Цар тахал нүүрлэж буй энэ хугацаанд бид хэд хэдэн үйлдлүүдэд суралцаж байна.
Эхлээд тайван байхад суралцсан. Харин одоо шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхад суралцаж байна. Дэлхий нийтээрээ гэртээ байгаа энэ нөхцөлд та хэрхэн цагийг үр бүтээлтэй өнгөрөөх вэ гэдэг хариултыг эрэлхийлж байгаа бол дараах 4 зөвлөмжийг хүргэе.
Хүний тархины үйл ажиллагааны хамгийн чухал хэсгүүдийн нэг “Урамшууллын систем” ба энэ нь хүүхэд хөгжин төлөвшихөд чухал үүрэг оролцоотой байдаг.
Тархины урамшууллын хэсэг нь амттан идэх, бэлэг авах, хүүхдийн кино үзэх зэрэг өөрийн дуртай үйл ажиллагаанд идэвхждэг. Энэхүү өдөөлт нь хүүхдийн бага наснаас эхлэн бүрэлддэг ба хүүхэд өөрийгөө бүрэн удирдаж сурах хугацаа нь хожуу ирдэг. Тиймээс хүүхдийнхээ урамшууллын системийг шийтгэх, буруутгах, хүч хэрэглэх, загнах зэрэг үйлдлүүдээр гэмтээлгүй, хүссэн зүйлээ хийж чадна гэдэг мэдрэмжийг хэрхэн бүрэлдүүлэх вэ гэдэг асуулт чухал болдог.
Өөрийн цэвэрлэсэн ширээ ямар цэмцгэр байгааг харах, хувцасны шүүгээгээ эмх цэгцтэй болгох зэрэг нь тархинд “тулгарсан асуудлыг шийдвэрлэж байна” гэдэг дохиог өгдөг. Хүүхдийн насанд нь тохируулан ороо хураах, аягаа угаах, төмс арилгах, хувцсаа индүүдэх зэргээр гэрийн ажлуудыг хуваарилж өгөх нь чухал.
Хүүхдийн ачааллаас хэтэрсэн хэт их ажлыг даалгаж өгөх, эсвэл огт гэрийн ажил өгөхгүй байхын аль аль нь хүүхдэд сөрөг нөлөөтэй. Та тунг нь тааруулбал гэрт хийдэг ажлаар эмх цэгцтэй, ажилч хичээнгүй, үнэнч шударга, хүндэтгэл зэрэг олон зан чанаруудыг хүүхдэдээ бий болгох боломжтой. Хүүхдийн тархин дах “урамшуулал” хэсэг байнга ажиллагаатай байвал хүн ирээдүйд хүссэн зүйлээ өөрөө бий болгох итгэлтэйгээр амьдарч чадах юм.
Та өөрт тулгарсан ямарваа асуудлыг шийдвэрлэхийн тулд дуртай зүйлээ худалдан авч, хамгийн шилдэг сэтгэл судлаачид хандсан ч өөрийн хооллох арга барилд өөрчлөлт хийхгүй л бол сэтгэл санааны хувьд өөрчлөлт гарах нь бага.
Ямарваа зүйлийг огт хэрэглэхгүй байх, хэтрүүлэн хэрэглэх аль аль нь эрсдэлтэй учраас мөн тунг нь тааруулах нь чухал. Хоол хүнсний зөв хэрэглээ худалдан авалтаас эхэлдэг. Та худалдан авсан зүйлсээ богино хугацаанд идэж хэрэглэх хэрэгцээ үүсдэг тул лаазалсан бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, амттан, махан бүтээгдэхүүн их хэмжээгээр худалдан авахгүй байж сурах нь сэтгэл санаагаа удирдах эхний алхам болдог.
COVID-19 халдварт өвчлөлийн дараагаас олон хүмүүсийн өдөр тутмын амьдралд болон бизнесийн чиглэл арга замуудад өөрчлөлт гарна гэж хүлээгдэж байна. Үүний хамгийн том өөрчлөлт хог хаягдалгүй амьдралын загварыг бүрдүүлэх юм.
Тиймээс та өнгөрсөн ирээдүйдээ хүлэгдэн, одоодоо сэтгэл ханамжгүй байвал гэртээ байгаа олон жилийн туршид огт өмсөөгүй хувцас, олон сарын туршид огт хэрэглээгүй гоо сайхны бүтээгдэхүүн, хүнсний зүйлс, гал тогооны хэрэглэл, тавилга, ном зэргийг ялган хэрэгтэй хүмүүст өгөх, өөрчлөлт оруулан хэрэглэх эсвэл хаях нь чухал юм. Зөвхөн өөрт хэрэгтэй, ашиглагддаг зүйлсээр гэрээ тохижуулах нь таны сэтгэл санааны ачааг хөнгөлдөг.
Та хүүхэд байсан үеэ санавал аав, ээж завгүй үеүд бишгүйдээ тохиолдож байсан байх. Энэ үед өөрт тулгарсан асуудлаа хэнтэй ч хуваалцахгүй дотроо нуух, эсвэл эмээ өвөөтэйгөө ярилцах, найз нөхдөөсөө, үеэл эгч ах нараасаа, ангийн багшаасаа асуух зэрэг замаар өөрийнхөө асуултад хариулт авч байсан байх. Эсвэл хариултыг нь одоо хүртэл авч чадаагүй асуултууд танд байдаг байж болох юм. Жишээлбэл, аав надад хайртай байсан болов уу? Өөрт тохиолдсон зүйлээ хэлсэн бол намайг өмөөрөх байсан болов уу гэх мэт өөрийнхөө хэн бэ гэдгийг тодорхойлох асуултууд хүүхэд бүрт байдаг.
Эцэг, эхчүүд хүүхдүүдээ өөртэй нь шууд ярьж чаддаг байхыг шаарддаг, юмаа ярихгүй санаа зовоож байна гэх мэтчилэн хүүхдүүдээ буруутгадаг. Гэтэл таны хүүхэд өөрийн хувьд маш чухал асуудлуудаа өөрийнхөө итгэсэн хүнтэй л ярилцана гэдгийг тэр бүр ойлгодоггүй.
Тиймээс эхлээд хүүхдийнхээ итгэлтэй хүн нь болохыг зорих нь чухал юм. Түүний дараачаас таны хүүхэд танаас асууж болно гэж бодсон сэдвүүдийнхээ талаар санал бодлоо хуваалцана.
Эцэг, эхчүүд ярьж, хүүхэд сонсох хэрэгтэй гэдэг бодлоосоо болоод хүүхдийнхээ дарга нь болсон ээж, аав нар дараа нь хүүхдийнхээ найзалж буй найзыг нь буруутгах, хийж буй үйлдэл бүрийг нь шийтгэх гэж оролдох нь хүүхдэд шударга бус мэдрэмж төрүүлдэг.