(Эдийн засагч биш хүмүүст зориулав)
Товчлол: 2020 оны Корона Эдийн Засгийн Хямрал нь 2009 оны Эдийн Засгийн Их Хямралаас тэс өөр учраас, 2009 онд хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд энэ удаад үр дүнгээ өгч чадах болов уу.
Одоогоос 10 гаруй жилийн өмнө Дэлхийн Эдийн Засгийн Их Хямрал (2009) тохиосныг уншигчид санаж байгаа биз ээ. Энэ хямрал нь дэлхий үнэхээр хавтгай (глобалчилагдсан) болсон гэдгийг нотолж харуулсан юм.
Анх 2007 онд Америкийн ипотекийн (орон сууцны) зээлийн бизнесээс үүссэн хямрал нь Америкийн санхүүгийн захыг бүхэлд нь хамарч, улмаар 2008 он гэхэд дэлхийн санхүүгийн хямрал болон хувирсан. Энэ явцад мөн Европын банкуудыг хамарсан Өрийн Хямрал бий болсон ба эцэст нь олон улсын эдийн засгийн их хямрал болж даамжирсан билээ. Өөрөөр хэлбэл, нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэдэгтэй адилаар дэлхийн улс орнуудын эдийн засаг бие биенээсээ бүрэн хамааралтай болсон гэдгийг энэ хямрал харуулсан.
2020 он эхлэхэд дэлхийн эдийн засаг шинэ өсөлт, шинэ боломжийн өмнө зогсч байлаа. 2020 онд ямар нэг эдийн засгийн хямрал, хүндрэл тохиолдоно гэж нэг ч эдийн засагч таамаглаагүй. Харин өнөөдөр улс орон бүр эдийн засгийн хүндрэл, хямралын өмнө зогсч байгааг бид харж гэрчилж байна. Үүнийг ойлгохын тулд эдийн засагч байх шаардлагагүй.
2020 оны Коронавирусийн Эдийн Засгийн Хямралаас хэрхэн гарах вэ, хор нөлөөг нь хэрхэн хязгаарлах вэ гэдэг дээр эдийн засагчид оюун санаагаа уралдуулж, төв банкууд, сангийн яамд бодлого санаачилж, нойр хоолгүй ажиллацгааж байна.
Мэдээж санал болгож байгаа эдгээр арга хэмжээнүүд нь 2009 оны Их Хямралын үед авч хэрэгжүүлсэн, амжилттай болсон арга хэмжээнүүд байгаад гайхах зүйлгүй.
2009 оны хямралаар Америкийн бодит дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 4.3 хувиар буюу 650 тэрбум доллараар унасан. Хувьцаа болон үл хөдлөх хөрөнгийн үнэ унаснаар америкчууд нийт 11.5 их наяд доллар алдсан. Ажилдгүйдлийн төвшин 4.6 хувиас 10 болж өссөн байдаг. Бусад улс оронд ч төстэй хохирол амссан. Монгол Улс гэхэд л 330 тэрбум төгрөгийн төсвийн алдагдал хүлээж Олон улсын валютын сангаас тусламж авахаас өөр аргагүй болж байсан.
Их хямралын үеэр өөр хоорондоо уялдаа холбоотой олон үйл явдал зэрэг болсон. Үүнийг тоймлож үзвэл дараах байдалтай байна.
Энэ мэтчилэн эдийн засгийн гинжин урвал маш хүчтэй явагдаж эхэлсэн учраас улс орнууд эдийн засгийн шинэ, уламжлалт бус арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Эдгээр арга хэмжээг тоймлож үзвэл дараах байдалтай байна.
Корона эдийн засгийн хямралын энэ үед улс орнууд 2009 оныхтой төстэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхэлж байна. Тухайлбал Америк 2 их наяд долларын хөтөлбөр батлахаар хэлэлцэж байгаа бөгөөд үүнд дундаж орлоготой иргэдэд 1,200 долларын буцалтгүй тусламж, компаниудад олгох хүүгүй зээл, орон нутгийн төсөвт үзүүлэх тусламж зэрэг хөтөлбөр багтаж байгаа юм.
Мөн зарим улс хүндрэлд орсон компаниудын хувьцааг худалдаж авах замаар хувьцааны зах зээл дээр үүсээд байгаа уналтыг хязгаарлах боломж байгаа эсэхийг хэлэлцэж байгаа нь 2009 оны үйл явдалтай төстэй юм.
Гэхдээ миний санааг зовоож байгаа гол зүйл бол 2020 оны Корона Эдийн Засгийн Хямрал нь 2009 оны Их Хямралаас тэс өөр байгаа явдал юм. 2009 оны эдийн засгийн хямралаар иргэдийн орлого хумигдаж, ажилгүйдэл ихэссэнээс болж хүмүүс аялахаа больж, онгоц тээвэр, аялал жуулчлал, зочид буудлын салбар цохилтонд орж байв. Энэ тохиолдолд хүмүүст дутагдалтай байсан зүйл нь мөнгө байсан учир эдийн засагт мөнгө нийлүүлэх замаар эрэлтийг сэргээж болж байсан юм.
Харин 2020 онд төв банк, сангийн яамнаас арга хэмжээ авч эдийн засагт мөнгө нийлүүүлсэн ч нэгэнт хөл хорио тогтоож байгаа тул эдгээр салбар хэрхэн сэргэх билээ.
2020 оны хямралын улбаа нь санхүүгийн захын хаа нэгтээ гарсан мөнгөн алдагдал биш харин ХӨЛ ХОРИО юм.
Орчин үеийн дэлхийд өмнө нь ийм зүйл тохиолдож байгаагүй бөгөөд 2009 онд амжилттай хэрэгжсэн арга хэрэгслүүд энэ удаад мөн амжилттай болно гэж таамаглахад эрт байна. Бид тэс өөр, цоо шинэ сорилттой нүүр тулгараад байна. Хөл хорио удаан үргэлжлэх тусам эдийн засгийн нөхцөл байдал улам хүндрэх бөгөөд компаниуд эргэж сэхэх боломжгүй болох төлөвтэй байна.
Үргэлжлэл бий...