Монголчууд жил бүр 500 сая доллар хэмнэх боломжтой болж байна.
2009 оны Их Хямралын үеэр хувьцааны ханш, ялангуяа банкуудын хувьцааны ханш навсайтлаа унаж байсан билээ. Жишээлбэл аварга том Bank of America банкны хувьцаа 55 доллараас 5 доллар хүртэл унасан. Энэ нь тус банкны үнэлгээ даруй 11 дахин буурсан гэсэн үг юм. Тухайн үед миний зүгээс Монгол Улсын Сангийн Яаманд “Даруй 500 сая долларын бонд босгож дэлхийн томоохон банкуудын нэгийг худалдаж авах” санал гаргаж байсан билээ. Хэрэв ингэж чадсан бол бид түүхэн боломжийг ашиглаж олон улсын санхүүгийн захад өөрийн гэсэн гар хөлтэй болж, сангийн сайдаа дэлхийн томоохон банкны удирдах зөвлөлийн даргаар тавих, залуучуудаа тэрхүү банкаар дамжуулан бэлтгэж олон улсын санхүүгийн системд нэвтрүүлэх зэрэг стратегийн олон давуу талыг олж авах байсан юм.
Товчлон хэлбэл хямрал өөрөө ардаа боломжийг авчирж байдаг. Бид нэг талдаа коронавирустэй үзэж тарах боловч нөгөө талдаа олон улсын тавцанд ямар боломж гарч байна вэ гэдгийг байнга соргогоор ажиглаж байх учиртай.
Би энэхүү хүснэгтээр сүүлийн нэг сарын хугацаанд олон улсын санхүүгийн захад гараад байгаа ханшийн өөрчлөлтийг харууллаа.
Хэрэгсэл |
Сүүлийн 1 сарын өөрчлөлт |
Буудай, тонн |
-4% |
Алт, унц |
-10% |
Shanghai индекс, Хятад |
-12% |
Amazon хувьцаа |
-13% |
Tencent хувьцаа |
-15% |
Alibaba хувьцаа |
-18% |
TOPIX индекс, Япон |
-20% |
Apple хувьцаа |
-25% |
Google хувьцаа |
-27% |
Facebook хувьцаа |
-30% |
Coca cola хувьцаа |
-31% |
Dow Jones хувьцааны индекс, АНУ |
-36% |
JP Morgan банк хувьцаа |
-38% |
Lufthansa агаарын тээвэр |
-41% |
Southwestern агаарын тээвэр |
-47% |
Оюу Толгой хувьцаа |
-49% |
Газрын тос, баррел |
-53% |
Marriot зочид буудал |
-54% |
Wyndham hotels зочид буудал |
-64% |
Уншигч анхаарч ажиглавал зочид буудал, агаарын тээврийн хувьцаанууд илүү хүнд цохилтонд орсон байна.
Харин онлайн худалдааны бизнесийн Амазон, Тэнсэнт, Алибабагийн хувьцаанууд Гүүгл, Фэйсбүүк зэрэг хувьцааг бодвол бага уналттай байгааг харж болно.
Энэ нь Корона хямралын үеэр хүмүүс гэрээсээ худалдаа хийх нь ихэснэ гэж арилжаанд оролцогчид үзэж байгаатай холбоотой.
Бид энэхүү хүснэгтийг дахиад ажиглавал газрын тосны үнэ мөн 53 хувиар буюу нэлээд их хэмжээгээр унасан байгааг харж болно. 2020 он гарахад 60 орчим доллар дээр хэлбэлзэж байсан баррел газрын тос өнөөдөр 20-28 долларын хооронд хэлбэлзэж байгаа юм.
Дэлхийн топ олборлогч Орос, Саудын Араб, Америк зэрэг улсуудын нэг баррел түүхий нефть гаргах өртөг нь ойролцоогоор 9 – 25 доллар байдаг. Гэхдээ газрын тосны экспортоос ихээхэн хамааралтай Орос ба Саудын Араб төсвөө ашигтай гаргаж, улс орноо хэвийн хэмжээнд авч явахын тулд олборлож байгаа газрын тосоо дор хаяж 45 доллараар борлуулах ёстой гэсэн тооцоог зарим судлаач хийжээ.
Өөрөөр хэлбэл газрын тосны үнэ өнөөдрийн байдлаар бодит өртөгтэй тун ойролцоо, харин төсвийн үнээс 2 дахин бага байх төвшинд очжээ. Өртгөөсөө бага байгаа таваарын үйлдвэрлэл буурч, улмаар үнэ өсөх нь дамжиггүй. Гагцхүү цаг хугацааны л асуудал юм.
Монгол Улс 2019 онд 1.16 тэрбум долларын нефтийн бүтээгдэхүүн импортоор оруулж иржээ. Өнөөдөр АИ-92 шатахууны үнэ маань нэг литр тутамд 1,800 орчим төгрөг байгаа бөгөөд энэхүү үнэ нь олон улсын бирж дээрх нефтийн үнээс шууд хамааралтай гэдгийг тэмдэглэвэл зохино. Өнөөгийн шатахууны үнэ нь нефтийн ханш 50 орчим долларт хэлбэлзэж байх үед тогтсон гэж үзвэл цаашид дахиад 50 хүртэл хувиар унах боломжтой болж байна гэж ойлгож болно.
Тэгэхээр бид 2020 онд өмнөх жилд хэрэглэж байсан нефтийн бүтээгдэхүүний хэрэглээгээ ердөө 500 орчим сая доллараар (1.16 тэрбум биш) импортлон оруулж ирэх боломжтой гэж ойлгож болно.
Үүнээс гадна нэгэнт нефтийн үнэ ийм бага түвшинд удаан үргэлжлэх боломжгүй тул удахгүй өсөх нь дамжиггүй.
Энэхүү бага үнийг 2-3 жилээр түгжиж жил бүр 500 орчим сая доллар хэмнэхийн тулд олон улсын бирж дээр үнийн өсөлтөөс хамгаалах даатгалын хэлцэл хийж болж байна.
Энэхүү хэлцэлийг санхүүгийн дериватив гэж нэрлэдэг ба компаниуд, улс орнууд өргөнөөр ашигладаг юм. Зөвхөн улс орон төдийгүй шатахууны хэрэглээ өндөртэй уул уурхайн компаниуд ч ийм хэлцэл хийх замаар ханшийг бага түвшинд түгжих бүрэн боломжтой.