Индэр    
Төр өөрөө хүүхдийн ХҮЧИРХИЙЛЭГЧ МӨН үү?
Зураг
2020 оны 6 сарын 23
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Төр өөрөө хүүхдийн ХҮЧИРХИЙЛЭГЧ МӨН үү?

Төв талбайн урд хэсэгт баригдсан гял цал шинэхэн усан оргилуурыг үзэж, сонжихоор хотынхон өдөр бүр олноороо цуглах ажээ.

Тэгвэл яг энэ өдрүүдэд усан оргилуурыг ирээд үзчих автобусны мөнгө ч үгүй, дагуулаад явах аав, ээж ч үгүй хотын захад нь бидний мартсан, орхисон хүүхдүүдийн талаар сурвалжлахаар iKon.mn-ын сурвалжилгын баг, Лантуун Дохио ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлангийн хамт өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн зарим хороогоор явав.

Яг энэхүү сурвалжилгыг гаргах мөчид Баянзүрх дүүрэгт 14 настай хүүхэд газ үнэрлэж байгаад нас барсан хэрэг энэ сарын 21-нд гарсан харамсалтай мэдээ сонслоо.

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл олон хэлбэртэй. Түгээмэл мөртлөө хамгийн хор уршигтай хүчирхийллийн нэг хэлбэр хүүхдийг үл хайхрах.

Энэ тухай Монгол Улсад хууль ч бий.

Тодруулбал, 2016 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр баталсан Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7.1-т “Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй” гэжээ.

ТЭГВЭЛ ҮЛ ХАЙХРАХ ХҮЧИРХИЙЛЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

“Хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, эрүүл мэнд, хөгжил боловсрол, хайр халамж эдлэх, аюулгүй байдлыг нь хангах зэрэг суурь хэрэгцээг нь гачигдуулсны улмаас хүүхдэд гэм хор учруулсан болон учруулахаар завдсан, эсхүл мэдсээр байж хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйг хэлнэ” гэж Хөөрхөн Зүрх ТББ тодорхойлсон байна.

Газ үнэрлэж нас барсан хүү, тоглоомын талбай хайж яваад усанд живж нас барсан хүүхдүүд бүгд энэхүү үл хайхралын хохирогч болж хорвоогоос явж байна. Өмнө нь ч ийм тохиолдлоор хүүхдүүд үхсээр байсан. Цаашид хэд болохыг мэдэхгүй.

Бидний очсон Баянзүрх дүүрэг, хуучин шар хадны эмнэлгийн суурь, балгас нь тэр хавийн хүүхдүүдийн газ үнэртэж мансуурдаг цэг болжээ. Энэ тухай Ч.Ганжавхлан өөрийн фэйсбүүктээ мэдээлсээр байсан бөгөөд хэн ч үүнийг үл хайхарч өнөөдөр хүүхдийн аминд хүрлээ.

ФОТО: Шар хадны эмнэлгийн балгас энэ хавийн хүүхдүүдийн цагаа өнгөрөөдөг газар болжээ (Гэрэл зургийг MPA.mn)

Үнэндээ энэ хэсэгт хүүхдүүд очоод тоглоё гээд тоглоомын талбай үгүй, усанд сэлье гээд спорт төвүүд үгүй, ном уншъя гээд номын сангүй. Арай дээр тохижуулсан сургууль, цэцэрлэгийн хашаан дахь тоглоомын талбайнууд өнөөдөр цоожтой байна. Энэ үед хүүхдүүд яг хаачих вэ?

Хаана тоглох вэ, хаана хөгжих вэ?

Нурж унах гэж байгаа балгасан дээр л очиж архидаж, газ үнэрлэж цагийг өнгөрүүлж байгаа тэднийг буруутгахад хэцүү билээ.

Видео: Лантуун дохио ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан ярьж байна

https://www.facebook.com/iKonNews/videos/400590327506663/?t=2

Бидний очсон бас нэг газар бол Баянзүрх дүүргийн 12-р хороо.

Хуучны хэдэн орон сууц, хүүхдэд ч биш томчуудад зориулсан ганц нэгхэн эвдэрч хэмхэрсэн биеийн тамирын төхөөрөмжтэй, орц хонгил нь дүүрэн ил цахилгааны утас. Өнөөдөр, маргааш түүнд нь хүүхэд өртөж үхлээ гэхэд бараг гайхах зүйлгүй, зөвхөн цаг хугацааны л асуудал болжээ.

Фото: Баянзүрх дүүргийн 12-р хороо... (Гэрэл зургийг MPA.mn)

Тус дүүрэгт байрлах нэгэн хүнсний мухлагаар орж иргэдийн аж амьдрал ямар байгааг дэлгүүрийн худалдагчтай хөөрөлдөв.

Худалдагч олон таван зүйл ярихыг хүссэнгүй, зүгээр л сүүлийн 10 жилд иргэдийн нэр дээр нээсэн зээлийн дэвтрээ үзүүлэв. “Амьдрал ийм л байна” гэлээ.

Амьдрал ийм л байгаа хойно энд байгаа аав, ээжүүд юун хүүхдийн сурах хөгжих орчин, тоглоомын талбай манатай гэж бодъё. Тэгвэл энэ байрны хажуу талд байрлах хороо, дүүрэг нь яг юу хийдэг нь тодорхойгүй.

Хийх юмгүй хүүхдүүд хэдэн буудал ч хамаагүй алхаад тоглоё, хөгжилдье л гэж бодох нь аргагүй…

ФОТО: БЗД-ийн 12-р хороонд байрлах нэгэн хүнсний мухлагийн өрийн дэвтэрнүүд: (Гэрэл зургийг MPA.mn)

Яагаад монголчууд хамгийн чухал хүүхдийн асуудалдаа ийм хайхрамжгүй ханддаг вэ?

Төр засгийн хувьд тэд сонгууль өгдөггүй учир хайхардаггүй юм гэхэд аав, ээж, асран хамгаалагчид нь ч тэднийг төлөөлдөггүй нь хачирхалтай.

Зөвхөн Улаанбаатарт л гэхэд сургууль, номын сан, музей, театр, усан спортын төв гэхэд ямар хүртээмжгүй байгаа талаар бид олон удаагийн сурвалжилгаар хөндөж ирсэн.

Түүнчлэн хүүхэд гэрээс гараад тоглох тоглоомын талбай хотын захын хороололд хүртээмжгүй байгааг хороо, дүүргийн ажилчид хүлээн зөвшөөрдөг.

Тоглоомын талбай нь хүртээмжээс гадна, чанар стандартын асуудал чухал, стандарт огт хэрэгждэггүй тухай нэг дүүргийн засаг дарга ярьж байлаа. Тэрбээр "Монголд 6,000 гаруй стандарт байдаг. Эдгээрийн 70 хувь нь олон улсын стандартад нийцдэггүй. Хүүхдийн тоглоомын талбайн стандарт олон улсын жишигтэй огт таардаггүй" гэж байв.

Хүүхдийн тоглоомын хүртээмж, чанарын асуудлаар “Лантуун Дохио” ТББ  #Тэгшболомж аяныг фэйсбүүкт өрнүүлээд хүүхэд бэртэж гэмтэж болох тоглоомын талбайнуудын байршлыг иргэдийн оролцоотойгоор мэдээлж, компаниудын тусламжаар шинэчилж байна. Бид хамгийн чухал зүйлсээ бусдын сайхан сэтгэл, хандив тусламжид найдаж даатгасаар л ... 

ФОТО: БЗД дэх нэгэн хүүхдийн тоглоомын талбай нэг хоногийн дотор хэрхэн өөрчлөгдсөн бэ? 

ӨМНӨ БА ДАРААХ БАЙДАЛ

 
Гэрэл зургийг Ч.Ганжавхлангийн фэйсбүүкээс ашиглав
 

Хамгийн энгийн, жижгэвтэр тоглоомын талбай багадаа 20 сая төгрөгөөр босох боломжтой.

Яг өнөөдөр төв талбайн урд барьсан усан оргилуур 3.2 тэрбум төгрөг. Усан оргилуурыг буруу гээгүй. Зүгээр л энэ улсад сайхан харагдах нь илүү чухал уу, хүүхдийн аюулгүй орчин, сурч, хөгжих хүртээмжтэй байдал чухал уу гэж асуумаар байна.

Усан оргилуур бол нүдэнд харагдах, хамгийн сүүлд баригдсан гэдэг утгаараа татахад ойр жишээ. Гэхдээ үүнээс илүү эрх ашгийн эрэмбэ алдагдсан төсвийн зарцуулалт бол түм бумаараа. Бас л нийслэлийн нэг жишээ. Тэд өөрсдийн орж суух шинэ байраа 100 тэрбумаар босгосон. Гэтэл хүүхэд, эмэгтэйчүүдэд зориулсан төрөх эмнэлэг 10 жил гацсан…

Нийтлэлийн эхэнд дурдсан хүүхдийн эсрэг хүчирхийллийн хамгийн хор хохиролтой хэлбэр нь үл хайхрах. 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4.1.2.-т "Төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах" зарчим байдаг тухай дурджээ.

Харин өнөөдөр эцэг, эх асран хамгаалагчид энэ үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд энэ хэний үүрэг болох вэ?

ТӨР.

Үндсэн хуулийн 16.11-т "Улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална" гэж байдгийг сануулъя.

Асуулт: Төр нь өөрөө хүүхдийн хүчирхийлэгчийн НЭГ МӨН ҮҮ?