Зураг
Зураг
Индэр    
2020 оны 5 сарын 26
Зураг
Эдийн засагч, Шинжээч

Та зах зээлд юу санал болгодог вэ?

Зураг

Бүтээгдэхүүн гэхээр бид савтай ундаа гэж төсөөлөх нь бий.

Гэхдээ бүтээгдэхүүн гэдэг нь хүний хэрэгцээг хангаж буй бүх зүйлийг хэлж болно. Үйлчилгээ гэдэг бүтээгдэхүүн. Мөн, зэс, нүүрс бүтээгдэхүүн мөн. Хүн ямар ч ажил хийж байсан нэг төрлийн бүтээгдэхүүн л хийж байдаг. Дата шинжээч ямар бүтээгдэхүүн хийдэг вэ гэвэл тэр утга учиргүй их тоон дотроос дүгнэлт гаргаж ирдэг.

Тэгэхээр түүний санал болгож буй бүтээгдэхүүн бол түүний дүгнэлт юм. Зарим нь мэдлэг санал болгодог, зарим нь ундаа санал болгодог, зарим нь өмгөөлөл санал болгодог, зарим нь утас санал болгодог, зарим нь менежмент санал болгодог.

Хэн ч адилхан. Та ч тэр, Билл Гэйтс ч тэр адилхан л зах зээлд өөрийн бүтээгдэхүүнийг санал болгодог. Тэгж л өнөөгийн зах зээлийн эдийн засаг ажилладаг. Тэгэхээр энэхүү капиталист нийгэмд энгийн ойлголт бий. Хэрэв таны санал болгож буй бүтээгдэхүүн үнэ цэнэтэй байвал та амжилттай, сайхан амьдарна. Үгүй бол та хэн ч биш болон хувирах болно. Хатуу ч гэсэн бодит үнэн ердөө энэ. Тэгэхээр бидэнд том асуулт үлдэж буй нь...

ТАНЫ ЗАРЖ БУЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХЭР ҮНЭ ЦЭНЭТЭЙ ВЭ?

Харвардын судлаачид болох Жэймс болон Жосеф нар дэлхийн эдийн засгийн түүхийг хөгжлийн 4 үе шатад хувааж үзсэн байдаг. Үүнийг бид бүрэн ойлгож чадвал бүтээгдэхүүн (Product) гэх зүйлийг томоор харч чадах юм билээ. Ийнхүү түүхийн хуудсыг сөхөн үзье.

1. Таваар (Commodity)

Таваар гэдэг нь юуг хэлж байна гэхээр шуудхан газар дээрээс барьж аваад эсвэл газар доороос ухаж гаргаад л хэргэлчихдэг зүйлс юм.

Эдгээр таваар нь өөр хоорондоо ямар ч ялгаагүй. Тийм ч болохоор хэн тэрийг ухаж гаргаж ирсэн нь хэнд ч хамаагүй. Зэс л бол зэс, нүүрс л бол нүүрс. Бат хүрсэн болохоор өөр болчихсон эсвэл Доржийн сэтгэл шингэсэн зэс гэж байхгүй. Зэсийг хэний гэдгээр нь биш, ямар чанартай, ямар шинжтэй гэдгээр нь ялгадаг. Хүний оролцоо, ур ухаан хамгийн бага шингэсэн бүтээгдэхүүн гэх юм уу даа.

Түүхээ сөхөн үзвэл сүүлийн мянга гаруй жилд л бид элдэв юм хийгээд байгаа болохоос тэрнээс өмнө бол бидэнд таваар л байсан юм. Тариа, будаа, чулуу, төмөр. Энэ үед хэн тэдгээр таваарыг хамгийн их эзэмшиж байна, тэр л хүч чадалтай нэгэн байсан.

2. Бараа (Goods)

Цаг хугацаа явсаар хүн төрөлхтөн бүх зүйлд гар хүрч, арай илүү үнэ цэнтэй болгож байв.

Зэсийг зэсээр нь зарах уу? Зэс аяга хийгээд зарах уу? гэж бодсон хэрэг. Зэс аяга хийгээд зарах үед үнэ нь хамаагүй өндөр болох бөгөөд хэн хийсэн гэдгээр нь ялгаа гарч байсан юм. Бат хийсэн зэс аяга бол хамгийн сайн гэх мэтээр хүмүүс өөрийгөө эд юмст шингээж эхэлсэн. Үүнийг дагаад худалдаа наймаа цэцэглэв. Батын хийсэн зэс аяга, Доржийн хийсэн сандал, ширээ, Энэтхэгээс ирсэн торго, Италиас ирсэн зураг гэх мэтээр явж өгсөн байдаг.

Түүхэн хугацааг харвал сүүлийн 500-н жилд эдгээр зүйлс нь илүү хүчтэй хамаарна. Оргил үеийн түүхийг нь Английн болон Голландын East India Company бичсэн юм билээ.

3. Үйлчилгээ (Service)

Эдийн засгийн хөгжил гурав дугаар төлөвт орох нь тэр.

Зүгээр хүнд зэс аяга өгөх нь бас л үнэ цэн багатай байв. Иймд хэн хийсэн гэдгээс нь гадна хэнд өгөх гэж буй юм гэдгийг нь харгалзан үзэr, тухайн хүнд нь зориулан ажиллаж эхэлсэн. Талх хийгээд зарж байснаа тэрийг нь идэх газар нээгээд, хүний сонголтыг нь харгалзан урд нь тавьж байв. Шаардлагатай гэж үзвэл гэрт нь хүргэж өгөв. Зүгээр бараа зарснаас хэд дахин үнэ цэнэтэй болсон юм.

Бүх л улс орнууд үйлчилгээ рүү шуурч эхэлсэн дээ. Хамгийн том эдийн засгууд нь үйлчилгээнд суурилж чадсан. Гэхдээ хүн төрөлхтөн энэ хүрээд зогсоогүй. Тэд илүүг хүсэж байлаа. Хүний сэтгэж чадах зүйлс зах хязгааргүй бас шунал нь дуусашгүй. Үүнд нь нийцүүлээд урагш дахиад нэг алхах хэрэгтэй байсан.

4. Мэдрэмж (Experience)

Ингээд л сүүлийн 50 жилийн хугацаанд дахин нэг шат ахиулж чаджээ. Үйлчилгээний эдийн засгийн хоёр дугаар үе ч гэж нэрлэж болох юм.

Энэ нь юугаар хийсэн, хэн хийсэн, хэнд очиж буй гэдгээс илүү зүйлийн тухай байсан юм. Хүний гүн лүү нь орж, мэдрэмжтэй нь ажиллаж эхэлсэн дээ. Өөрөөр хэлбэл талх хийгээд зарах биш, тэр хүнд нь зориулаад нэрийг бичээд урд нь тавих биш, бүр тэр хүн юу мэдэрч байна гэдэгт анхаарч эхлэв.

Тэр хүний хамгийн хайртай хүнийх нь зургийг урд нь гаргаад тавибал яах бол? Эсвэл тэр хүнийг орж ирэхэд яг л Арабд буй мэт сэтгэгдэл төрүүлбэл яах бол? Хэдий тэр хүн талх авахаар орж ирж байгаа ч Лавендар цэцэг үнэртүүлбэл яах бол?

Ингэж л хүн төрөлхтөн эцсийн түгжээг тайлсан юм. Хүний юу авч буйдаа биш тэндээс юу мэдэрч буй л чухал юм байна гэдгийг ойлгосон. Үүнийг л Experience буюу мэдрэмж хэмээн нэрлэж буй юм. Эдийн засгийн болон Бүтээгдэхүүний дөрөв дэхь төлөв. Яг л Плазма шиг.

  • Жишээ 1: Төрсөн өдөр

Хүүхдийн тань төрсөн өдөр боллоо гэж санъя. Та шууд гурил өгөөд үзээрэй. Хүүхэд тань огт баярлахгүй. Энэ бол таваар.

Дараа нь тэр гурилаар торт хийгээд өгөөрэй. Хүүхэд тань хамаагүй баяр хөөртэй болно. Энэ бол бараа.

Тэгээд хүүхдийнхээ нэрийг дээр нь бичсэн торт захиалаад, хүүхдийнхээ хаа байгаа газар нь хүргүүлээрэй. Бөөн баяр болно. Энэ бол үйлчилгээ.

Эцэст нь, гэртээ төрсөн өдрийн үдэшлэг зохион байгуулаарай, найзуудыг нь уриарай. Мэдээж торт байх нь зүйн хэрэг. Гэхдээ муу ч торт байж болно. Тэр гол биш. Хүүхэд тань тэр өдрийг хүлээн унтаж чадахгүй шүү. Энэ бол мэдрэмж.

  • Жишээ 2: Кофе

Хэрэв та кофены үр худалдан авъя гэвэл нэг аяга нь 2 цент болно. Хэрэв та түүгээр хийсэн кофе дэлгүүрээс худалдан авъя гэвэл 25 цент болно. Хэрэв түүнийг кофе шопоос эсвэл ресторанаас авахыг хүсвэл үүний төлөө 1 доллар төлнө. Харин та тэрхүү кофег СтарБакс, эсвэл ямар нэгэн мэддэг брендээсээ, эсвэл бүр дээр нь таны хайртай киноны дүрийн зурагтай байвал, та ямар нэгэн гайхалтай театрт дуурь үзэж байгаад хажуунаасаа авбал 5 доллар төлнө. Таны сэтгэл зүрхэнд ямар нэгэн байр суурь эзлэх, таны мэдрэмжтэй холбогдсон үед л хамгийн өндөр болж буй юм.

ТАНЫ ХҮРСЭН БҮХ ЗҮЙЛ ГЭРЭЛТЭЖ БАЙХ УЧИРТАЙ

Надад ийм итгэл үнэмшил байдаг. Юу ч бай хамаагүй, хийж байгаа зүйл маань гэрэлтдэг байгаасай гэж. Тэгээд хүмүүс намайг хийсэн юм чинь гээд тэрийг таашаадаг байгаасай гэж хүсдэг. Та ч гэсэн ингэж бодон ажилладаг байгаасай гэж хүсэж байна. Та л хийсэн болохоор тэр зүйл ажиллаж, та л хүрсэн болохоор тэр зүйл гэрэлтдэг байгаасай.

Та одоо бүтээгдэхүүн гэх зүйлийн мөн чанарыг ойлгосон юм чинь өөрийн хийдэг зүйлээ таваар биш мэдрэмж болтол нь хөгжүүлээрэй. Тэгж чадвал таны бүтээгдэхүүний үнэ хэд дахин өсөх болно шүү. Тэгж л чадвал таныг амжилт дагаад хүрээд ирнэ. Та юу ч хийдэг байж болно. Юу ч байсан бүтээгдэхүүний дөрөв дэх төлөвт нь хүртэл хөгжүүлэх хэрэгтэй.

Ус 0 градуст шингэн болдог байхад төмөр 1,538 градуст шингэн болдог. Бүтээгдэхүүн бүр өөр хүчин чармайлтаар мэдрэмж болон хувирч болно. Гэхдээ л тодорхой цэг байж л таараа. Дата шинжээч хэзээ үр дүнгээ мэдрэмж болгож чадах вэ? Үүнд дараах бичлэгийг үзэхэд л ойлгомжтой болно.

Видео:

Танд амжилт хүсье. Мөн үүнийг бусдад түгээхэд туслаарай. Бусдад өгсөн хамгийн гоё бэлэг оюуны бэлэг байдаг шүү. Би ингэж бодож байна. Та юу гэж бодож байна?

Дэлгэрүүлэн унших: B.Joseph Pine and James H.Gilmore (2011) The experience economy