гэж итгүүлнэ гэдэг юу л бол. Тиймээс өөртөө болон ойр тойрны хүмүүстээ тодорхой түүхүүдийг итгүүлбэл ямар вэ? Жишээ нь, та бол компанийнхаа хамгийн сайн нягтлан бодогч юм. Үүнийгээ бүр өдөр бүр өөртөө хэлсээр өөртөө итгүүлчихвэл юу болох вэ? Магадгүй найз нөхөд тань, хамт ажилладаг хүмүүс тань бас үүнд итгэвэл юу болох вэ? Хариулт нь энгийн. Та нэрээ хичээх болно. Та хамгийн сайн нь юм чинь гээд илүү байхаар тэмүүлэх болно. Тэд итгэсэн юм чинь яах вэ? Тэд танаас илүү их зүйлийг хүсэх болно. Илүү ихээр найдлага тавина. Ингээд л өсөлтийн замдаа орж байгаа юм даа. Сонин байгаа биз?

Энэ агуу мундаг, хүч чадалтай гэх хүмүүс нь үнэндээ өөртөө болон бусдад ямар нэгэн түүхийг итгүүлж чадсан аж. Биткойн дэлхий даяар өөрийгөө ирээдүй гэж итгүүлж чадсан шиг, та ч бас өөртөө хүсэж буй тэр түүхээ итгүүлээрэй. Нэгэнт итгүүлж чадвал үйл хөдлөл бүр тань түүгээр тодорхойлогдох юм шүү.

Гэхдээ буруу түүх итгүүлж өөрийгөө бүр алав даа. Би угаасаа мундаг юм чинь дахин ахих шаардлагагүй ч юм уу? Би сайн юм чинь гээд бусдыг дорд үзэх ч юм уу? Би хамгийн шилдэг нь юм чинь гээд бантсандаа буруу зөрүү юм хийх зэрэг нь байж боломгүй гэдгийг ойлгож байгаа биз дээ? Би хамгийн сайн нягтлан юм чинь гээд илүү сайн байх тухай юм шүү. Та шилдэг нь юм чинь өдөр бүр хичээх тухай юм.

Ингээд эцэст нь нэг л асуулт үлдэж байна. Та өөрийгөө хэн гэж таньдаг вэ? Гурван хүүхдийн аав уу? Айлын эхнэр үү? Нягтлан бодогч уу? Эмч үү? Агуу зүйлийг бүтээх хэн нэгэн? Эсвэл бүр ирээдүйн ерөнхий сайд уу? Үгүй бүр шинжлэх ухааны дээд шагнал болох Нобель авах хүн үү?

Танд амжилт хүсье. Мөн үүнийг бусдад түгээхэд туслаарай. Бусдад өгсөн хамгийн гоё бэлэг оюуны бэлэг байдаг. Би ингэж бодож байна. Та юу гэж бодож байна?