Зураг
Зураг
Индэр    
2020 оны 6 сарын 10
Зураг
Эдийн засагч, Шинжээч

Корона ба бидний амьдрал

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

2020 он гарахад цоо шинэ 10-н эхэллээ гээд ихэд хөөрч билээ.

Өнгөрсөн онд анх удаа л ном орчуулж үзэв. Бүтэн жил номон дээр ажиллахад үгээ хэлдэг юм билээ. Гэхдээ нэг зүйлийг бодохоор гоё байсан. Тэр нь ёстой тасарчихсан гоё нээлт хийнэ дээ хэмээн бодож байлаа. 400 гаруй хүн суулгаж байгаад номны тухай ярина, энэ номноос ойлгосон хамгийн чухал санаануудаа онцолж хэлнэ гэж баярладаг байв. Тэрхүү бодолд хөтлөгдөн номоо ч дуусаж, оны эхэнд хэвлэлтээс ирэх нь тэр.

Харин цаашаа юу болсныг Та мэдэж байгаа. Карантин болсон. Ямар ч арга хэмжээ зохиох боломжгүй болсон. Хүн бүр маск зүүж эхэлсэн. Зарим бизнес хүндхэн байдалд орсон. Юун номын нээлт, тэрийг бол ёстой март болсон.

Өдөр бүр маск зүүгээд л, өглөө бүр хаана, хэдэн хүн шинээр бүртгэгдсэн байгааг хараад л, хааяа мэдээллийн сайтуудаар сөрөг зүйл уншаад л, таатай зүйлс тун цөөн. Ингэж л өнөөгийн шинэ норм үүссэн дээ.

Гэтэл үнэхээр сөрөг байсан уу? Эсвэл би л тэгж дүгнэсэн үү гэдгийг тоон мэдээлэл дээрээс харцгаая.

1.Та жин нэмсэн үү?

Коронавирусийн улмаас дэлхий даяараа хүндхэн байдалд орж байгааг Та мэдэж байгаа.

АНУ-д л гэхэд ажил хайж байгаа маш олон хүн байгаа боловч ажлын байр ховордож, өрхүүд хэрэглээгээ их хэмжээгээр танахад хүрээд байгаа билээ. Харин Монголд хэр байгаа юм болдоо?

Яг таны амьдрал ямар байгааг мэдэхгүй юм. Харин макро тоонууд үзэхэд монголчууд төдийлөн хямраагүй харагдана. Жишээ нь, 2020 оны I улиралд монгол өрхийн хэрэглээ 17.1 хувиар өсчээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд эдийн засгийн өсөлтөө яг цав дагаж байсан ч энэ удаад бол үгүй гэж хэлсэн бололтой.

Зураг 1. Өрхийн хэрэглээ ба эдийн засаг

 
Эх сурвалж: ҮСХ

Сонин байна уу?

Тэр ч бүү хэл энэ хугацаанд өрхийн орлого мөн адил өссөн байна лээ. Нийт эдийн засаг нь муудаж байхад бид хэрэглээгээ нэмэгдүүлж чадсан байдаг. Хариулт нь далд эдийн засаг болов уу гэж айж байна. За тэр ч дүүрч. Ил байна уу, далд байна уу тэр хамаагүй. Гол нь бид чадсан байна, бид хямралын үед хэрэглээгээ нэмэгдүүлж чадсан. Хэрэглээ дундаа хүнсний хэрэглээ нь 16.5 хувиар өссөн ба энэ нь сүүлийн 10 жилийн хамгийн өндөр өсөлт ажээ. Гайхамшиг. Мэдээж энэ үеэр хөдөлгөөн нэмэгдээгүй тул яахын аргагүй улс даяараа жин нэмжээ. Харин цаашид хэрэглээ нэмэгдсээр байх уу гэвэл тун ч эргэлзээтэй.

Манай улсын хүнсний хэрэглээ сүүлийн 10 жилийн хамгийн өндөр өсөлтийг үзүүллээ

2.Тансаг хэрэглээ хэзээд үлдэнэ

Энэхүү коронавирус, карантины цаг үе нь удаан үргэлжлэх тусам эдийн засгийн байдал дордох нь дамжиггүй.

Бид ямар ч айхтар далд эдийн засагтай, ямар ч тэнгэрлэг хүмүүс байгаад хэрэглээгээ нэмэгдүүлж чадахгүйд хүрнэ. Тэр дундаа хамгийн орлого багатай иргэдэд хүчтэй нөлөөлнө. Ямар ч улсад тийм л байдаг.

Эдийн засгийн хүндрэл нь нийгмийг орлого хамгийн бага хэсгээс нь идэж эхэлдэг. Тэдний ажил нь тогтворгүй, хямралд өртөмтгий байдаг болохоор тэр. Мэдээж ажилгүй хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Дараа нь дундаж давхарга руу орж ирнэ. Харин тансаг хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн борлуулалт хамгийн сүүлд буурдаг. Үүнийг бид машины борлуулалтаас харж болно.

Зураг 2. Авто машины импортын жилийн бууралт 2020 оны 4-р сар, авто машины тоо 

 
Эх сурвалж: ҮСХ

2020 оны дөрөвдүгээр сарын статистик харвал жижиг мотортой автомашины импорт бараг үгүй болсон байхад том мотортой машины импортын уналт хамгийн бага. Энэхүү тренд нь тавилга, орон сууц гэх мэт ялгаатай бүхий л бүтээгдэхүүн дээр ажиглагдана.

Дэлхийн хаана ч тансаг хэрэглээ нь хамгийн сүүлд буурдаг аж

3.Цэвэрч, ухаалаг иргэд

Нэгэнт импортын тоо харсных өөр бас сонирхолтой фактууд ч энэ цаг үед бий болоод байна.

Бид яахын аргагүй гэртээ байх нь их болсон ба энэ нь биднийг илүү мэдлэгтэй болоход нөлөөлж байна.

Дөрөвдүгээр сарын байдлаар ном, товхимлын импорт 191 хувиар, сонин, сэтгүүл 25 хувиар өссөн. Бас биднийг илүү цэвэрч болгож байгаа буюу гар нүүрийн савангийн импорт 70 хувиар, эдийн саван 93 хувиар тус тус өслөө. Саван авч идээгүй нь лав. Гараа угаасан л байж таараа.

Сонирхолтой бас нэгэн факт буй нь бидний кофены импорт 103 хувиар, цай 41 хувиар, ногоон цай 79 хувиар өссөн байна.

Зарим судлаачид үүнийг тухайн бүтээгдэхүүнүүдийг илүү ихээр нөөцөлж байгаа хэмээн таамаглаж байгаа ч зөвхөн эдгээр бүтээгдэхүүнийг нөөцлөөд бусад нь буурна гэдэг магадлал багатай. Бид яахын аргагүй л кофе, цай ууж ихээр ууж, ном сонин унших нь нэмэгджээ. Минийхээр сайн хэрэг.

Түүнчлэн энэхүү цаг хугацаа нь бидэнд зогсоод бодох боломжийг олгож буй

4.Та бэлэн үү?

Ийнхүү сайн бас сөрөг төрөл бүрийн л фактууд ээлжилж байна.

Гэхдээ нэг зүйлийг бид хэзээ ч мартаж болохгүй. Энэ бол эрсдэлийн удирдлага. Цаашид нөхцөл байдал хэрхэн өрнөхийг хэн ч мэдэхгүй. Испани томуу шиг хоёр жил энэ хэвээр байх уу? Тэр хугацаанд эдийн засаг ямар болох уу? Танай өрхийн санхүү хоёр жил дараалан үргэлжлэх эдийн засгийн хямралд бэлэн үү? Танай компани бэлэн үү? Таны сэтгэлзүй бэлэн үү? Эсвэл маргааш буцаад сэргээд эхэлбэл та өсөлтөд бэлэн үү? Бүр аймшигтай нь танд болон таны ойр орчимд энэхүү вирус илэрвэл та бэлэн үү? Монгол хүн агуу болохоор яах ч үгүй, бид тэнгэрлэг болохоор өвчин, хямрал хол байна гэж бодож байвал таны эрсдэлийн удирдлага үнэхээр муу юм байна.

Хамгийн сайн сайхныг хүсэх авч хамгийн муу, муухайд бэлдэх хэрэгтэй

5.Эрсдлийн удирдлага

Хэдхэн жилийн өмнө монгол хүн хуримтлалын талаар огт мэдэхгүй явлаа. Зөвхөн баян хүн л хуримтлуулж, нөөцөлдөг гэж сэтгэж явсан. Гэхдээ тэр одоо нэгэнт үгүй болжээ.

Хуримтлал гэдэг нь хүн орлогынхоо тодорхой хувийг цааш хийхийг хэлдэг аж. Хэрэв 500 мянгын орлоготой бол 50 мянга, хэрэв та 5 саяын орлоготой бол 500 мянгыг цааш хийх гэх мэтээр л явах юм. Юмыг яаж мэдэх вэ гээд хуримтлуулж л байхгүй юу, цааш эдийн засаг сэргээд гоё болбол цуглуулсан мөнгөөрөө гоё машин аваад унахгүй юу эсвэл гэнэт та ажилгүй болбол түүгээрээ хэдэн сар магнай тэнэгэр амьдрахгүй юу. Уналаа гэхэд газардах цэгтэй байна гэдэг сайхан шүү дээ.

Хуримтлалаас гадна даатгалд хандаж болно. Олон улсад коронавирустэй холбоотой даатгал бий болоод багагүй хүмүүс хамрагдаж байгаа бололтой. Жишээ нь, Тайландад даатгалын компаниуд коронавирусийн хүртээмжтэй даатгал гаргаж, 2 сая гэрээ байгуулагдсан байна. Харин Монголд үүнийг хэрэгжүүлж буй компани байгаа нь сайшаалтай.

Тодруулбал, Мандал Даатгал өөрсдийн харилцагчдыг тус төрлийн бүтээгдэхүүнээр үнэ төлбөргүй даатгалд хамруулж байна. Та өөрөө өөртөө санаа тавиагүй байхад бусад нь таны өмнөөс танд санаа тавьжээ. Сайхан хэрэг. Танд хэрэг болж мэднэ гээд өөрт ойр хоёр линк орууллаа.

Юу ч болоо билээ, нөөцтэй, хуримтлалтай, даатгалтай байхад гэмгүй, тийм үү?

6.Даваад л гарна даа

Муу зүйлс байх ч сайн зүйлс ч байна.

Экспорт огцом буурч эдийн засаг хүндэрсэн ч өрхийн хэрэглээ буурахгүй, харин илүү ухаалаг хэрэглээ рүү шилжсэн харагдана. Машинаас ном руу гэдэг сайн шилжилт биш гэж үү? За тэр ч надад ямар хамаа байх вэ. Номын импорт өссөн сайхан боловч би номынхоо нээлтийг хийж чадахгүй байгаа нь ердөө ч сайхан биш байна. Одоохондоо миний орлого муудаад сүйд болсон юм алга. Гэхдээ төлөвлөсөн олон ажил маань өөрчлөгдөөд, цоо шинэ норм бий болчихлоо.

Таны амьдралд хэрхэн нөлөөлж байгааг мэдэхгүй юм. Сайнаар эсвэл муугаар юм уу мэдэхгүй. Гэхдээ хамтдаа энэ цаг үеийг даван туулах нь мэдээж, туулах туулахдаа бүр эндээс нэг зүйлийг олоод гарвал тун зүгээр. Тэр нь юу байх вэ гэдгийг мэдэхгүй. Магадгүй санхүүгийн илүү сайн сахилга бат, нөөц, хуримтлал. Мэдэхгүй. Эсвэл ухаарал, мэдлэг. Үгүй ядаж хүнд үед шатаах өөхөө бэлддэг юм уу. Мэдэхгүй. Таргалалтад сайн тал байх шүү дээ.

За тэгээд хамтдаа л даваад гарна даа.