Энэ оны хавар бид КОВИД-19 вирустэй холбогдон үүсэж буй эдийн засгийн хямралыг удирдах тал дээр Монголбанк ба Сангийн Яам дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна гэж шүүмжилж байсан билээ.
Саяхан Монголбанкнаас 2020 онд эдийн засаг 5.4 хувиар агшина гэж таамаглаж байгаагаа зарласан. Мөн Сангийн Яаман дээр төсвийн алдагдал эхний 10 сараар түүхэн рекорд буюу 3.3 их наяд төгрөгтэй гарлаа. Эдгээр тоонууд хэр ноцтой вэ?
2009 оны дэлхийн түүхэн дэх эдийн засгийн хамгийн том хямралаар Монгол Улсын эдийн засаг 1.3 хувиар агшиж байлаа. Тэгэхээр 2020 оны 5.4 хувийн агшилт гэдэг бол маш ноцтой үзүүлэлт юм. Сонирхолтой нь Монголбанкны зүгээс хөл хорио тогтоож байгаагаас улбаалж эдийн засгийн бууралт хүлээж байснаас илүү өндөр гарна гэж мэдэгдсэн явдал юм.
Өөрөөр хэлбэл, бид Эрүүл Мэндийн Эрсдэлдээ анхаараад Эдийн Засгийн Эрсдэлээ зөнд нь орхиж байгаа юм биш биз дээ. КОВИД-19 эрүүл мэндийн эрсдэл бол маш аюултай бөгөөд бид үүний эсрэг авч болох бүх арга хэмжээг авах ёстой. Манай төр ч энэ ажлыг их сайн хийж байна гэж харж байна.
Энэ долоо хоногт Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж бодлогын хүүг 6% болгожээ. Гэтэл Монголбанк аль хавраас зээл олголтыг дэмжинэ, эдийн засагт шаардлагатай байгаа мөнгийг нийлүүлнэ гэсэн боловч бодит байдал дээр оны эхний 9 сарын байдлаар банкуудын нийт зээлийн багц даруй 300 гаруй тэрбум төгрөгөөр буурсан байна. Мөнгөний нийлүүлэлт оны эхний хагаст бүүр буурч явсан үзүүлэлт ч харагдана.
Бодлогын хүүг 6% болгож бууруулах боловч нөгөө талдаа банкуудад үнэхээр бодитой мөнгө нийлүүлэхгүй бол энэ зүгээр хоосон лоозон төдий болоод л өнгөрнө. Монголбанкныхан өөрсдөө судалж үзээд бодлогын хүүгийн өөрчлөлт эдийн засагт 6-9 сарын дараа л нөлөөллөө үзүүлдэг гэж бичсэн байдаг.
Хөл хорио тогтоомогц үсээ засуулах гэж байсан хүн гэрээсээ гарч чадахаа болино. Тавилга авна гэж бодож байсан компани мөн адил худалдан авалтаа зогсооно. Үр дүнд нь үсчин, тавилгын дэлгүүрээс эхлүүлээд худалдаа, үйлчилгээний салбар бүхэлдээ таг зогсоно. Үсчин байрны зээлтэй. Тавилгын дэлгүүр банкнаас бизнесийн зээлтэй. Энэ бүх таг зогсож буй худалдаа, үйлчилгээний бизнесүүдийг нэгтгээд үзэх юм бол маш том, маш аюултай дүр зураг харагдана.
Хэрэв жижиг, дунд бизнес, компаниуд нэгэнт хаалгаа барьчих юм бол эргэж нээгдэнэ гэж бараг байхгүй. Энэ нь төрийн агентлагийг шинээр нээж, татан буулгахаас тэс өөр. Өнөөдөр 200,000 гаруй төрийн албан хаагч, 400,000 гаруй тэтгэвэр, тэтгэмж авагчдыг Монголын мянга мянган жижиг, дунд бизнесүүд тэжээж байдаг. Эдгээр бизнесүүд бол бидний хөдөлгүүр. Өнгөрсөн 30 жилийн турш арай гэж туршлага хуримлуулж, бага зэрэг санхүүгийн капиталтай болж яваа эднийгээ нэг модыг нь бариулчихвал бид эргэж эдийн засгаа сэргээх тал дээр хүнд нөхцөл байдалд орно.
Төрийн зарим түшмэлүүд улсынхаа эдийн засгийг ердөө Таван толгойн нүүрсний экспорт мэтээр төсөөлж эдийн засагт нөлөөлөх чухал шийдвэр гаргамааргүй байна.
Эдгээрийг Сангийн Яам тооцож, ирж буй эдийн засгийн хямралаас гарах арга замыг цогц байдлаар тодорхойлох цаг болсон санагдана. Одоо бидэнд хэсэг бусаг, хойноос нь дагаж хөөцөлдсөн жижигхэн ажиллагаанууд биш харин цогц, нэгдмэл бодлого, төлөвлөгөө, гүйцэтгэл хэрэгтэй байна.
Зээлийн хугацаа сунгах, бодлогын хүү бууруулах, хүүхдийн мөнгө олгох, нийгмийн даатгалын шимтгэл хойшлуулах зэрэг арга ядсан, наад захын, хэнд ч мэдээжийн ажлуудаа одоо цэгцэлж нэгдсэн цогц бодлогыг гаргах шаардлага байна.