Индэр    
2020 оны 5 сарын 12

Шинэ үеийн залуучуудын улс төрийн сонголт өөрчлөгдөж байна

Зураг
Гэрэл зургийг MPA.mn, Архив

Сонгогчдын сонголтод нөлөөлөх хүчин зүйлс нь улс төрийн уламжлал, сонгуулийн тогтолцоо, сонгуулийн кампанит ажил, намын нэр хүнд, нэр дэвшигчийн имиж зэргээс ихээхэн шалтгаалдаг ч өнөөгийн залуучуудын тухайд байдал арай өөр байна.

Улс төрчид хэлсэндээ хүрдэггүй, хоосон амлалт өгдөг, иргэдийн тулгамдсан асуудлыг шийддэггүй, шударга бус байдал газар авсан учраас тэдэнд итгэх итгэл нь алдарч энэ хэрээрээ улс төрөөс их зүйл хүлээхээ больсон ерөнхий хандлага ажиглагдаж байна.

Гэвч дэлхий дахинд иргэдийн улс төрийн оролцоо буурч байгаа энэ үед 2016 оны УИХ-ын сонгуульд 18-35 насны залуучуудын 58.9 хувь нь санал өгсөн нь чамлахааргүй үзүүлэлт юм. Мөн залуучуудын хэчнээн нь сонгуульд оролцдог вэ? гэдгээс гадна тэд хэрхэн саналаа өгдөг нь, сонголтонд нь нөлөөлөх хүчин зүйлүүд илүүтэй сонирхол татсан асуудал юм.

Иймд залуучуудын улс төрийн сонгуулийн талаарх ойлголт, хандлага, тэдний сонголтод голлон нөлөөлдөг хүчин зүйлс, оролцооны хэв маягийг судлах зорилгоор 18-35 насны 1,000 залуучуудаас тоон судалгаа авсан бөгөөд судалгааны зарим нэг үр дүнгээс нийтийн хүртээл болгож байна.

Залуучуудын сонгуульд оролцохгүй байх хамгийн том шалтгааныг авч үзвэл судалгаанд оролцогчдын 51.5 хувь нь “Хэн ч гарсан ялгаагүй” гэж үзсэн. Мөн нэр дэвшигчид дунд “Сонгохыг хүссэн хүн нэр дэвшигч байдаггүй” гэж судалгаанд оролцогчдын 31.2 хувь нь хариулсан нь тэдний хүлээлтэд нийцсэн нэр дэвшигч байдаггүй, сонголтгүй сонголт болдогтой холбоотой. Нөгөө талаар энэ бүхэн нь залуучуудын хувьд сонгуулиас сонгуулийн хооронд хүлээлт нь хангагддаггүй хэвээр хадгалагдаж үлдсэн ч, тэдний улс төрийн оролцоог хангалттай бус гэж шүүмжлэх иргэдийн нийтлэг хандлага байсаар байна.

График 1, Хэрвээ та сонгуульд оролцоогүй бол ямар учраас оролцоогүй вэ?

Эндээс харахад залуучуудын ашиг сонирхол орхигдсон, тэдний хүлээлтэд нийцсэн бодлого байхгүй, улс төрийн хүлээлт, хэрэгцээ нь сонгуулиас сонгуулийн хооронд хангагддаггүй, итгэл алдарсан бүлэг бол залуучууд болоод байгаа юм. Үүнийг анхаарч, тэдний ашиг сонирхлыг тусгах, хэрэгжүүлэх намын бодлого, мөрийн хөтөлбөр өнөөдрийг хүртэл үгүйлэгдсээр байна.

Ер нь иргэдийн улс төрийн боловсрол хэдийчинээ доогуур байх тусам төдийчинээ эрх баригчид хараа хяналтгүйгээр дур зоргоороо авирлах, хувийн эрх ашгийг дээгүүрт тавих явдал ихэсдэг бөгөөд энэ нь улс төрчдөд болон намд ашигтай байдаг. Харин судалгаанд оролцсон залуучуудын  51.8 хувь нь “Та өөрийн улс төрийн боловсрол муу байгаагаас болж сонгуульд оролцохдоо буруу сонголт хийдэг гэж боддог уу?” гэсэн асуултад санал нийлэхгүй байна гэж хариулснаас үзэхэд өнөөгийн залуучууд намын, нэр дэвшигчдийн популизмд хууртахгүй, хэн нь хэн бэ гэдгийг ялгаж, салгаж ойлгох ухамсартай, боловсролтой болж байгааг харж болно.

График 2, Та сонголт хийхдээ нам, нэр дэвшигчийн хувьд дараах шалгуураас алийг нь хамгийн түрүүнд бодолцох вэ?

Мөн өнөөдрийг хүртэл Монголчуудын улс төрийн сонголтод уламжлалт сэтгэлгээ, нутгарах үзэл, ах дүү хамаатан садны хэлхээ холбоо, намын фонн хамгийн их нөлөөлдөг байсан цаг үе залуучуудын хувьд ард хоцрох нь. Тэд нам, нэр дэвшигчийн үзэл баримтлал, байр суурь, мөрийн хөтөлбөр, өмнөх сонгуулийн амлалтын биелэлт, хувь хүний боловсрол, ажлын туршлага, гэр бүлийн байдал зэргийг нь харьцуулан судалж, үнэлэлт дүгнэлт хийсний үндсэн дээр өөрийн ухамсарт үйл ажиллагаагаар хэн нэгний нөлөөнд автахгүйгээр саналаа өгөхийг чухалд үзэж байна.

График 3, Та санал өгөхдөө ямар байдлаар шийдвэр гаргах вэ?

Судалгаанд оролцогчдын 22.8 хувь нь 2016 оны сонгуулиар хэн нэгэн нэр дэвшигчид саналаа өгөх шийдвэр гаргахад “Аав ээж болон гэр бүлийнхний ятгалга шахалт нөлөөлсөн” гэж хариулсан бол энэ удаагийн сонгуульд (2020 оны УИХ-ын сонгуульд) 15.3 хувь нь “Гэр бүл, найз нөхөд болон бусад хүмүүсийн саналыг сонсож саналаа өгөх шийдвэр гаргана” гэж хариулснаас харахад залуучууд хэн нэгний нөлөөлөлд автаж саналаа өгөх шийдвэр гаргах нь багассан харагдаж байгаа юм.

Дээрх оролцогчид дотор дийлэнх нь анх удаагаа сонгуульд санал өгөх гэж байгаа “Шинэ сонгогчид” байгааг хэлэхэд илүүц биз ээ.

График 4, Хэрвээ та өөрийн итгэл үнэмшлийн дагуу саналаа өгөх бол дараахаас алийг нь гол шалгуур болгох вэ?

Эндээс харвал залуучуудын хувьд энэ сонгуульд нам гэхээсээ илүүтэйгээр хувь нэр дэвшигчийг нь дэмжих хандлага илүү байна. Тэр дундаа 2020 оны УИХ-ын сонгуулийн залуу сонгогчдын хүсэмжит дүр бол “Шударга, нэр цэвэр, ёс зүйтэй, боловсролтой, иргэд, улс орны хөгжлийн төлөө тодорхой ажил хийж бүтээснээ харуулж чадсан” нэр дэвшигч бөгөөд хэрвээ та эдгээр шалгуурыг хангаж чадаж байвал тэдний итгэлийг хүлээж, саналыг нь авах магадлал өндөр байна.

График 5, Таны хувьд 2020 оны сонгуульд аль шалгуурыг чухалчилж саналаа өгөх вэ?

Судалгааны дараагийн нэг анхаарал татаж байгаа асуудал бол нийгмийн сүлжээн дэх мэдээлэлд залуучуудын хандах хандлага юм. Орчин үеийн залуучуудын мэдээлэл олж авах гол суваг нь нийгмийн сүлжээ бөгөөд тэдний мэдээлэлд хандах хандлагын талаар судалж үзэхэд ердөө 5 хувь нь ямар нэг шүүлтүүргүйгээр шууд итгэдэг гэж хариулсан нь аливаа мэдээлэлд нухацтай ханддагийг дараах судалгааны үр дүнгээс харж болно. Монгол улсад интернэт хэрэглэгчдийн тоо 2.2 сая хүрээд байгаа энэ цаг үед нам, нэр дэвшигчдийн бие бие рүүгээ дайрсан үнэн худал нь үл мэдэгдэх мэдээллийн “цунами”-гаас залуучууд зай барьдаг. Сайныг нь, саарыг нь ч сонсохыг үл хүсдэг болсон байна. Зүгээр л улс төртэй холбоотой fakenews гэж хүлээж авдаг.

Тийм учраас залуучуудад сонголт хийх мэдээллийн орчин бүрддэггүй гэсэн үг.

График 6, Та улстөр, эдийн засгийн мэдээллийг сошиалаас аваад хэрхэн ханддаг вэ?

Эцэст нь залуучууд улс төрөөс ангид, хүнийсгэх хандлагатай байна гэж дүгнэхээс илүүтэйгээр тэдний шаардлага, хүлээлтэд  нийцсэн нэр дэвшигчийг санал болгох, сонголт хийх эрүүл орон зайг бий болгох, үнэн бодитой мэдээллээр хангаж чадвал 1.2 сая гаруй залуучуудын итгэлийг олж авах боломж байсаар байгаа юм.

Залуучууд сонгуульд оролцдоггүй биш оролцдог харин сонголт хийх эрх чөлөө, мэдээллийн орчин бүрддэггүй бөгөөд түүнчлэн СОНГОЛТГҮЙ СОНГОЛТ тэднийг мухардуулж, аав ээж, гэр бүл бусад нөлөөлөгч нар буруу чиглүүлдэг гэж үзэж байна. 

Иймд иргэдийг хуулийн хүрээнд зөв зохистой мэдээллээр хангах замаар залуу, идэвх сул сонгогчдын улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, хариуцлагатай СОНГОЛТТОЙ СОНГОЛТ хийх боломжийг бүрдүүлэх шаардлагатай нь харагдаж байгаа юм. Залуучуудын зүгээс улс төрийн сонгуульд ач холбогдол өгч, няхуур хандсанаар улс орны хөгжил, иргэн та бидний амьдралд эргээд үр нөлөөтэй гэдгийг сайтар ойлгож, ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОЛТ хийх нь чухал байна.

 

  • Судлаач, доктор, дэд профессор Д.Одмаа
  • Судлаач, магистр Б.Янжмаа