Индэр    
2020 оны 3 сарын 8
Зураг
Freelance journalist

Д.Батгэрэл: Болсон үед нь л айна уу гэхээс урьтаж айх биш

Зураг

Холимог тулааны мэргэжлийн тамирчдын “UFC”-д Монгол Улсаас анх удаа хөл тавьсан залуу бол “Team Tungaa”, “One team” клубийн тамирчин Данаагийн Батгэрэл.  Хоёрдох тулаанаа хийхээр Америкийг зорихоос нь өмнө түүнтэй ярилцаж амжсан билээ.

-Өөрийгөө товч танилцуулаач?

- Аав ээж хоёр цэргийн ангид ажилладаг байсан учраас цэргүүдтэй ойрхон байсан. Аав минь намайг долоон настай байхад өнгөрч ээжтэйгээ хоёр ахтайгаа өссөн. Тагнуулын сургуульд орох гээд хүлээсэн боловч элсэлт аваагүй тул Шихихутаг сургуульд бизнесийн эрх зүйч мэргэжил эзэмшсэн.

Есдүгээр ангиасаа эхлэн хотод хоёр ах дээрээ ирж амьдарснаар янз бүрийн спортын төрлийг сонирхож эхэлсэн дээ. Хамгийн миний сонирхлыг татсан спорт холимог тулаан байсан нь бүх тулааны спортын төрөл нэг дор багтсан учраас тэр байх.

- Мэргэжлийн тамирчин болъё гэж хэзээ, яагаад шийдсэн бэ?

- Би бүр хожуу шийдсэн. Эхлээд бэлтгэлээ хийж, тэмцээн уралдаанд орж өөрийгөө сорьж явж байгаад анх гадаадад холимог тулааны тэмцээнд орохдоо ийм шийдвэр гаргасан. 

Өөрийн хүссэн дуртай зүйлээ хийх, төрийн далбаагаа барихад мэдэрч буй сэтгэл хөөрлийн мэдрэмж, аавынхаа нэрийг дуудуулах, гадаадын сайн зохион байгуулалттай тэмцээн гээд олон зүйл нөлөөлсөн.

- Гэр бүлийн гишүүд тулааны спортын тамирчны карьерийг хэр дэмждэг вэ?

- Ээж намайг заавал ингэ тэг гэж ерөөсөө тулгадаггүй, багаасаа биеэ дагаад л явсан. Мэдээж буруу юм байвал хэлнэ. Хоёр ахтайгаа нийлээд 100 айлд амьдардаг, өглөө хичээлдээ яваад, өдөр харуул хамгаалалтын компанид ажилдаг, орой нь бэлтгэлдээ явдаг байлаа.

Хичээлээ мэр сэр таслах асуудлууд гардаг байсан ч бэлтгэл рүүгээ л их яардаг байсан. Яг үнэнийг хэлэхэд мэргэжлээ сүртэй шийдээд орсон зүйл байхгүй, тэр үед зөвлөх хүн байхгүй, ээж, ах нар надад ер нь юм хэлж зөвлөөд байдаггүй, би өөрөө л бүх юмаа мэддэг байлаа.

 

- Энэ спортоос ямар кайф мэдэрдэг вэ?

- Тулааны спорт бол айдастай мөртлөө давсаны дараа жаргалтай. Түгшүүртэй, яаж ч магадгүй, таамаглашгүй зүйл заримдаа гоё байдаг, хэт амар тайван биш. Бүх спортод л эрсдэл байгаа, гэхдээ бэлдэж байгаа учраас тийм ч их эрсдэлтэй биш. Болох ёстой юм болдгоороо л болно, болсон үед нь л айсан дээр. 

Тэрнээс урьтаж айхгүй. Тамирчин хүний давуу тал эрүүл мэнд, нэр алдар, хөрөнгө мөнгө бүх юм нь нэг цэг дээр цугтаа байж
байдаг.

- Бэртэл гэмтэл авсан үед ямархуу байдаг вэ? 

- Хүнд гэмтсэн үе байсан. Тийм үед хүмүүсийн чанар танигддаг. Гэхдээ зүгээр ээ, цаашид хамт байх хүмүүс хэн бэ, хэн найз вэ гэдгийг таниулж зааглаж өгдөг. Хүнд найдаж болохгүй, өөрөө л бүх зүйлдээ хариуцлагатай, хүчтэй байхыг маш сайн мэдрүүлж өгсөн.

Үхэхээр байсан бол тэр үедээ үхэх нөхцөл байдал миний амьдралд хэд хэд бий. Үхээгүй учраас нэг тийм айдасгүй болчихсон гэх юм уу даа.

- Тууштай зан байгаад өдийг хүрсэн байх?

- Сониуч байгаад, тууштай эцсийг нь үзэж байж тодорхой амжилт гаргах байх. Уг нь дуртай, “гэхдээ” гээд байвал хэрэггүй. Мэдээж залхуурал хүн бүхэнд байдаг. Ээж минь аавыг өнгөрсний дараагаар нойр хоолоо хасан ажлаа хийж бид нарыг их сургуульд явуулж төгсгөсөн. 

Ажлынхаа хажуугаар юм зардаг ч юм уу, нүдэн дээр хөдөлмөрч хичээнгүй дайчин хүн яаж тэмцэж байгааг харж өссөн болохоор тууштай болсон ч байж болох юм.

Хүүхэд байхдаа ойлгохгүй тоглохоо л боддог байлаа, том болоод бага багаар мэдэрч, ядаж ядраад ирэхэд нь орой нэг халуун цай хоолтой байя гэж боддог болсон.  Бас яаж мөнгө олж тус дэм болох вэ гээд боддог байлаа.

 

- Тус дэм болж чадсан уу?

- Гэгээ тасраад харанхуй болохоор усанд яваад орой жоохон дүүгээ явуулаад зардаг байсан. Гөөхий, зээрийн арьс гээд янз бүрийн л жижиг сажиг юм хийж л байсан. Үеийнхнээсээ их ичнэ ээ. 

Одоо тэгээд ямар нэг наймаа хийхээр дандаа л алдагдалтай байх юм байна шүү дээ. Машин тэргээ зарсан ч гэсэн. Хүнд итгэмтгий зангаасаа болоод ч тэр үү зөндөө залилуулж, хулхидуулж үзсэн ч хаширдаггүй юм билээ. 

Гэхдээ нэг их тоодоггүй, өнгөрсөн юм гээд л бодоод өнгөрдөг, нөгөө хүндээ тус болсон байх, буян гээд бодчихоё гээд хаячихдаг. Гарж байж ордог гэдэг дээ.

- Ганцаардах, уйтгартай санагдах үе байдаг уу?

- Гадагшаа явахад мэдрэгддэг. Монголд байхад бол хийх юм зөндөө. Зөвхөн унтаж амраад амралт болохгүй. Сэтгэхүй амраах хэцүү. Монголдоо байнга бэлтгэлээ хийе гэхээр бүрэн хөгжөөгүй. Ганцаардах үедээ зорилгоо санана. Би яах гэж энд байгаа билээ гэдгээ сайн
бодно. 

Дуу сонсоод гүйгээд байгалийн сайхныг хараад, тэгээд ч ядраад эхлэхээр тиймэрхүү юм тоохоо больчихно. Юун тэр ганцаардах л болно. Хүн л юм чинь хааяа ганцаараа байх гоё. 

- Анхны тулаандаа ялагдахад ямар байсан бэ?

- Ялчихлаа гэж бодож байсан учраас жоохон таагүй л байсан. Гунигтай сонин мэдрэмж. Гэхдээ би цааш нь бодож гутрахыг хүсээгүй. Ямар ч байсан энэ хүртэл явж чадлаа л гэж бодсон. Гэрээ тулгуу зурагдсан учраас бэлтгэл сул дутуу байсан ч тэр боломжийг алдах юм бол дахин боломж олдохгүй байх байсан. 

Найзтайгаа тоглоод, найз ялсан учраас бас нэг талаараа баяртай байж чадсан. Гуравдугаар сард болох тулаандаа л сайн бэлдэнэ дээ.

 

- Тулаанаар олсон мөнгөө яаж зарцуулах талаар бодож байв уу?

-Мэдээж бэлтгэл, гэр орондоо зарна. Яагаад ч юм би жоохон хүүхдэд дуртай, хүүхдүүд ч надад дуртай байдаг, хүүхдүүдтэй тоглохоор их сайхан сэтгэгдэл төрдөг. Цэцэрлэг байгуулна гэж боддог. Хүмүүс бизнес хийнэ гэхээр уул уурхай л ярих юм. Хэн хэндээ хэрэгтэй, өөрөө өөрийнхөө дуртай юмаа хийхийг л бизнес гэж байгаа гэж би ойлгоод байгаа.

- Ямар хүмүүст дургүй хүрдэг вэ?

- Ярьж байгаа нь үйлдэлтэйгээ зөрөөд байдаг, мэдэмхийрээд заагаад байдаг хүмүүсийг гайхдаг. Насаараа дээрэлхдэг ч юм уу, насыг нь хүндэтгэж байгаа болохоос биш өөрийг нь хүндлэхээргүй хүн байж болно.

- Эмэгтэй хүний ямар чанар таалагддаг вэ?

Тайван дөлгөөн эмэгтэй хүн таалагддаг. Тохирох болов уу гэж боддоггүй. Болох юм болдгоороо л болно. Тухайн үеийн мэдрэмжэээ л хардаг цаанаасаа л татагдаад нэг тиймэрхүү байдаг даа. Ер нь цагийн юм цагтаа болно гэдэгт итгэдэг.