Зураг
Зураг
Индэр    
2020 оны 4 сарын 22
Зураг
Гэр бүлийн сэтгэл зүйч

Бусдын үйлдлийг хүлээн зөвшөөрөх нь тархинд ямар ач тустай вэ?

Зураг

Бидний тархины үйл ажиллагааны үндсэн зорилго нь асуудал шийдвэрлэх юм.

Ямар нэгэн асуудал бидэнд тулгарсан үед тархи тухайн асуудлыг шийдвэрлэж болох бүх гаргалгааг хайж байдаг. Ядарч буй бол амрах, өлсөж буй бол хооллох, шийдвэр гаргах хэрэгтэй бол ярилцах гэх мэтээр өөрт тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх боломж бололцоог өөртөө бүрдүүлж байдаг. 

Мөн тархины үйл ажиллагааны тодорхой хувь нь бусдад тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэн ажилладаг. Энэ нь ажиглалтаас эхэлдэг. Хүүхдийн тань хувцас хиртэй болсон бол солих, нөхөр тань үсээ засах болсон бол хэлж сануулах, эхнэр тань оройн хоолны давсыг ихдүүлсэн бол хэлэх гэх мэтчилэн бусдад тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд мөн тодорхой цаг хугацааг зарцуулдаг.  

Тархи өөрт тулгарсан асуудлаа шийдвэрлэсэн үед “урамшууллын тархи” ажиллаж эхэлдэг ба өөртөө итгэх итгэл, сэтгэл ханамж зэрэг мэдрэмжүүд үүсдэг. Харин асуудлаа шийдвэрлэж чадахгүй үед бууж өгөх, өөртөө итгэхгүй байдал үүсдэг. Тиймээс өөрийн үйлдлээ өөрчлөх зорилго тавьсан үед тархи амжилт гаргах магадлал өндөр учраас урамшууллын тархи ажиллах боломж илүү байдаг.

Жишээлбэл, турах зорилго тавьсан бол гэртээ худалдан авч буй ууттай боорцог, гурилан бүтээгдэхүүнийг авахаа болих, эсвэл дасгал хөдөлгөөн хийж сурах гэх мэтээр өөрийн үйлдэлдээ өөрчлөлт оруулдаг. Үр дүнд нь жингээ хассан үедээ илүү сэтгэл ханамжтай болдон “урамшууллын тархи” ажиллаж байгааг илтгэнэ. 

Харин бусдын үйлдлийг өөрчлөх гэсэн даалгавар хүлээж авсан үед тархины үйл ажиллагаанд хүндрэл учирдаг. Тухайн хүний асуудлын талаар судална, үйлдлийг нь өөрчлөх төлөвлөгөө гаргана, дараа нь шаардлага тавина, үйлдэл өөрчлөгдөж байгаа эсэх талаар хянаж үнэлгээ өгөх хэрэгтэй болдог.

Энэ явцдаа анзаарагддаггүй боловч хүн маш их эрч хүч, цаг хугацаа магадгүй санхүүг зориулдаг. Өөрийн зүгээс гаргасан хичээл чармайлтын дараа тухайн хүнд ямар ч өөрчлөлт гарахгүй бол уур бухимдал төрөх нь элбэг. Учир нь тархи асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна гэдгийг илтгэнэ. Үр дүнд нь маргалдах, тухайн хүнийг буруутгах, өөрийн зөв гэдгийг бататгах гэх зэргээр өөрийн хичээл зүтгэлийг зөвтгөх гэж оролддог. Гэр бүлүүдэд энэ байдал дахин дахин давтагдаж тойрогт орсон байх нь элбэг байдаг.  

Хэрвээ та өөр өөр хүмүүсийн хэд хэдэн үйлдлийг өөрчлөх “хариуцлага” өөртөө авсан бол энэ нь сэтгэл ханамжгүй байх үндсэн шалтгаан болох талтай. Учир нь тархинд “асуудлаа шийдвэрлэсэн” гэдэг урамшуулал ирэхгүй буюу бүтэлгүйтэх өндөр эрсдэлтэй гэсэн үг юм. 

Та бусдын төлөө тархиа хэт их ачааллахын оронд өөр нэгэн үйлдлийг санал болгоё:

ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ

Дэргэдээ байгаа эхнэр, нөхөр, хүүхэд, ээж, аавынхаа үйлдлийг өөрчлөх хариуцлага үүрэхийн оронд тодорхой үйлдлүүдийг нь хүлээн зөвшөөрч болох юм.

Хүлээн зөвшөөрөлт явагдахад тархи өөрийн хийх хэрэгтэй гэж бодсон маш олон асуудлаас салж эхэлдэг. Цөөн асуудалд анхаарал хандуулснаар тархи илүү зохион байгуулалттай ажиллах боломж нээгддэг. Ингэснээр өөрийгөө өөрчлөх, өөртөө тайван байдлыг бүрдүүлэх боломж нээгддэг.

Амьдралдаа урамшууллын мэдрэмж аваагүй удсан бол та бусдын төлөө биш, өөрийнхөө төлөө тархины үйл ажиллагаагаа чиглүүлж болох юм. 

Харин бусад хүмүүст үйлдлээ өөрчлөхөд нь хэрхэн тусалж болох талаар дараагийн нийтлэлээс уншаарай.