Индэр    
СОНГУУЛЬ 2020: Сүүдрийн ЗАСГИЙН ГАЗАР байгуулах БОЛОМЖТОЙ
Зураг
2020 оны 7 сарын 2
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

СОНГУУЛЬ 2020: Сүүдрийн ЗАСГИЙН ГАЗАР байгуулах БОЛОМЖТОЙ

Сонгууль-2020 дүгнэлт

Монголчууд бид найм дахь ардчилсан сонгуулийнхаа ард гарлаа. Сонгуулийн үр дүнд хүн бүр янз бүрийн сэтгэгдэлтэй хоцорч байна.

Зарим нь сонгууль булхай луйвартай болсон гэж үзэж байгаа бол парламентад хүссэн хэмжээндээ суудал авч чадаагүй улстөрийн хүчнүүдийн хийж буй гол мэдэгдэл нь одоогийн сонгуулийн тогтолцоонд шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Тиймээс “Сонгууль 2020- ДҮГНЭЛТ” сэдвээр Монгол ТВ-ийн “Нүүдэл шийдэл” нэвтрүүлгээр хэлэлцүүллээ.

Видео: Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзэх:

https://www.facebook.com/mongoltv/videos/4226304247387156/?t=2

 

“2008 оны сонгуулийн сургамжийг бид мартсан”

 

Энэ удаагийн сонгуулийн талаар хамгийн цэгцтэй ойлголт, үр дүнгийн таамаглалыг МУБИС-ийн багш, судлаач Э.Гэрэлт-Од хийж байв. Тэрбээр 2020 оны гуравдугаар сард бичсэн нийтлэлдээ сөрөг хүчин болоод гуравдагч хүчнүүд нэгдэн нийлж цул болж байж эрх баригчидтэй өрсөлдөх боломж бүрдэнэ гэж байлаа. Харамсалтай нь энэхүү зөвлөгөөг бусад нь нам дагаж чадаагүй. Энэ тухай Э.Гэрэлт-Од судлаач “Өнгөрсөн найман удаагийн сонгуулийг бүхэлд нь харахад сонгуулийн мажоритар тогтолцоотой байгаа тохиолдолд Ардчилсан нам эсвэл бусад гурав дахь хүчний намууд аль болох нэгдэж, саналаа нэгтгэж байж л сонгуульд тодорхой хэмжээний ялалт байгуулах боломжтой. Харин бусад тохиолдолд эерэг үр дүн гарахгүй нь ойлгомжтой.

Одоогийн сонгуулийн тогтолцооноос улбаатайгаар гуравдагч хүчний санал гээгдэх магадлал өндөр” гэж байлаа.

Мөн “Сонгуулийн мажоритар тогтолцоо тэр дундаа олон мандаттай том тогтолцоогоор нөлөө бүхий улс төрч, олны танил хүмүүс л сонгогдох илүү боломжтой” гэсэн юм. Энэ удаагийн сонгуулийн үр дүнд нөлөөлсөн нэг хүчин зүйл нь цар тахалтай холбоотойгоор сонгуулийн үр дүн нэлээн савласан гэдгийг мөн тэрбээр онцолж байлаа.

Сонгогчийн санал гээгдэж буйд “МАН сонгогчдын нийт саналын 45.13 %-ийн санал авсан. Гэсэн ч ялагч бүхнийг авдаг тогтолцоо учраас үлдсэн хүмүүсийн санал парламентад тусгалаа олж чадахгүй үлдлээ. Тиймээс цаашид сонгуулийн тогтолцооны шинэчлэлийг хийх хэрэгтэй. Сонгуулийн тогтолцооны хувьд  2012 онд гаргасан бодлогын шинэчлэлтээсээ ухрахгүй байх ёстой байсан” гэж байлаа. Тодруулбал, Монголчууд 2008 оны сонгуулийн үр дүнгээс авсан сургамжаа 2012 оны сонгуулийн тогтолцоонд шингээж чадсан ч энэ шинэчлэлээсээ ухарсан, 2008 оны сургамжийг мартсан гэдгийг тэрбээр онцолж байлаа.

График 1, МАН-ын УИХ-ын сонгуулиудад иргэдээс авсан дэмжлэгийн хувь ба УИХ-д авсан мандат,

График 2, АН-ын УИХ-ын сонгуулиудад иргэдээс авсан дэмжлэгийн хувь ба УИХ-д авсан мандат,

Хэдийгээр сөрөг хүчин, гуравдагч хүчнүүдийн хувьд сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоог дэмжиж байгаа ч улстөрийн намын төлөвлшил, шинэчлэл чухал байгааг судлаачид онцолж байна.

Э.Гэрэлт-Од судлаач нэвтрүүлгийн үеэр сонгуулийн үр дүнгээр ялалт байгуулсан МАН-ын хувьд цаашид одоогийн амжилтаа хадгалахын тулд Улстөрийн намын тухай хуулийг баталж улстөрийн намын төлөвшлийг шат ахиулах хэрэгтэйг хэлж байсан бол сүүлийн 30 жилийн түүхэнд хамгийн хүчтэй сөрөг хүчин байсан Ардчилсан Намыг анхны угшил бүхий олон намын нэгдлээс үүдэлтэй хагарал, хуваагдлаа эцэслэж шинэ Ардчилсан намыг бий болгож чадвал иргэдийн итгэлийг дахиад олж авах боловуу гэсэн зөвлөмжийг өгсөн юм.

"Сүүдрийн Засгийн газрыг байгуулах боломжтой"

 

МУИС-ийн улс төр судлалын тэнхимийн багш, дэд профессор  Д.БумдарьМонгол Улс нийтдээ найман удаагийн сонгууль явагдсанаас нэг удаа холимог, гурван  удаа томсгосон мажоритар, үлдсэн дөрвөн удаад жижиг мажоритараар явагдсан.

Бид найм дахь сонгууль дээрээ энэ мажоритар систем нь өөрөө их алдаатай систем гэдгийг нийгэм даяараа хүлээн зөвшөөрч байна” гэдгийг онцоллоо.

Тэрбээр сонгуулийн ямар тогтолцоо сонговол иргэдийн саналыг гээхгүй байх вэ гэдэг хувилбарыг байнга эрэлхийлэх ёстой гэж байв. Үндсэн хуульд сонгуулийн мажоритор тогтолцоог баталгажуулсан. Энэ хэвэндээ үлдлээ гэхэд сүүдрийн засгийн газар байгуулах боломжтойг Д.Бумдарь судлаач хэлж байлаа.

Мөн хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгууль явууллаа гэхэд намын жагсаалт заавал хатуу тулгалт байх албагүй бөгөөд жагсаалтад хэн орох вэ гэдгийг иргэдээр эрэмбэлүүлэх боломж, хувилбар бий гэдгийг санах хэрэгтэйг Д.Бумдарь багш онцолж байв.

Энэ удаагийн сонгуулийн санал хураалтад идэвхгүй гэж чичлэгддэг 18-25 насныхны залуусын ирц өмнөх 2016 оны сонгуулиас 11% ахиж 62%-д хүрсэн нь амжилт юм.

График 3, Сонгуулийн ирц насны бүлгээр, 2020, Эх сурвалж: СЕХ

Сонгуулийн өмнөх судалгаануудаар залуу сонгогчид залуу нэр дэвшигчдийг илүү их дэмжинэ гэж байв. Тэгвэл энэ удаагийн парламент нь өмнөхөөсөө ердөө 0.8 насаар залуужсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, залуусын хүсч байсан үр дүн гарахгүй бол тэдний идэвх дараагийн сонгуульд хадгалагдаж чадах болов уу гэсэн болгоомжлол бий. Энэ талаар Д.Бумдарь багш “Олон улсад ч сонгуулийн ирцийг харахад 25 наснаас дээш насны иргэдийн ирц илүү хувийг эзэлдэг.

Гэхдээ цаашдаа ч  залуучуудын оролцоог уриалж, оролцоо нь өөрт нь ямар хэрэгтэй талаар нөлөөлөл хийж ухамсар суулгах ёстой” гэж байлаа.

Парламентын гишүүдийн дундаж насны хувьд “Монгол Улс залуучуудын улс гэж бид нэрлэдэг тиймээс шинэчлэлт хийж парламентыг залуужуулах ёстой. 1992 оноос гэж үзвэл тухайн үеэс улстөрч хийсэн хүмүүс маань яах аргагүй тэтгэврийн насанд ирж байна гэж үзэж болно” гэж байлаа.

УИХ-ын 2020 оны сонгуулийн дүнгээр парламентад 7-8 удаа буюу хамгийн олон удаа сонгогдож байсан Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарын гишүүд нэр дэвшин өрсөлдсөн ч ялагдал хүлээгээд буй. Мөн тав болон түүнээс дээш удаа сонгогдож байсан гишүүдээс нэг л хүн сонгогдсон нь Н.Энхболд гишүүн юм. Тэрбээр энэ удаад сонгогдсоноор 6 дахь парламентын нүүрийг үзэх гэж байна. Парламентад тав болон түүнээс сонгогдсон Л.Болд, С.Баярцогт нар энэ удаад нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй байна. 1992 оноос хойш тав болон түүнээс дээш сонгогдсон 10 хүн байгаагаас ердөө нэг нь л 8 дахь УИХ-д сонгогджээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын хувьд тодорхой хэмжээнд үе солигдолтыг хийж байна гэж үзэж болохоор байна.

Д.Бумдарь багшийн хэлсэн бас нэг чухал санал нь “Улстөр, эрх мэдэл хоёр салшгүй холбоотой. Энэ үйл ажиллагааг салгахын тулд улс төрийн санхүүжилтийн тухай хуулийг бие даасан болгох хэрэгтэй” гэж байв.

"МАН ч сайн байсангүй, сөрөг хүчнүүд ч сайн байсангүй"

 

МАХН-ын хувьд одоогийн МАН-аас өрх тусгаарлан УИХ-д хоёр дахь удаагаа суудал авч байгаа нам юм. Монгол Улсын иргэдийн хувьд улстөрийн аль нэг намыг чухалдаггүй гэсэн хэсэг нь олон төрлийн судалгаагаар гардаг ч сонгуулиар МАН, АН л хамгийн олон суудлыг авч ирсэн.

Ерөнхийлөгчийн сонгуульд гэхэд гуравдагч хүчнээс хүн сонгогдож үзээгүй байна.

Тэгвэл иргэдийн аль ч намыг дэмждэггүй гэх хэсэг 50-70 хувь байдаг бөгөөд энэ орон зайд яагаад гуравдагч хүчнүүд хүчтэй гарч ирж чадахгүй байгаад МАХН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон С.Ганбаатар “Гуравдагч хүчин цөөхөн суудал авсан шалтгаанд МАН сайн байгаагүй. Харин АН болон гурав дахь хүчнүүд сул байсан. Монголын улс төрд үзэл бодол, оюун санааны уралдаан байхаа больсон. Хэн хүчтэй нь ялдаг спорт болсон.

Мөн МАН төрийн машиныг ажиллуулж сөрөг мэдээлэл их цацсан. Дээрээс нь Ковид-19 халдвар сонгуульд асар их нөлөөллөө. Учир нь иргэд айдастай байх үедээ сонголт хийх дургүй болдог. Тэр тусмаа эрсдэлтэй алхам хийх дургүй болдог” гэлээ.

С.Ганбаатар гишүүний хувьд ирэх дөрвөн жилд МАХН-ын гишүүнээрээ хэвээр үлдэж сөрөг хүчний байр суурьтай байхаа нэвтрүүлгийн үеэр илэрхийлээд буй. Тус намаас өмнөх УИХ-д сонгогдсон О.Баасанхүү гишүүний хувьд 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшсэн байдаг.

УИХ-д олонх болж ялалт байгуулаагүй шалтгаанаар мөн намын дүрмийн дагуу АН-ын дарга С.Эрдэнэ албан тушаалаа өгөхөө мэдэгдээд буй. Харин МАХН-ын хувьд Н.Энхбаяр дарга хэвээрээ үлдэх нь зөв гэсэн байр сууриа С.Ганбаатар мөн нэвтрүүлгийн үеэр илэрхийлсэн юм.

"Сонгогчийн төлөөлөл УИХ-д жигд бус байгаа нь одоогийн сонгуулийн тогтолцоо алдаатай байгааг харуулж байна"

 

 “Одоогийн сонгуулийн системийн хувьд:

1. Шинэ улс төрийн хүчин, шинэ улс төрч орж ирэх боломж байхгүй.

2. Боловсролтой шинэ залуу төлөөллүүд түрэн орж ирэх боломж алга байна.

Энэ мажоритар системийг халахгүй бол бидэнд хөгжил гэж байхгүй” гэдгийг УИХ-д анх удаа төлөөлөлтэй болж чадсан ХҮН-ын Удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд мөн онцолж байлаа.  

Тэрбээр “Энэ удаагийн сонгуулиар хүлээж байсан үр дүн гарч чадсангүй, олон залуу бие даан нэр дэвшээд ямар ч нэмэргүй байгаа нь шууд  сонгуулийн системтэй холбоотой.

Хэрвээ эрх барьж байгаа нам энэ тогтолцоогоо авч үлдэж, өөрчлөхгүй гэвэл дэвшилтэд үзэлтэй залуучууд, сэхээтнүүд нь нэгдэж  хүчээ нийлүүлээд тэмцэх юм бол 2024 онд маш том хүчтэй эргэлт хийх боломжтой” гэж байв.

Т.Доржханд гишүүний хувьд харьцангуй институтын хэлбэрт орсон МАН-ын тухай “Авлигаас болж улс хөгжихгүй байна. 30 жилийн өмнө манай улс авлигын индексээр 180 улсын 43-т жагсаад байсан бол одоо 106-д жагсаад улам дордож байна.

Хэдий сайхан нам байлаа гээд иргэд нь ийм ядуу, зовлонтой байхад ийм нам байгаад яах юм бэ. Бидэнд төвлөрсөн нам бус улсаа хөгжүүлдэг,  ард иргэдээ ажлын байраар хангадаг нам хэрэгтэй” гэж байлаа.

Мөн тэрбээр “Бид юуны төлөө сонгууль хийж байгаа билээ гэдгээ ухамсарлах ёстой. Хөгжил гэдэг зүйл байх ёстой. Миний хувьд Сангийн яаманд ажилладаг байхад 76 гишүүн нь өөр өөрийн тойрогтоо мөнгө хуваарилуулах гээд л үзчихдэг. Ингээд хуваарилахаар хөдөө, орон нутагт ихэнх мандат байгаа учраас улсын төсөв хөдөө рүү чиглэчихдэг. Гэтэл Улаанбаатарт хүн амынх нь талаас илүү хувь амьдарч байхад хөгжил ирдэггүй. Өнөөдөр эмэнлэг, сургуулийн хүртээмж ямар байгаа билээ. Хөдөө 100 хүүхдэд зориулсан эмнэлэг бариад нэг л хүүхэд төрж байна. Өөрөөр хэлбэл улсын төсөв нь хөгжлийг дэмждэг бус хуваарилдаг байдал чинь энэ сонгуулийн системээс болоод байна гэдгийг ойлгох хэрэгтэй” гэж байлаа.

График 4, УИХ-ын 76 мандатын хуваарилалт:

Мөн сонгуулийн тогтолцоо, иргэдийн төлөөлөлтэй холбоотой хамгийн эмзэг асуудлын нэг бол тойрог хуваарилалт.

Энэ тухай Т.Доржханд “Миний сонгогдсон нийслэлийн Хан-Уул дүүрэг 203 мянган иргэнтэй, 130 мянган сонгогчтой, УИХ-д 3 төлөөлөлтэй байхад Хэнтий аймаг 40-50 мянган сонгогчтой хэрнээ бас л 3 мандаттай. Бодит нөхцөл байдал дээрээ Хан-Уул дүүрэгт цэцэрлэг, сургууль хомсдолтой. Тэгсэн хөдөөнөө баахан цемент зуураад байдаг. Өөрөөр хэлбэл сонгуулийн одоогийн систем болохгүй байна гэдэг нь харагдаад байна” гэж байлаа.