Индэр    
2020 оны 4 сарын 27
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Ш.Буянжаргал: Ирээдүйн тухай олон таамаглал, судалгаануудаас цорын ганц үнэн зүйл нь мэдээллийн технологигүйгээр юунд ч хүрэхгүй нь тодорхой болсон

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

iKon.mn сайт боловсролын талаарх цуврал нийтлэл, ярилцлагуудаа үргэлжлүүлж байна.

Энэ удаад бид боловсролын мөн чанар, зорилго болоод улс орны хөгжлийн бодлоготой хэрхэн уялддаг талаар ярилцахаар Юу Эс Пи Монгол компанийн гүйцэтгэх захирал Ш.Буянжаргалыг урьж ярилцлаа.

Түүний удирдаж буй Юу Эс Пи Монгол нь Японы хөрөнгө оруулалттай, мэдээллийн технологи, дата статистик систем хөгжүүлдэг компани юм.

Ш.Буянжаргал нь Япон, АНУ-д боловсрол эзэмшсэн, Японд Тошиба корпорацид Үйлдвэрлэлийн автоматжуулалтын систем зохион бүтээх инженерээр ажиллаж байсан бол Монголд Коосэн загварын технологийн коллежийг нэвтрүүлж, Шинэ Монгол Технологийн Коллежийн захирлаар ажиллаж байсан туршлагатай.



НЭГ. Хүүхдийг энэ дэлхий дээр авчирсан л бол эцэг, эх болгон дараах зүйлийг мэддэг байх ёстой

- Боловсролын тухай олон цуврал сурвалжлага хийхдээ монголчууд бид боловсрол гэж юу вэ гэдэг дээр нэгдсэн ойлголтгүй нь анзаарагддаг. Бүр энэ талаарх хуулиудад хүртэл дандаа өөр агуулга бүхий зорилтууд бичсэн байдаг юм билээ. Таны хувьд боловсрол юуг зорьдог талаарх хамгийн оновчтой тодорхойлолтыг аль нь гэж үздэг вэ?

- Тийм ээ. Боловсролын талаар ярьж л байгаа бол боловсрол гэж юу вэ гэдгийг судалж, ойлгох хэрэгтэй. Яг ямар боловсролыг бид зорьж байна вэ, хэнийг хэн болгож бэлдэх гээд байна вэ гэдгээ тодорхойлохгүйгээр бүгдийг болохгүй байна гэж яриад байх нь учир дутагдалтай. Бид, Монгол, Монголчууд орчин үеийн боловсролын талаар нэгдсэн суурь, хамгийн багадаа баримтлах ойлголтоо нэгтгэж, эцэг эх, суралцагч, төр засаг, хувийн хэвшил нь түүнийгээ баримталж, түүндээ зорьж, эргээд хяналт тавьж сайжруулаад явах хэрэгтэй байна.  

Боловсрол түүний зорилгын тухай хамгийн цэгцтэй, оновчтой тодорхойлолт бол НҮБ-ын суралцахуйн дөрвөн зорилт байдаг.​

Үүнд: 

  1. Хамтран амьдрахад суралцахуй (Сургуулийн өмнөх боловсрол, бага, дунд анги)
  2. Би гэдгээ танин мэдэхэд суралцахуй (Дунд, ахлах анги)
  3. Бүтээх чадварт суралцахуй (Дунд, ахлах анги)
  4. Суралцахуйд суралцахуй (Ахлах анги) гэж зааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл энэ дөрвөн мэдлэг, ур чадварыг хүн эзэмшвэл боловсорсон хүн гэж ярих нь.

Хүснэгт 1, Боловсролын үндсэн 4 зорилт

(Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой)

 

Бид бүгдээрээ тэр дундаа эцэг, эхчүүдийн хувьд боловсролын талаарх нэгдсэн ойлголттой болох учиртай.

Эцэг, эх болгон миний хүүхэд сургалтын аль шатлалд ямар боловсрол эзэмшиж байх ёстой вэ гэдгийг мэддэг, санаа тавьдаг байх ёстой.

Учир нь, хувийн болон улсын сургуулиас үл хамааран сургалт сургууль, суралцагч хүүхэд, эцэг эхийн хамтын ажиллагаа дээр явагдаж байх ёстой юм. Хэчнээн хувийн сургуульд 20-25 хүүхэд нэг ангид суралцлаа гэхэд тэдний дундажид тохируулан сургалтыг зохион байгуулахаас өөр аргагүй юм. Мэдээж тодорхой тооны хүүхэдтэй “тулж” ажиллах хэдий ч тэр нь хүүхэд нэг бүртэй ажиллаж, тэдний авьяас билиг, онцлогийг хөгжүүлэхэд яагаад ч хангалттай бус. Дэлхий дээр Еврей үндэстний шинжлэх ухаан, технологи, бизнесийн салбарт амжилтын талаар орчуулгын ном сүүлийн үед нэлээд гарсан. Нууц нь ерөөсөө л гэр бүлийн боловсрол

Өнөөдөр бидний ихэнх хэсэг миний хүүхэд англи хэлтэй л болчихвол боллоо эсвэл орчин үеийн хүүхдүүдийн шүүмжлэлт сэтгэлгээ хөгжих ёстой ч гэдэг юм уу, эх оронч байх ёстой гэх мэт асуудлын зөвхөн нэг хэсгийг авч яриад байдаг. Гэтэл боловсрол гэдэг зүйлийг ийм байдлаар салангид яриад байлгүйгээр дээрх  дөрвөн зорилтыг дөрвүүлэнг нь хөгжүүлж төлөвшүүлэх ёстой болж байна.

Хүүхдийг энэ дэлхий дээр авчирсан л бол энэ тухай эцэг, эх бүр мэддэг байх ёстой.

Хөгжингүй орнуудын хувьд албан боловсролын хүрээнд аав, ээжүүдийг хүүхэд нь цэцэрлэгт хамрагдахаас эхлээд сургалтын үйл ажиллагаанд татан оролцуулж, давхар сургаж, хүмүүжүүлээд явдаг. Үүнд сургалтын үйл ажиллагаа гэхээр заавал сургууль дээр ирэх ёстой гэсэн үг биш.

Тухайн хүүхэд ямар хөтөлбөрөөр юу сурч байгааг эцэг, эхэд тайлагнаж, тэдгээр агуулгын аль хэсгийг танхим болоод гэр бүлийн орчинд эзэмшүүлэх вэ гэдэг үүрэг оролцоог чиглүүлээд хэн хэнийх нь эрх ашгийг хангадаг гэсэн үг.

- Боловсролын салбар бол магадгүй хамгийн олон оролцогч талтай салбар байх. Эцэг, эх, хүүхэд, багш, төр засаг, сургуулийн удирдлага гэх мэт хамгийн олон оролцогчийн эрх ашиг хамардаг. Сая та эцэг, эхийн оролцооны талаар товч хөндлөө. Тэгвэл төр засгийн зүгээс ямар оролцоо байх ёстой вэ?

-“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” бодлогын баримт бичгийг УИХ 2016 онд баталсан. Одоо 2050 гэж батлах гэж байна.

2030 баримт бичигт Монгол Улсын нэг хүнд ногдох орлогыг 4 дахин их болгож 17 мянган доллар болгоно гээд заачихсан байдаг.

Тэгвэл энэ зорилтоо бид хэр сайн мэдэж байгаа бол? Хүн амын хэдэн хувь нь санаж, мэдэж, ойлгож, шаардлага тавьж байгаа бол?

Уг нь Монгол Улсын иргэн бүр энэ зорилтыг мэддэг байж түүндээ хүрнэ. Гэтэл өнөөдөр хэн ч энэ зорилтын тухай, энэ зорилтод хэрхэн хүрэх вэ гэдгээ мэдэхгүй байна.

Хүн хүсэл мөрөөдөл, зорилготой байвал амьдрал нь утга учиртай байх нь ойлгомжтой.

Бид хэчнээн эрүүл чийрэг, мөнгөтэй байлаа гээд мөрөөдөл, зорилгогүй бол үхсэнтэй адил. Монгол Улс буюу хүн ам нийтээрээ нэгдсэн ямар ч мөрөөдөл, зорилгогүй. Уг нь дээр дурдсан шиг бодлогын баримт бичгүүд бол боловсруулаад явдаг.

Гэтэл ийм зорилго, зорилт боловсруулсаныг нь мэдэхгүй хүмүүс яаж тэр зорилгын үр дүнг шаардах вэ, замын дундах бодлогуудыг хянах вэ, өөрсдөө яаж оролцох вэ?

Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 жилийн дараа гэхэд 4 дахин нэмэгдсэн байх ёстой гэдгийг 8 настай балчраас 80 настай хөгшид хүртлээ  мэддэг, түүний төлөө бүгд хичээдэг байх ёстой.

1970-аад оны үед Японы Ерөнхий сайд Танака Какүеэ япон иргэдийн орлогыг хоёр дахин нэмнэ гэдэг зорилтоо хаана ч очсон ярьдаг байсан. Энэ зорилтоо ч биелүүлсэн. Ердөө ганцхан л зорилт тавьсан, түүнийгээ өдөр бүр ярьсан, таниулсан. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд япон иргэд бүгд хичээсэн, маш их хөдөлмөрлөсөн, бүгд чадна гэдэгтээ итгэсэн. Нэг л зорилт юм шиг хэр нь цаана нь маш олон зүйлийг хамарч, бүгд нэг зүг рүү чиглэж хүчээ нэгтгэсэн. Орлогыг хоёр дахин нэмэх аргаа Америкаас илүү аж үйлдвэрийг хөгжүүлэх гэж тодорхойлсон.

Өөрөөр хэлбэл, бид хэтэрхий олон зүйл рүү үсчих шаардлагагүй.

Хүний нэг дор аливаа зүйлийг тогтоох чадвар нь дөрөв хүртэл тооны асуудал байдгийг судалгаагаар тогтоосон. Энгийн хүний чадвар шүү дээ. Тэгэхээр төр засгийн бодлого, аливаа засгийн газрын бодлого ч маш тодорхой, энгийн, хэмжиж болохуйц бас үнэн байх ёстой.

Бид 2030 онд орлогоо 4 дахин нэмэх юм байна. Тэгвэл үүнд хүрэх арга замаа хэрхэн тодорхойлох вэ гэдэг асуулт гарч ирнэ. Яг өнөөдрийн дэлхий дахинд байгаа давуу тал бол шинжлэх ухаан асар хурдацтай хөгжиж ирээдүйд юу болох вэ гэдэг таамаглалыг маш олон хувилбараар дэвшүүлэх боломжтой болсон. Эдгээр олон таамаглал, судалгаа дундаас цорын ганц үнэн зүйл бол аливаа хүн, улс орон мэдээллийн технологигүйгээр юунд ч хүрэхгүй юм байна гэдэг нь ойлгомжтой болсон.

Өнөөдрийн энэ цар тахалын үед энэ илүү ойлгомжтой, үүнийг хүн бүр илүү их мэдэрч байгаа болов уу.

Зураг 1, 2030 оны дэлхий

(Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой)

 

2030 он гэхэд Монгол Улс оршин тогтоносоор байх нь үнэн юм бол хэрхэн оршин тогтнох вэ гэдгээ тодорхойлох ёстой.

Одоогийнх шигээ хоёр хөршөөсөө эдийн засаг, улстөрийн өндөр хамааралтай, тусгаар тогтносон гэх баталгаа нь зөвхөн цаасан дээр бичсэн хэлбэрээр байх юмуу гэдэг дээрээ бид нэгдсэн дүгнэлтэд хүрэх ёстой.

Хэрэв энэ улс оршин тогтнох нь үнэн болоод цаашид оюун санаа, эдийн засаг, улстөрийн хувьд бүрэн тусгаар тогтносон улс болон хөгжинө гэж үзэж байгаа бол эхний ээлжинд хоёр хөрш улстайгаа харьцуулахад технологийн хувьд өрсөлдөхүйц улс орон болох ёстой нь энэ бүгд дундаас хамгийн ойлгомжтой харагдаж буй зүйл юм.

Тодруулбал, дэлхийн хөгжлийн чиг хандлага нь технологи, технлогийн хөгжил юм байна.

Хоёрдугаарт, Монгол Улс оршин тогтоносоор цаашид иргэн бүрийн орлогыг нэмэгдүүлэх нь зорилго байгаа юм байна. Тэгвэл ядаж эхний ээлжинд одоогийн эдийн засгийн хараат бус байдлаасаа ангижрах шаардлагатай юм байна. Үүний тулд технологийн хөгжил хамгийн чухал салбар болж тодорч гарч ирж байгаа юм.

ХОЁР. Өнөөдрийг хүртэл Монгол Улс эдийн засгийн хувьд бүрэн тусгаар тогтнолоо олж чадаагүй байна. Энэ чигтээ бидний хувьд боолын хувь заяа л хүлээж байна

- Технологийн хөгжилд хүрэх арга зам шийдлийг нь та хэрхэн харж байна вэ? Ерөнхий боловсролын сурагчдын технологийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх мөн үү?

- Тийм. Гэхдээ үүний өмнө бид яг юунд хүрэх гээд байна вэ, ямар улс болох вэ гэдгээ тодорхойлоод түүнийгээ бүх түвшинд ойлгож, таньж мэдэж, түүндээ итгэх явдал.

Би хувьдаа “Технологийн бизнесмэн Монгол Улс” болъё гэсэн санал боловсруулаад байгаа юм.

Хэдэн статистик дурдъя. Дэлхий эдийн засгийн бүсийг нисэх онгоцоор шууд нисээд 6 цагийн дотор хүрэх боломжоор нь тодорхойлж үздэг хувилбар байдаг юм байна. Тэгвэл манай улсыг төв болгоод 6 цаг нисэх бүс нутгийг авч үзвэл өнөөдрийн байдлаар дэлхий эдийн засгийн 35%, дэлхийн хүн амын 55%, зах зээлээрээ эхний 10-т ордог 5 улс, цаашид эрчимтэй хөгжих шаардлагатай том зах зээл буюу хүн амтай улсууд байж байна.  Бид энэ нөхцөл байдалд яаж орших уу, ямар тоглолт хийх үү, ялагдах уу, хожигдох уу? Бодлогын тавилт ердөө л ийм энгийн.

Манай улсын давуу тал, бүгд мэдэж байгаачлан, хүн ам багатай болохоор динамик хурдан өөрчлөгдөх, зохион байгуулалтад орох, газар нутаг, зөв чиглүүлээд явбал потенциалтай генийн нөөц байна.

Юун түрүүнд энэ бүгдийг нийтээрээ ойлгож, үүнд ялангуяа залуу үеэ бэлтгэх. Хоёрдугаарт нэн тэргүүнд англи хэлийг нь маш сайн сургах шаардлагатай байна.

Ингэхдээ нөгөө л суралцахуйн дөрвөн зорилгоо хангаад явах учиртай.

Тодруулбал, хүүхэд сургуулийн өмнөх үе болон бага ангидаа хамтран амьдрах, бие биенээ хүлээн зөвшөөрөх, хайрлах, ойлгоход суралцах нь хамгийн чухал. Үүнийг танин мэдүүлэхэд сургалтын агуулга, багшийн хандлага, сургалтын орчин чиглэх ёстой гэсэн үг. Уншиж, бичих, цээжлэх, бодох нь зөвхөн энэ бүгдийг танин мэдэхэд хүрэх арга зам юм.

Дунд ангийн сурагчдын хувьд, би гэдгээ, бүх дэлхийгээ танин мэдэх, хүн төрөлхтний ололт амжилттай танилцах, түүх, байгалийн шинжлэх ухаанд нэвтрэх нас. Өөрөөр хэлбэл, хүний нүд нээгдэх үе юм. Болж өгвөл энэ үед хүүхдүүдийг эх дэлхийтэй танилцуулах, гадна, дотны хүмүүстэй уулзах, шинэ сонирхолтой уулзалт яриануудыг олноор хийх боломжоор хангах хэрэгтэй. Гэхдээ энэ дунд би гэдгээ таних дээр монгол хүн гэж хэн бэ, монгол хүн болгож өсгөх дээр суурь агуулга чиглэх ёстой юм. Өөрөөр хэлбэл, өөрийн онцлогоо таньж ухаарах, бусдын ялгаатай байдлыг таньж харьцуулж шинжлэх нас юм.

Дунд ангийн сурагчдын дараагийн чухал хэсэг бол бүтээлч байдлыг хөгжөөх үе.

Хүн тодорхой хэмжээнд аливааг таньж мэдсэндээ дүгнэлт хийж түүнийгээ гадагшлуулж буюу ямар нэгэн бүтээмж болгоход дэмжлэг үзүүлж, чиглүүлэх нас. Бүтээмж гэдэг нь ямар нэгэн зүйлийг бодитоор нь хийх гэсэн үг. Гэхдээ энэ үе нь бүтээл, бүтээмжийн жинхэнэ туршлага хуримтлуулах туршилтын нас юм. Болох, болохгүй юмнуудыг хийж турших ёстой.

Харин ахлах ангидаа орсон сурагчид туршилтаа үргэлжлүүлэхээс гадна илүү бодиттой, хүнд хэрэгтэй зүйлс бүтээж, хийж эхлэх нас юм.

Технологийн нэг аппликейшнээр жишээ аваад тайлбарлая. Ахлах ангийн сурагчид хүнд хэрэгцээтэй технологийн аппликейшн буюу бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлж эхлэх ёстой байх нь. Харин дунд ангийн сурагчдын хувьд өөрийн эргэн тойронд байгаа асуудлыг олж харан, түүнийгээ шийдэхийг оролдож эхлэх хэрэгтэй гэсэн үг. Энэ загварчлалыг өнөөдөр дэлхийн хөгжингүй орнуудад хэрэгжүүлээд эхэлчихсэн байна.

Өөрөөр хэлбэл, түрүүн таны асуусан төрийн үүрэг, оролцоо ямар байх ёстой вэ  гэхээр тухайн улс орны хөгжлийн загварыг маш ойлгомжтой, энгийн тодорхой гаргаж ирээд түүнийгээ нийт олон нийтэд танин мэдүүлж, ойлгуулах, хэрэгжүүлэх арга замын бодлогыг тодорхойлж, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх явдал юм.

Бид яг энэ хэвээрээ яваад л байвал тэр зориод байгаа 2030 ондоо орлогоо 4 дахин нэмэгдүүлэх нь битгий хэл одоогийн олсон тусгаар тогтнол маань ч эргэлзээтэй байдалд хүрнэ. Өөрөөр хэлбэл, энэ чигтээ бидний хувьд боолын хувь заяа л хүлээж байна.

Өнөөдрийг хүртэл Монгол Улс эдийн засгийн хувьд бүрэн тусгаар тогтнолоо олж чадаагүй байна. Тэгэхээр эдийн засгийн тусгаар тогтнолыг бий болгохын тулд бид бүх зүйлээрээ бие даасан иргэнийг бэлдэх ёстой. Ингэхийн тулд боловсролд реформ хийх шаардлагатай болж байгаа нь уг нь хэн ч ойлгохоор харагдаад байдаг.

Гэхдээ миний яриад байгаа технологийн улс болъё гэдэг нь хүн бүрийг инженер, програмист, дизайнер болгох гээд байгаа юм биш. Хүн бүрийн технологийн боловсролыг дээшлүүлье. Ингэх дунд аяндаа мэргэшсэн инженер, програмистууд маань төрөөд гарах юм.

- Суралцахуйн 4 зорилго дээр тулгуурлаад боловсрол сургалтын байгууллагын шатлалаар дамжин ажлын байранд бэлтгэгдсэн хүмүүс очих ёстой. Зөв үү?

- Уг нь бол тийм. ЮНЕСКО-гоос боловсролын ангиллын стандартыг баталж гаргадаг ба гишүүн улс нь үүнийг чиглэл болгодог. Сургуулийн өмнөх боловсрол, дунд боловсрол, мэргэжлийн буюу нэг ур чадвар олгох боловсрол, дээд боловсрол, судалгаа шинжилгээний боловсрол гэх мэтээр ангилаад эдгээр ангилал, шатлал бүр дээр ямар мэдлэг, чадварыг ямар хэмжээтэй олгох вэ гэдгийг ерөнхийлөн тодорхойлсон байдаг. Энэ нь нөгөө 4 зорилготой уялддаг.

Энэ дээр би дээд боловсрол гэдгийг онцолж ярья. Дээд боловсрол гэдгийг ихэнх хүн 12-р ангиа төгсөөд 4 жилийн баклаврын хөтөлбөрт суралцах гэж ойлгодог.

Энэ нь нэг талаар зөв, нөгөө талаар өрөөсгөл. Дээрх ангилалд дээд боловсрол гэдгийг “хүн, нийгмийн болон шинжлэх ухаан, технологийн комплекс асуудалтай харилцах буюу түүний учрыг олж шийдэх, суурь чадварыг эзэмшсэн” гэсэн утгатайгаар тодорхойлсон байдаг. Түүнээс биш баклаврын 4 жил тэнцүү дээд боловсрол гэж тодорхойлгоогүй.

Хоёрдугаарт, сүүлийн 10 гаруй жил энэ “дээд боловсрол”-ын 4 жил нь хэтэрхий урт, үр дүн багатай байгаа гэсэн шүүмжлэлтэй тулгараад байгаа. Үүнтэй уялдан дэлхийн шилдэг их сургуулиуд энэ шатны хөтөлбөрөө нээлттэй болгож, ахлах сургуулийн сурагч онлайнаар үзээд кредитээ тооцуулдаг болсон байна. Манай улсын ахлах сургуулийн хүүхэд MIT -гийн хөтөлбөрийг онлайнаар үзээд кредитээ тооцуулаад, үргэлжлүүлэн тухайн сургуульд суралцсан жишээ бий.  

Эндээс уламжлалт боловсролын систем нь технологийн энэ эринд шинэчлэгдэх шаардлагатай байгааг хэлж болно.

Дэлхий шилдэг гэх их сургуулиудын хувьд зүгээр заадаг сургуулиас судалдаг судалгааны их сургуулиуд болъё гэдэг төлөв рүү шилжсэн.

ГУРАВ. Дөрвөн сая төгрөгийн цалинтай ажлын байр зарлаад ажилчдыгаа шалгаруулж авч байна. Ингэхэд маш цөөн хүн ирж байх жишээтэй

- Их, дээд сургуулиудын хувьд зайлшгүй шинэчлэгдэхгүй л бол болохгүй үе дээр ирээд байна. Тийм үү?

- Тийм. Дэлхийн улс орнуудын жишээг ярья. АНУ-д IBM-ын боловсролын салбарт амжилттай хэрэгжүүлж буй туршлага дэлхий даяар маш хурдацтай хүрээгээ тэлж байна.

Энэ нь ахлах сургууль, их дээд сургуулийн холимог 5 жилийн хөтөлбөртэй коллеж юм. Коллеж гэдэг нь манайхаар дээд сургууль.

Тэд ахлах сургууль, дээд сургууль хоёрыг нэтгэсэн 5 жилийн хөтөлбөртэй технологийн сургуулийг 2013 онд нээсэн.

Өнөөдрийн байдлаар IBM-ийн санаачилсан ийм сургууль дэлхийн 18 улсад 200 салбар сургуулиа нээгээд байна. Тэдгээрт 100 мянга орчим оюутан суралцаж байгаа юм. Хамгийн эхний загвар сургууль нь Нью-Йоркт “P-Tech Early college high school” нэртэйгээр байгуулагдсан. Суралцагчид нь суралцангаа технологийн компаниудад нь ажилладаг, мөн мэргэжлийн багш нар нь компанийн ажилчдаас бүрдэж байгаа юм. Суралцагч ахлах сургуулийн боловсролоо ч, дээд сургуулийн дипломын мэдлэг, чадварыг ч авчихна гэсэн үг. Хамгийн чухал нь бодит ажлын туршлагыг суралцах хугацаандаа олж авч байгаа юм. Үнэндээ, иймэрхүү загварын систем Герман, Финланд, Японд, Сингапурт бий. IBM компани үүнийг илүү далайцтай, сайжруулж чадсан байгаа юм. Бас нэг сонирхолтой зүйл нь, IBM ийм сургуулийг үүсгэхдээ шинээр байшин бариагүй. Тэд ахлах сургууль, дээд сургууль, компаниудыг холбож маш сайн менежмент хийж, өөрсдөө манлайлж чадсан юм.

- Та бүхний Монголд хэрэгжүүлсэн Коосэн загвар мөн үү?

- Ерөөсөө л энэ. Дээрх жишээг түрүүлж ярьсан нь дэлхий угаасаа ингээд түрүүлээд явчихсан. IBM-ийн энэ загварын сургуулийн хувьд компаниуд илүү их манлайлалтай байгааг бид анзаарах хэрэгтэй.

Үүнийг бид буюу Японд инженерийн чиглэлээр сурч төгсөн, ажиллаж байгаа монгол залуусын санаачлагаар Монголд нэвтрүүлсэн.

Ийм загварын япон сургууль болох Коосэн-г загварчлан 5 жилийн сургалттай технологийн коллеж, дээд боловсролын сургалтын байгууллагыг 2014 онд шинээр үүсгэж нэвтрүүлсэн. Дээр дурдсан ахлах сургууль, дээд сургуулийн холимог систем.

Загвар гурван сургууль байгуулсан. Шинэ Монгол технологийн коллеж, ШУТИС-ийн харьяа технологийн коллеж, Монгол Коосэн технологийн коллеж гэж гурван загвар сургууль байгуулагдан Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байна. Энэ гурван сургууль маань хамтарч ажиллаж байгаа. 2019 онд анхны 120 гаруй оюутан төгссөн. Төгсөгчдийн 40 хувь нь Японд инженер, 25 хувь нь Монголд ажилд орж, 35 хувь орчим нь Японы болон бусад их дээд сургууль, коллежэд үргэлжлүүлэн суралцаж байна.

- Таны хувьд яагаад боловсролын салбараас хувийн хэвшил рүү орох болов?

- Бидний хувьд технологийн сургууль байгуулах нь эцсийн зорилт байгаагүй. Орчин үеийн аж үйлдвэржсэн орон болох, эдийн засгийн хувьд аль болох бие даасан улс болоход хувь нэмэр оруулах нь эцсийн зорилт юм.

Дээр дурдсан холимог сургалтын системийг монголд нэвтрүүлээд эхний төгсөлтөө хийн, ерөнхий үр дүн болоод загвар нь гарсан гэж үзсэн болохоор эцсийн зорилт руу чиглээд явж байгаа гэсэн үг юм. Төр засгаасаа ийм загварын сургуулийг тодорхой тоогоор нэмж байгуулаасай гэж энэ дашрамд хүсмээр байна.

Орчин үеийн аж үйлдвэрлэлийн хувьд мэдээж хүнд үйлдвэрлэлээс гадна бусад салбарыг технологид суурилан хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм.

Энийг бараг аль ч засгийн газар, олон улсын зөвлөх, дэмжих байгууллага ярьж, зөвлөж ирсэн.

Харин дорвитой ажил болгож амжихгүй явсаар одоог хүрч байна. Нөгөө талаар үүнийг Япон, АНУ ч юм уу, бусад улс орон хийж өгөх ёстой маягаар харж байгаа анзаарагддаг. Гадны туршлага, дэмжлэгийг авах боломж байвал авахыг үгүйсгэхгүй ээ. Гэхдээ “авах” нь зорилт болоод явчдаг. Яах гэж авах гээд байгаа түүний үр дүн юу билээ, хэр урт хугацаатай зүйлд ашиглаж байгаа билээ гэдгийг өөрсдөө манлайлалтайгаар хандмаар байгаа юм.

“Юу ч гэсэн хэдэн долларын гуйлга олоод ирлээ, монголд л орж байгаа бол юу ч гэсэн тэгээд ашигтай, хэрэгтэй шүү дээ” гэдэг нэг тийм “гуйлгачин, өлөн” зангаасаа одоо салмаар байна.

Манайд өнөөдөр аж үйлдвэрлэл, бизнесийн бүтцийн шинэчлэл, бүтээмжит ажлын  байрыг бий болгоход анхаарахгүй бол үйлчилгээ голлосон, энгийн механик биеийн хүчний ажлын байр зонхилж байгаа. Энэ нь хялбархан орлуулах боломжтой бөгөөд ажлын байрны үнэлгээ нь бага байдаг.

Зүгээр л архи ууж алга болчихгүй, цагтаа ирээд цагтаа тараад, хий гэсний хийхэд болно гэсэн үг юм. Ийм л хүнийг өнөөдрийн ихэнх ажлын байр шаардаж байгаа. Нөгөө “дээд боловсрол” нэг их хэрэггүй болж таараад байгаа юм. Үнэндээ манай их сургуулиудын зарим хөтөлбөр, орчин нөхцөл, олгож байгаа багш нарын хувьд дэлхийгээс муудаад байгаа юм бол байхгүй.

Ингэхээр ажил олгогч бизнес эрхлэгч нар, төр засаг нь 2030, 2050 онд эдийн засгийн хувьд илүү бие даасан болохын тулд аж үйлдвэрлэлийн бүтцийн шинэчлэл хийхэд идэвхтэй оролцох, ингэхдээ, боловсролын байгууллагатай уялдан, хамтран ажиллах хэрэгтэй байна.

- Та орчин үеийн хэрэгцээ шаардлагын үүднээс бизнес эрхлэгчид, компаниуд боловсролын салбарын чухал оролцогч болсныг дурдаад өнгөрлөө.

- Тийм. Монгол компаниудын хувьд өөрчлөлтийг хийе, хийхгүй бол болохгүй нь гэдгийг мэдрээд эхэлсэн нь сайн тал гэж харж байна. Үүнтэй уялдан хүний нөөцийн хямралд орсон байдалтай байгаа. Энэ асуудлаа тус тусдаа яриад суугаад байна. Миний хувьд зарим компанийн төлөөллийг Боловсролын яамны мэргэжилтэн нартай уулзуулах ажлуудыг өнгөрсөн жил хийсэн. Хамтдаа уулзаад суухаар асуудал нэг байгаад байдаг.

Одоо л бид нэгдэж, нэгдсэн эрх ашиг, дуу хоолойгоо шийдвэр гаргахад дорвитой хүргэмээр байна. Үүний тулд Боловсролын реформ хөдөлгөөнд идэвхтэй нэгдээд явахыг уриалж байна. Энэ реформ нь аль нэг нам эвсэл, хүний лобби сонгуулийн реклам биш гэж ойлгож байгаа.

- Бизнес эрхлэгчид боловсролын салбарын маш чухал оролцогч мөртлөө өнөөдөр зөвхөн хэрэглэгч нь байгаад байна. Зөв үү?

- Тийм. Энэ нь өмнө нь дурдсан манай бизнесийн өөрийн бүтэцтэй холбоотой. Гэхдээ одоо өөрчлөгдөх шаардлага үүсч байгаа энэ үед зөв шийдэл гаргаж, идэвхтэй оролцогч нь болоосой гэж уриалах байна.

Дэлхийн томоохон компаний сайн жишээ байна шүү дээ, IBM. Энэ компанийн хийсэн зүйл бол манлайлалтай, тууштай, зохион байгуулалттай оролцоог л хийсэн. Үүнийг хийх чадвар манай дотооодын компаниудад бий.

Дэлхий аж үйлдвэрийн IV хувьсгалд шилжихтэй уялдан хүний нөөцийн дутагдалд орж байна. Нөгөө талаас болосвролын байгууллагын шинэчлэл удаашралтай байгаа нь бизнесүүд өөрсдөө хүнээ хөгжүүлэх, боловсролын байгууллагатай хамтран ажиллах хандлага өмнөх үеэс илүү болж байна.

Технологийн мэргэжилтний хүний нөөцийн хувьд ямар дутагдалтай байгааг өөрийн компанийн жишээгээр тайлбарлая. Дөрвөн сая төгрөгийн цалинтай ажлын байр зарлаад ажилчдыгаа шалгаруулж авч байна. Ингэхэд маш цөөн хүн ирж байх жишээтэй.

ДӨРӨВ. Технологийн коллежийн 5 жилийн хөтөлбөрийн үндсэн онцлог нь ахлах сургуулийн болоод технологийн дээд боловсролыг зэрэгцүүлж, уялдуулж байгаагаараа онцлогтой

 

- Энэ хүний нөөцийн дутагдал, бизнесийн болон боловсрол сургалтын байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлж болох бодит санаа, жишээ байна уу?

- Бий. Үүнийг зардал багатайгаар хурдан хэрэгжүүлж болох болов уу гэсэн нэг санаа байгаа юм. Үүний тулд, МСҮТ, мэргэжлийн боловсролын байгууллагыг онцолмоор байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад мэргэжлийн боловсрол олгодог 83 МСҮТ буюу мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, политехник байна. Хувийн 33, төрийн өмчит 50 сургууль бий. Эдгээр 83 сургуульд сургахын тулд хүүхдүүдэд тэтгэлэг өгөөд их мөнгө хаяж байгаа. Мэргэжлийн боловсрол хэрэгтэй юу хэрэгтэй. Гэхдээ чанар тоон үзүүлэлтийг эргэж харах цаг болсон.

ХНХЯ-наас жил бүр гаргадаг их дээд болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийн ажил эрхлэлтийн тандан судалсан тайлан-2019 -д дурдсан зарим мэдээг харвал “МБСБ/МСҮТ/ төгсөгчдийн 62.3 хувь нь хөдөлмөр эрхэлж, 29.1 хувь нь мэргэжлийн бус ажил хийсэн хэвээр байгаа бол 15.3 хувь нь мэргэжлийн дагуу ажлаас гарч мэргэжлийн бус ажилд оржээ.

МБСБ-аар бэлтгэгдэж буй компьютер, санхүүгийн чиглэлийн мэргэжлүүд нь хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвар сул, мэргэжлээрээ хөдөлмөр эрхэлж буй байдал бага байгааг анхаарах хэрэгтэй юм” гэж дурдсан байна. Эдгээр үзүүлэлт нь болон ерөнхий ур чадвар, хувь хүний хөгжил нь их дээд сургууль төгсөгчдөөс доогуур байгаа юм. Ийм болохоор МБСБ -ын төгсөгч нь үргэлжлүүлээд нөгөө “Дээд боловсрол” олж авахаар явдаг.  

Угаасаа ингэх нь ч аргагүй. Юу гэхээр мэргэжлийн боловсрол олгох сургалт маань 2.5 жилийн хөтөлбөртэй. Гэтэл 2.5 жилийн дотор тухайн хүүхдэд ахлах ангийн боловсрол дээр нь мэргэжлийн боловсрол, ур чадвар олгоно гээд тарамддаг. Нөгөө талаар эцэг эх болон ажил олгогч нь эдгээр төгсөгчийн “арван хэдтэй хүүхэд” гэж хардаг. Нөгөөдүүл нь ч өөрийгөө “хүүхэд” гээд ойлгочихдог талтай.

Ийм сургалтад манай улс гадаад тусламж болон өөрийн орны хөрөнгийг үр дүн маш багатайгаар зарцуулж, идэж уугаад дуусч байгаа байдалтай байна. Энэ үнэхээр суралцаж байгаа болон сургаж байгаа улс алинд ч ашиг муутай байгаа юм. Үнэндээ очоод үзвэл маш их хөрөнгө эдгээр сургуулиудад хийсэн байхыг харж болно.

Харамсалтай нь үр ашиг багатай байгаад байна.

Миний санаа болохоор энэ олон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдээ 5 жилийн сургалттай технологийн коллеж- дээд болосвролын сургалтын байгууллагаар шинэчлэх гэдэг санаа юм.

Хэрэгжүүлэх аргачлал нь, ялангуяа хөдөө орон нутагт байрлах МБСБ болон зарим ахлах сургуулийг нэгтгэн нөөцийг үр дүнтэй ашиглах.

Мөн тухайн орон нутагт сайн чанарын дээд боловсролын сургалтын байгууллагыг бий болговол УБ хот руу урсах төвлөрлийг багасахад ч тустай, үүнийг дагаад гадаад, дотоодод боловсрол, дадлага туршлага эзэмшсэн хүний нөөц ч гэсэн орон нутагтаа ажиллах ажлын байр бий боломж үүсэх юм.

Эдгээр сургуулийг нэгдсэн удирдлагаар хангаж, аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагуудтай уялдаатай ажиллуулах боломжийг зохион байгуулалттайгаар хийх хэрэгтэй юм.

Жишээ нь, зүүн хязгаарын Дорнод аймгийн оюутан, УБ хот, Дарханд, Өмнөговьд байрлах бизнесийн байгууллагатай хамтран ажиллах бололцоог үүсгэх гэсэн үг. Зам тээвэр хөгжсөн энэ үед энэ бүрэн боломжтой. Цаашлаад эдгээр сургуулийг гадаадын сургууль, компанитай хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэх бүрэн боломжтой.

Ийм маягаар хийвэл төвлөрлийг сааруулж, улсын төсөв дээр нэмж зардал гаргахгүйгээр тэртээ тэргүй гарч байгаа зардлаа дотор нь зорилго, чиглэлийг нь өөрчлөөд л явах боломж байгаа юм.

Технологийн коллежийн 5 жилийн хөтөлбөрийн үндсэн онцлог нь ахлах сургуулийн хөтөлбөр болоод технологийн дээд боловсролын хөтөлбөрийг зэрэгцүүлж уялдуулж байгаагаараа онцлогтой.

Технологийн коллежийн энэ загварыг олон ахлах сургуульд нэвтрүүлснээр хүүхдүүд бүгд инженер, технологийн салбарын хүн болох албагүй ч суурь мэдлэг маш сайн түвшний хүүхдүүд гарч ирэх юм

Бас нэг давуу тал нь 10, 11, 12-р анги буюу ахлах сургууль, технологийн боловсролыг хослуулж 3 жил сурчихаад 12-р ангиа төгсчихөөд элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөөд, үнэхээр шаардлагатай, чадвартай, хэрэгтэй гэж үзвэл их сургуульд сурах боломж нээлттэй хэвээрээ. Үгүй гэвэл үргэлжлүүлээд 2 жилээ сурч дуусгаад дээд боловсролын диплом авна. Дахиад ер нь судлаач болъё гэвэл их сургуулийн 3-р курст шилжин суралцах боломжтой байгаа юм. Их сургуулиудын хувьд ч чанартай, дадлага туршлагатай элсэгчтэй, судалгаа хийхэд хялбар болох талтай юм.

Өөрөөр хэлбэл, технологийн коллежийн энэ загварыг олон ахлах сургуульд нэвтрүүлснээр хүүхдүүд бүгд инженер, технологийн салбарын хүн болох албагүй ч суурь мэдлэг маш сайн түвшний хүүхдүүд гарч ирэх юм.

Манай эхний элсэгчийн дунд 3 жил барилга, архитектурын чиглэлээр 3 жил суралцаад одоо Москвад хөгжмийн зохиолч болохоор суралцаж байгаа хүн байх жишээтэй. Үүний ард их сонирхолтой түүх бий.

Өнөөдөр техник технологигүй салбар ч гэж үнэндээ байхгүй, улам бүр хүн болгонд энэ талын мэдлэг, ур чадвар шаардлагатай болж байна шүү дээ.

Улс орнууд харин энэ талын мэдлэг мэдээллийг бага ангиас нь програмчлалын хичээлээр дамжуулан суурийг тавихаар зорьж байна.

Тэгвэл инженер, програмист болохгүй ч програмчлал нь орчин үеийн хүүхдүүдэд маш их давуу талыг бий болгох юм.

Зураг 2, Програмчлалын боловсролын давуу талууд

(Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой)

 

Одоо үйл ажиллагаа явуулж буй гурван коллежийн бас нэг давуу тал нь компаниудтай маш нягт хамтарч ажиллаж байгаа.

Хамтарч ажилладаг дотоодын компаниуд дээрээ дадлага хийж байна. Мөн Японд очиж нэг сарын дадлага зэрэгт хамрагдаж байгаа.

Би дээр дурдсан. Бид үүнийг 2-3 жилийн дотор хэрэгжүүлэх боломжтой. Учир нь бид эхнээс нь 5 жилийн хугацаанд туршаад үзчихсэн байна. Хоёрт, бид маш хурд, динамик сайтай улс. Үүнийг хийж чадсан төр засаг түүхэнд бол чухлаар тэмдэглэгдэн үлдэнэ гэдэгт би эргэлзэхгүй байна.

Үүнийг заавал гадаадын “гуйлга” -гаар хийхээс илүүтэйгээр өөрсдөө манлайлалтайгаар, зоригтойгоор хийх хэрэгтэй байна.

- Одоо байгаа гурван технологийн коллеж ямар чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа вэ?

- Одоо байгаа загвар гурван сургууль нь, аж үйлдвэрт хэрэгцээтэй 4 мэргэжлээр бэлтгэж байгаа.  Цахилгаан электроникийн инженер, механикийн инженер, химийн инженер, барилгын инженер гэсэн дөрвөн мэргэжлээр бэлтгэж байна.

Энэ дөрвөн мэргэжлийг бэлтгэх зардал харьцангуй өндөр. Тусгай лабораториуд шаардлагатай болдог. Гэхдээ заавал ийм мэргэжлийн чиглэлээр шинээр байгуулах албагүй юм. Жишээ нь, мэдээллийн технологи, электроникийн хосолсон инженерийн чиглэлээр хөтөлбөрийг нээж болно. Гэхдээ мэдээж суурь боловсролын багана, зорилт нь адил байна. Өөрөөр хэлбэл, 20 настай мөрөөдөл зорилготой, бие даасан, толгой, зүрх нь ажилладаг, эрүүл чийрэг Монгол хүнийг төгсгөх нь адилхан юм.

- Технологийн коллежийн онцлог, давуу талыг та илүү тодруулахгүй юу. Сургалтын арга барил гэх мэтийг?

- Технологийн коллежийн онцлог давуу тал нь хүн олж авсан онолын мэдлэгээ туршилтаар шалгаж, баталж, дадлагаар өөрийн болгодогт сургалтын онцлог оршиж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, хүн технологийн мэдлэгтэй байна гэдэг нь технологийг мэдэрдэг байхыг хэлнэ.

Ийм сургалтыг явуулахад зардалтай юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ Монгол Улс өөрөө хүсээд зорих юм бол бид одоо байгаа нөөц бололцоогоо үр дүнтэй ашиглавал тийм хэцүү ажил биш.

- Бид хоёр өнөөдөр боловсролын салбарын оролцогч олон талын төлөөлөл буюу төр засаг, бизнес эрхлэгчид, эцэг, эх юунд анхаарч, оролцох ёстой талаар товч ярилцлаа. Энэ бүгдийн үүрэг оролцоог нэг бүрчлэн салгаж дэлгэрүүлж цаашид ярилцах нь зөв хэрэг байх. Өнөөдөр дурдагдаагүй өнгөрсөн оролцогч талуудын хамгийн чухал хэсэг бол багш нар. Багш нарын мэдлэг, ур чадвар, хандлагыг реформын хүрээнд хэрхэн өөрчлөх ёстой вэ?

- Багш нарын асуудлыг ярих гэхээр үүнд төрийн оролцоо мөн давамгай байдаг. Тухайлбал, багшийг механик, нэгэн хэвийн ажил хийдэг үйлдвэрийн хар ажилтантай адилтгаж байгаа тохиолдолд багшийн хөгжлийг ярихад хэцүү.

Нөгөө талаас “Сайн багш” – тодорхойлмоор байна. Саяхан сайн багш гээд уралдаан болсон. Хэл ам гараад л байх шиг байсан. Энэ нөгөө л нэг хааш нь явах гээд байгаа, юуг зорьж байгаа нь тодорхойгүйтэй адилхан юм. Ерөнхий сайдаас, Боловсролын сайдаас “Сайн багш гэж хэнийг хэлэх вэ” гээд асуугаад үзээрэй. Тэдэнд тодорхой нэг хариулт байхгүй гэдэгт итгэлтэй байна. Яг сайн багш гэж хэнийг хэлэх вэ гэдгээ өнөөдрийг хүртэл бид нийгмээрээ тодорхойлоогүй. Тийм байж багшийн хөдөлмөрийг яаж үнэлэх вэ?

Сайн багш гэж хэнийг хэлэх вэ гэдэг асуудалтай би өөрөө нүүр тулж байсан учраас багагүй судалж маш энгийнээр дараах 3 чадвар, 2 нөхцлийг хангасан хүнийг сайн багш гэж үзэх юм байна гэж өөрийн "Тоглоомын дүрэм" номд тодорхойлсон. Мэдээж үүндээрээ тулгуурлан багшийн эзэмших чадварыг гаргаж, тэр чадвараа эзэмшихийг дэмжих, үнэлэх, урамшуулах систем гаргасан. Энгийн хүнд ойлгомжтойгоор тайлбарлавал,

3 чадварт:

  1. Заах, хүргэх гэж байгаа зүйлийнхээ талаар маш сайн мэддэг, тогтмол судалж, бодож тунгаан, эргэцүүлж, түүнийхээ мөн чанарыг ойлгох чадвар.
  2. Мэдлэгийг хөрвүүлэх чадвар. Нэг мэдлэгийг 6 настай хүүхдээс 70, 80 настай хөгшинд ч ойлгуулж, хүргэх чадвар. Үүний тулд тухайн мэдлэгийг янз бүрийн хэлбэрт хөрвүүлж чаддаг байх хэрэгтэй.
  3. Тухайн нөхцөл байдлыг мэдрэх чадвар. Адилхан 6 настай хүүхдүүд эсвэл 70 настай хөгшид бүгд адил зан ааш, төлөвтэй байхгүй. Мөн тухайн өдөр цаг мөчид тэдгээр насны бүлэг янз бүрийн төлөвт байж болно. Тухайн нөхцөл байдлыг мэдэрч сургалт, хүмүүжлийг явуулах чадвартай байх.

2 нөхцөлд:

  1. Эцэг, эх шиг сэтгэлтэй байх. Энэ толгойг нь илж эрхлүүл гэсэн үг биш юм. Зэмлэх, магтахын тунгийг нь тааруулах гэсэн үг юм.
  2. Багшийн ажлыг түүний ар гэр зөв ойлгодог байх гэж тодорхойлсон. Яагаад гэхээр багшийн ажлыг хөндлөнгөөс харахаар ихэнх хүнд нэг зүйлээ давтаад байгаа юм шиг харагддаг. Гэтэл энэ ажил маш их оюун бодол, сэтгэл санааны хүч, энерги шаарддаг. Үүнийг ар гэрийхэн нь ялангуяа ойлгохгүй бол тухайн багш үр дүн гарган ажиллахад хэцүү байх талтай. Мэдээж улс орон нь ч ойлгох шаардлагатайгаас гадна.

Өнөөдөр бидний төөрөгдөж байгаа зүйл бол хүүхдүүдийг олимпиадад сайн бэлддэг л бол сайн багш болчих жишээтэй.

Эсвэл хүүхдэд хэт ойртоод найзархаад байгааг сайн багш гэх юм уу, үгүй бол уралдаан тэмцээнд өөрөө оролцоод түрүүлээд гүйгээд байгаа багшийг сайн багш гэх юм уу? гэх мэт суурь нэгдсэн ойлголтгүй байна. Яг ийм байдалтай би өөрөө тулж байлаа. Жинхэнэ, сайн багшийн ажил бол үнэндээ маш их энерги, хүч хөдөлмөр шаарддагийг энд зориуд цохож хэлмээр байна.

Эцэст нь, бидний үндсэн зорилго, нийтлэг зарчмууд маань маш их ойлголтын зөрүү ихтэйгээс болж бүх юм юу нь мэдэгдэхгүй болж үндсэн зүйлс маань бүдгэрсээр байна.